“Тэвчээртэй туулах миний зам,” Лиахона, 2025 оны 3-р сар
Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой
Тэвчээртэй туулах миний зам
Зөвхөн зовлон бэрхшээл авчрах юм бол яагаад би бүх зүрх сэтгэл, хүслээрээ үйлчлэх ёстой юм бэ гэж би бодлоо.
Зохиогчийн гэрэл зургийг Шон Саттон
2016 онд Филиппиний умард хэсэгт номлолоо нэр төртэй дуусгасны дараа би Филиппиний өмнөд хэсэг дэх гэртээ эргэж ирээд, Хавай дахь Бригам Янгийн Их Сургуульд суралцахыг мөн залуучуудын туулдаг адал явдлыг биеэр үзэхийг тэсэн ядан хүлээж байв.
Гэтэл гэнэт би турж эхлэв. Эмч маань бамбай булчирхайн хордлого гэсэн онош тавьсан юм. Эмч өвчнийг эмчлэхгүй үед гарч болох үр дагавруудыг хэлсэн нь намайг айлгаж орхив.
Эмчилгээ хийлгэсэн ч миний биед өөрчлөлт гарч эхэллээ. Миний нүд бүлтийж, би маш их турав. Би гадаад төрхөөсөө болоод зураг авхуулах нь байтугай өөрийгөө толинд харахаас ч зайлсхийх боллоо.
Эм аажмаар тус болж эхэлсэн. Гэтэл гурван жилийн дараа надад сэтгэл гутрал хэмээх хоёр дахь өвчний оношийг тавив. Энэ хоёр өвчин миний өөртөө итгэх итгэлийг үгүй болгосон. Би сургуульдаа явахын тулд орноосоо босох гэж нэлээн юм болохын сацуу Сүмд үйлчлэх ч тэнхээгүй болсон байлаа.
Бурхан надад ийм юм тохиолдохыг зөвшөөрсөнд уур минь хүрч байв. Зөвхөн зовлон бэрхшээл авчрах юм бол яагаад би бүх зүрх сэтгэл, хүслээрээ үйлчлэх ёстой юм бэ гэж би бодлоо. Гэвч би Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, ерөнхийлөгч Жэффри Р.Холландын “Гэмтсэн оюун санаа нь хугарсан яс болон шархалсан зүрх сэтгэл эдгэрдгийн адилаар эдгэрнэ” гэсэн үгсээс тайтгарал авч билээ. Би энэ үгсийг сонсоод уйлсан. Миний гэмтсэн оюун ухаанд эдгэрэл хэрэгтэй байсан.
Би итгэгч гэр бүлд өссөн бөгөөд зовлон шаналал, тодорхой бус байдлыг үл харгалзан Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэл минь хэвээрээ байсан. Яваандаа би шинэ нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, дасаж эхлэв.
Одоо буюу найман жилийн дараа би аль нэг өвчнийхөө улмаас цөхрөхөө больсон. Би тэдгээрийг амьдралын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн. Миний оюун санаа эдгэрсэн. Би насан туршдаа эрүүл мэндийн асуудалтай байхыг үгүйсгэхгүй ч үйлчилж, чадахаараа сайхан амьдарч чадна. Тэвчээртэй байх нь мөнх бус амьдралын нэг хэсэг гэдгийг би сурсан (Сургаал ба Гэрээнүүд 121:7–8-ыг үзнэ үү). Би өөрийн гашуун аяганаас ууж, хүч тэнхээтэй байхыг сурч байна.
Одоо би хиймэл оюун ухааны компанийн хүний нөөцийн хэлтэст ажилладаг бөгөөд Бригам Янгийн Их Сургуулийн Pathway Worldwide хөтөлбөрт оройн цагаар онлайнаар суралцаж байгаа. Би “Яагаад би гэж?” гэж биш, харин “Би юу сурч болох вэ? Би энэ туршлагаас ямар сайн зүйл олж авах вэ?” гэж асуудаг болсон.
Эргээд бодоход Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр замын минь турш надтай хамт байсан гэдгийг би ойлгосон. Цаашид би хэнд итгэж болохоо мэднэ (Сургаалт үгс 3:5–6; 2 Нифай 4:34-ийг үзнэ үү).