“Бурхан эртний гэгээнтнүүдэд хандан ярьсан—Тэр надад хандан ярьдаг уу?”, Лиахона, 2024 оны 3-р сар.
Залуучуудад зориулав
Бурхан эртний гэгээнтнүүдэд хандан ярьсан—Тэр надад хандан ярьдаг уу?
Тэрээр тэдэнд хандан ярьсан юм. Тэр бидэнд хандан ярих болно. Бид зүгээр л Түүнийг сонсох хэрэгтэй.
Гэрлэн багана Тэнгэрээс ирсэн дуу хоолой Бурханы өгсөн илчлэлт Бурханаас тусламж, удирдамж гуйсан Иосеф Смит шиг залуучуудын тухай олон түүх Сургаал ба Гэрээнүүдэд байдаг. Хэдийгээр Бурханаас илчлэлт хүлээн авах нь хувь хүний туршлага боловч энэхүү үйл явцыг сударт олонтоо тэмдэглэсэн байдаг.
Бид бошиглогчтой өдөр бүр харилцаж Сүмд зориулан илчлэлт хүлээн авдаггүй байж болох ч Бурхан 200 жилийн өмнөх шигээ бидэнд хандан ярьдаг. Эдгээр гэгээнтэн Бурханаас хувийн чанартай захиас хүлээн авч байсан бөгөөд бид ч бас хүлээн авах боломжтой.
Иосефын даруухан залбирал
Энэ залбирал асуултаар эхэлдэг. Тийнхүү Далын ахлагч Алэксандр Душкугийн дүрсэлснээр “гэрэл, үнэний гэнэтийн агуу тохиол” болсон юм. Иосеф Смитийн даруухан залбирал Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг гайхалтай сайхнаар айлчлан ирэхэд хүргэсэн билээ (Иосеф Смит—Түүх 1:14–17-г үзнэ үү). Бурхантай нүүр тулан ярилцах нь итгэмээргүй зүйл байсан ба энэ төрлийн туршлага ховор бөгөөд ариун нандин юм.
Бид бүгдэд Иосефтой адил боломж олдохгүй ч гэсэн “бид ч мөн адил өөрсдийн гэрлэн баганыг нэг нэг цацрагаар нь хүлээн авч чадна.” Бид асуулт тавьж, даруухнаар өвдөг сөгдөн залбирах үедээ Ариун Сүнсээр дамжуулан Бурханаас хариулт хүлээн авах болно.
Ютагийн Огдэн ариун сүмийн баптисмын усан сангийн гэрэл зураг
Ариун сүмийн хүч
Охайогийн Көртландад гэгээнтнүүд Их Эзэний өргөөг барихын тулд цаг зав, мөнгө, хүч хөдөлмөрөө золиосолсон юм. Көртландын ариун сүмийг онцгойлон адислах ёслол дээр Иосеф Смит эдгээр итгэлтэй гэгээнтнүүдийг дотор нь орж шүтэн бишрэх үед Бурхан хүч чадлаараа адислаасай гэж залбирсан (Сургаал ба Гэрээнүүд 109:13-ыг үзнэ үү). Ариун сүм нь “залбирлын өргөө, мацгийн өргөө, итгэлийн өргөө, сүр жавхлангийн болон Бурханы өргөө” (Сургаал ба Гэрээнүүд 109:16) байх учиртай байлаа.
Хожмын өдрүүдэд бид дэлхий даяар ариун сүмтэй байхаар адислагдсан билээ. Бидэнд ариун сүмд орсноор илчлэлт хүлээн авна гэсэн амлалтыг өгсөн. Саяхан ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “ариун сүмд [бид] ‘Ариун Сүнсний бүрэн байдлыг хүлээн ав[на]” [Сургаал ба Гэрээ 109:15]. Энэхүү амлалтын хүрээнд мөнхийн үнэнийг хайдаг хүн бүрд тэнгэр нээгдэнэ гэдэг нь ямар утга учиртай болохыг төсөөлөөд үз дээ” гэж хэлсэн.
Хайрумын бошиглогчид тавьсан асуулт
Та бошиглогчоос өөрийн тань өмнөөс Бурханд хандан ярихыг гуйхад ямар байх бол гэж бодож байсан уу? Бошиглогч Иосефын ах Хайрум яг ийм зүйлийг хийсэн юм. Тэрээр Иосефоор дамжуулан Бурханаас дараах хариултыг авчээ. “Болгоогтун, чи бол Хайрум, миний хүү; Бурханы хаант улсыг эрэлхийлэгтүн, мөн бүх зүйл шударга болох тэрний дагуу нэмэгдэх болно” (Сургаал ба Гэрээнүүд 11:23).
Заримдаа удирдамж бусад хүнээр дамжин ирдэг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бидэнд: “Бошиглогч, үзмэрч, илчлэгч зэрэг итгэж болохуйц тэдний дуу хоолойноос мөн Ариун Сүнсний шивнээнээс удирдамж эрэлхийл” хэмээн зөвлөсөн билээ. Бид бүгдээрээ бошиглогчид асуултаа шууд тавьж чадахгүй ч, хувийн асуултуудынхаа хариултыг хүлээн авах боломжтой.
Оливер Каудеригийн хөрөг зургийг Лүис Рамзи
Оливер итгэлийн тухай судалсан нь
Оливер Каудери Иосефт Мормоны Номыг орчуулахад нь үнэлж баршгүй ихээр тусалсан юм. Гэвч 1829 онд тэр бухимдах болжээ. Яагаад би орчуулж чадахгүй байгаа юм бэ? Их Эзэн Оливерт асуултдаа хэрхэн хариулт авах талаар зарим нэг тодорхой зөвлөгөө өгсөн бөгөөд энэ нь өнөөдөр ч бидэнд хамаатай хэвээр байгаа.
