“Христийн амилсны баярын жүжиг,” Найз, 2026 оны 3-р сар, 16–23
Христийн амилсны баярын жүжиг
Чи гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт Христийн амилсны баярын түүхийг ярихдаа энэ хөтөлбөрийг ашиглаж болно. Тэр ч байтугай чи Аврагчийн амьдарч байсан үеийн Иерусалимд байсан хүмүүстэй адил хувцаслаж болно.
Хөтөлбөрийн дагуу жүжиглэх үедээ тухайн үед Есүстэй хамт байсан бол ямар байх байсныг төсөөл. Та нарт ямар санагдах байсан вэ? Хөтөлбөрийн дараа сурч, мэдэрсэн зүйлсээ ярилц.
1-р үзэгдэл
Далдуу модны ням гараг
Шавь нар эгнэн зогсоод, зураг баригчид явах зам гаргаж өгөхийн тулд далдуу модны навчаараа даллана.
Өгүүлэгч: Нас барахынхаа өмнөх ням гарагт Есүс Христ илжиг унаад Иерусалимд ирэв. “Есүсийг … ирэх үед дагалдан яваа олон түмэн бүгдээрээ өөрсдийн үзсэн хамаг гайхамшгуудын төлөө чанга дуугаар баяртайгаар Бурханыг магтацгаа[в].”
Зураг баригч 1 дугаартай зургийг (Есүс Христийн илжиг унасан) бариад замаар алхана. Шавь нар навчаар даллангаа “Хосанна” гэж хэд хэдэн удаа орилно.
Шавь 1: “Эзэний нэрээр ирэгч Хаан ерөөлтэй еэ! Амар тайван нь тэнгэрт, Алдар сүр нь хамгийн дээр байх болтугай! … .”
Өгүүлэгч: “Түүнийг Иерусалимд ороход хотынхон бүгд үймэлдэж,—Энэ хэн билээ? гэцгээв.”
Шавь 2: “Энэ чинь Галилын Назараас ирсэн эш үзүүлэгч Есүс байгаа юм.”
Бүгд “Beautiful Savior” (Children’s Songbook, 62–63) дууллын гуравдугаар бадгийг дуулна.
2-р үзэгдэл
Сүүлчийн зоог
Өгүүлэгч: Пүрэв гарагт Есүс Христ шавь нартайгаа цугларч, тэдэнд ариун ёслолыг өгөв.
Зураг баригч 2 дугаартай зургийг (Есүсийн сүүлчийн зоог дээр байгаа) барина. Шавь нар тойрч суугаад, Есүсийн зураг руу харна.
Өгүүлэгч: “Тэднийг зооглох зуур Есүс талх аваад, ерөөсний дараа хуваан шавь нартаа өгөөд—Май. Энэ Миний бие гэв.”
Шавь нарын нэг нь талхыг бишрэл хүндэтгэлтэйгээр харагдахуйц барина.
Өгүүлэгч: “Тэр аяга авч, талархал өргөөд, тэдэнд өгөхөд бүгд түүнээс уулаа. Есүс тэдэнд—Энэ нь олны төлөө урсах, гэрээний цус минь юм … гэв.”
Шавь нарын нэг нь аягыг бишрэл хүндэтгэлтэйгээр харагдахуйц барина.
Өгүүлэгч: Есүс бас нэг чухал зүйлийг заажээ. Тэр “… Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун гэсэн шинэ тушаалыг Би та нарт өгч байна. Бие биендээ хайртай байваас та нарыг Миний шавь гэдгийг үүгээр чинь бүгд мэдэх болно” хэмээн хэлсэн.
Бүгд “Бие биенээ хайрлаач” (Хүүхдийн дууны ном, 74) дууг дуулна.
3-р үзэгдэл
Гетсеманийн цэцэрлэг
Өгүүлэгч: “Есүс тэдний хамт Гетсемани гэдэг газар ирж, шавь нартаа—Намайг тэнд очиж залбирах зуур энд сууцгааж бай гэ[в].”
Шавь нар тайзны нэг талд хамтдаа сууна. Зураг баригч тайзны нөгөө талд 3 дугаартай зургийг (Гетсеманийн цэцэрлэгт Есүсийн залбирч буй) харагдахуйц барьж зогсоно.
