Өсвөр үеийнхэн
6. Бурханыг хайрла, хөршөө хайрла


Сайн самари хүн

6.

Бурханыг хайрла, хөршөө хайрла

Maтай 22:37–40

Бурхан зөвийг сонгоход тань туслахын тулд зарлигуудыг өгдөг. Тэр танд хайртай учраас ийн үйлддэг. Бурханы зарлигуудыг дагах хамгийн чухал шалтгаан нь таны Түүнийг хайрлах хайр юм. Хайр бол Бурханы зарлигуудын гол цөм.

Мөнхийн үнэн

Бурхан танд хайртай. Тэр таны Эцэг. Түүний төгс хайр таныг Өөрийг нь хайрлахад сүнслэгээр өдөөдөг. Таны Тэнгэрлэг Эцэгийг хайрлах хайр амьдралд тань хамгийн чухал нөлөөг үзүүлдэг болсон цагт шийдвэр гаргах нь ихэнхдээ илүү хялбар болдог.

Бүх зарлигаас хамгийн агуу хоёр зарлиг нь Бурханыг хайрлах мөн хөршөө хайрлах юм. Тэгвэл таны хөрш хэн бэ? Бүх хүн! Сударт болон бошиглогчдын заасан бусад бүх зүйл энэ хоёр зарлигтай холбогддог.

Мэдээж, танаас өөр эсвэл үзэл бодол нийлдэггүй хүн бүрийг оролцуулаад бүгд таны ах, эгч дүүс юм. Тэнгэрлэг Эцэг Өөрийн хүүхдүүдийг нэг нэгнээ хайрлаасай хэмээн хүсдэг. Та Түүний хүүхдүүдэд үйлчлэхдээ Түүнд үйлчилж байдаг.

Урилга

Бурханы зарлигуудыг сахиснаар Түүнийг хайрладгаа харуул. Жишээлбэл: Та ариун ёслолд итгэлтэйгээр бэлтгэх, хүртэх гэх мэтээр Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахиснаар долоо хоногийн нэг өдрийг Бурханд зориулах хүсэлтэй байгаагаа Түүнд харуулдаг. Та мацаг барьж, аравны нэг болон өргөлүүдээ төлснөөр Бурханы ажил танд материаллаг зүйлсээс ч илүү чухал гэдгийг Түүнд харуулдаг. Та Бурханы болон Христийн нэрийг хэзээ ч хоосон эсвэл хаа хамаагүй бус, хүндэтгэлтэй ашигласнаар Тэдний таны төлөө хийсэн бүхэнд талархаж байгаагаа харуулж буй хэрэг юм.

Хүн бүрийг Бурханы хүүхэд гэж хар. Та Есүс Христийн шавийн хувиар бүхий л арьс өнгө, шашин шүтлэгтэй хүмүүсийг болон нийгмийн бусад бүлгийг, ялангуяа зарим тохиолдолд бусдын шархлуулсан үг, үйлдлийн хохирогч болсон хүмүүсийг хайрлаж, хүндэлж, тэднийг оролцуулахдаа манлайлж чадна. Ганцаардсан, тусгаарлагдсан эсвэл цөхөрсөн хүмүүст хүрч тусал. Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдрэхэд нь тэдэнд тусал. Түүний өгсөн адислалуудыг тэдэнтэй хуваалцаж, Есүс Христийг дагахад тэднийг урь.

Ойр ч бай, онлайнаар ч бай харилцахдаа таны хэл яриа Бурханыг болон бусдыг хайрлах хайрыг илэрхийлж байгаа эсэхэд анхаар. Тоглоом шоглоомоор ч бай, талцуулсан, шархлуулсан, гомдоосон бус харин өргөн дэмжсэн өнгө аясаар ярь. Таны үг хүчтэй нөлөө үзүүлэх боломжтой. Энэ хүчтэй нөлөөг сайн зүйлийн төлөө ашигла.

Гэр бүлийнхэндээ хайраа үзүүл. Бурханы бүх хүүхдийг хайрлах нь гэр орноос эхэлдэг. Гэр орноо хүн бүр Аврагчийн хайрыг мэдрэх газар болгохын тулд өөрөөс шалтгаалах зүйлсийг хий.

Есүс Христ (Бетзада цөөрмийн дэргэд) хэвтэж буй өвчтэй хүний хөнжлийг сөхөж байгаа нь

Амлагдсан адислал

Та Бурханы зарлигуудыг дагаж, Түүнтэй байгуулсан гэрээнүүдээ сахих замаар хайраа илэрхийлснээр Бурхантай харилцах харилцаа тань гүнзгийрнэ.

