2025
Төлөөлөгчдийн тохинуулал: Өөр хэн ч хийж чадахгүй ажил
2025 оны 3-р сар


“Төлөөлөгчдийн тохинуулал: Өөр хэн ч хийж чадахгүй ажил,” Лиахона, 2025 оны 3-р сар.

Төлөөлөгчдийн тохинуулал: Өөр хэн ч хийж чадахгүй ажил

Өнөө цагийн Их Эзэний төлөөлөгчдийн дэлхий даяарх тохинуулал хувь хүмүүст хэрхэн сайн сайхныг авчирдаг тухай.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүдийн нэгдсэн зураг

Арван хоёр төлөөлөгчийн чуулга бүх дэлхийд Есүс Христийн гэрч болон зогсдог. Тэдний дуудлага хосгүй бөгөөд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэд үйлчлэхээр дуудагдсаныхаа дараа бүх цаг зав, авьяас чадвараа бусдыг адислахад зориулахын тулд амжилттай яваа ажил мэргэжлээсээ татгалздаг. Хүн бүр насан туршийн үйлчлэлээр мөн сайн мэдээг зааж суралцан, Их Эзэнд итгэх итгэлээр сорилт бэрхшээлүүдийг даван туулж хурцлагдсан өвөрмөц бэлэг, авьяасаараа дуудлагаа биелүүлдэг.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Роналд А.Расбандыг эхнэр Мэланигийнхаа хамт ач хүүгийнхээ сургуулийн Христийн мэндэлсний баярын тоглолтыг үзэхээр суудлаа эзэлж байтал сургуулийн захирал хүрч ирэн, түүнээс үзэгчдэд хандан нээлтийн үг хэлэхийг хүсжээ.

Хөтөлбөр эхлэхийг тэсэн ядан хүлээж байсан цугласан олныг болон хамтлаг дуучдыг хараад тэрээр зөвхөн зочдод хандан нээлтийн үг хэлж, үдшийг сайхан өнгөрүүлэхийг хүсье гэж бодож байв. Гэвч тэгэхэд тэр үргэлж бүх газарт онцгой гэрч болж зогсох төлөөлөгчийн үүргээ санаж, “Хатагтай, ноёд оо, би Христийн мэндэлсэн [энэ] цаг улиралд Түүний нэрийг болон Түүний тохинууллыг гэрчлэх боломжийг зүгээр өнгөрөөж чадахгүй нь” гэж хэлсэн юм.

Төлөөлөгчид хаана ч очсон, хэнтэй ч уулзсан бай, тэдний захиас Есүс Христ бол Бурханы гэтэлгэгч Хүү гэдгийн баталгаа болдог. “Бид юуны түрүүнд, бүхий л цаг үеийн туршид Их Эзэн Есүс Христ бол амьд гэдгийн гэрч юм” хэмээн ахлагч Дэвид А.Бэднар хэлсэн.

Өнгөрсөн жил Лондонд болсон онцгой цугларалт дээр ахлагч Дэйл Г.Рэнланд Халамжийн нийгэмлэгийн эгч нарт хандан: “Есүс Христ бол бидний энд байгаа шалтгаан мөн. Тэр амьдыг би баттай мэднэ! … Та нарыг өөрсдөө үүнийг мэдсэн үед жинхэнэ гайхамшиг амьдралд чинь тохиодог” гэж хэлжээ.

Ахлагч Квинтин Л.Күк Австралийн Сидни дэх гишүүдэд “Би Есүс Христэд итгэх итгэлээ хүчирхэгжүүлэхэд нь тэдэнд яаж туслах вэ?” хэмээх асуулт олон жилийн турш түүний захиаснуудад хэрхэн нөлөөлж ирснийг дурсан ярьсан юм.

