Өсвөр үеийнхэн
7. Ёслол, гэрээнүүд танд Бурханы адислалаас хүртэх боломжийг олгодог


Баптисч Иохан Есүс Христэд баптисм хүртээж байгаа нь

7.

Ёслол, гэрээнүүд танд Бурханы адислалаас хүртэх боломжийг олгодог

Сургаал ба Гэрээнүүд 84:20

Таны Тэнгэрлэг Эцэг танд зааж, таныг адислахыг хүсдэг. Тэр үүнийг баптисм, гишүүний баталгаа, ариун ёслол зэрэг ёслолуудаар дамжуулан гүйцэтгэдэг. Ийм ёслолуудаар дамжуулан бид Бурхантай гэрээ байгуулдаг буюу амлалт өгдөг. Гэрээг сахих нь таныг мөнх амьдралд бэлтгэхэд тусалж, таны амьдралд Бурханы хүчийг нэмэгдүүлдэг. Тийм учраас ёслол, гэрээнүүд бидэнд үнэ цэнтэй төдийгүй биднийг Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёртойгоо илүү адил болоход тусалж, Тэдэнтэй харилцах холбоог маань хүчирхэгжүүлдэг.

Мөнхийн үнэн

Ёслолууд таныг Есүс Христ рүү чиглүүлдэг. Ёслол нь Есүс Христийн тухай заадаг бэлгэдэл бүхий ариун нандин зан үйл. Жишээ нь: Ариун ёслол бол зөвхөн талх, уснаас хүртэх төдий зүйл бус. Энэ нь бидэнд Аврагчийг сануулдаг.

Гэрээ бол Бурханы хайр, итгэл, хүлээлтийн тэмдэг. Тэдгээр нь таны Бурхантай харилцах харилцааг илүү гүнзгийрүүлдэг. Гэрээ байгуулах нь таныг Бурханд хайртай, Түүнд үнэнч байгааг харуулдаг. Та Түүнд итгэнэ мөн Тэр танд итгэх болно. Таныг гэрээнүүдээ сахихад Түүний хүч, тусламжийг хүртэх илүү боломж тэрхүү илүү гүн гүнзгий амлалттай хамт ирдэг.

Та баптисм хүртэх, гишүүнээр батлуулах мөн ариун ёслолоос хүртэх үедээ Бурхантай гэрээ байгуулдаг. Та баптисм хүртэх үедээ Есүс Христийн нэрийг өөртөө авах, Түүнд үйлчлэх, амьдралынхаа туршид Түүний зарлигуудыг дагахаа амладаг. Ариун ёслолын үеэр та мөн үргэлж Түүнийг санаж байх амлалтыг өгдөг. Эдгээр нь таны амлалт. Таныг амлалтаа сахихыг хичээх үед Бурхан Ариун Сүнсийг таны байнгын хамтрагч болгон өгөхөө амладаг.

Урилга

Ариун ёслолыг эрхэм нандин бэлэг мэт ханд. Ариун ёслолын үеэрх ариун нандин туршлагад бэлтгэснээр Есүс Христэд үнэнч байдгаа харуул. Энэ ёслолыг долоо хоногийнхоо онцлох сүнслэг үйл явдал болгохын тулд юу хийхээ эргэцүүлэн бод.

Аврагчийг ёслолоос хай. Та ёслолыг харж байхдаа эсвэл түүнд оролцож байхдаа өөрөөсөө “Би үүнээс Есүс Христийн талаар юу сурах вэ?” эсвэл “Энэ нь намайг хэрхэн Түүнд илүү ойртуулах вэ?” гэж асуу. Сүнс танд юу зааж байгаад анхаарлаа хандуул.

Таны гэрээнүүд үйлдлийг тань чиглүүлэг. Сонголт хийх шаардлагатай үед Бурхантай байгуулсан гэрээт харилцаагаа санаарай. Түүнд үнэнч бай. Энэ нь миний гэрээнд нийцэж байна уу? гэж өөрөөсөө асуу. Жишээ нь: Би бусдыг хайрлаж, тэдэнд тохинуулж, тайвшрал хэрэгтэй хүмүүсийг тайтгаруулж, хаана ч үргэлж Христийн гэрч болон зогсдог уу? гэх мэт.

