Өсвөр үеийнхэн
2. Бурхан тантай харилцахыг хүсдэг


Ариун ойн цоорхойд Эцэг, Хүү хоёр Иосеф Смитэд үзэгдсэн нь

2.

Бурхан тантай харилцахыг хүсдэг

Сургаал ба Гэрээнүүд 8:2–3

Сайн мэдээний сэргээлт нь Иосеф Смит гэдэг өсвөр насны хүүхэд залбирч, Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр түүнд хариулснаар эхэлсэн. Бурхан амьд бошиглогчдоор дамжуулан Өөрийн Сүмийг үргэлжлүүлэн удирдаж байна. Тэр мөн Өөрийн хүүхэд болох тантай Ариун Сүнсээр дамжуулан ярихыг хүсдэг. Ариун Сүнс тантай хэрхэн ярьдгийг таньж мэдэх нь таны эзэмших хамгийн үнэ цэнтэй ур чадваруудын нэг.

Мөнхийн үнэн

Сүнс таныг Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христ рүү хөтөлдөг. Энэ нь Ариун Сүнсний чухал үүрэг юм. Тэр мөн таныг наманчлах, Есүс Христийг дагах урам зориг өгнө. Ингэснээр та Түүний Цагаатгалын адислалыг хүлээн авч чадна. Таныг наманчлах үед Сүнс таныг цэвэршүүлж, өөрчлөгдөхөд тань тусална.

Ариун Сүнс бидний оюунд болон зүрх сэтгэлд ярьдаг. Сүнснээс ирэх захиас таны оюун санаанд урам зориг өгөх бодол, сэрэмжлүүлэг, тодорхой ойлголт, сүнслэг дурсамж зэрэг олон арга замаар ирж болно. Ариун Сүнс тайвшрал, итгэл, амар амгалан, хайр, баяр баясгалан, даруу байдал, талархал, тэвчээр зэрэг сэтгэл сэргээх мэдрэмжээр таны зүрхэнд ярьж чадна.

Урилга

“Ариун Сүнсийг хүлээн авна уу.” Энэ үгсийг таныг Христийн Сүмийн гишүүнээр батлах үед хэлсэн. Та Ариун Сүнсийг хэрхэн хүлээн авдаг вэ? Есүс Христийн сургаалыг дуулгавартай дагаснаар. Тэр бол таны хүч чадал. Түүнийг дагах нь таны амьдралд Ариун Сүнсийг урин авчирдаг.

Залбиралдаа Тэнгэрлэг Эцэгийг эрэлхийл. Түүнд зүрх сэтгэлээ уудал. Түүний танд өгсөн олон сайн сайхан адислалын төлөө Түүнд таларх. Баяр баясгалан, санаа зовнил, асуултаа Түүнтэй хуваалц. Тайван байж, амар амгалангийн мэдрэмж, оюун бодолд төрөх бодол, ямар нэгэн зүйл хийх сэтгэгдэл зэргээр ирж болох Түүний хариултыг сонс.

Бурханы дуу хоолойг судруудаас сонс. Судрууд бол Бурханы танд өгсөн үг! Түүний дуу хоолойг таньж мэдэн, Түүний хайрыг мэдрэхийн тулд тэдгээрээс өдөр бүр суралц. Уншиж байхдаа та Түүний танд зааж буй зүйлийг тунгаан бод. Мөн төрж буй сэтгэгдлээ бичиж ав. Судруудыг, ялангуяа Мормоны Номыг өдөр болгон судалж хэвш.

Хүлээн авсан сэтгэгдлийнхээ дагуу үйлд. Хэрвээ хэн нэгнийг адислах сайхан зүйл хийх бодол, сэтгэгдэл төрж байвал үүнийхээ дагуу үйлд! Сайн сайхан бүхэн Бурханаас ирдэг. Өгсөн мэдрэмжийг нь дагана гэдэгт Тэнгэрлэг Эцэг өөрт тань итгэж болно гэдгийг Түүнд харуул.

Есүс Христ

Амлагдсан адислал

Ариун Сүнс таныг тайтгаруулж, удирдана. Түүнийг Тайтгаруулагч гэж нэрлэдэг. Тэр таныг сорилт бэрхшээл тулгарсан үед тань дэмжих болно. Тэрээр таныг юу хэлэх, хийхээ мэдэхэд тусална. Түүний нөлөөгөөр та үнэн, худлын хоорондох ялгааг таньж чадна. Тэр таныг бусдаас болон өөрөөсөө сайн сайхныг олоход тусална. Сүнс аюул тулгарсан үед тань анхааруулж чадна. Тэр таныг Есүс Христ рүү чиглүүлж, нүглээс холдуулна.

Та сүнслэг бэлэг хүлээн авах боломжтой. Бурханы Сүнсээрээ дамжуулан хүүхдүүддээ өгдөг олон бэлэг бий. Библид дурдсан зарим бэлэгт илчлэл, Есүс Христэд итгэх итгэл, сургаал, ялган таних чадвар, мэргэн ухаан орно. Тэнгэрлэг Эцэгээс танд өгсөн сүнслэг бэлгүүдийн талаар, тэдгээрийг хэрхэн хөгжүүлэх болон Тэр таныг тэдгээр бэлгийг бусдыг адислахын тулд хэрхэн ашиглаасай гэж хүсдэгийг Түүнээс залбирч асуу.

Асуулт, хариулт

Яагаад бусад хүн надад байгаагаас илүү их сүнслэг туршлагатай байдаг вэ? Бүх сүнслэг туршлага гайхамшигтай эсвэл сэтгэл хөдөлгөм байдаггүй. Ихэнхдээ Бурхан бидний оюун санаанд орж ирэх бодол, зүрх сэтгэлд төрөх зөөлөн мэдрэмжээр дамжуулан бидэнтэй ярьдаг. Эдгээр нь намуухан, зөөлөн дуу хоолойгоор шивнэж ярьсан шивнээ байдаг. Чи Сүнсийг мэдэрч байгаа ч одоогоор таньж чадаагүй байж магадгүй. Залбирсаар бай. Бурханы үгийг үргэлжлүүлэн судал. Цаг гаргаж бас дадлага хийвэл та Сүнсийг олон янзын аргаар таньж сурна.

1 Хаад 19:11–12 (Бурхан намуухан зөөлөн дуу хоолойгоор ярьдаг); Иохан 15:26 (Сүнс Христийн тухай гэрчилдэг); Моронай 10:3–5 (Сүнсний тусламжтайгаар үнэнийг мэд); Сургаал ба Гэрээнүүд 11:12–13 (Сүнс сайныг үйлдэхэд удирддаг); 45:57 (Сүнсийг өөрсдийн хөтөч болгож ав); 46:8–26 (сүнслэг бэлгүүд) зэргийг үзнэ үү.

Ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн ярилцлагын асуулт

  • Та Бурхан, Мөнхийн Эцэг, Түүний Хүү Есүс Христэд болон Ариун Сүнсэнд итгэдэг үү? Мөн Тэдний талаар гэрчлэлтэй юү?