“Эхлэл 1:28–31; 2:1–25: ‘Гэр бүл Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Эхлэл 1:28–31; 2:1–25: ‘Гэр бүл Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
9-р хичээл: Эхлэл 1–2; Мосе 2–3; Абрахам 4–5
Эхлэл 1:28–31; 2:1–25
“Гэр бүл Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг”
Тэнгэрлэг Эцэг Адам, Ева хоёрыг бүтээснийхээ дараа тэднийг гэрлэлтээр холбосон. Тэр тэднийг үржиж олшрон, газар дэлхийг дүүргэж, бие биетэйгээ нэгдэн нийлэхийг зарлигласан. Энэ хичээл Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөн дэх гэрлэлт, гэр бүлийн голлох үүргийг ойлгоход нь суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг судлахдаа гэр бүл яагаад Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөнд голлох үүрэг гүйцэтгэдгийг харуулсан сургаалыг олж нүдлэхийг хүс.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөн дэх гэрлэлт, гэр бүлийн чухлыг ярилцахдаа олон суралцагчийн гэр бүлийн нөхцөл байдал одоогоор жишиг гэр бүлийн хэмжээнд байхгүй байж болохыг бодолц. Суралцагчдын хэрэгцээ, мөн асуултуудад мэдрэмжтэй ханд
Төв болдог зүйлс
Эд зүйл, үйл ажиллагаа, хүн, бусад зүйл зэрэг нь ямар нэг юмыг гүйцэлдүүлэхийн тулд хамгийн төвд нь байдгийг дүрслэн харуулахын тулд нэг эсвэл хэд хэдэн гүйцэд бус өгүүлбэр самбар дээр бич. Дараах жишээнүүд тус болж болох юм. Суралцагчдыг хоосон зайг хэрхэн бөглөхийг дотроо бодохыг зааварлаад, дараа нь хэд хэдэн суралцагчаас хариултаа ангийнхантай хуваалцахыг хүс. Төвд нь байх гэдэг нь зайлшгүй эсвэл хамгийн чухал гэсэн утгатай байж болохыг тайлбарлах нь тустай байж болно.
нь сургуульд амжилттай сурахын төв болдог. Яагаад гэвэл .
бол аз жаргалтай амьдралын төвд байдаг. Яагаад гэвэл .
нь миний амьдралд голлох үүрэг гүйцэтгэдэг. Яагаад гэвэл .
Суралцагчдыг хариултаа хуваалцсаны дараа “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс. Ангийнхныг Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний гол утга учрыг олохыг хүс.
“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” дээр ийн тунхагладаг.
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн зөвлөл ба Арван хоёр Төлөөлөгчийн Зөвлөлийнхөн бид эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтийг Бурхан заяасан бөгөөд гэр бүл нь Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдгийг чин сэтгэлээсээ тунхаглаж байна. (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Gospel Library)
-
Яагаад гэрлэлт, мөн гэр бүл Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөнд ийм чухал үүрэгтэй байдаг гэж та бодож байна вэ?
-
Өдгөө Сатан ямар арга замаар гэрлэлт, гэр бүл рүү дайрч байгааг та харсан бэ?
Суралцагчдыг гэрлэлт, гэр бүлийн талаар өөртөө байгаа эсвэл бусад хүнд байж болох асуултуудын талаар бодохыг хүс. Тэд асуултуудаа судлах тэмдэглэл дээрээ бичиж тэмдэглэж болно. Тэднийг эдгээр асуултад хариулт авахад нь чиглүүлэн тусалж болох үнэнүүдийг олж нүдэлж, сүнслэг удирдамжийг анхааралтай хүлээн авахыг урамшуулан дэмж.
