“Бурханы төлөвлөгөөнд болон ариун сүмд харьяалагдах нь,” Лиахона, 2025 оны 3-р сар.
Бурханы төлөвлөгөөнд болон ариун сүмд харьяалагдах нь
Бид бүгд Бурханы хүүхдүүддээ санал болгодог адислалуудыг хүлээн авч чадна гэдгийг гурван зарчим бидэнд сануулдаг.
Колумбын Барранкияа ариун сүмийн гэрэл зургийг Лэсли Нилссон
Би Сүмийн хэсэг гишүүнтэй хамт суув. Өмнө нь бид огт уулзаж байгаагүй ч бидэнд нэг ижил зүйл байсан нь бид бүгд ганц бие байлаа.
Одоо би өмнөх сэдэв рүүгээ хальт эргээд очъё. Есүс Христийн сайн мэдээнд биднийг зүүсэн нэр хаягаар тодорхойлдоггүй. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидний жинхэнэ мөн чанарын талаар, та нар бол “Бурханы сүнсэн хүүхдүүд” хэмээн заасан билээ. Шаардлагатай үед бид Сүмийн зарим гишүүнийг ганц бие гэж нэрлэж байгааг би ойлгодог. Үүнд бодит шалтгаан бий. Гэвч зарим үед энэ нөхцөл байдал нь гишүүдэд тэднийг гадныхан мэт санагдахад хүргэж болно. Тэр ч байтугай энэ нь тэдэнд Бурханы аврал, өргөмжлөлийн адислалаас бүрэн дүүрэн хүртэхгүй, гадуур нь үлдсэн мэт мэдрэмж төрүүлж болох юм.
Бид ариун сүмийн тухай ярьж байсан ба бүлгийн зарим нь ганц бие байх нь ариун сүмийн адислалуудыг бүрэн хүлээн авах боломжгүй гэж ойлгосон байв. Гэр бүлд төвлөрсөн Сүмд гэрлээгүй бол ийм Сүмийн нэг хэсэг байх бэрх гэдгийг би ойлгож байна. Гэвч Их Эзэн тухайн хүний амласан адислалуудыг хүлээн авахуйц зохистой эсэхийг гадаад төрх байдал эсвэл зүүсэн ямар нэг хаягт нь үндэслэн шүүдэггүйг би бас мэднэ. Тэр “зүрхийг нь хардаг” (1 Самуел 16:7) бөгөөд Өөрийг нь дагахаар сонгосон бүх хүнд адислалаа хүртээдэг. Би үүнд зүрхнийхээ гүнээс итгэдэг. Тэгэхээр үүнийг санан, ганц бие хожмын үеийн гэгээнтнүүдэд өөрсдийгөө Бурханы төлөвлөгөөнд болон ариун сүмд харьяалагддаг гэдгээ мэдэхэд нь туслах гурван зарчмыг танилцуулъя.
1. Бурхан Өөрийн хүүхэд бүрд зориулан төлөвлөгөөгөө гаргасан.
Гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээ нь өргөмжлөлд шаардлагатай учраас Бурханы төлөвлөгөө ганц бие хүмүүст зориулагдаагүй мэт санагдаж магадгүй (Сургаал ба Гэрээнүүд 131:1–3-ыг үзнэ үү). Гэвч ахлагч Патрик Кийрон: “Бидний Эцэгийн үлэмж сайхан төлөвлөгөө, тэрхүү ‘гайхалтай’ төлөвлөгөө нь гэртээ орох замыг тань хаах бус харин эргүүлэн аваачихын тулд бүтээгдсэн юм. Хэн ч замын хаалт тавьж, таныг замаас тань эргүүлэн буцаах хэн нэгнийг тэнд зогсоохгүй. Яг үнэндээ эсрэгээрээ. Бурхан таныг эргүүлж авчрахаар уйгагүй эрэлхийлдэг. Тэрээр ‘бүх хүүхэд нь Түүнд эргэн ирэхийг сонгоосой хэмээн хүсдэг’ бөгөөд таныг эргүүлж авчрахын төлөө боломжит бүх аргыг хэрэглэдэг билээ” гэж заасан.
Бурхан ганц бие хүмүүсийг Өөрийнхөө санал болгодог адислалаас гадуур үлдээхийг зорьдоггүй. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч асан М.Рассэлл Баллард (1928–2023): “Сайн мэдээний гэрээнүүдийг сахисан итгэлтэй хүн бүр өргөмжлөл хүртэх боломжтой гэдгийг судрууд болон хожмын үеийн бошиглогчид баталдаг” хэмээн заажээ. Бодгаль бүр Тэнгэрлэг Эцэгийн мэлмийд агуу үнэ цэнтэй бөгөөд бид мөнх амьдралын бэлгийг хүлээн авч болохын тулд Тэрээр Төрсөн Ганц Хүүгээ үхүүлэн, бид бүгдийг нүглээс гэтэлгэхээр илгээсэн билээ (Иохан 3:16–17; Сургаал ба Гэрээнүүд 18:10–12-ыг үзнэ үү).
Хэрэв амьдрал хүсэн хүлээж байснаас өөрөөр өрнөх юм бол бид Бурханы төлөвлөгөөн дэх зорилгодоо эргэлзэж эхэлж болох юм. Гэвч Түүний төлөвлөгөөнд бидний амьдралыг адилхан байх болно гэсэн баталгааг хэзээ ч өгөөгүй. Ямар баяр баясгалан, урам хугаралт, амжилт ололт, зовлон зүдгүүр бидэнд тохиолдож болохыг бид мэдэхгүй. Тэргүүн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Даллин Х.Өүкс: “Бидний төдийлөн мэдэхгүй цорын ганц найдвар бол Их Эзэнд болон хүүхдүүдээ хайрлах Түүний хайранд итгэх явдал юм” гэж хэлжээ.
