“Эхлэл 42–45: ‘Би бол таны дүү Иосеф,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Эхлэл 42–45: ‘Би бол таны дүү Иосеф,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
35-р хичээл: Эхлэл 42–45
Эхлэл 42–45
Би бол таны дүү Иосеф
Египетэд боол болж худалдагдсанаасаа хойш олон жилийн дараа Иосеф ах нартайгаа нэгдэв. Тэр туулсан бүх зовлон зүдгүүрээсээ болж уурлаж, өш хонзон санаж болох байсан. Гэсэн хэдий ч Иосеф Аврагчийн нэгэн адил өөртэй нь зүй бус харьцсан ах нартаа нигүүлсэл, өршөөл үзүүлэхийг сонгожээ. Энэ хичээл Аврагчийн үлгэр жишээг дагаж, илүү өршөөнгүй болоход нь суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: “Бүх хүнийг уучлах” (Сургаал ба Гэрээ 64:10) Аврагчийн зарлигийг тунгаан бодохыг суралцагчдад санал болго. Хэн нэгнийг уучилснаар тэдний өөрсдийн эсвэл бусдын хүлээн авсан адислалуудыг жагсаан бичихийг тэднээс хүс.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Египетийн Иосеф
Хичээлээ эхлэхдээ Эхлэл 37–41 дээрх Египетийн Иосефын түүхийг товчхон дүгнэхэд суралцагчдыг урих талаар бодож үз. Та Иосефын ах дүүсийн өрөвдөх сэтгэлгүй үйлдлүүд болон Иосефыг Египетийн бүх газар нутгийн хоёрдугаар захирагч болоход хүргэсэн үйл явдлуудыг товч дүгнэхийг тэднээс хүсэж болно.
Уг түүхийг товч хураангуйлахад суралцагчдад туслахын тулд 33-р хичээл: Эхлэл 37–41 дээрх дижитал зургийг ашиглаж болно.
-
Ах нарынхаа үйлдлээс болж Иосеф ямар ямар зовлон амссан бэ?
-
Танд хэн нэгэн ингэж хандсан бол ямар санагдах байсан бэ?
-
Бусдыг уучлахад юу саад болж болох вэ?
Хэн нэгнийг гомдоох зүйл хийж, хэлсний хариуд та ямар үйлдэл гаргадгаа эргэцүүлэн бод. Өнөөдөр судлах явцдаа та Аврагчийн өршөөлийн үлгэр жишээг хэрхэн дагаж болохыг мэдэхэд туслах Ариун Сүнснээс хүлээн авч болох аливаа мэдрэмжид анхааралтай ханд.
Иосеф ах нартайгаа нэгдсэн нь
Иосефын ах нартайгаа нэгдсэн түүхийг судлахын тулд суралцагчдыг гурав гурваар нь бүлэг болгож болно. Бүлгийн суралцагч бүр гурван товч дүгнэлт, судрын хэсгийн аль нэгийг нь судалж болно. Дараа нь суралцагчид бүлгийн бусад гишүүнд судалсан түүхийнхээ хэсгээс зааж өгч болно.
Эсвэл та ChurchofJesusChrist.org дээрх “Joseph and the Famine” (2:26) хүүхэлдэйн киног цагийн код 00:00-ээс 01:41 хүртэл үзүүлж болно.
Дараах дүгнэлтийг эргэн хараад, дагалдах шүлгийг судал.
1-р дүгнэлт: Ах нар нь Иосефыг боол болгон худалдсанаасаа хойш олон жилийн дараа өлсгөлөнгөөс ангижрахаар Египетийг зорьжээ. Египетийн бүх газар нутгийн хоёрдугаар захирагч болсон Иосефын өмнө өөрсдийгөө танилцуулахдаа ах нар нь түүнийг таньсангүй. Иосефыг тэднийг таньж, ойлгож чадна гэдгийг мэдэлгүйгээр ах нар олон жилийн өмнө түүнд хийсэн зүйлдээ гашуудаж, гэмшиж байгаагаа илэрхийлэв.