Бидэнд асуух зүйл гарвал энэ талаар судалж үзэхийг мөн итгэлтэй байж, төрсөн сэтгэгдэлдээ найдахыг зөвлөдөг (Сургаал ба Гэрээнүүд 9:6–9-ийг үзнэ үү). Бидний сэтгэгдэл сэтгэл хөдлөл, дулаан мэдрэмж, амар тайван байдлаар илэрч болно. Далын ахлагч Матиас Хэлд: “[Логик тайлбар болон Ариун Сүнсний нөлөө] бидний бодгальд нэгдсэнээр аливаа зүйлийг яг байгаа бодит байдлаар нь харуулдаг нэгэн бүрэн гүйцэд дүр зургийг бий болгодог” гэж хэлсэн.
Гэрэл зургийг Крэг Алан Шэлли
Смитийн гэр бүлийнхний патриархын адислал
Патриархын адислал нь Хуучин Гэрээний үеэс хойш Сүмд байсаар ирсэн (Эхлэл 48-ыг үзнэ үү). Хожмын өдрүүдэд Сүм зохион байгуулагдах үед Бурхан 1834 онд эцэг Иосеф Смитээ патриархаар дууд хэмээн Иосефт хэлжээ. Гурван өдрийн дараа Смитийн гэр бүл цугларч, эцэг Иосеф Смит хүүхдүүддээ болон эхнэр, нөхөрт нь патриархын адислал өгөх боломжтой болов. Энэ адислал тэдний амьдралд зөвлөгөө, тайтгарал болсон юм.
Патриархын адислал нь удмын овгийг тунхаглахаас гадна “танд зориулсан судар” юм. Бид патриархын адислалаа тогтмол унших үедээ “адислалын үгсийг нандигнаж, тэдгээрийг тунгаан бодож, амласан адислалуудыг энэ болон мөнх амьдралд хүлээн авахаар зохистой амьдрах ёстой.”
Эмма Смитийн хөрөг зургийг Лий Грийн Ричардс
Бурханаас Эммад ирсэн хувийн заавар
Бошиглогчийн эхнэрийн хувьд Эмма Смит гэр бүлийнхээ үүрэх болсон сорилт бэрхшээл, зөрчилдөөний улмаас ихэнхдээ зүдэрдэг байв. Бид Сургаал ба Гэрээнүүд 25-аас Тэнгэрлэг Эцэгийн Эммад зориулсан тайтгарал, хүч чадлын үгсийг уншиж болно.
Бид Тэнгэрлэг Эцэгээс өөрсдөдөө тайтгарлын захиас эрэлхийлэх үедээ санваарын адислал хүсэж болно. Тэргүүн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх асан, ерөнхийлөгч Жэймс Э.Фауст (1920–2007): “Санваарын адислалууд амьдралын маань жижиг бөгөөд агуу шийдвэрүүдийг гаргахад бидэнд тусалж чадна. Хэрэв бид санваарын адислалуудаараа дамжуулан Бурханы биднийг ямар хүн болоосой хэмээн хүсдэг тэр байдлын өчүүхэн хэсгийг л олж харах юм бол айдсаа орхиж, дахин хэзээ ч эргэлзэхгүй байх болно” гэж заасан.
Жозэф Ф.Смит, Албэрт Салцбрэннэр
Жозэф Ф.Смит судраас судалсан нь
1918 онд дэлхий дахин өвчин, дайн, үхэлд нэрвэгдэх үед бошиглогч Жозэф Ф.Смит судруудаас хариултууд хайсан юм. Тэр Шинэ Гэрээн дэх Петрийн үгсийг судалсныхаа дараа эргэцүүлж, тунгаан бодож эхэлсэн байна. Тэр Аврагч сүнсний дэлхийд номлогчийн ажлыг зохион байгуулж байгааг харуулсан Сүмийн тухай үзэгдэлд автсан аж. (Сургаал ба Гэрээнүүд 138-ыг үзнэ үү.)
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч асан Робэрт Д.Хэйлс (1932–2017): “Бурхантай ярихыг хүссэн үедээ бид залбирдаг. Түүнийг бидэнтэй яриасай хэмээн хүссэн үедээ бид судруудыг судалдаг” гэж заасан. Судрууд бол Бурханы үгсийг бичвэр болгон хадгалж буй хэлбэр бөгөөд үүнийг энэ цахим эрин үед урьд хожид байгаагүйгээр чөлөөтэй ашиглах боломжтой болжээ. Бид судруудыг уншиж, тунгаан бодсоноор өөрсдөдөө хэрэгтэй тусламжийг тэнгэрээс авах болно.
Гэрэл зургийг Жон Маккини
Түүнийг сонсохыг зориуд хичээх нь
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Есүс Христийн шавь нарын хувьд бид үргэлж чин сэтгэлээсээ Түүнийг сонсохыг хичээх ёстой. Өдөр бүр амьдралаа Түүний үгс, сургаал, үнэнээр дүүргэхийн тулд чин сэтгэлээсээ, байнга хичээл зүтгэл гаргах шаардлагатай” хэмээн заасан. Бид эртний гэгээнтнүүдийн адил Бурханаас хувийн бөгөөд бодитой захиаснуудыг хүлээн авч чадна.
Бурхан тэдэнд хандан ярьсан. Тэр бидэнд хандан ярих болно. Бид зүгээр л Түүнийг сонсох хэрэгтэй.