1.
Танд зориулсан Бурханы төлөвлөгөө
Та төрөхөөсөө өмнө Тэнгэрлэг эцэг эхтэйгээ хамт амьдарч байсан. Та тэдний хайртай хүүхэд. Тэнгэрт байхдаа та Бурханы гэр бүлдээ зориулсан төлөвлөгөөний тухай мэдэж авсан. Энэ төлөвлөгөө танд бие махбодтой болох, дэлхийн гэр бүлийн нэг хэсэг байх, дэлхий дээрх амьдралыг мэдрэх замаар Бурхантай илүү адил болохоор өсөж хөгжихөд тань туслах учраас та үүнийг баяртайгаар хүлээн авсан. Эдгээр туршлагын зарим нь хэцүү байх болно. Бидний Эцэг үүнийг мэдэж байсан тул Өөрийн төлөвлөгөөний нэг хэсэг болгож танд туслуулахаар Аврагч Есүс Христийг илгээсэн. Бид үүнийг авралын төлөвлөгөө буюу аз жаргалын төлөвлөгөө гэж нэрлэдэг.
Мөнхийн үнэн
Тэнгэрлэг Эцэг бол энэ төлөвлөгөөний зохиогч. Тэр бол таны сүнсний Эцэг. Тэр танд хайртай. Тэр танд хамгийн агуу адислал болох Өөртэй нь хамт амьдрах мөнх амьдралыг өгөхийг хүсдэг. Өөрөөр хэлбэл, Тэр таныг Өөртэйгөө илүү адил болж, Өөрийн амьдардаг аз жаргалтай, алдар суут амьдралаар амьдраасай гэж хүсдэг. Тэнгэрлэг Эцэгт бүх хүч байдаг. Тэр бүх зүйлийг мэддэг. Амьдрал хэцүү байсан ч та Түүнд итгэж болно.
Есүс Христ төлөвлөгөөг боломжтой болгодог. Тэнгэрлэг Эцэг дэлхий бүтээгдэхээс ѳмнѳ Түүнийг таны Аврагч байхаар сонгосон. Есүс Христ бол таныг тэнгэр дэх Эцэг рүү тань буцааж авчирч чадах цорын ганц нь юм. Тиймээс бид Түүнийг дагахыг сонгодог. Бүх зүйл тэрхүү сонголтоос шалтгаална!
Гэрлэлт, гэр бүл нь Бурханы төлөвлөгөөнд зайлшгүй шаардлагатай. Та Бурханы гэр бүлийн нэгэн хэсэг бөгөөд Түүний бүх сүнслэг хүүхэд эцэг эхээр дамжин дэлхий дээр ирдэг. Бурхан охид, хөвгүүдээ мөнхийн төгс төгөлдөрт тэмүүлэн хамтдаа өсөж хөгжөөсэй хэмээн хүсдэг. Эрэгтэй, эмэгтэй хоёр хайраар дүүрэн, нэгдмэл гэрлэлтэд эн тэнцүү хувь нэмэр оруулдаг. Дэлхий дээрх гэр бүлийн амьдрал төгс төгөлдөр биш ч агуу баяр баясгаланг авчирч чадна. Энэ нь таныг Бурхантай хамт амьдрах мөнх амьдралд бэлтгэхэд туслахаар зориулагдсан.
Урилга
Үзэл бодол, алсын хараагаа мөнх амьдралд төвлөрүүл. Та уруу таталт, сорилт, урам хугарал, хэцүү сонголттой тулгарах бүрдээ Бурханы төлөвлөгөөг өөртөө сануулаарай. Түүний төлөвлөгөөний мөнхийн үнэн нь сорилтуудаа өөрөөр харахад тань хэрхэн тусалж болохыг олж мэд.
Түүний мутрыг амьдралдаа эрж хай. Бурхан таныг адисалж буй арга замыг анзаар. Энэ нь хэн нэгний сайн үйл, амар амгалан мөч, эсвэл залбирлын хариулт байж ч магадгүй.
