2025
Хэн баптисмын усан санг дүүргэсэн бэ?
2025 оны 3-р сар


“Хэн баптисмын усан санг дүүргэсэн бэ?” Лиахона, 2025 оны 3-р сар

Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Хэн баптисмын усан санг дүүргэсэн бэ?

Хотын усыг тасалсан тул бид Мэганд яаж баптисм хүртээх вэ?

Усны хоолойг холбосон гал тогооны цорго

Зураг чимэглэлийг Дэвид Майлс

Кени улсын Найробид автобуснаас хоцорсныхоо дараа хамтрагч бид хоёр манай бүс рүү явах өөр автобус ирэхийг хүлээх зуур уулзсан хүн бүртэйгээ сайн мэдээг хуваалцахаар шийдсэн юм. Бид 400 гаруй хүнтэй ярилцсан.

Тэдний нэг нь ойролцоох барилга дээр ажиллаж байсан Бэнард байлаа. Бид түүнд Мормоны Номыг өгч, үүнийг өдөр бүр уншиж мөн энэ ном үнэн эсэхийг Бурханаас асуухыг хүсэв.

Дөрвөн сарын дараа би Найроби руу шилжиж очив. Анхныхаа ариун ёслолын цуглаан дээр би Бэнардтай тааралдсан. Тэр баптисм хүртэж, Аароны санваарт томилогдсон байлаа.

Бэнард биднийг баяртайгаар гэртээ урин, эхнэр Мэгандаа заахыг хүссэн юм. Бид Мэгантай уулзаж байхдаа түүний агуу итгэлийг биширсэн. Бидний захиас үнэн эсэхийг мэдэхээр түүнийг залбирахад Бурхан залбиралд нь хариулсан юм.

Бид Мэганыг дараагийн ням гарагт баптисм хүртэхэд урив. Гэтэл тэр долоо хоногт Найроби хот 10 хоног усгүй байна гэж зарлав! Бямба гарагт Мэгантай ярилцсан баптисмын ярилцлагын дараа хамтрагч бид хоёр түүний баптисмыг маргааш гүйцэтгэж болохын төлөө залбирав.

Бид мацаг барьж, удирдагчидтайгаа зөвлөлдөж, ус олж авахаар олон янзаар оролдсон ч нэмэр болоогүй. Тэр орой ямартай ч бид баптисмдаа бэлтгэсэн байлаа. Тэгээд бид өвдөг сөгдөн дахин залбирав. Бид усны хоолойн нэг үзүүрийг цуглааны байрны гал тогооны хатсан цоргонд холбож, нөгөө үзүүрийг баптисмын усан сан руу оруулах өдөөлт мэдрэв. Бид дахин залбираад, хаалгануудаа түгжээд, гэртээ харьцгаав.

Маргааш өглөө нь цуглааны байранд очиход усан сан усаар дүүрснийг хараад бид бүр мэл гайхав! Бид гал тогооны цоргыг шалгасан боловч ус гарсангүй. Баптисмын усан сан хэрхэн дүүрсэн талаар салбараас хэн ч юу ч мэдэхгүй байв.

Мэган тэр өдөр баптисм хүртсэн. Тойргийн бүх гишүүн түүний баптисмыг гэрчилж, түүнийг Сүмд угтан авахаар ирсэн байлаа. Цорго хуурай хэвээр байсан ч хүн бүрийн нүд талархлын нулимстай байлаа.

Хэрэв та нар Түүнд ‘эргэлзээгүйгээр’ [Мормон 9:21] итгэх аваас Их Эзэн та нарыг гайхамшгуудаар адислах болно. Гайхамшгийг эрэлхийлэхийн тулд сүнслэг ажил хий” хэмээн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон заасан. Хамтрагч бид хоёр залбирч, өөр өөр сонголтуудыг туршин, сүнслэг өдөөлтүүдийг дагах зэргээр биеэр болон сүнсээрээ хөдөлмөрлөсөн учраас Их Эзэний гайхамшгийг харсан гэдгийг би мэднэ.