2025
Аврагчтай холбоотой байгтун
2025 оны 3-р сар


“Аврагчтай холбоотой байгтун,” Лиахона, 2025 оны 3-р сар

Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Аврагчтай холбоотой байгтун

Биднийг уулын оргилоос бууж эхлэх үед гэнэт аав, эмэгтэй дүү хоёр маань дөрвөн дугуйтаасаа шидэгдчихэв.

Спортын хувцастай хоёр хүн шавартай зам дээр хөмөрсөн дөрвөн дугуйт мотоциклын хажууд зогсож байгаа нь

Зураг чимэглэлийг Дэвид Майлс

Нэг зун манайх амралтаараа Хятадын өмнөд хэсэг рүү очиж, бартаат замын дөрвөн дугуйт мотоцикл унаж ширэнгэн ой дундуур явж үзсэн юм. Биднийг дөрвөн дугуйт мотоциклын үйлчилгээ үзүүлдэг газар очиход хөтөч нь маш том дуулга, нүдний шил бүхий бүтэн биеийн хамгаалалтын хувцас өгсөнд би гайхсан. Ийм халуун, чийглэг өдөр сонирхогчдын хувьд бага зэрэг төвөгтэй санагдаж байсан ч бид хувцас хэрэгслийг өмсөв.

Бид жолоодлогын зааварчилгаа авсны дараа хөдөлж, уулын оргилд хүрэв. Бид тэнд зогсоод ус ууж, нүүрэн дээрх хөлсөө арчлаа.

Тэгэхэд манай хөтөч доошоо буух илүү ярвигтай гэж тайлбарлав. Бид хоорондоо ойрхон явах, тэр байтугай тэнцвэрээ хадгалахын тулд дөрвөн дугуйт бүр урд болон хойно явах дөрвөн дугуйтад хүрэлцсэн байдлаар галт тэрэг шиг цуваа үүсгэн явах хэрэгтэй байлаа.

Бид доош бууж эхлэх үедээ цуваагаа алдахгүйн тулд нэг нэгнээ дуудаж байв. Гэвч бид аажмаар нэгнээсээ холдож эхэлсэн ба миний болон манай аав, Виви дүү хоёрын унаж явсан дөрвөн дугуйтын хооронд зай гарав. Гэнэт Виви, аав хоёр дөрвөн дугуйтаасаа шидэгдэх нь тэр! Аав маань Вивиг яг цагаа олж халхалсан ба дөрвөн дугуйтыг түүний дээгүүр өнхөрч гарахаас хамгаалж чадав.

Аав, Виви хоёрыг босоод, өмднийхөө шороог арчиж байхыг хараад бид ямар их тайвширсан гээч. Тэд хамгаалах хувцас хэрэгслээ өмссөн байсан нь аминд орсон бөгөөд аав маань зөвхөн хөнгөн бэртэл авсан байлаа. Виви айсан ч гэмтээгүй байв. Биднийг дахин цугларахад хөтөч дахиад онхолдохыг хүсэхгүй байгаа бол дөрвөн дугуйтаа холбоотой явуулах хэрэгтэйг ноцтой сануулсан юм.

Зарим үед бид юмсыг өөрсдийн хүчээр хийж чадна гэж бодон уруу татагддаг. Бид тухгүй санагдаж болох сайн мэдээний хамгаалалтын хуяг дуулгыг өмсөх хэрэггүй гэж боддог. Үүний адил Тэнгэрлэг Эцэгтэйгээ холбоотой байхад хэцүү үе бидэнд тулгарч болно. Ийн бүтэлгүйтсэн үедээ бид өөрсдөө дэлхийн аймаар, аюултай замаар явах эрсдэл гаргаж, сүнслэг байдлын ноцтой осолд орж, гэмтдэг.

Хэрэв бид сайн мэдээний санал болгодог хамгаалалтыг хэрэглэж, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой холбоотой байх юм бол амьдралдаа тохиолдох сорилт бэрхшээлүүдтэй нүүр тулж чадна. Зам хэчнээн аймшигтай, сүрдмээр байлаа ч бид Тэдэнтэй хамт амжилтад хүрч чадна.