Өсвөр үеийнхэн
5. Бурханы гэрэлд алх


Есүс Христ хонин сүргийг хариулж байна

Надад дутах зүйл үгүй, Юнсун Ким. Зургийг Havenlight-аас авав.

5.

Бурханы гэрэлд алх

Галат 5:25

Та аливааг тодорхой харах үедээ илүү сайн сонголт хийдэг. Иймээс гэрэл маш чухал үүрэгтэй бөгөөд гэрэл зөв замыг илүү хялбар харахад тусалдаг. Тэнгэрлэг Эцэг танд тэнгэрлэг гэрлийг буюу Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах боломжийг өгсөн. Энэ нь сайн мууг, зөв бурууг тод томруун олж харахад тань тусалдаг.

Мөнхийн үнэн

Та Ариун Сүнсийг байнгын хамтрагчаа болгож болно. Та Сүмийн гишүүнээр батлуулах үедээ “Ариун Сүнсийг хүлээн авах” урилга авсан. Сүнсний байнгын хамтрагч болох боломж нь Бурханы танд өгч буй хамгийн том бэлгүүдийн нэг юм.

Зөвийг сонгох нь Сүнсийг мэдрэх чадварыг тань нэмэгдүүлдэг. Энэ дэлхий дээр маш олон сайн, эерэг зүйл бий. Идэж, ууж байгаа зүйл тань бие махбодод тань нөлөөлдгийн адил уншиж, үзэж, сонсож байгаа бүхэн тань оюун санаа, сүнсэнд тань гүн гүнзгий нөлөөлдөг.

Урилга

Их Эзэнд зориулан өдөр бүр цаг гарга. Түүнээс суралц. Түүнийг үргэлж дурсан сана. Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбир. Ариун судруудыг болон амьд бошиглогчдын үгсийг судал. Тэгээд сурч мэдсэн зүйлийнхээ дагуу амьдрахыг хичээ.

Сэтгэл санаагаар өргөн дэмждэг, сүнслэгээр өдөөдөг, Сүнсийг урьдаг зүйлсийг эрэлхийл. Юу үзэх, унших, сонсохоо эсвэл юунд оролцохоо сонгох үед танд ямар санагдаж байгааг бодож үз. Энэ нь сайхан бодол төрүүлж байна уу? Ариун зүйлсийг үгүйсгэсэн эсвэл ёс суртахуунгүй аливаа зүйлсээс зайлсхий. Хүчирхийлэл, согтууруулах ундаа, хортой бодис гэх мэт таны дүгнэх чадварыг эсвэл Сүнсэнд мэдрэмтгий байдлыг бууруулах аливаа зүйлд бүү оролц. Аливаа видео, тоглоомыг унтраах юм уу кино, бүжгээс гарч явах, хөгжмөө солих эсвэл Сүнстэй нийцэхгүй байгаа зүйлсээс холдон явах зоригтой бай.

Урам зоригоор өргөн дэмждэг олон нийтийн сүлжээг ашигла. Олон нийтийн сүлжээ харилцааны хүчирхэг зэмсэг болж болно. Хэрэв та үүнийг ашигладаг бол гэрэл, итгэл, үнэнд төвлөр. Бусад хүний туулж буй амьдралыг өөрийнхөө амьдралтай бүү харьцуул. Таны үнэ цэн олон нийтийн сүлжээгээр бус тэнгэрлэг эцэг эхийн хүүхэд гэдгээр тодорхойлогдоно гэдгийг сана.

Эерэг туршлагуудыг болон удаан үргэлжлэх бодит харилцааг эрэлхийл. Таны технологийн болон олон нийтийн сүлжээний хэрэглээ гэр бүл, найз нөхөдтэйгөө биечлэн өнгөрүүлэх цагийг орлодоггүй байхад анхаар. Олон нийтийн сүлжээ, бусад технологийн хэрэгсэл нь буцаад үнэ цэнээ өгөхгүй ч цагаас тань их хомсолдог. Онлайн ертөнцөөс завсарлага авч, бодит амьдрал дээрх хүмүүстэй холбогд.