Өгүүлэгч: “[Есүс] жаахан цааш яваад, нүүрээрээ унаж—Эцэг минь, болж өгвөл Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр биш, харин Таныхаар болог гэж залбирлаа.”
Шавь нар хэвтээд, унтаж байгаа дүр үзүүлнэ.
Өгүүлэгч: Аврагчийг залбирч байхад шавь нар нь унтсан байлаа. Уг цэцэрлэгт Есүс ганцаараа зовж шаналав. Тэр биднийг ойлгож, бидэнд туслахын тулд бидний бүхий л зовлон шаналал, уйтгар гунигийг мэдэрсэн юм. Тэр бидний нүглийн төлөөсийг төлөхийн тулд зовсон юм.
Бүгд “Gethsemane” дууллыг дуулна (Hymns—For Home and Church, no. 1009).
4-р үзэгдэл
Загалмай
Өгүүлэгч: Залбирч дууссаных нь дараа цэргүүд Есүсийг барьж аваад, хүлжээ. Хэдийгээр Тэр буруу зүйл хийгээгүй ч захирагчид Түүнийг хөнөөхөөр шийджээ.
Зураг баригч 4 дугаартай зургийг (Аврагчийн загалмай дээр буй) харагдахуйц барьж зогсоно. Шавь нар тойрч өвдөглөн суугаад, зураг руу харна.
Өгүүлэгч: Есүс загалмай дээр хадагдсан байхдаа “Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна” гэв. Тэр маш ихээр өвдөж шаналж байхдаа ч хайр, өршөөлийн төгс үлгэр жишээг үзүүлсэн юм.
Бүгд “Алс ногоон толгой” дууллыг дуулна (Дуулал, д. 194).
5-р үзэгдэл
Булш
Өгүүлэгч: Есүс Христийг нас барсны дараа бие нь булшинд гурван өдөр байсан. Гурав дахь өдөр нь Магдалын Мариа болон өөр хэдэн эмэгтэй булшийг үзэхээр иржээ. “… хадыг өнхрүүлэн зайлуулсныг тэд хараад, дотогш орсон боловч Эзэн Есүсийн цогцсыг олсонгүй.”
Мариа болон түүнтэй хамт байгаа эмэгтэйчүүд тайзан дээр гунигтайгаар алхаж, гайхсан байдалтай эргэн тойрноо харна.
Өгүүлэгч: Хоёр тэнгэр элч хүрч ирэн, уг эмэгтэйчүүдтэй ярилцав.
Тэнгэр элч 1 ба тэнгэр элч 2 Мариагийн хажууд тайзан дээр гарч ирнэ.
Тэнгэр элч 1: “Бүү ай. Цовдлогдсон Есүсийг хайж буйг чинь мэдэж байна.”
Тэнгэр элч 2: “Тэр энд байхгүй. … Тэр амилсан.”
Өгүүлэгч: “Тэд айдас болон бөөн баяртайгаар … [бусад] шавь нарт нь мэдэгдэхээр гүйлдлээ.”
Мариа эмэгтэйчүүдтэй энэхүү сайн мэдээг хуваалцахаар тайзнаас баяр хөөртэйгөөр бууна.
Мариа: Тэр амилсан! Есүс Христ амьд!
Зураг баригч 5 дугаартай зургийг (амилсан Христ) харагдауйц барьж зогсоно. Бүгд тайзан дээр буцаж гарна.
Өгүүлэгч: Христийн амилсны баярын өглөө бидний Аврагч амилсан юм. Түүний ачаар бүх зүйл өөрчлөгдсөн. Бид найдвар, амар амгалан, аз жаргалыг мэдэрч чадна. Тэр амьд учраас өнөөдөр мөн үргэлж бидэнтэй хамт байдаг.
Бүгд “Есүс амилсан” дууг дуулна (Найз, 2025 оны 4-р сар, 18–19).
Зураг чимэглэлийг Ройсин Хахэсси. Зургийг Дан Бөрр. Зөвхөн Сүмийн зорилгоор хуулбарлаж болно.