“Суралцахуйгаа үнэлэх нь 8: Исаиа-Иеремиа 20,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Суралцахуйгаа үнэлэх нь 8: Исаиа-Иеремиа 20,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Иеремиа 1–3; 7; 16–18; 20: Хичээл 133
Суралцахуйгаа үнэлэх нь 8
Исаиа–Иеремиа 20
Сүнслэг байдлын хөгжлөө үнэлэх талаар эргэцүүлэн бодох нь Биднийг Есүс Христийн илүү сайн шавь болоход тусалдаг. Энэ хичээл суралцагчдад Хуучин Гэрээг энэ жил судлах явцад тавьсан зорилго, хувийн өсөлт хөгжлөө үнэлэхэд туслах зорилготой.
Суралцагчийн бэлтгэл: Хичээл дээр ахлагч Дэвид А.Бэднарын мэдэгдлийг суралцагчдад өгөх талаар бодож үз. Энэ мэдэгдэл энэ жилийн семинарын үеэр тэдний сүнслэг байдлын өсөлт хөгжилтэй хэрхэн холбогдож буйг бодож үзэхэд нь тэднийг уриарай. Тэднийг тэмдэглэлийн дэвтэр, тэмдэглэсэн судар, хийсэн тэмдэглэлээ эргэн харж, хичээл зүтгэлээ үнэлж дүгнэхэд нь урамшуулан дэмж.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Энэ хичээлийн зорилго нь суралцагчдад Хуучин Гэрээг үргэлжлүүлэн судлах явцдаа сүнслэг байдлынхаа өсөлт хөгжлөө үнэлэхэд нь туслах явдал юм. Танай анги энэ хичээлд үнэлж дүгнэснээс өөр гарсан үр дүнд анхаарлаа төвлөрүүлсэн байж магадгүй. Хэрэв тийм бол саяхны семинарын хичээлээр суралцагчдын сурсан зүйлийг үнэлэхийн тулд үйл ажиллагаануудыг тохируулан өөрчлөөрэй. Та зааж дуусгасан Амьдралын бэлтгэлийн ангиллууддаа Суралцахуйгаа үнэлэх үйл ажиллагаануудаа ашиглаж болно. Санаануудыг энэ гарын авлагын Хавсралт-д оруулсан болно.
Энэ хичээлээр суралцагчид дараах зүйлсийн заримд нь эсвэл бүх хэсэгт өөрсдийн ахиц дэвшлийг үнэлнэ:
-
Есүс Христийн алдар цол, үүргийг тайлбарлах нь (Тэмдэглэл: Энэ үйл ажиллагаа нь 113-р хичээл: “Исаиагийн оршил” дээр тулгуурладаг боловч бусад хичээл ч бас хамаатай байж болно.)
-
Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан нүглийг ялан дийлэх илүү их хүслийг мэдрэх (Тэмдэглэл: Энэ үйл ажиллагаа нь 114-р хичээл: “Исаиа 1” дээр тулгуурладаг боловч 103-р хичээл: “Дуулал 24”, 124-р хичээл: “Исаиа 53” ч мөн хамаатай байж болно.)
Сүнслэг байдлын өсөлт хөгжил, үйл явцаа үнэлэх
ChurchofJesusChrist.org дээр үзэх боломжтой “Ганц хувь сайжруулах” видео бичлэгийг цагийн код 0:00-ээс 2:11 хүртэл хуваалцан, хичээлээ эхлүүлэх талаар бодож үзээрэй. Үүнээс гадна та доорх хураангуйг уншиж эсвэл өөрийн үгээр хүүрнэж болно.
Дараах нь Далын ахлагч Майкл А.Даннын хуваалцсан үгийн хураангуй юм.
Их Британийн дугуйн спортын үндэсний шигшээ баг зуу гаруй жил дугуйн спортын ертөнцийн элэг доог болсон юм. Энэ явдал 2003 онд өөрчлөгдсөн билээ. Шинээр хөлсөлсөн дасгалжуулагч Сэр Дэйв Брэйлсфорд сайжруулах шинэ арга барилыг хэрэгжүүлжээ. Ганц хоногт огцом өөрчлөлт гаргах гэсэн өмнөх дасгалжуулагчдаас ялгаатай нь, ноён Брэйлсфорд “жижиг өөрчлөлтүүдээс том өөрчлөлтөд хүргэх зарчим” гэж нэрлэдэг стратегиа хэрэгжүүлсэн байна. Энэ нь хийдэг бүх зүйлээ үл ялиг сайжруулна гэсэн үг юм.