Тэдний сургаал Аврагчийг харж, мэдрэхийн тулд цэвэр ариун байдалд урагш алхахад нь мөн Түүний цагаатгагч ач ивээлийг (3 Нифай 11:15-ыг үзнэ үү) мэдрэхэд нь бусдад туслах гүн гүнзгий, хойшлуулшгүй хүслийг нь харуулдаг. Тэдний сургаал хайр, ойлголтоор дүүрэн байдаг. Тэдний наманчлалын уриалга эелдэг мөртлөө хувиршгүй байдаг. Гишүүдийг Бурханы зүйлүүдийн талаарх мэдлэгээ нэмэгдүүлээсэй гэсэн тэдний хүсэл үүнийг үгүйсгэхийн аргагүй тодорхой байдаг. Хүмүүс төлөөлөгчийн гэрчлэлийг сонсох үед тэдний зүрх сэтгэл хийгээд амьдрал өөрчлөгддөг.

Есүс Христийн гэрч

Төлөөлөгч бүр өвөрмөц авьяас чадвар, туршлагаараа дамжуулан үүргээ биелүүлдэг. Тэд ажил мэргэжлээрээ онцгой амжилт гаргасан байдаг. Тэд зан чанар, амьдралын хэв маягаараа хоорондоо адилгүй хэдий ч нэг ижил чанарыг агуулдаг. Тэд аз жаргалтай, эерэг байж, хамт байх үед итгэл найдвар төрүүлдэг. Есүс Христийн төлөөлөгчтэй уулзсан хүмүүс ихэвчлэн тэдний эелдэг зан, чин сэтгэлд татагддаг.

Төлөөлөгчид аливаа зүйлийг түргэн шуурхай гүйцэтгэдэг бөгөөд адислах, тайтгаруулах, гэрчлэх хүсэл эрмэлзэлтэй.

“Гучин жилийн турш Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүдтэй хамтран ажиллаж байгаа маань миний хувьд нэр төрийн хэрэг төдийгүй онцгой боломж юм. Ямар ч тохиолдолд энэ эрчүүд надад Есүс Христийн илүү сайн шавь болоход тусалдаг.

Саяхан биднийг чуулгаараа гэрэл зураг авхуулахаар цуглах мөчид надад Есүс Христийн эртний болон өнөө цагийн шавь нарын тасралтгүй үргэлжилсээр буй дэг жаягийн нэгэн хэсэг байгаадаа гүн гүнзгий талархах мэдрэмж төрсөн юм.

Энэ чуулгад байгаа … нэрс, царай цаг хугацааны явцад өөрчлөгдөх хэдий ч хэвээр үлдэх нэгэн чухал зүйл нь төлөөлөгч бүр ‘бүх дэлхийд Христийн нэрийн тусгай гэрчүүд байх…’ [Сургаал ба Гэрээнүүд 107:23-ыг үзнэ үү] үүргийг хүлээн авсан явдал юм. Үүнээс илүү сайхан ажил хэнд ч, ямар ч мундаг бүлэг хүнд өгөгдөөгүй” хэмээн Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, ерөнхийлөгч Жэффри Р.Холланд хэлжээ.

Ахлагч Дийтр Ф.Угдорф БЯИС-ийн Иерусалим төвд үг хэлж байгаа нь

2023 оны 4-р сарын 22-нд БЯИС-ийн Иерусалим төвд болсон Иерусалим дүүргийн онцгой чуулган дээр ахлагч Дийтр Ф.Угдорф үг хэлэв.

2023 онд Израил дахь ариун газруудаар аялж байх үедээ ахлагч Дийтр Ф.Угдорф: “Өнөөдөр бид хоёрыг онцгой газар дахь Аврагчийн золиослолын талаар бодох үед Түүнд талархах мэдрэмж зүрх сэтгэлийг минь дүүргэж байна. Христийн биеийг тавьсан гэгддэг ‘Бунхант цэцэрлэгт бид зочилсон.’

Бас бид зарим хүний Гетсеманийн цэцэрлэг гэж үздэг газарт очсон. Бид зуу зуун настай чидуны моддын дундуур алхаж явахдаа цэцэрлэгт болон загалмай дээр бидний төлөө үйлдсэн Аврагчийн ариун золиослолыг дүрсэлсэн судрын шүлгүүдийг сонсож байлаа.