Судруудын заадаг сургаал
Дэлхийн бүтээлтийн дараа Тэнгэрлэг Эцэгийн хийсэн зүйл нь Өөрийнх нь төлөвлөгөөн дэх гэрлэлт, гэр бүлийн голлох үүргийг ойлгоход тусалдгийг тайлбарла. Дараах заавар, эх сурвалжуудыг үзүүлж, суралцагчдад судлах цаг гаргаж өг. Эдгээр эх сурвалжийг ангиараа эсвэл суралцагчдыг бүлэг болгон хуваарилж, хамтдаа суралцан ярилцаж болно.
Суралцагчдыг Эхлэл 2 дээрх шүлгүүдийг унших үед 18-р шүлэг дээрх туслагч гэдэг үг нь Адамд “(18б зүүлт тайлбарыг үзнэ үү) тохирсон, зохистой, нийцэхүйц” туслах хүн гэдгийг хэлж байгааг тайлбарлаж болно. Түүнчлэн Еваг Адамын хавирганаас бүтээж байгаа түүх нь бэлгэдлийн чанартай бөгөөд эхнэр нөхөр хоёр тэгш хамтрагчид гэдгийг төлөөлж болно гэдгийг тайлбарлаж өгч болно (Рассэлл М.Нэлсон, Lessons from Eve,”Ensign, Nov. 1987, 87).
Дараах мэдэгдэл болон судруудыг судлахдаа Бурханд гэрлэлт, гэр бүл яагаад чухал байдаг нотолгоог олж судал.
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл (1895–1985) ийн заасан.
“Их Эзэн дэлхий дээрх анхны эрэгтэй, эмэгтэй хүн болох Адам, Ева хоёрыг [холбон], эхнэр, нөхөр болгохоор гэрлэлтийн ариун ёслолыг хийсэн. (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 192)
Судлах судрууд:
Эхлэл 1:27–28 (Бурхан Адам, Ева хоёрт зарлиг өгөв)
Эхлэл 2:18, 21– 24 (Еваг бүтээсэн нь)
Эхлэл 2:24 бол төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Суралцагчдыг төгс эзэмших сургаалын судрын хэсгийг хялбар олохын тулд онцгойлон тэмдэглэхэд урьж болно.
Сургаал ба Гэрээ 49:15–17 (Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгсөн Их Эзэний сургаал)
-
Гэрлэлт ба гэр бүл Бурханд ямар ач холбогдолтойг харуулсан ямар ямар үнэнийг та олж мэдсэн бэ?
Суралцагчид дараахтай төстэй үнэнүүдийг тодорхойлж болно. Үүнд:
Бурхан эхнэр, нөхрүүдэд хүүхэдтэй болохыг зарлигласан (Эхлэл 1:28).
Эхнэр, нөхөр хоёр нэг байж, тэгш эрхтэй хамтрагчид байх ёстой (Эхлэл 2:18, 24).
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэрлэлтийг Бурхан хүмүүнд томилсон (Сургаал ба Гэрээ 49:15).
Бурханы хүүхдүүд гэр бүлд төрж, хамтдаа өсөж хөгжих газрыг бий болгохоор дэлхийг бүтээсэн (Сургаал ба Гэрээ 49:16–17).
Эдгээр үнэнийг ярилцахдаа ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн дараах мэдэгдлийг ярилцвал тустай байж болно.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Бурхан дэлхийг бүтээсний дараах гэр бүлийн чухал үүргийг ийн тодотгосон.
Хэдий агуу ч гэлээ, дэлхий нь Бурханы агуу төлөвлөгөө гэх бүр агуу зүйлийн нэгэн хэсэг юм. Энгийнээр дүгнэн хэлэхэд, дэлхийг гэр бүлүүд байж болохын тулд бүтээсэн. Сударт эхнэр, нөхөр хоёр “хоёул нэг махбод байх болно, мөн энэ бүгд нь өөрийн бүтээлтийн зорилгыг дэлхий хэрэгжүүлж болохын тулд юм” [Сургаал ба Гэрээ 49:16] хэмээн тайлбарладаг. (“Бүтээлт,” Ensign, May 2000, 85)
-
Бурханы төлөвлөгөөн дэх гэрлэлт, гэр бүлийн голлох үүргийг санах нь энэ амьдралдаа хийх сонголтуудад тань хэрхэн нөлөөлөх вэ?