Есүс Христ хонин сүргийг өвстэй талд хариулж байгаа нь

Амлагдсан адислал

Та Ариун Сүнсийг өөртэйгөө үргэлж хамт байлгаж чадна. Энэ амлалт бол таны ариун ёслолоос хүртэх бүрд байгуулдаг гэрээний нэг хэсэг юм. Сүнс танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай гэрчилдэг. Тэр таныг тайтгаруулж, чиглүүлж, сэрэмжлүүлж мөн ариусгах болно. Тэр танд үнэнийг таньж, дэлхийн сайн сайхан зүйлсийг олж харахад тусална.

Асуулт, хариулт

Би Ариун Сүнсийг мэдэрч байгаа эсэхээ хэрхэн мэдэх вэ? Сүнсийг таньж сурахад цаг хугацаа, дадлага, тэвчээр шаардлагатай. Тэр хүн бүртэй өөр өөр арга замаар ярьдаг. Хэн нэгний гэрчлэлийг сонсож байх үед төрөх амар амгалангийн мэдрэмж эсвэл буруу сонголтын дараах тавгүй мэдрэмж зэрэг энгийн зүйлсийг тоомсорлохгүй байж болохгүй. Сүнсний харилцдаг өөр өөр арга замын талаар судруудаас хайж, үүний талаар залбир. Сүнсийг мэдрэх боломжуудыг үргэлжлүүлэн эрэлхийл.

Порнограф гэж юу вэ? Би үүнээс яагаад зайлсхийх ёстой вэ? Порнограф бол бэлгийн дур хүслийг өдөөх зорилготой зураг, үг хэллэг бүхий дүрслэл юм. Порнограф нь видео, зураг, ном, хөгжим гэх мэт олон хэлбэрээр байдаг. Энэ нь мөн найз нөхдийн хооронд илгээсэн мессеж эсвэл зураг байж болно. Порнограф нь бие махбод, бэлгийн дур хүсэл зэрэг ариун нандин зүйлсэд хүндэтгэлгүй хандахад хүргэдэг. Та порнографын аливаа хэлбэртэй санамсаргүй учирч мэднэ. Та санаатай, санаандгүй ямар ч байдлаар үүнтэй таарсан бай, нэн даруй холдон яв. Та энэ талаар эцэг эхтэйгээ эсвэл итгэж болох насанд хүрсэн хүнтэй ярилцмаар байж болно. Порнографыг зориуд үзэх нь нүгэл бөгөөд Сүнсийг мэдрэх чадварыг тань гэмтээдэг. Энэ нь таны өөрийгөө удирдах чадварыг сулруулж, өөрийгөө болон бусдыг үнэлэх үнэлэмжийг бууруулдаг. Порнографыг эсэргүүцэж, наманчлахад тань туслах хүч Есүс Христэд бий. Түүнд ханд; харанхуйгаас холд. Танай бишоп Аврагчаар дамжуулан хүч чадлыг хүлээн авч, өршөөгдөхөд тань тусална. Есүс Христ бол таны хүч чадал!

Дуулал 119:105 (Бурханы үг бол бидний зам дахь гэрэл мэт билээ); Амос 5:14 (сайныг хайх); Галат 5:22–23 (Сүнсний үр жимс); Моронай 7:18–19 (Христийн гэрэл); Сургаал ба Гэрээнүүд 6:23 (Их Эзэн амар амгаланг ярьдаг); 20:77, 79 (ариун ёслолын залбирал) зэргийг үзнэ үү.

Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлагын асуулт

  • Их Эзэн бүх зүйл Түүний өмнө “цэвэр ариун байдалд хийгддэг” хэмээн хэлсэн (Сургаал ба Гэрээнүүд 42:41). Та ёс суртахууны хувьд өөрийн бодол, үйлдлийг цэвэр ариун байлгахыг хичээдэг үү?