2025
Тэнгэрлэг Эцэг тантай ярихыг хүсдэг
2025 оны 3-р сар


“Тэнгэрлэг Эцэг тантай ярихыг хүсдэг,” Лиахона, 2025 оны 3-р сар

Тэнгэрлэг Эцэг тантай ярихыг хүсдэг

Түүнд болон Түүний хайрт Хүүд итгэх итгэл тань гивлүүрийг сөхөж, Эцэгийнхээ дуу хоолойг хүлээн авахад танд туслах болтугай.

Залбирч буй залуу эмэгтэй

Бид бол тэнгэрлэг гэрээс маань алс орших энэ дэлхийг хуваалцан оршиж буй, Бурханы хөвгүүд, охид билээ. Бидний мөнх бус байдал бол бие махбод хүлээн авах, мууг бус сайныг сонгох, ”сайн сайхны үнэ цэнийг мэдэж болохын тулд … гашууныг амсах” (Мосе 6:55), өөрсдийн Аврагч, Есүс Христ, Түүний ариун нандин Цагаатгалд итгэх итгэлээ нэмэгдүүлэх, Эцэгийнхээ аз жаргалын төлөвлөгөөг хүлээн авах цаг мөч юм. Бид энэ дэлхийд Тэнгэрлэг Эцэгтэй илүү адилхан болохоор ирсэн.

Бид мөнх бус байдлын өмнөх амьдралын тухай дурсамжгүйгээр ардаа орхисон амьдралаа бодон заримдаа ганцаарддаг. Өөртэй нь холбоотой байж, Өөрөөс нь удирдамж, чиглүүлэг, тайвшралыг хүлээн авах сүнслэг бэлгийг Эцэг бидэнд өгсөн. Бид энэ бэлгийг маш сайн мэднэ. Үүнийг залбирал гэдэг.

Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбир

Тэнгэр элч Адам, Ева хоёрт болон тэднийг дагах бүх хүнд “Чи наманчилж, үүрд мөнхөд Хүүгийн нэрээр Бурханыг дуудах ёстой” (Мосе 5:8) гэж зааварчилжээ.

Есүс ийн заасан. “Гуй, тэгвэл та нарт өгнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ” (Матай 7:7). “Чи залбирахдаа, … [нууцаар харагч] … Эцэгтээ залбир …” (Maтай 6:6). “Тиймд ийнхүү залбир. ‘Тэнгэр дэх, бидний Аав аа, Таны алдар ариунаар дуурстугай’” (Матай 6:9).

Есүс Эцэгтээ хандан залбирсаар байв. “Есүс залбирахаар ууланд гарч, бүхэл шөнийг Бурханд залбирсаар өнгөрөөв” (Лук 6:12). “… Тэр залбирахаар уул өөд явжээ” (Марк 6:46). “Тэд Гетсемани гэдэг газар ирэхэд Есүс шавь нартаа—Намайг залбирах зуур энд сууцгааж бай [гэв]…” (Марк 14:32). Есүс загалмай дээр байхдаа Өөрийг нь цовдолсон цэргүүдийн төлөө: “Аав аа, тэднийг уучлаач; Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна …”(Лук 23:34) гэж залбирсан.

Судрууд бидэнд “үргэлж залбир” хэмээн зөвлөдөг (Лук 21:36; 2 Нифай 32:9; 3 Нифай 18:15; Сургаал ба Гэрээнүүд 10:5; 19:38; 20:33; 31:12). “Бүх үйлүүддээ Их Эзэнтэй зөвлөгтүн, мөн тэрээр чамайг сайны төлөө чиглүүлэх болно” (Алма 37:37). Түүнээс гадна, бид Эцэгийнхээ бидний төлөө хийдэг бүхий л зүйлийг ухааран ойлгож, “бүхэл бодгаль [маань] эзэмшиж чадах тэрхүү бүх талархал мөн магтаалыг … [өргөдөг]” (Moзая 2:20).

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Өөрийгөө сүнслэг байдлаар үнэлэх үнэлэмж нь өглөө бүр бол Бурханаас ирдэг бэлэг гэдгийг ухамсарласнаар эхэлдэг. … Тэр биднийг өдрөөс өдөрт хамгаалж, хором бүрд дэмждэг” хэмээн тайлбарласан (Мозая 2:21-ийг үзнэ үү).

Нифай: “Учир нь хэрэв та нар хүмүүнд залбирахыг сургах Сүнсийг анхаарах аваас та нар залбирах ёстойгоо мэдэх бөлгөө; учир нь хилэнцэт сүнс хүнд залбирахыг үл сургана, харин тэрээр залбирах ёсгүйг түүнд сургадаг” (2 Нифай 32:8) гэж хэлсэн.