-
Эдгээр үнэн ба сургаал нь гэрлэлт, гэр бүлийн талаарх сургаалыг шүүмжлэхийг эсвэл үүнийг үл чухалчлахыг бид хараад, хариулахад хэрхэн туслах вэ?
-
Гэрлэлт, гэр бүлтэй холбоотой Тэнгэрлэг Эцэгийн жишгүүдийг дагах нь бидэнд Түүнтэй адил болоход хэрхэн тусалдаг вэ?
Хариу үзүүл
Бурханы төлөвлөгөөнд гэрлэлт, гэр бүл ямар чухал болох талаар сурч мэдсэн зүйлсээ тайлбарлахад нь туслахын тулд дараах нөхцөл байдлыг хуваалцаж болно. Шаардлагатай бол энэ жишээг өөрийн соёлд болон суралцагчдын амьдралд тохируулан өөрчилж болно. Нөхцөл байдлыг хуваалцсаны дараа хариу үзүүлэх зааврыг суралцагчдад харуул.
Элизабэтийн сургуулийн нэг хичээл дээр гэрлэлт, гэр бүлийн талаар ярилцлага өрнөжээ. Элизабэт эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дунд байх гэрлэлтийн тухай болон гэрлэсэн хосууд үр хүүхэдтэй болохын чухлын талаарх үзэл бодлоо хуваалцав. Элизабэтийн ангийн олон хүүхдийн хуваалцсан үзэл бодол түүнийхээс эрс өөр байв. Хичээлийн дараа Элизабэтийн семинарын ангид бас хамт явдаг Исаак гэдэг залуу эрэгтэй түүнээс гэрлэлт, гэр бүлийн талаар яагаад ийм хоцрогдсон үзэл санаатай байгааг асуув.
Өнөөдөр сурч мэдсэн зүйлсээ ашиглан, Исаакт өгөх Элизабэтийн хариултыг зохио. Хариултдаа дараах зүйлсийг багтаа. Тухайлбал:
-
Гэрлэлт, гэр бүл Тэнгэрлэг Эцэгт болон Түүний авралын төлөвлөгөөнд яагаад чухал байдгийг тайлбарла.
-
Судруудаас эсвэл Сүмийн удирдагчдын ямар нэг заасан зүйлийг оруул.
-
Элизабэт Исаакт тусалж болох ямар нэгэн урилга
Суралцагчдад бэлдэх цаг гаргаж өгсний дараа тэдэнд хариултуудаа хуваалцах боломж олго. Тэд хариултаа хамтарч эсвэл жижиг бүлгүүдэд хуваарилагдан хуваалцаж болно. Ангийнхандаа хуваалцахыг хүссэн суралцагчид байвал тэднээр хариултыг нь хуваалцуулж эсвэл дүрд орлон тоглуулж болно.
Өнөөдөр сурч мэдэж, мэдэрсэн зүйлээ эргэцүүлэн бодох цагийг суралцагчдадаа гаргаж өг. Тэд өөрсдийнх нь асуултад хариулсан сурч мэдсэн үнэнүүдийн талаар бодож болно. Тэднийг сүнслэг сэтгэгдлээ судлах тэмдэглэл дээрээ бичиж тэмдэглэхийг уриал. Өнөөдрийн ярилцсан үнэнүүдийг гэрчил.
Цээжил
Та энэ хичээлийн турш төгс эзэмших сургаалын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд нь суралцагчдад тусалж, дараа дараагийн хичээлүүд дээр давтаж болно. Эхлэл 2:24 дээрх судрын түлхүүр хэллэг нь “Эр хүн … эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбод болдог”. “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн хавсралт материалуудад цээжлэх үйл ажиллагаанд зориулсан санаанууд бий.