Христийнхтэй адил үйлчлэлээр дамжуулж хайраа илэрхийлснээр таны бусадтай харилцах харилцаа гүнзгийрдэг. Та дэлхийг илүү их хайраар дүүрэн газар болгосноор баяр баясгаланг олно.

Асуулт, хариулт

Би хэрхэн Бурханы хайрыг мэдэрч болох вэ? Тэнгэрлэг Эцэгийн хайр үргэлжид байдаг. Залбирлаар дамжуулан Түүнтэй байнга ярь. Сэтгэлээ Түүнд уудлан ярьж, Түүнээс ирэх сүнслэг өдөөлтөд сэргэг бай. Судруудаас Түүний үгийг унш. Түүний таны төлөө хийсэн бүхнийг бод. Түүний Сүнс оршдог газар, үйл ажиллагаанд цагаа зарцуул.

Их Эзэн надаас хүн болгоныг, тэр тусмаа надад муухай хандсан хүмүүсийг ч хүртэл хайрлаасай гэж хүсдэг үү? Их Эзэн танаас дайснуудаа хайрлаж, танд зүй бус хандсан хүмүүсийн төлөө залбираасай гэж хүсдэг. Гэхдээ энэ нь таныг сэтгэл санаа, бие махбод, сүнслэг байдлын хувьд гэмтээх нөхцөл байдалд үлд гэсэн үг биш юм. Өөрийгөө аюулгүй байлгахын тулд эрүүл хил хязгаар тогтоо. Хэрэв та дээрэлхүүлж, хүчирхийлэлд өртсөн бол эсвэл өөр хэн нэгэнд ийм зүйл тохиолдож байгааг мэдэж байгаа бол насанд хүрсэн итгэл даах хүнд хэл.

Би хэзээ хэрхэн эсрэг хүйсний гишүүдтэй танилцаж болох вэ? Бусдыг танин мэдэх хамгийн сайн арга бол үнэнч нөхөрлөл юм. Залуу байхдаа олон хүнтэй сайхан нөхөрлө. Зарим соёлд эсрэг хүйсний хүмүүстэй бүлгийн аюулгүй үйл ажиллагаагаар дамжуулан танилцдаг. Сэтгэл санааны болон сүнслэг байдлын өсөлт хөгжил, аюулгүй байдлын үүднээс ганцаарчилсан үйл ажиллагааг том болох хүртлээ хойшлуулах хэрэгтэй байдаг ба 16 нас бол тохиромжтой нас юм. Гэр бүлийнхэн, удирдагчидтайгаа зөвлөлд. Хоёулхнаа болзох болзоог том болох хүртлээ хойшлуул. Есүс Христэд өгсөн амлалтаа сахихад тань туслах хүмүүстэй цагийг өнгөрүүл.

Хэрэв миний гэр орон хайр мэдрэх газар биш бол би юу хийж болох вэ? Аврагч тань таны нөхцөл байдлыг мэддэг бөгөөд танд хайртай. Тэвчээртэй байж, Бурханы зарлигуудыг үргэлжлүүлэн дагаж, гэр бүлдээ сайн үлгэр жишээ үзүүл. Таны энгийн хайрын үйлдлүүд их өөрчлөлтийг авчирна. Та өөрийн тойргийнхонтой харилцаа тогтоож болно. Есүс Христийн сургаалд суурилсан өөрийн гэсэн гэр бүлтэй болохын тулд одооноос бэлтгэ. Есүс Христ бол таны хүч чадал гэдгийг санаарай!

Исаиа 58:3–11 (мацгийн зорилго); 58:13–14 (хүндэтгэлийн өдрийг сахиснаар ирэх адислал); Малахи 3:8–10 (аравны нэг төлснөөр ирэх адислалууд); Лук 6:27–28 (дайснаа хайрла); 10:25–37 (миний хөрш хэн бэ?); Иохан 3:16–17 (Бурхан биднийг хайрласан тул Хүүгээ илгээсэн); 14:15 (бид Бурханыг хайрладаг тул зарлигуудыг сахидаг); 1 Иохан 4:19 (Тэр биднийг хайрладаг тул бид Бурханыг хайрладаг); Мозая 2:17 (бид бусдад үйлчлэхдээ Бурхандаа үйлчилдэг) зэргийг үзнэ үү.

Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлагын асуулт

  • Та ганцаараа эсвэл олны дунд гэр бүлийнхэнтэйгээ болон бусадтай харьцахдаа Есүс Христийн Сүмийн сургаалуудыг дагадаг уу?

  • Та аравны нэгийн бүрэн төлөгч үү?