“Абрахам 2:9–11: Абрахамын гэрээн дэх бидний үүрэг хариуцлага,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Абрахам 2:9–11: Абрахамын гэрээн дэх бидний үүрэг хариуцлага,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Эхлэл 12–17; Абрахам 1–2: 24-р хичээл
Абрахам 2:9–11
Абрахамын гэрээн дэх бидний үүрэг хариуцлага
Их Эзэн Абрахамтай болон түүний үр удамтай гэрээ байгуулсан. Абрахамын үр удам бид дэлхийн бүх гэр бүлд Аврагчийн сайн мэдээний адислалуудыг авчрах гэрээний үүрэг хариуцлага хүлээдэг. Энэ хичээл Абрахамын үр удмын хувьд Их Эзэний өгсөн үүрэг хариуцлагыг гүйцэтгэхэд суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Дараах асуултуудын талаар бодож, гэр бүлийн гишүүнтэйгээ ярилцахад суралцагчдыг урь. Үүнд: Есүс Христийн сайн мэдээ яагаад танд хамаатай вэ? Яагаад сайн мэдээ бүх хүнд хэрэгтэй гэж та бодож байна вэ?
Боломжит суралцах үйл ажиллагаа
Абрахамын үр удам
Та 30 секундэд багтаан өөрсдийгөө аль болох олон үгээр тодорхойлон жагсаахыг суралцагчдаас хүссэнээр хичээлээ эхлүүлж болно. Дараа нь өөрсдийгөө хамгийн сайн дүрсэлсэн гурван үгийг дугуйлахыг суралцагчдаас хүс. Цөөн суралцагч тодорхойлсон үгсээ ангийнхандаа хуваалцаж болно.
-
Эдгээр тодорхойлогч нь таны зан төлөвт ямар байдлаар нөлөөлдөг вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар бидний мөн чанарын талаар дараах зүйлийг заажээ.
Та нар хөгжим, хөнгөн атлетик эсвэл механикт дуртай байж болох бөгөөд хэзээ нэгэн цагт та худалдаа эсвэл бүр урлагийн мэргэжлээр ч ажиллах боломжтой. Эдгээр үйл ажиллагаа, ажил мэргэжил хэчнээн чухал байлаа ч бидний хэн болохыг тодорхойлдоггүй. Юуны түрүүнд бид сүнслэг бодгалиуд билээ. Бид бол Абрахамын үр удам бөгөөд Бурханы хүү [болон охид] билээ. (“Becoming a Missionary,” Liahona Nov. 2005, 47)
-
Ахлагч Бэднарын бидний хамгийн чухал мөн чанаруудын талаар заасан зүйлсээс танд юу нь онцгой байсан бэ?
Хэрэв суралцагчид 23-р хичээл: “Эхлэл 12; 17”-г судалсан бол Абрахамын гэрээний талаар юу санаж байгаагаа ангиараа нэгтгэн дүгнэхэд суралцагчдыг урь. Бид Абрахамын үр удам буюу хойч үеийнх нь хувьд, чухал адислалуудыг хүртэх амлалтыг Бурханаас хүлээн авсан төдийгүй чухал үүрэг хариуцлагыг ч биелүүлэхээр гэрээ байгуулсан гэдгийг ойлгоход суралцагчдад тусал. Өөрийгөө үнэлэх дараах дасгалыг гүйцэтгэхэд суралцагчдыг урь.
Дараах мэдэгдлүүдээс аль нь таны хувьд үнэн болохыг сонгоно уу.
-
Би Абрахамын үр удмын хувьд үүрэг хариуцлагаа ойлгодог.
-
Би Абрахамын үр удмын хувьд үүрэг хариуцлагаа биелүүлэхийг зорьдог.
-
Би Абрахамын үр удмын хувьд үүрэг хариуцлагаа биелүүлэхдээ агуу баяр баясгаланг олсон.
-
Би Абрахамын үр удмын хувьд өөрийн хүлээсэн үүрэг хариуцлагыг юу болохыг ойлгодоггүй.
-
Би Абрахамын үр удмын хувьд ямар үүрэг хариуцлага хүлээж буй талаар надад асууж тодруулах зүйлс байна.
Эдгээр мэдэгдлийг эргэцүүлэн бодох үед төрсөн асуулт эсвэл сэтгэгдлээ бичиж авахад суралцагчдыг урь. Абрахамын үр удмын хувьд үүрэг хариуцлагаа хэрхэн илүү сайн биелүүлж болохыг олж мэдэхийн тулд Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэр дэх Эцэгээсээ илчлэлт эрэлхийлэхэд суралцагчдыг урь.
Абрахам 2:9–11 нь төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Төгс эзэмших сургаалын хэсгүүдийг хялбархан олж болохын тулд өөр өвөрмөц аргаар тэмдэглэхийг суралцагчдаас хүс.
Абрахам 2:8–11-ийг уншиж, Абрахамын үр удмын хувьд бидний хүлээсэн үүрэг хариуцлагыг олж мэд.
-
Аврагч биднээс юу хүлээдэг вэ?
Та уг шүлгийн талаар асуулт тавихад суралцагчдыг урьж болно. Та Абрахамын гэрээний үүрэг хариуцлагын талаар ярилцахдаа, Абрахамын үр удмын хувьд, Аврагч дэлхийн бүх гэр бүлийг Өөрийн сайн мэдээний адислалаар адислах үүргийг бидэнд өгсөн гэсэнтэй төстэй үнэнийг олж тогтооход нь суралцагчдад тусал.