Яагаад бидний зам яг одоо ийм байгааг бид мэдэхгүй байж болно. Гэвч Бурханд болон Түүний хайранд итгэх нь Тэр бүх хүүхдэдээ мөн танд зориулж Өөрийн төлөвлөгөөг хэрхэн зохиосон талаар тодорхой ойлголт өгч болох юм.
Италийн Ром ариун сүмийн зочдод зориулсан төвийн доторх гэрэл зургийг Массимо Кришионэ
2. Ариун сүм хувь хүн бүрд зориулсан адислалуудыг агуулдаг.
Лацдан холболтыг зөвхөн нөхөр, эхнэр хоёрт хамаатай гэж бид бодож магадгүй. Гэвч лацдан холболт нь хосуудыг Их Эзэнтэй холбохоос гадна гэр бүлүүдийг үүрд мөнх холбодог. Бурханы бүх хүүхэд гэрээнүүдээ сахих юм бол лацдан холболтоор дамжуулан мөнхийн адислалуудыг хүртэх болно.
Лацдан холбох хүч тэнгэр болон дэлхий дээрх санваарын бүх ёслолыг хүчинтэй болгодог. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон: “Дэлхийн хаана ч, хэзээ ч амьдарч байсан Бурханы хүүхдүүдэд хувь хүний аврал хийгээд гэр бүлийн өргөмжлөлийг [лацдан холбох хүч] боломжтой болго[дог]. Өөр ямар ч номлол, гүн ухаан эсвээс эрх мэдэл нь бүгдийг оролцуулсан ийм боломжийг олгодоггүй. Энэхүү лацдан холбох хүч нь Бурханы шударга ёс, нигүүлсэл, хайрын төгс илрэл билээ” хэмээн заасан. Түүнтэй гэрээ байгуулж, гэрээнүүдээ сахидаг хүн бүр Их Эзэний санал болгодог бүх талыг хамарсан адислалуудыг хүртэх боломжтой.
Бид Их Эзэний өргөөнд шүтэн бишрэх үедээ Бурханы төлөвлөгөө хэрхэн бүх талыг хамардаг болохыг илүү сайн ойлгож болох юм. Ариун сүмд цагийг өнгөрүүлэх нь “танд селестиел ухаанаар бодож, өөрийгөө жинхэнээсээ хэн болох, хэн болж чадах, ямархуу амьдралаар мөнхөд амьдарч болох алсын харааг олж авахад тусална” гэж ерөнхийлөгч Нэлсон заасан. Түүнчлэн тэрээр ариун сүмд шүтэн бишрэх нь бидэнд хамгаалалт, бат гэрчлэл, тайтгарал, хувийн илчлэл болон илүү их мэдлэг, хүч чадал, Бурханы төлөвлөгөөний талаар илүү агуу ойлголт өгөх болно гэдгийг тайлбарласан.
Ариун сүм нь гэрлэсэн ч бай, ганц бие ч бай бид бүгдэд хувийн сүнслэг боломжуудыг олгодог бөгөөд Бурхантай ойр байх хүсэлтэй хүн бүхнийг хүчирхэгжүүлж, хүч чадал өгдөг газар билээ. Дэлгэрэнгүйг “Ариун сүмийн шүтлэгээр хүчирхэгжих нь” гэсэн хажуу баганаас үзнэ үү.
3. Ариун сүмд бид Есүс Христтэй харилцах харилцаагаа гүнзгийрүүлж чадна.
Ариун сүмд анхаарлаа төвлөрүүлэх гол зүйл бол Есүс Христ юм. Тэр бол Бурханы төлөвлөгөөний төв бөгөөд бид бүгдийн аврал, өргөмжлөлийг хүлээн авч чадах шалтгаан юм. Ерөнхийлөгч Нэлсон: “Их Эзэний өргөө бол суралцахын өргөө билээ. Их Эзэн тэнд Өөрийн арга замаар заадаг. Тэнд үйлдэх ёслол бүр Аврагчийн талаар зааж сургадаг. Тэнд бид хэрхэн хөшгийг нээж, тэнгэртэй тодорхой харилцах талаар суралцдаг. Тэнд бид дайсныг хэрхэн дарж, Их Эзэний санваарын хүчээр өөрсдийгөө болон хайртай хүмүүсээ хэрхэн хүчирхэгжүүлж болох талаар суралцдаг. Бид ариун сүмийг хоргодох газраа болгохыг чин хүслээрээ эрэлхийлэх ёстой” гэж заасан.
Бид ёслол, гэрээнүүдээс Аврагчийг хайснаар ариун сүмд харьяалагдаж, хоргодох газар олох боломжтой. Ингэснээрээ бид Тэр бидэнд хайртайг мөн “Бурханд бүгд адил” (2 Нифай 26:33-ыг үзнэ үү) гэсэн баталгааг олох болно. Биднийг хайрладаг учраас Тэр биднийг Өөртэй нь “үүрдийн холбоо” тогтоож, гэрээнүүдээрээ дамжуулан “онцгой төрлийн хайр ба нигүүлслийг” хүлээн аваасай хэмээн хүсдэг. Хэрэв бид ариун сүмийн гэрээнүүд байгуулж, сахих юм бол нөхцөл байдлаасаа үл хамааран бид “насан туршдаа итгэл найдвар, баяр баясгалан болон өөдрөг үзлийг авчирдаг” Түүнтэй харилцах харилцаагаа хүчирхэгжүүлж чадна.