Аврагчийг хажуугаас нь харуулсан зураг

Христ Иаирын охиныг амилуулсан нь зургийн хэсгээс, Грэг K.Олсэны бүтээл

Аврагчийн үлгэр жишээнээс мөн тэнгэр элч нар болон бошиглогчдын олон зууны туршид өгсөн зөвлөгөөнөөс бид адислалууддаа талархаж, зүрх сэтгэлдээ байнга залбирах ёстойгоо тодорхой мэддэг. Бид Эцэгтэйгээ харилцах үүрэгтэй.

Гэхдээ үүнээс илүү гайхамшигтай нь Тэнгэр дэх Эцэг бидний залбирлуудад хариулдаг. Бидний энэ мөнх бус ертөнцөд бодууштай нэг асуулт бол Эцэгээс ирдэг хариулт, удирдамж, тайтгарлыг хэрхэн илүү сайн хүлээн авч, ойлгох вэ? хэмээх асуулт юм.

Дал гаруй жилийн туршлагаараа би Эцэг бидэнд хандан ярьдаг гэдгийг мэддэг. Бид ганцаараа биш. Биднийг Аврагчийг дагахаар эрэлхийлэх үед тэнгэрлэг элч нар биднийг харж хандаж, бидэнд тусалдаг.

Залбирлынхаа хариуг хүлээн авах нь Тэнгэрлэг Эцэгт болон Түүний Хүү Есүс Христэд итгэх итгэлээс эхэлдэг. “Бүү ай, зөвхөн итгэ” (Марк 5:36) хэмээн Есүс хэлсэн. Бид Түүнд итгэдэг бөгөөд зарлигуудыг сахихын тулд чадах бүхнээ хийж, бүх зүйлд Түүний нөлөөг эрж хайдаг. “Бүх зүйл дээр түүний мутрын нөлөөг хүлээн зөвшөөрдөггүй, мөн түүний зарлигуудыг дуулгавартай дагадаггүй тэднээс бусад хүн ямар ч зүйлээр Бурханд гэм бурууг үйлддэггүй” (Сургаал ба Гэрээнүүд 59:21).

Бидний амьдралд Бурханы нөлөө байна гэдэг нь Тэр энэ дэлхийд муу муухай болон эмгэнэлт зүйлсийн шалтгаан болдог гэсэн үг биш юм. Харин энэ нь хэцүү, шударга бус зүйлс тохиолдох үед Тэрээр танд тусалж, таныг дэмжиж, хөгжүүлж, тайтгаруулж, “зүдгүүрүүдийг [тань] [таны] ашиг тусын тул ариулан адислах болно” (2 Нифай 2:2) гэсэн үг юм.

Түүний дуу хоолойг сонс

Бид Түүнд итгэж, зарлигуудыг нь сахиснаар Түүний дуу хоолойг илүү сайн сонсож сурах болно.

1993 оны 9-р сард намайг ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдсан эхний жил тухайн үед Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүн байсан ерөнхийлөгч Жэймс Э.Фауст (1920–2007) эхнэр Кэти бид хоёрыг өөрийг нь дагалдан Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалтад урьсан юм. 1993 он бол ухаалаг гар утас, сошиал медиа, интернэт өргөн дэлгэрээгүй байсан үе гэдгийг санаарай.

Ерөнхийлөгч Фауст “Сүнсний дуу хоолой” гэсэн сэдвээр үг хэлэхдээ: “Танай үеийнхнийг хэрхэн амьдрах, хүсэл тэмүүллээ хэрхэн хангах, энэ бүхнийг хэрхэн олж авах талаар чинь хэлж өгөх үй олон дуу хоолой бүрхэн авах болно. Та нар хурууны үзүүрээрээ таван зуу хүртэлх телевизийн сувгаас сонгож үзэх болно. Та нарыг үй олон мэдээллээр дарах бүх төрлийн программ хангамж, хоорондоо харилцахад зориулсан компьютерын сүлжээний төхөөрөмж, мэдээллийн сан, сайтууд, хувийн компьютер ашиглан хэвлэн нийтлэх боломж, хиймэл дагуулын хүлээн авагч, харилцаа холбооны сүлжээнүүд гарч ирэх болно. … Гэхдээ та нарын анхаарч сурах ёстой дуу хоолой бол Сүнсний дуу хоолой” гэсэн юм.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр (1924–2015) хүн ихтэй цэцэрлэгт хүрээлэнгийн дундуур найзуудтайгаа алхаж явахдаа байгаль судлаач Жон Бурроуст тохиолдсон явдлын талаар ярьж, Сүнсний намуухан, зөөлөн дуу хоолойг заажээ. Ерөнхийлөгч Пакэр ингэж хэлсэн. Тэрээр:

“[Ноён Бурроус] хотын амьдралын дуу чимээн дунд нэгэн шувуу дуугарахыг сонсжээ.

