2025
Би бошиглогчийн чиглүүлэгт үнэхээр итгэж болох уу?
2025 оны 3-р сар


“Би бошиглогчийн чиглүүлэгт үнэхээр итгэж болох уу?”, Лиахона, 2025 оны 3-р сар.

Залуучуудад зориулав

Би бошиглогчийн чиглүүлэгт үнэхээр итгэж болох уу?

Би бошиглогчийг дагахыг үргэлж сонгодог байсан ч энэ тохиолдолд түүнд итгэж чадах болов уу?

Нисэх буудал дээр байгаа номлогч эгч

Зураг чимэглэлийг Кайли Бодили

Номлолоос чөлөөлөх тухай дуудлага ирэхэд би сэтгэлээр унаж бас бачимдаж байв.

Буух хугацаанаас минь хэдэн сарын өмнө Тэргүүн зөвлөл цуу яриа гэж миний бодсон улс хоорондын болзошгүй маргааны улмаас намайг болон өөр хэдэн номлогчийг гэр лүү нь буцаахаар шийдсэн байв. Ямар нэгэн зүйл болно гэсэн ямар ч нотолгоо байсангүй.

Санаа зовох зүйл байхгүй гэж би бодсон.

Сүнслэг өдөөлтөд эргэлзэхүй

Би номлолд үйлчлэхийг үргэлж хүсдэг байсан бөгөөд зорилгоо биелүүлэхийн тулд маш шаргуу хичээдэг байлаа. Мөнгө дутагдалтай байсан ч би номлолын зардлаа төлөхүйц цалинтай ажил олсон. Би дуудлагаа нээх үедээ зөв зүйл хийж байгаагаа мөн энэ нь Бурханаас ирсэн гэдгийг мэдэж байсан.

Тэгээд COVID-19 цар тахлын улмаас би хилийн чанадад томилогдсон номлол руугаа явахаасаа өмнө Ютагийн номлолд есөн сарын хугацаанд үйлчлэхээр хуваарилагдав. Эцэст нь би Бурханы анх намайг дуудсан газар очсондоо тайвширч, туйлын их баярласан.

Тэгтэл тэнд очоод хэдхэн сар болсны дараа хайртай болж байсан хүмүүс болон улс орныг орхиод гэнэтхэн явахаар болов. Надаас бүх зүйлийг минь булааж,

нүүр буруулсан мэт санагдаж байлаа. Би үүнийг сүнслэг нөлөө бүхий сонголт мөн эсэхэд чин сэтгэлээсээ эргэлзэж байлаа.

Би Тэксас дахь гэр лүүгээ тун дурамжхан нисэв. Намайг гэнэт чөлөөлсөн учир аав, ах, эгч, дүү нар маань ч нисэх онгоцны буудал дээр тосох гэж ирээгүй байв.

Аюулгүй байдлын адислал

Номлолоосоо буугаад хэдхэн хонож байтал үйлчилж байсан газрын маань ойролцоо аюултай мөргөлдөөн болж, би цочирдлоо. Яг тэр мөчид би бошиглогчийг дагасан нь намайг аюулаас бодитойгоор холдуулсныг ойлгосон юм. Би бошиглогчид болон түүний сүнслэг нөлөөнд тун их талархсан.

Тухайн үедээ ойлгомжгүй байсан ч бошиглогчийн хэлсэн үгсийг үргэлж дагах болно гэж би өөртөө амласан.

Саяхан Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Үлиссэс Соарэс: “Бошиглогчдыг өгч байгаа нь Бурханы Өөрийн хүүхдүүдийг хайрлах хайрын тэмдэг юм. Тэд Бурханы болон Есүс Христийн амлалт, үнэн шинж чанарыг Тэдний хүмүүст мэдүүлдэг” гэж хэлсэн.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Их Эзэний өмнөөс ярьдаг гэдэгт би үнэхээр итгэдэг. Тэрээр биднийг аюулгүй байдал руу удирдан, хүнд цаг үеүдэд итгэл найдвар, удирдамж өгөхийн тулд Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёртой шууд хамтран ажилладаг.

Бошиглогчийг дагаснаар ирдэг адислалууд

Хэрэв та бошиглогчийг Бурханаас дуудагдсан эсэхэд эргэлзэж байгаа бол би түүний урилгын дагуу үйлдээрэй гэж зөвлөж байна. Ерөнхийлөгч Нэлсоны сүүлийн чуулган дээр хэлсэн үгсийг дахин уншиж, түүний санал болгосон судруудыг судлахыг хичээ. Урилгуудынх нь дагуу үйлдэж, тэдгээрийн хамт амласан адислалуудыг нь судлаарай.

Ахлагч Соарэс түүнчлэн “[бошиглогчдыг] дагаснаар бидний амьдрал илүү аз жаргалтай, төвөг багатай, бэрхшээл асуудлууд маань туулахад амар хялбар болж, сүнслэг хуяг дуулгыг бий болгодог гэж заасан.

Би бошиглогчийн зөвлөгөөг дагаснаар энэ адислалуудыг амьдралдаа харсан. Бурханд болон Түүний бошиглогчид итгэж найдсан хүн бүрд эдгээр адислал ирэх боломжтой гэдгийг би мэднэ.