“Хуучин Гэрээний семинарын сургалтын гарын авлагын оршил,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Хуучин Гэрээний семинарын сургалтын гарын авлагын оршил,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлагын оршил
Шашны институт, семинарын зорилго нь “өсвөр үеийнхэн болон залуучуудад Есүс Христ, Түүний сэргээгдсэн сайн мэдээнд илүү гүн гүнзгий хөрвөгдөн, ариун сүмийн адислалыг хүртэхүйц зохистой байж, өөрсдийгөө төдийгүй гэр бүлээ мөн бусдыг Тэнгэр дэх Эцэгтэй хамт амьдрах мөнх амьдралд бэлтгэхэд туслах явдал юм” (“Шашны институт, семинарын зорилго” [2022], Gospel Library).
Энэ зорилгод хүрэхэд туслахын тулд тус гарын авлага нь Хуучин Гэрээний хичээл, амьдралд бэлтгэх хичээл гэсэн хоёр төрлийн хичээлээр дамжуулан олон янзын суралцах арга туршлага хуримтлуулах боломжийг суралцагчдад олгодог. Хуучин Гэрээний хичээл нь Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд ашиглахад зориулав дээрх долоо хоног бүрийн судрын багцтай тохирдог. Амьдралд бэлтгэх хичээл нь суралцагчдад Есүс Христээс хүч чадал хүлээн авч, амьдралын бэрхшээлүүдэд бэлэн байхын тулд Түүний сургаалуудыг хэрэгжүүлж сурахад тусалдаг.
Та эдгээр хичээлд буй заах зөвлөмжийг ашиглан, Сүнсний удирдамжийг дагаснаар суралцагчдад амьдралынхаа олон тал дээр Есүс Христийн хүчинд тулгуурлахад нь тусалж чадна. Та мөн Есүс Христэд итгэх итгэлтэйгээр ирээдүйдээ бэлдэхэд нь тэдэнд тусална.
Gospel Library дахь энэхүү багшийн гарын авлагыг ChurchofJesusChrist.org вэбсайтаас PDF файлаар татаж авах боломжтой. Та орон нутгийнхаа зохицуулагч эсвэл хөтөлбөрийн зохион байгуулагчаас гарын авлагын хэвлэмэл хувилбарыг авахыг хүсэж болно.
Заахад бэлтгэхэд тань туслах хэрэгсэл
Хуучин Гэрээний болон амьдралд бэлтгэх хичээлүүдийн аль алины хувьд дараах хэрэгслүүд заахад тань тусална.
Судрууд
Ирээд, Намайг дага судрын багцтай хамт судлах нь суралцагчдад заахаар бэлдэх чухал арга зам юм. Энэхүү гарын авлагад буй судруудыг тогтмол судалдаг, Ариун Сүнстэй нөхөрлөхийг эрэлхийлдэг багш эдгээр хичээлийг заах хэрэгтэй. Ингэснээр та Тэнгэрлэг Эцэг Өөрийн Сүнсээр дамжуулан танд суралцагчдынхаа хэрэгцээнд нийцүүлэн эдгээр материалыг хэрхэн ашиглах талаар бурханлагаар нөлөөлнө гэдэгт итгэлтэй байж болно.
Тойм
Хуучин Гэрээний долоо хоног бүрийн хичээлийн эхэнд болон амьдралд бэлтгэх хичээлийн ангилал бүрийн эхэнд тойм бий. Эдгээр тойм нь дараах зүйлс бүхий сургалтын материалуудыг урьдчилан бэлдэхэд танд туслах хичээлийн тодорхой мэдээллээр хангана. Үүнд:
-
Хичээлийн зорилго (мөн эдгээрийг хичээл бүрийн оршил хэсгийн сүүлийн өгүүлбэрт дурддаг)
-
Суралцагчийн бэлтгэл үйл ажиллагааны санаа
-
Урьдчилан бэлтгэх шаардлагатай үзүүлэнт хичээл, тараах материал, зураг, видео эсвэл бусад материалын жагсаалт
Та дараа долоо хоногт заах хичээлийнхээ долоо хоног тутмын тоймыг олоорой.
