“Ахлагч Сэргио Р.Варгас,” Лиахона, 2024 оны 5-р сар.
Ахлагч Сэргио Р.Варгас
Далын ерөнхий эрх мэдэлтэн
Ахлагч Сэргио Р.Варгас Андрэа Санчэзд сэтгэлтэй болохдоо, өөрийнхөө гэр бүлд зориулан өөрийнхөө сүмд хуримын ёслол үйлдэж, эхнэрийнхээ гэр бүлд зориулан өөр сүмд бас хуримын ёслол үйлдэж, өөр өөр шашны асуудлаа энгийн аргаар шийдвэрлэнэ гэж боджээ.
Гэвч тэр удалгүй ингэх нь тийм ч амар зүйл биш гэдгийг ойлгов. Андрэа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байсан бөгөөд ариун сүмд гэрлэхийг хүсэж байлаа. Тэгээд тэрээр өөрийнх нь итгэл үнэмшлийн талаар номлогчдоос илүү ихийг сурч мэдэхэд түүнийг урьжээ.
Ахлагч Варгас урилгыг нь хүлээн авч, амьдралаа өөрчилсөн юм.
Тэрээр тухайн үед яргай загасны компанид амьд загасыг далайгаар тээвэрлэхэд туслах ажилтай байснаа дурсав. 25 цагийн урт аяллын туршид Мормоны Номыг уншихын тулд тэр сайн мэдээний талаар Тэнгэрлэг Эцэгээс асууж болох чимээгүй газар олжээ. Энэ нь түүний хувьд сүнслэг өөрчлөлтийн цэг байсан.
Ахлагч Варгас 1976 оны 11-р сарын 2-нд Чилийн Пүэрто Варас хотод төрсөн ба хоёр дүүгийнхээ хамт тэнд өсөж том болжээ. Түүний аав Рэнато Варгас цагдаагийн офицерын хувьд амар тайвныг сахиулж байх үед ээж Гладис Барриа нь гэр орноо авч явдаг байв. Залуу эрэгтэй байхдаа номлогчидтой тааралддаг байсан ч тэр сайн мэдээнээс суралцахаас илүүтэй сагсан бөмбөгийг сонирхдог байжээ.
Ахлагч Варгас Варгас эгчтэй танилцах хүртлээ номлогчдыг оюун бодол, зүрх сэтгэлдээ нээлттэй хүлээн авч сонсоход бэлтгэгдээгүй байсан тухайгаа ярьсан. Тэд 2003 оны 7-р сарын 26-нд гэрлэж, хожим нь Чилийн Сантьяго ариун сүмд лацдан холбогджээ. Тэд гурван хүүхэдтэй.
Далын ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдах үедээ ахлагч Варгас Өмнөд Америкийн Өмнөд бүсэд Бүсийн далаар үйлчилж байсан юм. Тэр өмнө нь дээд зөвлөлийн гишүүн, салбарын ерөнхийлөгч, гадасны ерөнхийлөгчөөр тус тус үйлчилсэн.
Ахлагч Варгас 1999 онд Лос Лагосын Их Сургуулиас далай судлаачийн мэргэжлээр бакалаврын зэрэг мөн 2002 онд Аустрал Их Сургуулиас бизнесийн удирдлагын магистрын зэрэг тус тус авчээ. Тэр хамгийн сүүлд Германы Шоргубэр Корпораци Группийн гишүүн Вэнтискүэрост бүтээгдэхүүн, үйл ажиллагааны менежерээр ажиллаж байсан.