3.
Та Бурханы ажилд тусалж чадна
Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдэдээ хайртай. Тэр тэдэнд аз жаргал, баяр баяслыг олох, Өөрт нь эргэн ирэх, мөнх амьдралыг авахад нь туслахыг хүсдэг. Үүнийг Түүний аврал, өргөмжлөлийн ажил гэж нэрлэдэг бөгөөд Тэр таныг энэ ажилд туслаасай гэж урьж байна!
Мөнхийн үнэн
Бурханы ажил, алдар суу нь үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах явдал юм. Үхэшгүй байдал гэдэг нь амилуулагдсан бие махбодтой мөнхөд амьдрахыг хэлнэ. Мөнх амьдрал буюу өргөмжлөл нь Бурхантай илүү адил болж, гэр бүлээрээ Түүний оршихуйд үүрд мөнх амьдрахыг хэлнэ. Энэ бүхэн нь Есүс Христ, Түүний цагаатгагч золиослолын ачаар боломжтой. Та Түүнд итгэж болно.
Та Христэд ирж, бусдад тусалснаар Бурханы ажилд тусалж чадна. Та хэн нэгэнд Есүс Христийг дагахад нь туслах ямар нэгэн зүйл хийх бүрдээ Бурханы ажилд тусалж байдаг.
Урилга
Сайн мэдээний дагуу амьдар. Есүс Христэд итгэх итгэлээ өсгөн нэмэгдүүл. Өдөр бүр наманчил. Бурханы санваарын ёслолыг хүлээн авч, гэрээгээ сахь. Үүнийг амьдралынхаа үлдсэн хугацаанд хэвшил болго.
Тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжил. Гэр бүл, найз нөхөд, хамт олон зэрэг бусдад үйлчлэх, тохинуулах арга замыг ол. Тусламж хэрэгтэй хүмүүст туслах нэг сайн арга нь мацгийн хуулийг дагах, мацгийн өргөл өргөх явдал юм.
Бүх хүнийг сайн мэдээг хүлээн авахад урь. Үг, үйлдлээрээ Есүс Христэд итгэх итгэлээ харуул. Түүний шавийн хувиар мэдэрдэг итгэл найдвар, аз жаргалын талаар асуусан хүнд ярихад бэлэн бай. Залуу эрэгтэйчүүдийн хувьд бүрэн цагийн номлолд үйлчлэх нь санваарын үүрэг юм. Залуу эмэгтэйчүүдэд энэ нь хүчирхэг боломж бөгөөд Бурхан таныг үйлчлээсэй хэмээн хүсдэг эсэхийг мэдэхийн тулд залбир. Сайн мэдээг амьдралынхаа туршид хуваалцахад бэлд.
Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил хийснээр гэр бүлүүдийг үүрд мөнхөд нэгтгэ. Өвөг дээдсийнхээ талаар судал. Ариун сүмийн ёслол хэрэгтэй хүнийг хайж ол. Тэдний өмнөөс баптисм хүртэж, гишүүнээр батлуулахын тулд ариун сүм рүү аль болох олон удаа оч. Танд тусламж хэрэгтэй бол ийшээ орно уу. FamilySearch.org.
Амлагдсан адислал
Танд Бурхан туслах болно. Тэнгэрлэг Эцэг таныг энэ ажлыг ганцаараа хийгээсэй гэж хүлээдэггүй. Тэр тантай хамт байна. Та цаг хугацаа, зүрх сэтгэлээ даруухнаар зориулбал Тэр танаар дамжуулан гайхалтай зүйлсийг хийнэ. Есүс Христ бол таны хүч чадал!
Та баяр хөөрөөр бялхах болно. Бурханы ажил бол баяр баясгалантай ажил! Та энэ ажилд оролцож байхдаа Түүний мэдэрч буй баяр баяслыг мэдэрч чадна. Тэнгэрлэг Эцэгтэй хуваалцах, Түүн рүү очиход нь таны тусалсан Түүний хүүхдүүдтэй хуваалцах баяр хөөрийг төсөөл!
Асуулт, хариулт
Бурхан намайг үнэхээр ажилдаа туслуулах болов уу? Тийм ээ! Энэ ажилд туслах олон арга зам байдаг. Бусад хүн илүү авьяаслаг, чадварлаг мэт санагдаж болох ч таны Тэнгэрлэг Эцэг чадавхыг тань хардаг. Тэр танд Өөрийнх нь хүүхдүүдэд үйлчлэх, тэднийг цуглуулахад ашиглаж болох бэлгийг өгсөн. Эдгээр бэлэг бусдынхаас өөр байвал зүгээр ээ. Үнэндээ ийм учраас л таны бэлэг маш үнэ цэнтэй. Та хэрэгтэй байна!
Матай 10:39 (хэрвээ та Аврагчид үйлчилж байхдаа амь насаа алдвал түүнийгээ олно); 1 Коринт 12:14–27 (бүх эрхтэн Христийн биед хэрэгтэй); Филиппой 1:6 (Бурхан таны дотор ажиллаж байгаад итгэлтэй бай); Иаков 5:72 (усан үзмийн талбайн эзэн тантай хамтран хөдөлмөрлөдөг); Сургаал ба Гэрээнүүд 18:15–16 (таны баяр баясгалан Христэд авчирсан хүмүүстэй хамт агуу байх болно); 64:33–34 (агуу ажил энгийн жижиг зүйлсээс ирдэг); Мосе 1:6 (“Би чамд зориулан ажил бэлтгэсэн”); 6:31–34 (Бурхан дуудсан хүмүүсээ хангалтгүй гэж санагдсан ч тохирохоор болгодог) зэргийг үзнэ үү.
Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлагын асуулт
-
Та Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн талаар гэрчлэлтэй юү?