Гетсеманийн цэцэрлэг болон загалмай дээрх Есүс Христийн зовлон шаналал бидний бүрэн хүндэтгэл, бүхий л сүсэг бишрэлийг хүртэх эрхтэй юм. Үүн лүгээ адил Түүнийг цовдлуулсны дараах гурав дахь өдөр болсон гайхамшигт үйл явдлууд бидний зүрх сэтгэл, оюун ухаанд бишрэл, мөнхийн талархлын байр суурийг эзлэх нь зүйн хэрэг.

Би Христийн шавийн хувьд Түүнийг амьд гэсэн гэрчлэлээ тунхаглахаар адислагдсан билээ!” хэмээн хэлжээ

Олон нийтийн сүлжээн дээрх Аврагчийг бишрэн хүндэтгэх талаарх нэгэн нийтлэлд ахлагч Гэррит В.Гонг: “Бурханы ажил, сүр жавхлан, Есүс Христийн ач ивээл, нигүүлсэл, гавьяа, Түүний цагаатгагч золиослолын төлөө үргэлж халуун дулаан, хүндэтгэлтэйгээр талархаж ярьцгаая” гэж уриалсан байдаг.

Төлөөлөгчийг бэлтгэх

“Төлөөлөгч бэлтгэхэд Их Эзэнд удаан хугацаа шаардагддаг. Тухайн хүнийг Арван хоёрын нэгээр дуудагдах үед Их Эзэн түүнээс онцгой арга замаар хувь нэмрээ оруулахыг хүсдэг” гэж ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон хэлсэн.

Төлөөлөгч бүрийн замд үргэлж зүрх сэтгэл рүүгээ өнгийн харах, зарим үед амь насанд аюул тохиолдоход хүргэх сорилтууд буюу “эр зориг, тэсвэр тэвчээрийн” шалгалтууд гарч ирдэг.

“Сорилт үргэлж байдаг. Та маш хүнд бэрх зүйлсийг хийхэд бэлэн байна уу? Таныг өөрт оногдсон зүйлээ хийхэд бэлэн гэдгээ харуулсан цагт Их Эзэн танд туслах болно” гэж ерөнхийлөгч Нэлсон Их Эзэнд үйлчлэх ажлын талаар тайлбарлажээ.

Австралийн гишүүдэд хандан ярихдаа ахлагч Күк Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүдэд яг л тойргийн удирдагчдын адил бэлтгэлгүй эсвэл хангалтгүй байгаа мэт мэдрэмж зарим үед төрдөг талаарх туршлагаасаа цухас хуваалцсан юм. “Их Эзэний үйлчлэлд төлөөлөгч байна гэдэг нь туйлын даруусмаар үйл хэрэг юм” гэж тэр хэлэв.

Шинээр дуудагдсан төлөөлөгч байхдаа ахлагч Нийл Л.Андэрсэн хангалтгүй гэдгээ мэдэрч, өөрийгөө даруусгаж байсан хэдий ч Их Эзэн түүнийг “Би Ариун Сүнсний хүчээр Есүс бол Христ, Бурханы хайртай Хүү гэдгийг төгс бөгөөд тодорхой байдлаар мэднэ” гэсэн дор хаяж нэг чанараар адисалсан нь түүнийг тайтгаруулжээ.

Ахлагч Патрик Кийрон: “Арван хоёрын чуулгад дуудагдсаны минь маргааш надаас шинэхэн төлөөлөгч байх ямар санагдаж байгааг асуусан юм.

Би байж болох бүхий л төрлийн догдлолыг мэдэрч байсан ба энэхүү дуудлагыг өөрийнхөө хүчээр хийж чадахгүй гэдгийг мэдэж байв. Тиймээс би тусламж хүсэх болно. Би хайраар дүүрэн Тэнгэр дэх Эцэгт болон Түүний Хүү болох өөрсдийн Аврагчид бүрэн дүүрэн итгэдэг. Мөн Тэд надад тусална гэдгийг би мэднэ. Энэ бол миний найдвар юм. Мөн цаг хугацаа өнгөрөхийн хэрээр би та бүхний төсөөлдөг шиг төлөөлөгч болохын тулд бүх хүчээ дайчлах болно.