Тэр зогсоод, анхааралтай сонсов. Түүнтэй хамт байсан хүмүүс сонсоогүй байлаа. Тэр эргэн тойрноо харлаа. Өөр хэн ч тэр дууг анзаараагүй байв.

Хүн бүр ийм сайхан зүйлийг анзаарахгүй өнгөрдөг нь түүнд таагүй санагдав.

Түүнийг халааснаасаа нэг зоос гаргаад агаарт шидэхэд, явган хүний засмал зам дээр шувууны дуунаас намдуу чимээ гарган уналаа. Бүх хүн эргэж харав. Тэд үүнийг сонссон байлаа!

Хотын замын хөдөлгөөний бүхий л дуу чимээнээс шувууны дууг ялган танихад хэцүү аж. Гэхдээ та үүнийг сонсох боломжтой. Хэрвээ та үүнийг олж сонсох чадвараа хөгжүүлбэл чөлөөтэй сонсож чадна.”

Ерөнхийлөгч Пакэр амьдрал одоогийнхоос илүү нам гүм, бидний мэдрэмж, оюун бодлыг сатааруулах үйл ажиллагаа, дуу чимээ бага байсан 1979 онд Ариун Сүнсний талаар ийн зааж байжээ.

Ерөнхийлөгч Нэлсон: “Та нар олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээрх мэдээллүүдэд Сүнсний шивнээнээс илүү их анхаарал хандуулж байгаа бол өөрсдийгөө сүнслэг байдлын эрсдэлд оруулж байна гэсэн үг” хэмээн заасан.

Ерөнхийлөгч Фауст: “Хэрэв бид Сүнсний дуу хоолойг анхааран сонсох гэж байгаа бол бид ч бас сонороо нээж, итгэлийн мэлмийгээ уг дуу хоолойны эх сурвалж руу хандуулан, тэнгэр өөд тууштайгаар харах ёстой” гэж хэлжээ.

Сүнсний дуу хоолой бидний оюун болон мэдрэмжийн аль алинд ирдэг. “Чамд ирж мөн зүрх сэтгэлд чинь орших Ариун Сүнсээр оюунд чинь мөн зүрх сэтгэлд чинь би чамд ярих болно” (Сургаал ба Гэрээнүүд 8:2). Ухамсраа дага. Илчлэлт ихэвчлэн эндээс эхэлдэг.

Ахлагч Андэрсэн хэсэг бүлэг хүнд хандан үг хэлж байгаа нь

2024 оны 2-р сард Филиппиний Маркина хот дахь Girls’ Home Boys’ Town цогцолборт айлчлах үеэрээ ахлагч Андэрсэн тэндхийн залуучуудад Бурханы хүүхдүүд гэдгийг нь заасан ба “Тэр та нарт хайртай. Та нар Түүнээс тусламж хүсэж болно. Тэр залбиралд чинь хариулна” гэжээ.

Итгэгч зүрхээр залбир

Хариулт, сэтгэгдлийг хүчилж болохгүй. Бид итгэгч зүрх сэтгэлээр залбирч, хүлээдэг. Зарим хариулт энэ амьдралд ирэхгүй ч зөв шударга хүмүүст Их Эзэн амар амгалангаа үргэлж илгээх болно (Иохан 14:27-г үзнэ үү). Биднийг эргэн тойрныхоо хүмүүст туслахаар залбирах үед ихэвчлэн хариултууд ирдэг. Заримдаа тэдгээр нь “шат шатаар, дүрэм дүрмээр” (Сургаал ба Гэрээнүүд 98:12) ирдэг.

Тэнгэрийн дуу хоолой бидэнд санаанд оромгүй цаг үед, санаанд оромгүй газруудад ирж болох ч бид нам гүм газар, ариун газруудад хамгийн чухал боломжуудыг олж авдаг. Өглөө эртлэн залбирч, тунгаан бодох үед би ер бусын адислалуудыг олж авдаг. Өдөр бүр, хувиараа судраа тасралтгүй тогтмол унших нь заримдаа ердийн нэг хэвшил мэт санагддаг ч зарим үед Сүнсний дуу хоолойг зүрх сэтгэлд маань гал мэт авчирдаг.