Эхлэл 42:21–24-ийг уншаад, ах нар нь өөрт нь хэрхэн хандсан тухай ярихыг нь сонсоод, Иосеф юу хийснийг олж мэд.
2-р дүгнэлт: Иосеф гэр бүлээ хоол хүнсээр хангасан хэдий ч Симеоныг шоронд хорьж, бусад ахдаа отгон дүү Бенжаминыг авчрахгүй бол Египет рүү буцаж ирэхгүй байхыг зааварлажээ. Ах нар нь гэртээ буцаж очоод, гэр бүлийнхэн нь дахин хүнсгүй болох үед л Бенжаминтай хамт Египет рүү буцаж ирэв.
Эхлэл 43:30-ийг уншаад, Иосеф дүү Бенжаминаа хараад, хэрхэн хүлээн авсныг олж мэд.
3-р дүгнэлт: Иосеф ах нар нь Бенжаминыг хэр хайрладгийг нь сорьж шалгахын тулд түүнийг хулгай хийсэн гэж гүтгээд, шоронд хорино гэж сүрдүүлэв. Иуда Бенжамины амины төлөө өөрийн амийг өргөв.
Эхлэл 45:1–2-ыг уншаад, Бенжаминыг хамгаалахын тулд Иуда сайн дураараа амиа өргөж буйг Иосеф хараад, хэрхэн хүлээн авсныг олж мэд.
Суралцагчдад дүгнэлтийг судлах боломж олгосны дараа та тэднийг дараах асуултыг ярилцахад урьж болно.
-
Иосеф ах нартайгаа харилцахдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юуг санах нь түүнд тустай байсан бэ?
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр өршөөдөг
Дараах судрууд нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын өршөөж, уучилдаг мөн чанарыг илэрхийлнэ. Та суралцагчдад эдгээр судрыг үзүүлж, аль эсвэл Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын өршөөж, уучилдаг мөн чанарын талаарх судрын хэсгүүдийг олуулж болно.
Дараах судруудыг уншаад, ад үзэгдсэн хүнд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юуг мэдэх нь тустай болохыг олж мэд.
Лук 6:36
Ефес 4:31–32
Колоссай 3:13
-
Та эдгээр шүлгээс юуг хуваалцах вэ?
Эхлэл 45:3–8, 9–15-ыг уншаад, Иосеф ах нартаа яаж хандсаныг олж мэд.
-
Бид Иосефын жишээнээс Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой адилхан болох талаар юу мэдэж авах вэ?
Суралцагчид өөр өөр үнэнийг тодорхойлж болно. Тэдний хуваалцсан зүйлд талархаж, яагаад энэ сургаал, зарчмыг бид мэдэж байх нь чухал гэж бодож байгааг тэднээс асуу. Хэрэв суралцагчид энэ тухай дурдаагүй бол дараах үнэнийг хуваалцаж, самбарт бич. Бид бусдыг уучилснаар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христтэй адил болно.
Бид Аврагчид найдсанаар бусдыг уучилж чадна
Энэ үнэнийг ойлгоход суралцагчдад туслахын тулд та ChurchofJesusChrist.org-оос “Forgiving Others: An Easter Message from President Russell M. Nelson” (5:01) видеог үзүүлж болно.
Мөн дараах мэдэгдлийг судалж болно.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бид бусдыг уучлахдаа Аврагчийн хүчинд хэрхэн найдахыг ойлгоход тусалсан.
Хэрэв одоо уучлах боломжгүй мэт санагдаж байвал Есүс Христийн цагаатгагч цусаар дамжуулан танд туслах хүчийг хичээнгүйлэн гуй. Таныг ийн үйлдэх үед хувийн амар амгалан, сүнслэг инерц урсан орж ирнэ гэдгийг би амлаж байна.