Дуудлагаа хүлээн авснаас 24 цагийн дараа өнөөдөр ч энэ нь амаргүй байсаар байгаа бөгөөд хэрэв та нар өөрсдийн чадлаас хэтэрсэн зүйлийг хийх шаардлагатай нүүр тулсан бол би та нарын нөхцөл байдлыг сайтар ойлгож байна” гэж ярьжээ.

Сүмийн удирдагчид Тонгагийн хаан, хатан хоёртой уулзаж байгаа нь

2019 онд Тонга улсын хаан, хатан хоёртой уулзсан уулзалтад ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ахлагч Гэррит В.Гонг зэрэг Сүмийн төлөөлөгчдийг тэргүүлэн оролцсон юм. Төлөөлөгчид үндэстнүүдтэй сайн мэдээг хуваалцах боломжийг нээхийн тулд өндөр албан тушаалтнууд болон төрийн тэргүүнүүдтэй уулздаг. Агуу үүрэгт ажилд төлөөлөгчдийг бэлтгэхэд олон жил шаардагддаг хэмээн ерөнхийлөгч Нэлсон өгүүлэв.

Дэлхий даяарх элч төлөөлөгчид

Их Эзэн Арван хоёр төлөөлөгчийг Сургаал ба Гэрээнүүд 107:23-т заасанчлан “бүх дэлхийд Христийн нэрийн тусгай гэрчүүд байхаар” дууддаг тухай ерөнхийлөгч Нэлсон: “Арван хоёрын гишүүн бүр бүх дэлхийд төлөөлөгч юм. Төлөөлөгч хүн дэлхийн өнцөг булан бүрийн талаар болон хүмүүс, хэл, түүхийн талаар суралцах хэрэгтэй” гэж хэлжээ.

Тэдний ажил дэлхий даяар өрнөдөг. Тэд төрийн тэргүүнүүд, орон нутгийн албан тушаалтнууд, хэвлэл мэдээллийнхэн, Сүмийн гишүүдтэй өргөн хэмжээнд болон ганцаарчлан уулздаг. Үүнд зарцуулах цаг хугацаа урт бөгөөд их зүйлийг шаардаж болно. Их Эзэн Есүс Христийн элч төлөөлөгчдийн хувьд тэд амьдралаа зөвхөн өөрсдийн үйлчлэлд зориулдаг.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон өнгөрсөн жил 12 өдрийн турш дэлхийг тойрон Европын зургаан орноор тохинуулж, засгийн газрын тэргүүнүүд, бүрэн цагийн номлогчид, Сүмийн гишүүдтэй уулзаж явахдаа шахуу хуваарийнхаа улмаас зөвхөн улс хоорондын шөнийн нислэгийн үеэр нойр авч байжээ.

Дайнд нэрвэгдсэн Украйнаас эх оронд нь олноороо, зогсолтгүй нэвтэрч буй дүрвэгчдэд туслахын тулд Сүмийн тусламжийг санал болгохоор Хорватын Соёл, хэвлэл мэдээллийн сайдтай уулзсан нь онцлог байлаа. “Бид … тэр дундаа ихээхэн тусламж хэрэгтэй байгаа хүмүүст туслахад … хамтран ажиллаж болох … олон төрлийн арга зам байгааг олж харсан” гэж ахлагч Кристоффэрсон хэлэв.

Ахлагч Гари Э.Стивэнсон Танзани дахь хүмүүстэй мэндчилж байгаа нь

2024 онд Танзанийн Дар Эс Салаамд хүмүүнлэгийн томоохон төсөлд Сүм хандив өргөх тухай зарлахаар орон нутгийн удирдагчидтай уулзсаны дараа ахлагч Гари Э.Стивэнсон орон нутгийн гишүүд болон номлогчидтой уулзжээ.