Бурханы төлөвлөгөөг дагахыг сонго. Тэнгэрлэг Эцэг тань танаар юу хийлгэхийг хүсэж байгааг олж мэд. Судар, амьд бошиглогчдын үг, гэр бүлийн тунхаг, патриархын адислалаа судалж байхдаа Түүний удирдамжийг эрэлхийл. Энэ нь таныг Их Эзэнд үйлчлэхэд төдийгүй амьдралынхаа туршид номлогчоор үйлчлэхэд бэлдэхэд тусална. Их Эзэнд үйлчлэх, мөнхийн гэрлэлт, хүүхдүүд өсгөж хүмүүжүүлэхийг эн тэргүүний зорилгоо болго. Одоо Есүс Христийн сургаалыг дагаснаар аз жаргалтай гэр бүлтэй болохын тулд өөрийн хийж чадах зүйлийг хий.
Амлагдсан адислал
Та амьдралын сорилт бэрхшээлийг Христэд итгэлтэйгээр зоригтой даван туулж чадна. Та Бурханы мөнхийн төлөвлөгөөний талаар мэддэг учраас хүнд хэцүү үед тань туслах чухал зааварчилгаа танд бий. Амьдралд төрөх, үхэхийн хооронд болдог зүйлээс илүү олон зүйл бий гэдгийг та мэднэ. Та өөрийгөө үнэхээр хэн болох, зорилго тань юу вэ гэдгийг мөн Аврагчийн тусламжтайгаар хэн болж чадахаа мэднэ. Есүс Христ бол таны хүч чадал!
Та Есүс Христийг дагаж, мөнх амьдралыг хүлээн авах боломжтой. Тэр танд Өөртэйгөө илүү адил болох, тэнгэрлэг эцэг эх рүүгээ буцах, хайртай хүмүүстэйгээ үүрд баяр баясгалантай амьдрах хүчийг өгнө. Есүс Христэд итгэ.
Асуулт, хариулт
Яагаад амьдрал заримдаа үнэхээр хэцүү байдаг вэ? Би хэрхэн хүч чадалтай болох вэ? Энэ амьдралын туршлагууд, бүр хамгийн хэцүү нь ч гэсэн таны сайн сайхны төлөө байж болно. Та Аврагчид хандсанаар эдгээр туршлага өсөж хөгжин, ахиж дэвшихэд тань тусална. Есүс Христийн цагаатгагч золиослолын ачаар Түүний ойлгохгүй байх ямар ч зүйлийг та туулахгүй. Тэр танд хэрхэн туслахаа сайн мэддэг. Амьдралаа Түүнд төвлөрүүл. Тэр таныг бүх эргэлзээ, айдсаас тань өргөн гаргана.
Заримдаа гэр бүл, гэрлэлтийн аз жаргалын тухай ойлголт хэтэрхий хол санагддаг. Би хэрхэн өөртөө итгэдэг болох вэ? Таны нөхцөл байдал ямар ч байсан Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнөөс бүү шантар. Тэр хэзээ ч таныг орхихгүй. Хэрвээ та Аврагчид болон гэрээндээ үнэнч байвал Есүс Христийн сургаалаас хариултыг олох болно. Тэр таны туулж буй бүхнийг ойлгодог. Түүгээр дамжуулан та Бурханы зарлигуудыг дагах, Түүний амласан адислалуудыг хүлээн авах хүчийг олж авна. Түүнд мөн Түүний сайн мэдээнд итгэ.
2 Нифай 9:13 (Бурханы маань төлөвлөгөө хэчнээн агуу вэ!); Мозая 2:41 (зарлигуудыг дагадаг хүмүүс Бурхантай хамт төгсөшгүй аз жаргалын байдалд амьдрах боломжтой); Алма 12:28–34 (Бурхан гэтэлгэлийн төлөвлөгөөг хүүхдүүддээ мэдүүлсэн); Абрахам 3:22–26 (Бурханы төлөвлөгөөгөөр бид өөрсдөө Түүний тушаалыг дагахыг сонгох боломжтой дэлхий рүү биднийг илгээсэн) зэргийг үзнэ үү.
Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлагын асуулт
-
Та Бурхан, Мөнхийн Эцэг, Түүний Хүү Есүс Христэд болон Ариун Сүнсэнд итгэдэг үү? Мөн Тэдний талаар гэрчлэлтэй юү?