Брэйлсфорд ийн хэлсэн. “Энэ зарчим нь та дугуй унахад шаардагдах бүх зүйлийг задалж салгаад, ганцхан хувиар сайжруулж, дараа нь тэдгээрийг нэгтгэхэд л мэдэгдэм сайжирч буйг мэдрэх болно гэсэн санаанаас үүдэлтэй юм” (“Ганц хувь сайжруулах,” Лиахона, 2021 оны 11-р сар, 106-108).
-
Бид Есүс Христийн илүү сайн шавь болохоор хөдөлмөрлөх үед энэ зарчим бидний сүнслэг ахиц дэвшилд хэрхэн хэрэгжиж болох вэ?
Ярилцлагын нэг хэсэг болгон та ахлагч Бэднарын хэлсэн дараах мэдэгдлийг хуваалцаж болно.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийн заасан.
Их Эзэний биднээс хийгээсэй гэж хүсдэг алхмууд бол сүнслэг байдлын жижиг, тогтвортой, өсөн нэмэгдэх байдлаар сайжруулах арга зам юм. Бурханы өмнө гэм буруугүй алхахад бэлтгэх нь мөнх бус амьдралын үндсэн зорилгуудын нэг бөгөөд насан туршийн эрэл хайгуул билээ; энэ нь сүнслэг байдлын эрчимтэй үйл ажиллагааны тохиолдлын огцом үсрэлтээс үүсдэггүй. (“Clean Hands and a Pure Heart,” Liahona, Nov. 2007, 82)
Суралцахуйгаа үнэлэхүй хичээлийн зорилго бол түр зогсоод, хэрхэн суралцаж, өсөж хөгжиж байгаагаа ойлгоход нь туслах Ариун Сүнсийг урих явдал юм гэдгийг суралцагчидтай хуваалц.
Дараах асуултуудад хариулахад бэлтгэхэд суралцагчдад туслахын тулд та тэдэнд Сүнсний дуу хоолойг таньж мэдэх нь амаргүй бөгөөд цаг хугацаа, дадлага хийх шаардлагатай гэдгийг батлан хэлж болно. Та тэдэнд Самуелын түүхийг (1 Самуел 3:2–10-ыг үзнэ үү) эсвэл Елиаг (1 Хаад 19:11–12-ыг үзнэ үү) сануулж болно.
Хуучин Гэрээг саяхан судалж байхдаа сурсан зүйлийнхээ талаар хэсэг хугацаанд бодоход цаг гарга. Та тэмдэглэлдээ эсвэл судлах тэмдэглэлдээ уншсан судар, бичиж тэмдэглэсэн бодол санаагаа эргэн харж болно.
-
Ариун Сүнсний өдөөлтийг хүлээн авч, танихын тулд та саяхан ямар хүчин чармайлт гаргасан бэ?
-
Ариун Сүнснээс та саяхан ямар сүнслэг өдөөлт хүлээн авсан бэ? Та түүнийг хэрхэн дагасан бэ?
-
Та Есүс Христийн шавь байхын тулд сүнслэг байдлын хувьд сайжруулах ямар жижиг алхам хийсэн бэ?
-
Сүнслэг байдлын хувьд бага багаар сайжруулах хэрэгтэй байж болох ямар хэсэг танд байж болох вэ?
Өмнөх өдөөлт нь өөрийгөө үнэлэх жишээ юм. Суралцагчид өөрсдийн туршлага, мэдрэмжийг бодож үзсэнээр сурч мэдсэн зүйлээ амьдрал, нөхцөл байдалтайгаа холбож чадна. (Сургаал, үнэн эсвэл зарчмын талаар өөрийгөө үнэлэх үнэлгээг бий болгох нэмэлт сургалтыг “Суралцагчдад Ариун Сүнсээр заалгах нөхцөл, боломжийг бүрдүүлэх” хэсгийг Багшийн хөгжүүлэх ур чадвар дээрээс үзнэ үү.)
Сүнслэг байдлын хувьд сайжирсан гэж боддоггүй суралцагчдыг Их Эзэн тэдэнд туслах болно гэдгийг санахад нь урамшуулан дэмжих талаар бодож үз. Суралцагчдад Их Эзэн тэднийг хайрладаг бөгөөд тэвчээртэй байж, үргэлжлүүлэн хичээхийг урьдаг гэдгийг батлан хэлж өгөөрэй.