Өнгөрсөн жил ахлагч Гари Э.Стивэнсон Африкийн хэд хэдэн орон дахь есөн өдрийн айлчлалынхаа үеэр, Сүмээс өргөтгөл хийхэд нь тусалж буй Танзанийн Дар Эс Салаам дахь Макубури эрүүл мэндийн төвд зочилжээ. Ахлагч Стивэнсон: “Энд эх, хүүхдүүдэд үзүүлж буй үйлчлэлийг хараад бидний сэтгэл хөдөллөө” хэмээн хэлсэн юм.

Камбожид Сүм байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан ахлагч Рэнланд Камбожийн ерөнхий сайдтай уулзаж, түүнийг “гайхамшигтай хүн” хэмээн тодорхойлжээ.

Ерөнхий сайдын авга ах шиг титэм судасны бөглөрлийн улмаас нас барсан хүмүүст илүү сайн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхийн тулд Пномпень хотоос хойш 320 километр зайд орших Сиэм Риэп хотын эмнэлэгт зүрхний төв нэмж барихын тулд Есүс Христийн Сүм ойролцоогоор 2.2 сая ам.доллар хандивлаж байгааг зүрхний эмч асан төлөөлөгч ерөнхий сайдад хэлжээ.

Ахлагч Дэйл Г.Рэнланд Камбожийн Ерөнхий сайдтай уулзаж байгаа нь

Ахлагч Дэйл Г.Рэнланд 2024 оны 1-р сарын 22-нд Пномпеньд Камбожийн хаант улсын Ерөнхий сайд Самдэк Моха Борвор Типадэй ХУН Манэттай гар барив. Энэ түүхэн уулзалт нь Сүмийн удирдагч Камбожийн Хаант Улсын засгийн газрын тэргүүнтэй хийсэн анхны уулзалт юм.

2024 онд Азийн Хойд бүсэд айлчилсныхаа дараа ахлагч Үлиссэс Соарэс: “Надад Монголын Улаанбаатар болон Японы Киото, Хирошима, Фүкүока, Саппоро, Токиогийн гишүүд, удирдагчид, номлогчидтой хамт байх завшаан тохиосон. Цугларалт, хувийн уулзалт бүрээс би тэр хүмүүсийн Их Эзэнийг хайрлах гайхалтай хайр, итгэлийг мэдэрсэн. Тэдний хөрвөлтийн гайхамшигтай түүхүүд надад гүн гүнзгий мэдрэмж төрүүлж, Есүс Христийн тухай болон дэлхий дээрх Түүний сэргээгдсэн сайн мэдээний тухай гэрчлэлийг маань хүчирхэгжүүлсэн юм.

… Эдгээр улс орон дахь Христийн агуу шавь нарын дунд Их Эзэний Сүнсийг болон Түүний хайрыг мэдрэх нь миний хувьд ямар их адислал байсан гээч” хэмээн хэлжээ.

Төлөөлөгчдийн ажил

“Арван хоёр нь, Есүс Христийн сайн мэдээний тунхаглалаар … хаалгыг нээхээр гадагш илгээгдэн, мөн түлхүүрүүдийг атгадаг болой” (Сургаал ба Гэрээнүүд 107:35) гэсэн учир олон оронд сайн мэдээний үүд хаалгыг нээх нь төлөөлөгчдийн гол үүрэг хариуцлага юм.

Арван хоёрын гишүүн байх үед нь ерөнхийлөгч Нэлсонд сайн мэдээг хуваалцах хаалганууд өөрөөр нээгдсэн байдаг. Заримдаа Сүнс аль нэг засгийн газрын удирдагч дээр “бидний талаарх бодлоо өөрчилж эхлэх хүртэл нь ажилладаг байсан” гэж ерөнхийлөгч Нэлсон хэлэв. Өөр нэг удаа Сүмийн удирдагчидтай ярилцахыг хүсээгүй нэгэн хүнийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх үед Их Эзэн “ярилцаж болох хүнийг өгсөн байна.” Энэ тохиолдол бүрд ерөнхийлөгч Нэлсон: “[Тэнгэрээс надад хандсан] ‘Зүрх сэтгэлээ зориул. … Эрсдэлийг үүр. Тэгээд чамайг цааш явж чадахгүй бол би чамд тусална’ гэсэн захиас өөрчлөгддөггүй байсан” гэж хэлэв.

