Өсвөр үеийнхэн
Сүнслэгээр өдөөгдсөн сонголт хий


Сүнслэгээр өдөөгдсөн сонголт хий

Та Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлоос Есүс Христ, Түүний бошиглогчдын сургаалыг олж унших болно. Эдгээр үнэнийг хөтчөө болгосноор та энэ амьдралд хийгээд үүрд мөнхөд таныг адислах сүнслэгээр өдөөгдсөн сонголтыг хийж чадна.

Та бол Бурханы хайртай сүнсэн хүүхэд. Түүний аз жаргалын агуу төлөвлөгөө танд сүнслэг байдлаараа өсөж хөгжих, бурханлаг чадавхаа хөгжүүлэх боломжийг олгодог. Тэрээр Есүс Христийг таны Аврагч болгон илгээсэн.

Тэнгэр дэх Эцэг тань танд итгэдэг. Тэрээр таныг Өөртэй нь холбодог мөн таны амьдралд Өөрийнх нь хүчийг авчрах сайн мэдээний бүрэн байдал, ариун нандин ёслол, гэрээнүүд зэрэг агуу адислалуудыг өгсөн. Эдгээр гэрээтэй хамт нэмэлт баяр баясгалан, хариуцлага ирдэг. Тэрээр таныг дэлхийд өөрчлөлт гаргаж чадна гэдгийг мэддэг. Энэ нь олон тохиолдолд дэлхийнхнээс өөр байхыг шаарддаг. Сонголт хийхдээ Тэнгэрлэг Эцэгийн удирдамжийг эрэлхийл. Тэрээр Ариун Сүнсээр дамжуулан таныг сүнслэг өдөөлтөөр адислах болно.

Есүс Христ мөнхөд үргэлжлэх баяр баясал өөд хөтлөх зам. Та Есүс Христийг дагахыг сонгох эрх чөлөөгөө ашиглах үедээ мөнхийн аз жаргалд хүргэх зам дээр гардаг. Есүс Христийг өөрийн жишиг, бат бөх сууриа болго. Амьдралаа Түүний сургаал дээр босгож, хийсэн сонголтоо сургаалаар үнэлж дүгнэ. Баптисм хүртэхдээ болон ариун ёслолын үеэр мөн ариун сүм дотор байгуулдаг гэрээнүүд нь Христ дэх бат бөх суурийг тань бүрдүүлэгч хэсгүүд юм. Та бэрхшээл, уруу таталттай нүүр тулсаар байх боловч Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёр танд энэ бүхнийг даван туулахад тусална.

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлын зорилго бол танд тулгарч болох бүх сонголт дээр “Тийм” эсвэл “Үгүй” гэсэн хариулт өгөх явдал биш юм. Харин Их Эзэн илүү өндөр, илүү ариун амьдралаар буюу мөнхийн үнэн, Их Эзэний амласан адислалд төвлөрсөн амьдралаар амьдрахад таныг урьж байна. Энэ нь Түүний арга зам юм. Энэхүү хөтөч танд Түүний арга замын талаар заах болно. Хөтөч Түүний илчилсэн үнэнүүдийг тайлбарладаг. Эдгээр үнэнийг ариун сүмд гэрээ байгуулах, номлолд үйлчлэх гэх мэт чухал сонголтууд мөн хүмүүст хэрхэн хандах, цагаа хэрхэн өнгөрүүлэх зэрэг өдөр тутмын сонголтууддаа хөтөч болгон ашигла.

Бусад хүн танд тусалж болох ч сүнслэг байдлын өсөлт хөгжил бол хувийн шинжтэй зүйл юм. Энэ бол таны хариуцлага. Өдөр бүр сайжрахын тулд хамгийн сайнаараа үйлдэж, Бурханы зарлигуудыг даган, гэрээнүүдээ хүндэтгэж, бусдыг Аврагчид улам ойртоход тусал.

Мозая 4:29–30 (нүгэл үйлдэх маш олон янзын зам байдаг тул бид өөрсдийгөө хянаж байх ёстой); Хиламан 5:12 (Христ дээр сууриа барь); Сургаал ба Гэрээнүүд 45:57 (Ариун Сүнсийг өөрсдийн хөтөч болгон ав); 25:13 (гэрээнүүддээ үнэнч бай) зэргийг үзнэ үү.

Хөтчийн зохион байгуулалт

Сэдэв бүр дараах гурван хэсгээс бүрддэг. Үүнд:

  1. Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний сургаал болох мөнхийн үнэнүүд

  2. Тэдгээр үнэний дагуу үйлдэх урилгууд

  3. Сургаалаар нь амьдардаг хүмүүст Их Эзэний санал болгосон амлагдсан адислалууд.