-
Урьдчилан мэдвэл тустай ямар мэдээллийг та эндээс олох вэ?
-
Та заахаар бэлдэхдээ энэ мэдээллийг хэрхэн ашиглаж болох вэ?
Заах зөвлөмж
Хуучин Гэрээний хичээлийн өмнөх тойм бүр нь Аврагчийн арга барилаар заах нь: Сүмд болон гэртээ заадаг бүх хүнд зориулав дээр санал болгосон дасгал эсвэл зарчмуудыг тайлбарласан заах зөвлөмжийг агуулдаг. Эдгээр зөвлөмжийг дараах дүрсээр тэмдэглэсэн байна. Тухайлбал: . Та заахад өөрийгөө бэлэн гэж үзвэл эдгээр дасгал, зарчмыг хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Эдгээр зөвлөмжийг нэгтгэх нь таны заах чадварыг сайжруулахад тусална гэдгийг та анзаарна.
Ихэнх заах зөвлөмж нь санал болгосон дасгал эсвэл зарчмыг үлгэрлэсэн хичээл руу хөтөлдөг. Хичээл дээрх сургалтын дүрс нь зөвлөмжийг хэрхэн ашиглах жишээг онцолно. Эдгээр сургалтын зөвлөмж нь санал болгосон дасгал эсвэл зарчмуудын талаар илүү ихийг суралцахад тань туслах Багшийн хөгжүүлэх ур чадварыг онцолдог. Эдгээр дасгал, зарчмуудыг хэрэгжүүлэх нь танд заах ур чадвараа сайжруулахад тусална.
Та ирэх долоо хоногт заах хичээлийнхээ тойм хэсэг дэх заах зөвлөмжийг эргэн харна уу.
-
Та энэ заах зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлж болох вэ?
Хичээл хуваарилах зөвлөмж
Амьдралд бэлтгэх хичээлүүдийн ангиллын ихэнх тойм хэсэгт хичээл хуваарилах зөвлөмж бий. Эдгээр зөвлөмж нь хичээл хуваарилах удирдамжийн хаана нь эдгээр хичээлийг оруулж болох талаар санаа өгнө. Зохицуулагчид, хөтөлбөрийн удирдагчид эдгээр зөвлөмжийг ашиглан хичээл хуваарилах удирдамжийг гаргаж болно.
Жишээ болгож, бие даасан байдлыг хөгжүүлэх тойм дахь хичээл хуваарилах зөвлөмжийг үзнэ үү.
Суралцагчийн бэлтгэл
Тойм бүр нь хичээл бүрд оюун санаа, зүрх сэтгэлээ бэлтгэхэд суралцагчдад туслах зөвлөмжүүдийг багтаадаг. Та долоо хоногийн эхэнд эдгээр санаатай танилцаад, аль санаа нь таны суралцагчдад хамгийн тустайг залбирч байгаад шийдэж болно. Та суралцагчийн бэлтгэл үйл ажиллагааны зөвлөмж бүрийг нэг бүрчлэн ашиглах шаардлагагүй. Та тэдгээрийг тохируулан өөрчилж эсвэл өөрийн санааг гаргаж болно. Эдгээр санал болгосон урилга нь суралцах туршлагаас ядаж нэг хоногийн өмнө суралцагчдад өгөх зорилготой юм.