Есүс Христийн алдар цол, үүргийг тайлбарлах
113-р хичээл болох “Исаиагийн оршил”-ын нэг хэсэг болгож суралцагчид Есүс Христийн алдар цол, үүргийн тухай бүдүүвч зургийг хийсэн байж болох юм. Хэрэв танай суралцагчид үүнийг хийсэн бол та тэднээс бүдүүвч зургаа дахин харж, саяхан сурсан алдар цолуудаа нэмж оруулахыг хүсэж болно. Дараа нь та тэднээс доорх бүдүүвч зургийн дараа урган гарах асуултуудын талаар хэлэлцэхийг хүсэж болох юм.
Хэрэв суралцагчид тань энэ үйл ажиллагааг хийгээгүй бол та доорх бүдүүвч зургийг үзүүлж болно. Тэднээс үүнийг судлах тэмдэглэл дээрээ хуулж авахыг хүсээд, дараах зааврыг өгөөрэй. Судруудаас саяхан судалсан байж болох нэмэлт алдар цолуудыг хайх цагийг тэдэнд гаргаж өгөөрэй.
Тойргийн дунд “Есүс Христ” гэж бичээрэй. Исаиа 7:14; 9:6–7-г уншаад, бусад тойрогт олж мэдсэн Есүс Христийн алдар цол, үүргүүдийг бичээрэй.
-
Та саяхан өөр ямар алдар цол олсон бэ? Эдгээрийг бүдүүвч зурган дээрээ нэмээрэй.
Эдгээр асуултыг үзүүлж, тэднээр бие даан хариулуулах нь хамгийн сайн арга юм. Та суралцагчдыг жижиг бүлгээр эсвэл ангидаа бодлоо хуваалцахад урьж болно.
-
Эдгээр алдар цол, үүргийг нь мэддэг болсон цагаас хойш Есүсийн тухай ингэж бодох нь танд хэрхэн нөлөөлсөн бэ?
-
Есүс Христийн эдгээр алдар цолноос нэгийг нь санаж явах нь таны амьдралд ямар нөхцөл байдалд ашиг тустай байж болох вэ?
-
Та нар Есүс Христийн тухай мэддэг учраас өнөөдөр юу хийж болох вэ?
Та Есүс Христийн алдар цол, үүргээс дуртай нэгээ суралцагчидтайгаа хуваалцаж болно. Түүний алдар цол эсвэл үүрэг нь яагаад таны хувьд онцгой утга учиртай байдгийг тэдэнд хэлээрэй. Та бусад алдар цол, үүргийг олж авахын тулд суралцагчдыг The Names of Christ (Христийн нэрс) (churchofjesuschrist.org) дэх эх сурвалж руу чиглүүлж болно.
Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан нүглийг даван туулах хүсэл эрмэлзлээ нэмэгдүүлэх
Суралцагчдыг Исаиа 1-ийг судалж байхдаа харсан байж болох дараах зургуудыг үзүүлэх талаар бодож үз. Зургууд дээр наманчлал, Есүс Христийн Цагаатгалын талаар юу зааж байгааг хуваалцахыг тэднээс хүсээрэй. Хэрэв шаардлагатай бол суралцагчдыг Исаиа 1:18-ыг сануулга болгон давтахад урь.
Суралцагчдыг хуваалцсаны дараа та 114-р хичээл: “Исаиа 1” дээрх дараах үнэнийг самбар дээр бичиж болно.
Хэрэв бид чин сэтгэлээсээ наманчилбал Есүс Христ биднийг нүглээс маань цэвэрлэх болно.
Дараа нь дараах догол мөрийг үзүүлээд эсвэл уншаад, суралцагчдыг үйл ажиллагааг хийж дуусгахад уриарай.
Танд Их Эзэний өршөөлийг хүртэхээсээ өнгөрсөн гэж боддог найз байгаа гэж төсөөл. Найздаа Аврагч, наманчлалын талаар сурч мэдсэнээ эсвэл мэдэрсэн зүйлээ хуваалцан, захидал бич. Та саяхан судалсан судруудаа заавал ашигла. Исаиа 1:18, Исаиа 53:3–5, Иеремиа 3:12–15 зэрэг зарим жишээ байж болно.
Та суралцагчдыг эдгээр сургаалын талаарх аливаа тэмдэглэлээ эргэн харж, захидалдаа сурч авсан тодорхой нэг зүйлсээ оруулахыг урамшуулан дэмжиж болно. Тэд мөн биднийг наманчлах үед Аврагчийн биднийг уучлах чадвар, хүсэл эрмэлзлийг бодож үзсэнийхээ дагуу сүүлийн хэдэн долоо хоногт юу сурч мэдсэн эсвэл мэдэрсэн тухай бодож үзэж магадгүй юм.