“Хаалгыг шалга,” Лиахона, 2025 оны 3-р сар
Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой
Хаалгыг шалга
Би нэгэн эдлэн газарт үйлчилж байхдаа Ариун Сүнсний өдөөлтийг үргэлж дагах талаар үнэ цэнтэй сургамж авсан юм.
Эдлэн дээрх зохиогчийн гэрэл зургийг Шон Саттон
Үйлчлэлийн залуу номлогчоор үйлчлэх хугацаа минь дуусах дөхөж байх үед би Ютад байрлах гэр бүлийн гишүүн нь цэрэгт алба хааж байгаа эсвэл амиа алдсан гэр бүлүүдэд зориулсан морь уналгын эдлэн газарт долоо хоногт хоёр удаа үйлчлэх нэгэн өдөөлтийг дагасан юм. Надад мал аж ахуйтай холбоотой ямар ч туршлага байгаагүй ч би догдолж байлаа.
Тэнд эхэн үедээ надад адууны саравч цэвэрлэхийг даалгадаг байв. Оройн цагаар хамт заадаг байсан миний сайн найз, хамтрагч, ахлагч Солтэрн надад юу хийхийг зааж өгөх үүрэг хүлээсэн байв.
Нэг өдөр би хамгийн сүүлийн саравчийг цэвэрлэхээр ахлагч Солтэрныг дагаж дотогш оров. Ар талын хаалгаа хаахыг сануулсан намуухан өдөөлтийг би мэдэрлээ. Би энэ бодлоо мартаад, цэвэрлэгээндээ оров.
Малын саравчинд байсан Шрэк хэмээх морь бол эдлэнгийн хамгийн том морьдын нэг байв. Биднийг цэвэрлэж байх үед тэр цочиж уурсан хөдлөв. Гэнэт Шрэк саравчны онгорхой хаалгаар харайн гарч, гадаа малын хашаан дотор байсан бусад морины дэргэдүүр давхилаа.
Аз болоход, эдлэн газарт байсан туршлагатай хүмүүсийн нэг нь хувинтай овьёосыг шүүрэн авч, тэр морийг буцаан оруулав. Тэр Шрэкийг саравчинд нь буцааж оруулаад, над руу харан хөгжилтэйгөөр “Сая бид юу сурав?” гэж асуусан юм.
Хаалгаа үргэлж хаа гэсэн тодорхой сургамжийг би авсан. Тэр өглөө би “Ариун Сүнсний таталтад автагда[хыг]” (Мозая 3:19) зөвлөсөн, өөрийн уншсан судрын нэг хэсгийг саналаа.
Ахлагч Салтэрн бид хоёрыг Шрэкийн саравч руу орох үед надад мэдрэгдсэн хаалга хаах тухай Ариун Сүнсний өдөөлтийг би үл ойшоосон юм. Би зөвхөн судруудтай эсвэл зарлигуудтай холбоотой “сүнслэг” зүйлсээр л Сүнс зөвлөдөг гэж өөрийн бодлыг хязгаарласан байв. Энэ туршлага намайг даруусгасан. Сүнсний мэдлэг миний бодож байснаас ч илүү их гэдгийг, бүр мал аж ахуй хүртэл үүнтэй хамаатайг би ойлгосон!
Ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018): “Энэ ажил ганц таных эсвэл минийх биш гэдгийг сана. … Бид Их Эзэний үүрэг даалгаврыг гүйцэтгэж байгаа болохоор Түүний тусламжийг авах эрхтэй билээ” гэж заажээ.
Тэр орой эдлэн дээр би ахлагч Солтэрнтэй хамт сайн мэдээ заагаагүй ч морины жүчээг цэвэрлэж байхдаа тэнгэрлэг тусламж, удирдамж авах боломжтой байсан.