Үгэн дээр найрла, Лиз Лэмон Свиндл. Зургийг Havenlight-аас авав.
11.
Үнэн таныг чөлөөлнө
Иохан 8:32
Таны Тэнгэрлэг Эцэг бол үнэний Бурхан юм. Тэр бүгдийг мэддэг. Бүх үнэн Түүнээс ирж, Түүн рүү хөтөлдөг. Та суралцахыг эрэлхийлэх, үнэнч шударгаар амьдрах, зөв гэж мэддэг зүйлийнхээ төлөө ганцаараа зогсох шаардлагатай байсан ч зоригтой зогсох үедээ үнэнийг эрхэмлэж байгаагаа харуулдаг.
Мөнхийн үнэн
Тэнгэрлэг Эцэг Өөрийн хөвгүүд, охидыг үргэлж суралцдаг байгаасай гэж хүсдэг. Суралцахыг эрэлхийлж, бас суралцах дуртай болоход материаллаг, сүнслэг хэрэгцээний аль аль нь танд бий. Боловсрол бол зөвхөн мөнгө олох тухай асуудал биш юм. Энэ бол Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү адил болох мөнхийн зорилгын тань нэг хэсэг.
Шударгаар амьдрах гэдэг нь Бурханы мэлмийд зөв гэсэн зүйлийг хайрлах гэсэн үг. Энэ нь хувийн тав тух, нэр алдар, таатай байдлыг хайрлахаас илүү зүйл юм. Энэ нь зөв зүйлийг зөв учраас л хийнэ гэсэн үг.
Хуваалцаж болох үнэ цэнтэй зүйл танд бий. Есүс Христийн сайн мэдээнд амьдралын асуултуудын хариулт бий. Энэ бол амар амгалан, аз жаргалд хүрэх зам. Та бүхнийг мэдэхгүй байж болох ч хөршөө хайрлах, тэдэнтэй үнэн зарчмуудыг хуваалцах, тэдгээрийг илүү ихийг судлахад урих зэргийн талаар хангалттай мэддэг.
Урилга
Үргэлж суралцдаг бай. Оюун ухаанаа тэлж, ур чадвараа сайжруулах боломжийг эрэлхийл. Энэ боломж нь сургууль, мэргэжил сургалтын төвөөс авч болох албан ёсны боловсролоос гадна өөрийн найдвартай гэж үзсэн боловсролын албан бус эх үүсвэрүүд байж болно. Хичээл зүтгэлдээ Их Эзэнийг оролцуул. Тэгвэл Тэр таныг удирдах болно.
Сүнслэг үнэнүүдийг олж мэд. Амьдарч буй эх дэлхийнхээ талаар судлахдаа та дэлхийг бүтээсэн Аврагчийн талаар бас судал. Түүний амьдрал, сургаалаас судал. Институт, семинар, сайн мэдээнээс суралцах хувийн сургалтаа насан туршид суралцах үйл явцынхаа нэг хэсэг болго. Энэ нь таныг номлолд үйлчлэх болон амьдралынхаа туршид сайн мэдээг хуваалцахад бэлдэж чадна.
Үнэнч шударга амьдар. Сургууль дээр, ажил дээр, онлайнаар ч бай бүү хулгай хий, бүү худал хэл, бүү хууран мэхэл эсвэл ямар ч арга замаар бай бусдыг бүү мэхлэн төөрөгдүүл. Олон нийтийн дунд мөн ганцаараа байхдаа ч Есүс Христийн үнэнч дагалдагч бай.
Амлагдсан адислал
Боловсрол Их Эзэнд, тэр дундаа номлогчоор үйлчлэх чадварыг тань нэмэгдүүлдэг. Энэ нь бусдыг, ялангуяа гэр бүлээ адислах хүч чадлыг өгдөг. Илүү ихийг сурч мэдэх тусам та Бурханы хаант улсыг байгуулах, дэлхийд сайнаар нөлөөлөхөд илүү туслах болно.
Шударга байдал нь амар амгалан, өөрийгөө хүндлэх хүндлэлийг авчирдаг. Үг, үйлдлээ үнэнтэй нийцүүлэх үедээ та итгэл дааж чадна гэдгээ Их Эзэнд болон бусад хүнд харуулдаг.
Таныг Есүс Христийн сургаалын төлөө зогсох үед Тэр тантай хамт зогсох болно. Есүс Христ бол таны хүч чадал! Хүмүүс тантай санал нийлэхгүй байж болох ч зориг, чин сэтгэлийг тань анзаарах болно. Бусад хүн үлгэр жишээг тань дагасан эсэхээс үл хамааран таны гэрчлэл, өөртөө болон Христэд итгэх итгэл өсөн нэмэгдэх болно.
Асуулт, хариулт
Сүмийн талаар асуух нь буруу юу? Би хариултыг нь хэрхэн олж мэдэх боломжтой вэ? Асуух нь сул дорой байдлын эсвэл итгэл сул байгаагийн шинж биш юм. Үнэндээ асуулт асуух нь итгэлийг төлөвшүүлдэг. Сайн мэдээний Сэргээлт нь 14 настай Иосеф Смит итгэлтэйгээр асуулт тавьснаар эхэлсэн. Хариултуудыг судруудаас, Бурханы бошиглогчдын үгээс, удирдагчдаасаа, итгэлтэй гэр бүлийнхнээсээ мөн Бурханаас Өөрөөс нь эрэлхийл. Хэрэв хариулт тэр даруй ирэхгүй бол бага багаар мэдэж авна гэдэгт итгэ. Мэддэг зүйлсийнхээ дагуу амьдарч, үнэнийг үргэлжлүүлэн эрэлхийл.
Өөр итгэл үнэмшилтэй хүмүүсийг гомдоохгүйгээр тэдний өмнө үнэнийг хэрхэн хамгаалах вэ? Таны үг, үйлдэл Бурханыг болон Түүний хүүхдүүдийг хайрлах хайраар өдөөгдсөн эсэхийг анзаарснаар эхэл. Сайн мэдээг зөрчилдөөний сүнсээр бус харин тодорхой байдал, даруу зан, сайхан сэтгэлээр хуваалцах ёстой. Та бусдын үзэл бодолтой санал нийлэхгүй байсан ч тэдэнд хайраар хандаж чадна. Амьдарч буй хэв маягаараа Есүс Христийн дагалдагчийн сайн жишээ бай.
Матай 5:14–16 (гэрлээ тусга); Иохан 14:6 (Есүс бол үнэн); 1 Петр 3:15 (Христэд найдах найдвараа хуваалцахад үргэлж бэлэн бай); Сургаал ба Гэрээнүүд 88:77–80 (Их Эзэний биднээс сураасай хэмээн хүсдэг зүйлс); 88:118 (мэргэн ухааныг шилдэг номнуудаас эрэлхийл); 93:36 (үнэнч шударга байдал гэдэг бол зөвийг хайрлана гэсэн үг юм); 130:18 (бидний оюун билиг биднийг амилуулагдах үед бидэнтэй хамт сэргэнэ) зэргийг үзнэ үү.
Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлагын асуулт
-
Та хийж буй бүх зүйлдээ шударга байхыг хичээдэг үү?
-
Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд харш аливаа сургаал, зан үйл, номлолыг дэмжиж, сурталчилдаг уу?