“Тэргүүн зөвлөлийн тохинуулал,” Лиахона, 2024 оны 5-р сар.
Сүмийн мэдээ
Тэргүүн зөвлөлийн тохинуулал
2024 оны 2-р сарын 14-нд олон нийтийн сүлжээнд нийтэлсэн захиасандаа ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон хүн бүрийг Валентины баярын өдрийг хөршөө хайрлах амлалтыг дахин өгөх сануулга болгон ашиглахад урьсан. Ерөнхийлөгч Нэлсон дэлхий дахины хүмүүсийн хайрыг тэмдэглэх энэ өдөр нэг л байдаг хэмээн хэлэв. Хайр заримдаа цэцэг, шоколад, бэлгийн тухай юм шиг байдаг бол “хоёр дахь агуу тушаал нь хөршөө жинхэнээсээ хайрлахыг буюу хайрын өөр нэгэн төрлийг заадаг.”
2-р сарын 15-нд ерөнхийлөгч Нэлсон зөвлөхүүдийнхээ хамт навахо үндэстний ерөнхийлөгч, доктор Бүү Нигрэн, түүний эхнэр тэргүүн хатагтай Жасмин Блэкватэр-Нигрэн хоёрыг Ариун сүмийн талбайд хүлээн авч уулзжээ. Доктор Нигрэн ус, цахилгаан, навахо айл бүрд хүрэх сайн зам зэрэг энгийн хэрэгцээнүүдийг хангахаар зорин ажиллаж байгаа ажээ. Сүүлийн жилүүдэд Есүс Христийн Сүм навахо үндэстэнд эдгээр зүйлийн заримыг авчрахад тусалсан юм.
3-р сарын 9-нд болсон Найзаас найзад нэвтрүүлгийн үеэр Тэргүүн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх ерөнхийлөгч Даллин Х.Өүкс эхнэр Кристиний хамт Хүүхдийн хэсгийн насны долоон ачинцар, гучинцартайгаа Ариун Сүнсийг хэрхэн сонсох талаар болон сэрэмжлүүлэх, тайтгаруулах, гэрчлэх, удирдан чиглүүлэх, заах гэх мэт Ариун Сүнсний хийдэг олон зүйлийн талаар ярилцав.
Ерөнхийлөгч Өүкс: “Есүс Христийн шавь нар сонсдог. Заримдаа Тэр бидэнд мэдрэмж өгдөг, заримдаа бодол төрүүлдэг. Заримдаа бид Түүний дууг сонсдог. Бидний бошиглогч ерөнхийлөгч Нэлсон биднээс Аврагчийг сонсож, чагнахыг хүссэн” хэмээн хэлсэн.
Тэргүүн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн 61 жил ханилсан эхнэр Кэтлийн 2023 оны 10-р сарын 15-нд нас барж, ерөнхийлөгч Айринг эхнэртэйгээ түр зуурын салах ёс гүйцэтгэлээ. Ерөнхийлөгч Айринг: “Кэтлийн намайг үргэлж өөрийнхөө хамгийн сайнаараа байхыг хүсэхэд хүргэдэг” хэмээн хэлсэн юм.
3-р сарын 24-нд ерөнхийлөгч Айринг АНУ-ын Юта мужийн Сэйнт Жорж хотод байрлах Ютагийн Рэд Клиффс ариун сүмийг онцгойлон адислав. Онцгойлон адислах үйлчлэлийн үеэр тэр: “Та бүхэн энд үйлчлэхдээ өөр ямар ч арга замаар олж авах боломжгүй тийм баяр баяслыг олох болно” хэмээв.