Олон хүнд хандан үг хэлэх, хувь хүнд хүрч тохинуулах хэрэгцээнүүдийг тэнцвэртэй байлгаснаар төлөөлөгчийн ажлын баяр баясгалан ирдэг гэж тэд хэлдэг. Тэд гишүүдэд адислал өгөх, талархлаа илэрхийлэх, шаардлагатай зөвлөгөөг өгөхөөр гэрт нь очиж уулздаг.

Ахлагч Бэднар: “Их Эзэн Арван хоёрын чуулгын гишүүнийг тодорхой цагт тодорхой газарт илгээснээр бид зовж зүдэрсэн эсвэл тайтгарал, баталгаа хэрэгтэй итгэлтэй хожмын үеийн гэгээнтнүүдтэй болон өөр бусад хүнтэй учирдаг. Бурхан эдгээр харилцааг удирдан явуулдаг” гэж хэлжээ.

Ахлагч Дэвид А.Бэднар нэгэн хүүтэй гар барьж байгаа нь

2023 оны 11-р сарын 5-нд Мексикийн Толука хотод ахлагч Дэвид А.Бэднар болон түүний эхнэр Сюзан нэгэн цуглаан дээр үг хэлснийхээ дараа хүмүүстэй мэндчилж байгаа нь.

Ахлагч Стивэнсон Кени улсын Найробид болсон нэр хүндтэй хэвлэлийн чуулганд оролцсоныг үндэсний телевизийн шууд нэвтрүүлгээр цацсан шиг тэдний үйлчлэл заримдаа олон нийтэд нээлттэй байдаг. Ахлагч Стивэнсон шууд нэвтрүүлгийн үеэр “Та нар … ‘Төлөөлөгч гэж хэн бэ?’ гэж сонирхож байгаа байх” хэмээгээд, “Бид … дэлхийн үндэстнүүд уруу очиж, амьд Бурханы Хүү, Есүс Христийг бурханлаг Хүү гэдгийг гэрчлэхээр дуудагдсан” гэж хэлсэн юм.

Ахлагч Дийтр Ф.Угдорф: “Бүх зүйл Түүний тухай юм. Бид Түүнийг төлөөлдөг. Энэ бол Бурханы болон Түүний агуу чанарын тухай төдийгүй хүүхдүүдийнхээ аз жаргалд Тэр хэр чухал үүрэгтэй байдаг тухай юм” гэж хэлжээ.

Тэдний ажил заримдаа шууд утгаараа гэртэй нь ойрхон өрнөдөг. Нэг өдөр ахлагч Бэднар гэрийнхээ дээврийг засаж байгаад хэрэгцээт зүйлсээ худалдаж авахаар орон нутгийнхаа дэлгүүрт очжээ. Тэр энгийн өмд, гутал, футболк, бэйсболын малгай зэрэг ажлын хувцас өмссөн байв.

“Намайг худалдан авах зүйлсээ сонгож байтал нэг эрэгтэй над дээр хүрч ирснээ ‘Ахлагч Бэднар, та зүсээ хувиргасан ч танигдаж байна’ гэж хэлэв. Бид инээлдэн, дараа нь тэр: ‘Танаас нэг юм асуувал дургүйцэхгүй биз дээ?’ гэлээ.

‘Би хариулах гэж л энд байгаа юм шүү дээ’ гэж би түүнд хэлсэн.

Тэр: ‘Юу гэсэн үг вэ?’ гэж эргэлзсэн янзтай асуув.

Би: ‘… Бурхан биднийг энэ дэлгүүрт уулзахыг мөн танд асуухыг хүссэн зүйл байгааг мэдэж байсан учраас би энд байна. Тиймээс асуух зүйлээ асуугаарай’ гэж хэлэв.