Та ирэх долоо хоногт заах хичээлийнхээ тойм хэсэг дэх суралцагчийн бэлтгэл үйл ажиллагааны санаануудыг эргэн харна уу. Ямар санааг ашиглах, тохируулан өөрчлөх эсвэл ашиглахгүй байх эсэхийг бодож үзээрэй. Хэрэв та суралцагчдаа бэлдэхэд урихаар шийдсэн бол тус бэлтгэл үйл ажиллагааны санааг тэдэнтэй хэрхэн хуваалцах вэ? Жишээлбэл: Та энэ талаар ярьж өгөх юм уу өмнөх хичээлийн төгсгөлд үзүүлж болно. Тохиромжтой бол та үүнийг Wise эсвэл мессежийн апп-аар дамжуулан илгээж болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Хичээл бүр суралцах туршлагыг бий болгохын тулд таны хэрэгжүүлж болох арга замуудын тухай санаануудыг агуулдаг. Суралцагчдадаа байж болох хамгийн сайн туршлагыг суулгахын тулд та энэ хэсгийн агуулгыг бичвэр гэхээс илүү удирдамж байдлаар ашиглаарай. Хэрэв та семинарын багш байх гараагаа дөнгөж эхэлж байгаа бол санал болгосон суралцах үйл ажиллагаануудыг нэг бүрчлэн дагах замаар эхлэх нь тустай байж мэднэ. Та туршлагатай болохын хэрээр суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад илүү нийцүүлэхийн тулд энэхүү гарын авлагын агуулгыг тохируулан өөрчлөх чадвар тань илүү сайжирна.
Санал болгосон суралцах үйл ажиллагааны ихэнх нь суралцагчдыг судлах тэмдэглэлээ ашиглахад урина. Судлах тэмдэглэлийг PDF хэлбэрээр ChurchofJesusChrist.org/si/seminary/manuals-аас үзэх боломжтой. Боломжтой бол суралцагчид хичээл дээр тэмдэглэлийнхээ асуултад хариулахын тулд Gospel Library апп дахь тэмдэглэлийн онцлогийг ашиглаж болно.
Заах зааварчилгаа
Та хичээлүүд дээр багш нарт зориулсан зааварчилгаа бүхий нүднүүдийг олж харна. Эдгээр зааварчилгаа нь хичээлд санал болгосон суралцах үйл ажиллагаануудад хэрхэн бэлтгэх, ашиглахад тань туслах зориулалттай. Эдгээр нь хичээлийн үйл ажиллагааны зорилгыг тайлбарлаж эсвэл хичээлийн агуулгыг суралцагчдын хэрэгцээнд илүү сайн нийцүүлэхийн тулд хэрхэн тохируулан өөрчлөх талаарх зөвлөмжийг санал болгож болох юм. Эдгээр зөвлөмжид контент, үйл ажиллагаануудыг шаардлагын дагуу тохируулан өөрчлөхөд туслах өөр арга барил, асуулт, үйл ажиллагаанууд багтсан.
Та удахгүй заах хичээлдээ ашиглах зарим заах зааварчилгааг үзнэ үү.
-
Эдгээр заах зааварчилгаа хичээл заахаар бэлтгэхэд тань хэрхэн тусалж болох талаар та юу олж мэдсэн бэ?
Нэмэлт эх сурвалж
Ихэнх хичээлийн төгсгөлд “Нэмэлт эх сурвалж” гэсэн хэсэг бий. Энэ хэсэгт суралцахуйг гүнзгийрүүлэх мэдээлэл багтсан. Та суралцагчдын асууж болох асуултууд, эдгээр асуултад хариулахад тусалж болох Сүмийн удирдагчдын мэдэгдлүүдийг олж болно. Сүмийн удирдагчдын мэдэгдлүүдийг хичээлдээ оруулж болох юм. Энэ хэсэг нь зөвхөн ChurchofJesusChrist.org дээрх Gospel Library апп эсвэл Gospel Library-д онлайн горимд байдаг. “Нэмэлт эх сурвалж” хэсгийг багшийн гарын авлагын PDF хувилбарт оруулаагүй.
Таны заах дараагийн хичээлд “Нэмэлт эх сурвалж” хэсэг байгаа эсэхийг үзнэ үү.
-
Энэ хэсэгт суралцагчидтайгаа хуваалцахад тустай байж болох ямар нэгэн эх сурвалж байна уу?
