“Суралцахуйгаа үнэлэх нь 2: Эхлэл 12–50; Абрахам 1–2,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Суралцахуйгаа үнэлэх нь 2: Эхлэл 12–50; Абрахам 1–2,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
37-р хичээл: Эхлэл 42–50
Суралцахуйгаа үнэлэх нь 2
Эхлэл 12–50; Aбрахам 1–2
Сүнслэг суралцахуйгаа эргэцүүлэн бодож, үнэлэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртоход бидэнд тусална. Энэ хичээл нь Эхлэл 12–50 болон Абрахам 1–2 хүртэлх бүлгүүдийг судалж байхдаа олж авсан хувийн өсөлт хөгжил, тавьсан зорилгоо эргэцүүлэн бодоход суралцагчдад туслах зорилготой.
Суралцагчийн бэлтгэл: Энэ жил Хуучин Гэрээ болон Агуу Үнэт Сувдыг судалснаар сүнслэг байдлаар өсөж хөгжсөн арга замуудаасаа хуваалцах бэлтгэлтэй ирэхийг суралцагчдаас хүс. Та тэдэнд өсөж хөгжин, сурч мэдсэн зүйлээ олж харахад нь туслах үүднээс судлах тэмдэглэлээ эсвэл судар дээр тэмдэглэсэн зүйлээ эргэн харахыг санал болгож болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Танай анги Абрахам 1–2, Эхлэл 12–50-ийг судлахдаа энэ хичээл дээр онцолсноос өөр үр дүнд төвлөрсөн байж магадгүй. Хэрэв тийм бол ангийнхныхаа төвлөрсөн үр дүнгээс суралцагчдын олж авсан хувийн өсөлт хөгжлийг үнэлэхийн тулд үйл ажиллагаануудыг тохируулан өөрчил.
Энэ хичээлээр суралцагчид дараах гурван чиглэлд ахиц дэвшлээ үнэлэх боломжтой болно.
-
Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх мөнхийн гэрлэлтийн ач холбогдлын тухай тайлбарлах. (Тайлбар: Энэ үйл ажиллагаа нь 9-р хичээл: “Эхлэл 1:28–2:25”, 29-р хичээл: “Эхлэл 24”-ийн сургаалууд дээр суурилсан.)
-
Бурхантай гэрээнүүд байгуулж, тэдгээрийг сахих илүү хүсэлтэй болж байгааг мэдрэх. (Тайлбар: Энэ үйл ажиллагаа нь 23-р хичээл: “Эхлэл 12, 17,” 31-р хичээл: “Эхлэл 28”-ын сургаалууд дээр суурилсан.)
-
Израилын цугларалтад оролцох. (Тайлбар: Энэ үйл ажиллагаа нь 24-р хичээл: “Абрахам 2:9–11”-ийн сургаал дээр суурилсан.)
Есүс Христтэй илүү адил болох
Сүнслэг байдлын хувьд хэрхэн өсөж хөгжиж байгаагаа олж тодорхойлох нь Есүс Христийн шавь байхын тулд гаргаж буй суралцагчдын хүчин чармайлтад тус болж чадна. Тэдэнд үүнийг хийхэд нь туслахын тулд дараах зургуудыг үзүүл. Эсвэл суралцагчид судлах тэмдэглэлдээ залуу, хөгшин гэсэн хоёр мод зурж болно.
Эдгээр нь хэдэн жилийн зайтай авсан нэг модны зураг гэж төсөөл. Мод ургаж байгааг харуулсан нотолгоог судлах тэмдэглэлдээ жагсаан бич.
Суралцагчид хоёр хоёроороо эсвэл жижиг бүлэг болж жагсаалтаа хуваалцах ба дараах асуултуудад хариулж болох юм.
-
Бид эдгээр модны зургийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адил болох өөрсдийн сүнслэг өсөлт хөгжилтэй хэрхэн харьцуулж болох вэ?
-
Бид хэрхэн сүнслэг байдлын хувьд өсөж хөгжиж, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адил болж буйгаа таньж мэдэж чадах зарим арга зам юу вэ?
Бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар сурч мэдсэн зүйлсээ болоод эдгээр нь Тэдэнтэй харилцах бидний харилцаанд хэрхэн тусалсныг эргэн харах замаар сүнслэг байдлын өсөлт хөгжлийг тодорхойлж болно гэдгийг тайлбарла.
Энэ жилийн семинарын туршлагаасаа сурч мэдсэн, хэрэгжүүлсэн зүйлсээ хэдэн минут гарган эргэн харахад суралцагчдыг урь. Тэд судрууд болон тэмдэглэлээ эргэн харах замаар үүнийг хийж болно.
-
Та нарыг сүнслэгээр өсөж, Есүс Христтэй илүү адил болоход туслах юуг семинараас сурч мэдсэн бэ?
-
Та нар амьдралдаа сүнслэг байдлын өсөлт хөгжлийн ямар нотолгоог анзаарсан бэ?
Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх мөнхийн гэрлэлтийн ач холбогдлын тухай тайлбарлах
Энэ үйл ажиллагаа нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх мөнхийн гэрлэлтийн ач холбогдлын тухай тайлбарлахад суралцагчдад тусална. 29-р хичээл: “Эхлэл 24” хичээл дээр зурсан зургаа гаргаж ирэхэд суралцагчдыг урь. 9-р хичээл: “Эхлэл 1:28–2:25,” 29-р хичээл: “Эхлэл 24” зэргээс гэрлэлтийн талаар сурч мэдсэн зүйлсээ давтах цагийг суралцагчдад гаргаж өг.
Суралцагчид судлах тэмдэглэлдээ бичсэн дурын тэмдэглэлээ эсвэл ойлголтоо давтан харж болно. Тэд мөн дараах шүлгүүдийг болон дээр нь цохон тэмдэглэсэн зүйлээ давтан харж болно.
Эхлэл 1:27–28
Эхлэл 2:18, 21–24
Мөнхийн гэрлэлтийн талаарх ойлголтоо тайлбарлахад нь суралцагчдад туслахын тулд дараахтай адил жишээг хуваалц. Та суралцагчдынхаа хэрэгцээг хангахын тулд энэ жишээг өөрчилж болно.
Та нар өнөөдөр сургууль дээрээ хэдэн найзтайгаа ирээдүйн төлөвлөгөөний талаар ярилцаж байв. Та нар гэрлэлтийг төлөвлөгөөнийхөө нэг хэсэг болгон дурдав. Найзуудын тань нэг нь та нараас “Чамд карьерын хувьд маш их боломж байгаа юм шиг санагдаж байна. Яагаад чи гэрлэхийг хүсээд байгаа юм бэ?” гэж асуулаа.
-
Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх мөнхийн гэрлэлтийн талаар сурсан зүйлээ ашиглан та нар найздаа хэрхэн хариулах вэ?
Суралцагчид хэрхэн хариулахаа төлөвлөхдөө хэдэн минут зарцуулж магадгүй. Хуучин Гэрээнээс эсвэл бусад газраас судалсан цөөн судраа олоход нь суралцагчдыг урамшуул. Тэдгээр судрыг тайлбарынхаа нэг хэсэг болгож хуваалцахыг тэднээс хүс.
Суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарил. Найздаа юу хэлэхээ тайлбарлах дадлага хийхэд cуралцагч бүрийг урь.
Бурхантай гэрээнүүд байгуулж, тэдгээрийг сахих хүсэл нэмэгдэж байгааг мэдрэх
Суралцагчид 31-р хичээл: “Эхлэл 28”-ын нэг хэсэг болох Иаковын зүүдний зургийг зурсан байж магадгүй. Тэд гэрээнүүдийг давтан харахдаа өөрсдийн зургуудыг дурдаж болно. Та мөн дараах зургийг үзүүлж болно. Суралцагчдыг гэрээ байгуулж, сахих талаар дүрсэлсэн үйл явдлуудаас санаж байгаа зүйлээ сэргээн санахад урь (23-р хичээл: “Эхлэл 12, 17”-г мөн үзнэ үү). Хэрэв тустай бол суралцагчид Эхлэл 28:10–21-ийг давтаж болно.