Христ ширээний ард нифайчуудад зориулан ариун ёслолыг бэлдэж байна

Амлагдсан адислал

Та уруу таталт, гэм нүгэл, амьдралын сорилт бэрхшээлийг даван туулах хүчтэй байх боломжтой. Гэрээ байгуулах, сахих нь танд Бурханы хүчийг хүлээн авах боломж олгоно. Тэрхүү хүчээр та бүх зүйлтэй итгэлтэй нүүр тулж чадна. Есүс Христ бол таны хүч чадал!

Та цэвэр болж, өршөөл мэдрэх боломжтой. Баптисмын гэрээгээ сахихад тань зориулан Бурханы танд өгсөн амлалтын нэг хэсэг бол таныг нүглээс ангижруулах юм. Энэ нь таныг наманчилж, Бурханд өгсөн амлалтаа биелүүлэхэд Тэр таныг өршөөнө, сайжрахад тань тусална гэсэн үг.

Та Ариун Сүнсийг өөртэйгөө үргэлж хамт байлгаж чадна. Баптисм, ариун ёслолтой холбоотой өгсөн өөр нэг амлалт бол Түүний Сүнстэй байнгын хамтрагч байх явдал болон тэнгэр элч нарын тохинуулал юм. Та амьдралын сорилт бэрхшээлийг ганцаараа туулах шаардлагагүй. Бурхан гэрээт хүүхдүүдээ хэзээ ч орхидоггүй. Та үүнд найдаж болно.

Та Бурханы гэрээт хүмүүсийн дэмжлэгийг авах боломжтой. Та Аврагчийн Сүмийн гэрээт хүмүүсийн хамт олонд харьяалагддаг. Та нар нэг нэгнээ өргөж, урам өгдөг. Та нар хамтдаа гашуудаж, хамтдаа баясдаг. Та нар нэг нэгнийхээ ачааг үүрэлцдэг. Таны гэр бүл, бишоп, удирдагч, Сүмийн бусад гишүүн бүгд танд туслах гэж энд байгаа бөгөөд та ч тэдэнд тусалж чадна.

Асуулт, хариулт

Би ёслол, гэрээнүүдгүйгээр Есүс Христийн сайн дагагч байж чадах уу? Есүс Христийг чин сэтгэлээсээ дагадаг сайн хүмүүс олон байдаг ч тэд хэзээ ч баптисм хүртээгүй, ариун сүмд очиж байгаагүй. Гэсэн хэдий ч Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдээ Өөрийнх нь тусламж, нигүүлсэл, хүчийг хүртэх илүү агуу боломжтой байлгахын тулд Өөрийнх нь ёслолуудыг хүлээн авч, гэрээ байгуулаасай гэж хүсдэг. Энэ бол Есүс Христ Өөрийн Сүмийг сэргээсэн гол шалтгаануудын нэг юм! Бурханы бүх хүүхэд мөнх амьдралд шаардлагатай ёслол, гэрээнүүдийг энэ амьдралд ч, дараагийн амьдралд ч хүлээн авах боломжтой.

Би гэрээндээ үргэлж үнэнч байгаагүй. Надад найдвар байна уу? Тийм ээ! Есүс Христийн сайн мэдээ бол найдварын сайн мэдээ, шинэ эхлэл юм! Тиймээс бид долоо хоног бүр ариун ёслолоос хүртдэг. Тэнгэрлэг Эцэг биднийг алдаа гаргаж, шинээр эхлэх хэрэгтэй гэдгийг мэдэж байсан. Аврагч буцах замыг танд өгөхийн тулд амиа зориулсан. Та Есүс Христэд итгэж, наманчилбал Бурханы хүчийг дахин олж авч чадна.

1 Коринт 11:23–26 (ариун ёслолоос хүртэх нь Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэдгээ харуулдаг); Мозая 18:10, 13 (баптисмын гэрээ); Сургаал ба Гэрээнүүд 13 (Аароны санваарт наманчлал, баптисм, тэнгэр элч нарын тохинууллын түлхүүрүүд багтдаг); 20:37 (баптисм хүртэх шаардлага); 20:77, 79 (ариун ёслолын залбирал) зэргийг үзнэ үү.

Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлагын асуулт

  • Та Хүндэтгэлийн өдрийг гэртээ ч, сүмд ч ариунаар сахиж, цуглаануудад оролцон, ариун ёслолд бэлдэж мөн үүнээс зохистой хүртэн, сайн мэдээний хууль, зарлигуудад нийцүүлэн амьдрахыг хичээдэг үү?