Өсвөр үеийнхэн
4. Есүс Христ танд туслах болно


Есүс Христ

4.

Есүс Христ танд туслах болно

Дуулал 147:3

Есүс Христ бол таны хүч чадал. Тэр танд энэ амьдралд хийгээд мөнх амьдралд баяр баяслыг мэдрүүлэхийн тулд шаардлагатай бүх зүйлийг хийсэн. Түүнийг болон Түүний сайн мэдээг сонгосноор та мөнхийн баяр баяслыг сонгодог.

Зөвийг сонгохоор чадлаараа хичээсэн ч заримдаа та алдаа гаргах болно. Хийгээгүй байсан ч болоосой гэж бодохоор зүйлсийг та хийнэ. Хүн бүр л тэгдэг. Ийм зүйл тохиолдоход сэтгэлээр унаж эсвэл өөрийгөө хэзээ ч хангалттай сайн байж чадахгүй гэж бодож магадгүй. Гэвч найдвар төрүүлсэн гайхалтай сайхан мэдээ бий! Бурхан танд хайртай учир наманчлах, үргэлжлүүлэн өсөж хөгжих боломжийг олгохын тулд Хүүгээ буюу таны нүглийг Өөр дээрээ авах Есүс Христийг илгээсэн.

Мөнхийн үнэн

Есүс Христ таныг хүчирхэгжүүлж, хүсэл, бодол, үйлдлээ өөрчлөхөд тань тусалж чадна. Тэр таныг санаа зовох, айж эмээх, аливаа хэлбэрээр зовох үед тайтгаруулах болно. Тэрээр таны амьдралд бүхий л талаар туслах болно. Та Түүнд итгэж болно.

Наманчлал бол нүглийн төлөөх шийтгэл биш харин биднийг нүглээс чөлөөлөх Аврагчийн арга зам юм. Наманчлах гэдэг нь өөрчлөгдөх буюу нүглээс татгалзаж, Бурхан руу эргэх гэсэн утгатай. Энэ нь сайжирч, өршөөл хүлээн авах гэсэн үг. Энэ төрлийн өөрчлөлт нь нэг удаагийн үйл явдал биш, харин тасралтгүй үргэлжлэх үйл явц юм.

Урилга

Есүс Христийг амьдралынхаа төв болго. Хийж буй бүх зүйлдээ Түүний тусламжийг эрэлхийл.

Наманчил. Сайжрах хүсэл эрмэлзэлтэйгээр Их Эзэнд ханд. Буруу зүйл хийсэн үедээ үүнийгээ Бурханы өмнө, шаардлагатай бол бишопдоо, хохироосон хүндээ шударгаар хүлээ. Засаж залруулахын тулд чадах бүхнээ хий.

Илүү сайныг хийх, илүү сайн байх бэлгэнд баяс. Энэ нь амаргүй байх бөгөөд таны бодсоноос ч илүү их хугацаа шаардаж магадгүй ч хичээхээ хэзээ ч бүү боль. Үргэлжлүүлэн хөдөлмөрлөж, Их Эзэнд итгэ. Тэр алхам тутамд тань туслах болно.

Есүс худгийн дэргэд суугаад самари эмэгтэйтэй ярилцаж байна

Амлагдсан адислал

Есүс Христ таныг наманчлах үед өршөөж, эдгээх болно. Тэр таны гэм буруугийн мэдрэмжийг амар амгалан, баяр хөөрийн мэдрэмжээр солих болно. Тэр таны нүглийг дахин санахгүй. Есүс Христ бол таны хүч чадал. Түүний зарлигуудыг сахих хүсэлд тань Түүний хүч нэмэгдэнэ.

Тэрээр таны зүрх сэтгэлийг мөн амьдралыг өөрчлөх болно. Та бага багаар өсөж хөгжин, Түүнтэй улам адил болно.

Асуулт, хариулт

Бурхан намайг өршөөсөн гэдгийг би хэрхэн мэдэх вэ? Бурхан наманчилдаг хүмүүсийг өршөөнө хэмээн амласан. Ариун Сүнснээс тайтгарал мэдрэх үедээ та Аврагчийн цагаатгагч хүч амьдралд тань үйлчилж байгааг олж мэдэж чадна.

Наманчлахад бишопын тусламж хэзээ хэрэг болдог вэ? Бишоп наманчлахад тань туслах санваарын түлхүүр, сүнслэг бэлгүүдийг атгадаг. Та түүний тусламж, зөвлөгөөг хэдийд ч эрэлхийлж болно. Хэрэв та ариун явдлын хуулийг зөрчих гэх мэт ноцтой алдаа гаргасан бол бишоптойгоо уулз. Тэр таныг буруутгахгүй. Тэр Есүс Христийн төлөөлөгч бөгөөд танд хэрхэн бүрэн наманчилж, Аврагчийн эдгээгч, хүчирхэгжүүлэгч хүчийг хүлээн авахаа мэдэхэд туслах болно.

Би наманчлахыг хичээж байгаа ч нэг ижил алдаагаа давтаад байна. Би юу хийх ёстой вэ? Бүү бууж өг. Христэд ханд, Түүнд итгэ. Түүний ач ивээл хангалттай. Дахин оролд. Та өсөж хөгжих хичээл зүтгэлдээ хэзээ ч ганцаараа биш. Есүс Христ үргэлж хажууд тань байгаа.

Инос 1:6 (гэмшил арилгагдах боломжтой); Мозая 4:3 (Их Эзэн таныг өршөөгдсөнийг Ариун Сүнсээр дамжуулан хэлдэг); 26:30 (Аврагч биднийг наманчлах болгонд өршөөдөг); Ифер 12:27 (Аврагчийн ач ивээл сул дорой зүйлсийг хүчирхэг болгодог); Моронай 6:8 (наманчилдаг хүмүүс өршөөгддөг); 10:32 (Христээр төгөлдөржигтүн); Сургаал ба Гэрээнүүд 1:32 (Их Эзэн наманчилдаг хүмүүсийг өршөөдөг); 58:42–43 (наманчлал нь нүглээ хүлээж мөн орхихыг багтаадаг) зэргийг үзнэ үү.

Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлагын асуулт

  • Та Есүс Христийн Цагаатгалын талаар мөн таны Аврагч, Гэтэлгэгчийн хувьд Түүний үүргийн талаар гэрчлэлтэй юү?

  • Наманчлалын нэг хэсэг болох, санваарын эрх мэдэлтнүүдтэй хамт шийдвэрлэвэл зохих ноцтой нүгэл таны амьдралд бий юү?