Нэмэлт суралцах үйл ажиллагаа
Мөн энэ хэсгийг хичээлийн төгсгөлд оруулсан бөгөөд суралцах туршлагад ойртох нэмэлт санаануудыг багтаасан. Эдгээр суралцах үйл ажиллагаанд тухайн хичээлийн үйл ажиллагааг тохируулан өөрчлөх эсвэл хичээлд багтаагүй материалыг заах арга замууд багтсан. Нэмэлт суралцах үйл ажиллагааг зөвхөн ChurchofJesusChrist.org дээрх Gospel Library апп эсвэл онлайнаар Gospel Library-д орж байгаа тохиолдолд багшийн гарын авлагаас харах боломжтой. Энэ хэсгийг багшийн гарын авлагын PDF хувилбарт оруулаагүй.
Хэрэв таны дараагийн хичээл “Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсэгтэй бол тэдгээр үйл ажиллагаатай танилцаарай.
-
Хичээлийн үндсэн хэсэгт багтсан суралцах үйл ажиллагаанд нэмэлтээр эсвэл оронд нь ашиглаж болох суралцагчдад тань тустай ямар нэг санаа байна уу?
Хуучин Гэрээний хичээл, амьдралд бэлтгэх хичээл
Хуучин Гэрээний болон амьдралд бэлтгэх хичээлүүдийг жилийн турш суралцагчдад заах ёстой. Дараах мэдээлэл нь багшийн гарын авлага дахь өөр өөр хичээлийн зорилгыг ойлгоход танд тусална.
Хуучин Гэрээний хичээл
Хуучин Гэрээний хичээлүүд нь Ирээд, Намайг дага гарын авлага дээрх долоо хоног бүрийн судрын багцтай тохирдог. Эдгээр хичээл нь Хуучин Гэрээн дэх Бурханы үгсийг гүнзгий судлах туршлага хуримтлуулах боломж олгодог. Төгс эзэмших сургаалын дадлага хичээлүүд болон Суралцахуйгаа үнэлэх хичээлүүд нь уг гарын авлагын Хуучин Гэрээний хичээлийн хэсэгт багтдаг.
Төгс эзэмших сургаалын дадлага хичээл
Төгс эзэмших сургаалын дадлага хичээл нь суралцагчдад төгс эзэмших сургаалын зорилтот үр дүнд хүрэхэд туслах зорилготой. Эдгээр үр дүн нь дараах зүйлсийг хийхэд нь суралцагчдад тусална. Үүнд:
Сүнслэг мэдлэг олж авахад туслах тэнгэрлэг зарчмуудыг мэдэж авч, амьдралдаа хэрэгжүүлэх;
Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд, тэдгээрийн заадаг Есүс Христийн сайн мэдээний сургаалуудыг төгс эзэмших зэрэг юм.
Сонгосон судрын хэсгүүд, тэдгээрийн заадаг Есүс Христийн сайн мэдээний сургаалуудыг төгс эзэмшсэнээр суралцагчид дараах ур чадварыг эзэмшинэ. Үүнд:
Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдэд заасан сургаалын талаар сурч мэдэх, ойлгох;
Төгс эзэмших сургаалын судрын холбогдох хэсгүүдийг ашиглан сургаалыг тодорхой тайлбарлах;
Есүс Христийн сайн мэдээний сургаал, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг өдөр тутмын сонголтдоо мөн сургаал, хувь хүн, нийгэм, түүхэн асуудал, асуултуудад хариулахдаа ашиглах;
Төгс эзэмших сургаалын хэсгүүдийг санах, олж чаддаг байх, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэх зэрэг болно.
Төгс эзэмших сургаал апп нь суралцагчдад төгс эзэмших сургаалын зарим үр дүнд хүрэхэд туслах боломжтой. Энэ нь суралцагчдад төгс эзэмших сургаалын судрын хэсэг бүрд байгаа судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх дадлага хийхэд туслах зорилготой юм. Та тус апп-ыг ангидаа ашиглаж, боломжтой бол суралцагчдыг өөрсдийн төхөөрөмж дээр татаж авахад урамшуулан дэмжиж болно. Энэ нь iOS болон Android төхөөрөмжүүдэд зориулагдсан.
Төгс эзэмших сургаалын зорилгын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ChurchofJesusChrist.org дээрх “Төгс эзэмших сургаал гэж юу вэ?” (3:56) видеог үзнэ үү.