Израилыг цуглуулахад тус болсноор гэрээний үүргээ биелүүлэх боломжтой болно гэдгийг мэдэх нь суралцагчдад тустай байж болно.
-
Дэлхийн бүх гэр бүлийг Аврагчийн сайн мэдээгээр адислах ямар арга замууд бидэнд байна вэ?
1 Нифай 15:18-ыг уншиж, Абрахамын гэрээ хэзээ биелэхийг олж мэд.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн гэрчилсэн.
Абрахамын гэрээг биелүүлэхэд туслах нь бидний үүрэг бол, дэлхийн бүх хүмүүсийг адислахын тулд урьдаас томилогдон, бэлтгэгдсэн үр биднийх юм. Тийм ч болохоор санваарын үүрэг даалгаварт номлолын ажил ордог. 4000 жилийн хүлээлт, бэлтгэлийн дараа дэлхий дээрх ахан дүүсдээ сургаалыг хүргэж өгөхөөр сонгогдсон өдрүүд ирээд байна. Энэ нь Израилыг цуглуулна хэмээн амласан өдрүүд. Бид бүхэн харин үүнд оролцож чадах нь ээ! Сэтгэл хөдөлгөм байгаа биз? (“Гэрээнүүд,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 103–104)
Бид ямар ч үед хөшигний аль аль талд байгаа хэнд ч болов Бурхантай гэрээ байгуулж, түүнийгээ сахихад нь туслахдаа Израилыг цуглуулахад тусалж байдаг. (“Бурхан ялах болтугай,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 102)
-
Та Есүс Христийн сайн мэдээний талаар ямар бодолтой байдаг вэ?
-
Та үүнийг яагаад бүх хүнд хэрэгтэй гэж бодож байна вэ?
-
Танд (эсвэл таны таньдаг хүмүүст) Израилыг цуглуулж байсан ямар туршлага байдаг вэ?
Үүрэг хариуцлагаа биелүүлэх
Хичээлийн энэ хэсэг нь Абрахамын гэрээн дэх үүрэг хариуцлагаа биелүүлэхийн тулд ямар нэгэн зүйлийг ангиараа хийх тодорхой цагийг суралцагчдад олгоно. Та дараах тараах материал дээр үндэслэн суралцагчдын дунд суралцах өртөөг үүсгэж болно. Суралцагчид нэг үйл ажиллагаанд төвлөрөх эсвэл өөр өөр үйл ажиллагаануудыг солигдон гүйцэтгэж болно. Та дасгалууд дээр ажиллахдаа, багуудыг өөр хоорондоо туслах боломжтой байлгах үүднээс баг тус бүрд удирдагч томилж болно. Төвлөрөх зүйлсээ сонгохоор сүнслэг өдөөлт эрэлхийлэхэд суралцагчдыг урь.
Суралцагчдад хангалттай хугацаа өгсний дараа сонгосон үйл ажиллагаагаа мөн юуг хийхэд өдөөгдсөн талаар хуваалцах боломжийг олго.
Суралцагчдыг дараах асуултуудын заримд эсвэл бүгдэд нь хариулж байх үеэр хувийн илчлэлт эрэлхийлж, танин мэдэж, үйлдэхэд нь тусалж болох ямар арга замууд байгаа талаар бод. Ийн үйлдэх нэг арга бол та өөрөөсөө “Би тэднийг өөр юу хийхэд урьж болох вэ?” гэж асуух явдал юм. Иймэрхүү асуултыг өөртөө эхэлж тавьснаар та хүлээн авсан хувийн илчлэлтээ хэрэгжүүлэхэд нь суралцагчдад хэрхэн туслах талаар Ариун Сүнсний өдөөлтийг хүлээн авч чадна.
Хувийн илчлэлтийг урьдаг бататгах асуултын талаар нэмэлт сургалт авах бол “Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар” гарын авлагын “Суралцагчдад хувийн илчлэлт эрэлхийлж, таньж мэдэн, үүнийхээ дагуу үйлдэхэд тусал” хэсгийг үзнэ үү.
Дараах асуултуудын талаар эргэцүүлэн бодож, судлах тэмдэглэлдээ хариултуудыг бичих цагийг суралцагчдад олгох нь тустай байж болно.
-
Та Аврагчийн сайн мэдээгээр бусдыг адислахын тулд юу хийсэн эсвэл үүнд зориулан ямар төлөвлөгөө гаргасан бэ?
-
Ирэх өдрүүдэд эсвэл долоо хоногуудад танд юу хийх хүсэл төрж байна вэ?
-
Бусдад гэрээ байгуулж, гэрээгээ сахихад нь туслах уу?
-
Аврагчийн сайн мэдээг хуваалцах уу?
-
Хөшигний нөгөө талд байгаа хүмүүст туслах уу?
-
Абрахамын үр удмын хувиар Аврагчийн сайн мэдээний адислалуудыг бүх хүнтэй хуваалцах чухал үүрэг хариуцлагыг гэрчлэх талаар бодож үзээрэй.
Цээжил
Та энэ хичээлийн турш төгс эзэмших сургаалын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд нь суралцагчдад тусалж, дараа дараагийн хичээлүүд дээр давтаж болно. Абрахам 2:9–11 дэх судрын түлхүүр үг хэллэг бол “Их Эзэн Абрахамд түүний үр удам ‘энэ тохинуулал хийгээд санваарыг бүх үндэстнүүдэд гэрчлэх болно’ гэдгийг амласан” гэдэг нь юм. “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн хавсралтуудад цээжлэх үйл ажиллагаанд зориулсан санаанууд бий.