Аврагч бүх хүн төрөлхтний төлөө Цагаатгал үйлдэхдээ Өөрийг нь дагадаг хүмүүст Өөрийн эдгээх, хүчирхэгжүүлэх, гэтэлгэх хүчээс хүртэх замыг нээж өгсөн. Эдгээр сүнслэг давуу эрх нь Түүнийг сонсож, Түүнийг дагахыг эрэлхийлдэг бүх хүнд боломжтой. (“Сүнслэг инерцийн хүч,” Лиахона, 2022 оны 5-р сар, 100)
-
Ерөнхийлөгч Нэлсоны сургаал бидэнд бусдыг уучлахад хэрхэн туслах вэ?
-
Хэрэв хэн нэгэн уучилж чадахгүй байвал та түүнд юу гэж зөвлөх байсан бэ? Аврагчид найдахын тулд та тэдэнд юу хий гэж зөвлөх вэ?
Хэрэв сүүлчийн асуултад нь тусламж хэрэгтэй бол та суралцагчдад Сургаал ба Гэрээ 64:9–11 дээрх Их Эзэний зөвлөгөөг, ялангуяа 11-р шүлэг-ийг үзэхийг санал болгож болно.
Өөрсдөө эсвэл тэдний таньдаг хэн нэгэн бусдыг уучилж чадсан туршлагаа хуваалцахад суралцагчдыг урих талаар бодож үз. Өөрсдийнхөө болон таньдаг хүнийхээ хэт хувийн чанартай мэдээллийг хуваалцахгүй байхыг суралцагчдад сануулах нь тустай байж болно. Та мөн өөрийнхөө туршлагаас хуваалцаж болно.
Биднийг уучилж сурахад туслаач
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой адил болох талаар юу сурч, мэдэрснээ эргэцүүлэн бодоход нь суралцагчдад туслахын тулд та суралцагчдын судлах тэмдэглэлдээ хийж болох дараах үйл ажиллагааны заримыг үзүүлж болно.
Өнөөдөр судалж байхад мэдэрсэн мэдрэмжүүдээ залбирч тунгаан бод. Өөрчлөх ёстой зүйлээ таньж мэдэхэд туслахад Ариун Сүнсийг урь. Бусдыг уучлах чадварыг тань нэмэгдүүлэхэд туслахыг Тэнгэрлэг Эцэгээс хүс.
Судлах тэмдэглэлдээ дараах үйл ажиллагаануудаас нэгийг сонгож гүйцэтгэ.
-
Бусдыг уучлахын тулд гаргасан хичээл зүтгэлийхээ төлөө хэрхэн адислагдсан тухай товч дүгнэлт бич. Хичээл зүтгэл гаргахдаа Аврагчийг оруулахын тулд юу хийснээ жагсаан бич. Дараагийн удаа хэн нэгнийг уучлах шаардлагатай бол юуг санах нь чухал гэж та бодож байна вэ?
-
Та хэн нэгнийг уучлах хэрэгтэй эсэхээ залбиран бодож үз. Тэр хүнийг уучлахад ямар мэдрэмж төрж байгаагаа тодорхойлсон товч бичвэр бич. Юу бусдыг уучлахад тань саад болж байгааг та анзаарч байна вэ? Ийн хийхэд Аврагчийн тусламжийг эрэлхийлж болох зарим арга замыг жагсаан бич.
-
Хэн нэгнийг уучлах гэж хичээж байгаа найздаа тус болох захидал бич. Иосефын ах нараа уучлах сонголт нь Аврагчийнхтай хэрхэн адил байсныг товч тайлбарла. Бусдыг уучлахыг хичээхэд чухал түлхэц өгч байсан судрын хэсгийг оруул.
Хүсвэл бичсэн зүйлээ хуваалцахад хэдэн суралцагчийг урьж болно. Хүлээн авсан сүнслэг мэдрэмжийнхээ дагуу үйлдэхэд суралцагчдыг урьснаар хичээлээ дуусгах талаар бодож үз. Бид Аврагчийн үлгэр жишээг даган бусдыг уучилснаар хүлээн авах боломжтой адислалуудын тухай гэрчлэлийг та хуваалцаж болно.