“Гайхамшигт төлөвлөгөө,” Найз, 2026 оны 3-р сар, 4-7
Гайхамшигт төлөвлөгөө
Биднийг дэлхийд ирэхээс өмнө Тэнгэрлэг Эцэгт бидэнд зориулсан гайхамшигт төлөвлөгөө байсан юм. Бид дэлхий дээр төрж, суралцаж, өсөж хөгжих байв. Бид Түүний гэрээний замыг дагаж, зөвийг сонгож чадах байлаа.
Тэнгэрлэг Эцэг бидэнд тусламж хэрэгтэй гэдгийг мэдэж байсан. Бид заримдаа бурууг сонгож, нүгэл үйлдэнэ гэдгийг Тэр мэдэж байсан. Хэрэв бид цэвэр ариун биш байвал Түүн рүү буцаж очиж чадахгүй байх байлаа.
Бидэнд нүглээсээ цэвэршихэд туслах онцгой хэн нэгэн хэрэгтэй байв. Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн ууган, сүнсэн Хүү байсан. Тэр дэлхийд ирж, биднийг нүглээс аврах хүслээ илэрхийлсэн.
Хүмүүс Есүсийн төрөхийг олон зуун жил хүлээж байсан. Эцэст нь Аврагчийг ирснийг дэлхийд мэдүүлэхээр тэнгэрт нэгэн шинэ од гэрэлтлээ.
Есүс өсөж том болоод хүмүүст сайн мэдээг заадаг байсан. Тэр сайхан сэтгэлтэй, хайраар дүүрэн хүн байв. Мөн Тэр хүүхдүүдийг адисалсан.
Тэр бидэнд Өөрийг нь дагаж, бусдад Өөртэй нь адил хандах хэрэгтэй гэж заасан. Тэр өвдсөн хүмүүсийг эдгээж байв. Тэрбээр нас барсан хүмүүсийг амилуулсан.
Өөрийн хамгийн агуу гайхамшгийг үйлдэх цаг нь болсныг Есүс мэдэж байв. Тэр Гетсеманийн цэцэрлэгт очиж, залбирав. Тэр бидний бүх гэм нүгэл, уй гашуу, өвчин эмгэгээс ирэх зовуурийг мэдэрсэн.
Зарим хүн Есүст уурлаж байв. Тэд Түүний заасан зүйлд дургүй байсан төдийгүй Түүнийг Бурханы Хүү гэдэгт итгэхгүй байв. Есүс баривчлагдаж, загалмай дээр цовдлуулж нас барсан.
Есүсийн найзууд ихэд гунигтай байв. Тэд Түүний биеийг хадан булшинд тавьж, хаалган дээр нь том чулуу байрлуулжээ.
Гурван өдрийн дараа хэдэн эмэгтэй булшин дээр ирэв. Булшны чулууг өнхрүүлж холдуулсан байсан ба булш хоосон байлаа. Магдалын Мариа Есүсийн бие байхгүй байсан тул уйлж эхлэв. Ойролцоо нь явж байсан нэгэн эелдэг эрэгтэй түүнээс яагаад уйлж байгааг нь асуув. Түүнд учраа хэлэхэд тэр эрэгтэй түүнийг нэрээр нь дууджээ. Мариа Түүн рүү хараад, Есүс байсныг нь мэдэв! Тэр амилсан байлаа!
Христийн амилсны баяраар бид Есүс Христийн бидний төлөө хийсэн зүйлсийг баяртайгаар дурсдаг. Тэр бидний төлөө зовж шаналсан учраас бид наманчилж, цэвэр ариун болж чадна. Тэр амилсан учраас бид ч мөн дахин амьдарна! Түүний ачаар бид хэзээ нэгэн өдөр Тэнгэрлэг Эцэг рүүгээ эргэн очиж, гэр бүлтэйгээ мөнхөд хамт амьдарч чадна.
Зураг чимэглэлийг Maтт Свийни. Зөвхөн Сүмийн хэрэгцээнд хуулбарлаж болно.