Бид лангууны эгнээнүүд дунд 15 минут орчим ярилцсан. Би түүнд асуултынхаа хариултыг олоход нь туслахыг хичээсэн. Дэлгүүрт энэ сайн хүнтай тааралдсан нь зүгээр л тохиолдлын хэрэг үү? Эсвэл энэ нь итгэлтэй нэгэн эрийн санаа зовоосон асуудалд … хариу өгсөн хайраар дүүрэн Аврагчийн тэнгэрлэгээр төлөвлөсөн үйл явдал байв уу?

Би Их Эзэний ажилд санамсаргүй тохиолдол гэж байдаггүй гэдэгт итгэдэг. Бодгалиудын үнэ цэн Бурханы мэлмийд агуу.”

Ахлагч Нийл Л.Андэрсэн Филиппиний арлууд дахь хүмүүстэй хамт

2024 оны 2-р сарын 22-нд Филиппиний Манила мужийн Хаймэ Кардинал Син тосгонд Сүм гурван усны нөөцийн савыг засварласан үйл явдал дээр ахлагч Нийл Л.Андэрсэн гэрэл зураг авхуулж байгаа нь.

Их Эзэнд итгэх итгэлээр сорилтуудыг даван туулах

Өнөөгийн төлөөлөгчдөд өргөн хүрээг хамарсан ярвигтай асуудлууд тулгардаг. Тэд улс төрийн үймээн самуун, порнограф, олон нийтийн мэдээллийн хэрэгслээс тасралтгүй ирэх дарамт шахалт, эдийн засгийн тодорхой бус байдал зэрэг сорилт бэрхшээлд өртөж буй 17 сая гаруй Сүмийн гишүүнийг хамарсан дэлхий даяарх цуглаануудад зааж, тохинуулахдаа сүнсний удирдамжийг эрж хайдаг. Улс үндэстнүүдийн хоорондын зөрчилдөөн энэ ажлыг саатуулдаг. Уламжлалт үнэт зүйлс доройтож байгаа нь нийгмийн тогтвортой байдалд бэрхшээл учруулж байна.

Арван хоёрын гишүүд үүрэг хариуцлагадаа буурь суурьтай ханддаг бөгөөд итгэлгүй байдал нэмэгдэж байгаа дэлхийд итгэлийг төлөвшүүлэхийг зорьж байна.

“Их Эзэний хүч Сүмийн удирдагчдын дээр ажиллаж … тэднийг яаравчлуулан илгээдэг нь тодорхой билээ. ‘Бид [удирдагчидтайгаа] хөл нийлүүлэн алхаж байна уу?’ гэж бид өөрсдөөсөө асуувал зохино. Бид дор бүрнээ энэ асуултад хариулахад бэлэн байх ёстой. Энэ бол Арван хоёр төлөөлөгчийн чуулгын хэлэлцвэл зохих сэдэв гэдгийг би та нарт батлан хэлж чадна. … Одоо амрах ч юм уу дуудлагаа тааваараа хийх цаг биш. …

… Бид удирдагчидтайгаа хөл нийлүүлэн алхаж, тэднийг хол алхах бүрд зэрэгцэн алхах бэлтгэлтэй байх ёстой” гэж Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, ерөнхийлөгч агсан М.Рассэлл Баллард (1928–2023) хэлжээ.

“Есүс Христийн дагалдагчдын хувьд бид Аврагчтайгаа адил болж, хийж буй бүх зүйлдээ Түүний жишээг дагахыг эрэлхийлдэг” хэмээн ахлагч Угдорф хэлэв. “Биднийг шавь болох зам дээр хөл тавьсан тэр мөчөөс эхлэн Бурханаас үзэгдэх хийгээд үл үзэгдэх адислалууд бидэнд ирж эхэлдэг.

Өнөөдөр бид хаана байгаагаасаа үл хамааран дагалдагчийн замаар алхаж чадна. Даруу байж, Тэнгэр дэх Эцэгтээ бүхий л зүрх сэтгэлээрээ хандан залбирцгаая. Түүнтэй ойр байж, Түүнээс суралцах хүслээ илэрхийлцгээе.”