Заримдаа сэтгэгдлүүд зөвхөн бидний уншиж байгаа зүйлээс төрдөг бол бусад үед тунгаан бодох нь өөр асуудалд хариултыг өгдөг. Ахлагч Робэрт Д.Хэйлс: “Бид Бурхантай ярихыг хүссэн үедээ залбирдаг. Түүнээс бидэнтэй яриасай хэмээн хүсэж байгаа үедээ бид судруудыг судалдаг” гэж хэлснийг санаарай.

Дэлхийн чимээ шуугиан, анхаарал сарниулах зүйлс бидний эргэн тойронд эргэлдэж буй энэ үед Их Эзэн бошиглогчдоо илүү олон ариун сүм барихыг зааварласан. Бид Их Эзэний энэ ариун өргөөнд сорилт бэрхшээлээ гадна нь орхиж, мөн залбиралтайгаар санаа зовоосон асуудлуудаа тээн орох үедээ мөнхийн үнэнүүдэд суралцдаг.

Жилийн өмнө ерөнхийлөгч Нэлсон: “Хайрт ах, эгч нар аа, би дараах амлалтыг та нарт өгье. Боломжийнхоо хэрээр ариун сүмд тогтмол шүтэн бишрэхээс илүү төмөр бариулаас зууран барихад туслах зүйл гэж үгүй. Дэлхийн харанхуй манантай тулгарах үед таныг үүнээс илүү хамгаалах зүйл гэж үгүй. Өөр юу ч Их Эзэн Есүс Христийн тухай мөн Түүний Цагаатгалын талаарх гэрчлэлийг тань үүн шиг хүчирхэгжүүлж, Бурханы агуу төлөвлөгөөг илүү сайн ойлгоход туслахгүй. Шаналах үед сүнсийг тань илүү илаарьшуулах зүйл үгүй. Тэнгэрийг илүү их нээх өөр юу ч байхгүй. Тийм юу ч байдаггүй! гэсэн гайхамшигтай амлалтыг өгсөн.

Ерөнхий чуулган бүр элбэг дэлбэг адислалуудыг нэмж өгсөөр байдаг. Ирэх 4-р сард бид Их Эзэний дуу хоолойг сонсохын тулд Ерөнхий чуулганаар дахин цуглах болно. Бид Ерөнхий чуулганд залбирал, бэлтгэлтэй очдог. Бидний хүн нэг бүрд санаа зовоосон чухал асуудлууд болон чин сэтгэлийн асуултууд байдаг. Бид Аврагч, Есүс Христэд итгэх итгэлээ шинэчилж, уруу таталтыг эсэргүүцэх чадвараа нэмэгдүүлэхээр очдог. Бид дээрээс суралцахаар очдог. Та нар Ерөнхий чуулганы хуралдаануудад бэлтгэж, залбиралтайгаар очих юм бол санаа зовоосон асуудлынхаа хариултыг хүлээн авч, “тэнгэрийн мутар” та нарын дээр байгааг мэдэх болно гэдгийг би амлаж байна.

Тэнгэрлэг Эцэг тань танд хандан ярьж байгаа гэдэгт итгэлтэй бай. Тэр ярьсаар байгаа! Түүнд болон Түүний хайрт Хүүд итгэх итгэл тань гивлүүрийг сөхөж, Эцэгийнхээ дуу хоолойг хүлээн авахад тань туслах болтугай. Тэр таны хажууд байгаа бөгөөд таныг үгээр илэрхийлэхийн аргагүй ихээр хайрладаг гэдгийг би гэрчилж байна.

Эх сурвалж

  1. Рассэлл М.Нэлсон, “Joy Cometh in the Morning,” Ensign, 1986 оны 11-р сар, 68.

  2. Жэймс Э.Фауст, “The Voice of the Spirit” (Brigham Young University devotional, Sept. 5, 1993), 2, 3, speeches.byu.edu.

  3. Boyd K. Packer, “Prayers and Answers,” Ensign, Nov. 1979, 19

  4. Рассэлл М.Нэлсон, Вэнди В.Нэлсон, “Израилын найдвар” (өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3), Gospel Library.

  5. Жэймс Э.Фауст, “The Voice of the Spirit,” 4.

  6. Робэрт Д.Хэйлс, “Holy Scriptures: The Power of God unto Our Salvation,” Liahona, Nov. 2006, 26–27.

  7. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, “Санваарын түлхүүрүүд өгөгдсөнд баяс”, Лиахона, 2024 оны 5-р сар, 122.

  8. Нийл Л.Андэрсэн, “Их Эзэний дуу хоолой,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 126-г үзнэ үү.