Төгс эзэмших сургаалын хичээлийн үр дүнд хүрэхэд нь суралцагчдад хэрхэн туслах талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Семинарын хөтөлбөрийн сургалт дахь “Төгс эзэмших сургаалын сургалт”-ыг үзнэ үү.
Суралцахуйгаа үнэлэх хичээл
Үнэлгээ бол суралцахуйн чухал хэсэг юм. Түр зогсоод, суралцах талаар тунгаан бодох боломж олгох нь суралцагчдад эерэг туршлага болдог. Үе үе үнэлгээ өгөх нь суралцагчдыг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адил болохын тулд тасралтгүй өсөж хөгжихөд урамшуулан дэмжинэ. Суралцагчдын суралцахуйг үнэлснээр тэд суралцах үйл явцад идэвхтэй оролцогчид болж, суралцахдаа илүү хариуцлагатай хандана.
Суралцахуйгаа үнэлэх нь Хуучин Гэрээнээс сурсан үндсэн сургаалыг тайлбарлах, Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө, Есүс Христийн сайн мэдээтэй холбоотой мэдрэмж, хандлага, хүслээ эргэцүүлэн бодох; Есүс Христийн шавь байхын тулд суралцаж буй зүйлээ хэрэгжүүлж, гүнзгийрүүлэхийн тулд гаргаж буй төлөвлөгөө эсвэл зорилгуудаа эргэн харах боломжийг суралцагчдад олгодог. Эдгээр хичээл нь өсөлт хөгжлөө ойлгох, цаашид нэмэлт ахиц дэвшил гаргах чиглэлүүдийг тодорхойлоход суралцагчдад тусална. Суралцагчид хичээлийн жилийн хагас жил тутамд ядаж нэг удаа Суралцахуйгаа үнэлэх хичээлд оролцсоноор сургалтын кредит авна.
Суралцахуйгаа үнэлэх хичээлийг хэрхэн явуулах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Семинарын хөтөлбөрийн сургалт дахь “Үнэлгээний сургалт” хэсгээс үзнэ үү.
Амьдралд бэлтгэх хичээл
Амьдралд бэлтгэх хичээлүүд дараах тохиолдолд Аврагчийн сургаалыг хэрэгжүүлэх боломжийг суралцагчдад олгодог. Үүнд:
-
Хүнд хэцүү асуудал, амьдралын бэрхшээлтэй нөхцөл байдлыг шийдвэрлэх;
-
Есүс Христ, Түүний бошиглогчдын сургаалыг ашиглан сүнслэгээр нөлөөлөгдсөн сонголт хийх;
-
Өөрсдийгөө болон гэр бүлээ тэтгэхийн тулд бие даасан байдлаа хөгжүүлэх;
-
Бие махбод, сэтгэл санааны хувьд илүү эрүүл болох;
-
Ирээдүйд боловсрол эзэмших, ажил хөдөлмөр эрхлэх төлөвлөгөө гаргах;
-
Хичээл сургуульдаа амжилт гаргахад туслах ур чадваруудыг хөгжүүлэх;
-
Номлол болон ариун сүмийн үйлчлэлд бэлдэх;
-
Ариун сүмд гэрээнүүд байгуулж, сахихад бэлдэх зэрэг юм.
Долоо хоног бүр хоёр удаа амьдралд бэлтгэх хичээлийг заахыг хичээ. Та зарим долоо хоногт үүнээс олон удаа, зарим долоо хоногт үүнээс цөөн удаа зааж болох ч долоо хоногт дунджаар хоёр хичээл заахыг хичээ. Ингэснээр та хичээлийн жилийн турш бүх хичээлийг суралцагчдадаа заах боломжтой болно.
Зохицуулагч эсвэл хөтөлбөрийн удирдагчаасаа хичээл хуваарилах удирдамжийн хуулбарыг авахыг мартуузай.
Амьдралд бэлтгэх хичээлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Семинарын хөтөлбөрийн сургалт дахь “Амьдралд бэлтгэх хичээлүүдийн сургалт”-ыг үзнэ үү.