Эцэг эхийнхээ гэрээс явж, амьдралаа бие даан эхлүүлсний дараа Иаков Бурхантай гэрээ байгуулсан гэдгийг суралцагчдад сануулж болох юм. 31-р хичээл:Эхлэл 28-ын нэг хэсэг болгож, суралцагчид ариун сүмд Бурхантай гэрээ байгуулах боломжийнхоо талаар эргэцүүлэн бодсон. Суралцагчид дараах асуултуудад өгсөн хариултаа судлах тэмдэглэлдээ бичсэн байж магадгүй.
-
Бурхантай байгуулсан гэрээнүүдээ сахихыг хичээх юм уу ариун сүмд үйлчилснээрээ та нар ямар амлагдсан адислалуудыг хүртсэн бэ?
-
Бурханы Өөртэй нь гэрээ байгуулсан хүмүүст амладаг халамж, хамгаалалтаас ашиг тус хүртэх ямар нөхцөл байдал ирээдүйд та нарт тулгарч болох вэ?
Тохиромжтой бол тэмдэглэсэн хариултаа давтан харахад суралцагчдыг урь. Хангалттай цаг гаргаж өгсний дараа дараах үйл ажиллагаанд зориулан суралцагчдад цаас, дугтуй өг.
Бурхантай гэрээ байгуулах, тэдгээрийг сахих талаар сурсан зүйлсээ ашиглаад, ахлах сургуулиа төгсөх үедээ нээж унших захидлыг өөртөө бич. Ариун сүмд болон амьдралынхаа туршид Бурхантай гэрээнүүд байгуулах, тэдгээрийг сахих нь яагаад чухал гэж бодож байгаагаа бич. Бурхантай гэрээнүүд байгуулах нь Түүний удирдамж, халамж, хамгаалалтад хүрэх та нарын боломжийг хэрхэн нэмэгдүүлж чадах талаар багтаа.
Израилын цугларалтад оролцох
24-р хичээл: “Абрахам 2:9–11” дээр суралцагчид Израилын цугларалтад оролцох төлөвлөгөө гаргасан байж магадгүй. Тийм бол суралцагчдад төлөвлөгөөгөө давтан харах цаг гаргаж өг. Тэдний төлөвлөгөөнд сайн мэдээг хуваалцах, Их Эзэнтэй гэрээнүүд байгуулах, тэдгээрийг сахихад нь бусдад туслах эсвэл ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлаар дамжуулан бусдыг адислах арга замууд багтсан байж болох юм. Төлөвлөгөө гаргаж амжаагүй суралцагчид дараах дүрслэлийг ашиглан төлөвлөгөөгөө боловсруулж эхлэх боломжтой.
Та нар Израилын цугларалтад оролцох төлөвлөгөө гаргасан байх. Судлах тэмдэглэлдээ дараах схемийг бөглөх замаар эдгээр төлөвлөгөөг эргэцүүлэн бод.
Төлөвлөгөөнийхөө дагуу үйлдээд олж авсан туршлага болон тэдгээр туршлага өөрсдөд нь хэрхэн нөлөөлсөн талаар сайн дураараа хуваалцах цөөн суралцагчийг урь. Израилын цугларалтад оролцох нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаарх тэдний мэдрэмжид хэрхэн нөлөөлсөн тухай хуваалцахыг суралцагчдаас хүс.
Израилын цугларалтад оролцох арга замуудыг мэдэхийн тулд Ариун Сүнсний тусламжийг эрэлхийлэхэд суралцагчдыг урь. Төлөвлөгөөнийхөө дагуу үйлдэж эхлээгүй байж магадгүй суралцагчдыг яг одоо эхлэхэд урамшуул. Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд нь Их Эзэний тэдэнд болон бусдад өгөх адислалуудын талаар гэрчил.