“Ахлагч Карл Д.Хөрст,” Лиахона, 2024 оны 5-р сар.
Ахлагч Карл Д.Хөрст
Далын ерөнхий эрх мэдэлтэн
Ахлагч Карл Д.Хөрст өөрийгөө “онцгой дуудлагад дуудагдсан энгийн нэг хүн” гэж үздэг.
Шинэхэн Далын ерөнхий эрх мэдэлтэн маань өөрийн гэрчлэл, үүний баталгааг мөн зарим талаар энгийн зүйл гэж боддог. Ахлагч Хөрст: “Тэнгэр элч айлчилж ирээгүй, ямар ч гайхамшигтай сүнслэг зүйл тохиолдоогүй ч би энэ талаар санаа зовохоо больсон. Учир нь Бурханы надтай ярихаар сонгосон арга зам бусад хүнтэй ярихаар сонгосон арга замаас өөр байсан ч энэ нь миний хувьд хангалттай. Энэ нь гайхамшигтай биш, харин элбэг хүртээмжтэй” хэмээсэн.
Ахлагч Хөрстийн аав Жэк даруухан булангийн дэлгүүртэй байсан бөгөөд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар худалдан авагчдаасаа сонсож, Карлыг төрснөөс хэдэн жилийн дараа Сүмд нэгджээ. Карл 1972 оны 2-р сарын 28-нд Английн Ланкаширын Бюри хотод төрсөн юм.
Ахлагч Хөрстийн Есүс Христийн талаарх гэрчлэл хүүхэд байхдаа ээж Вивиэн Рүт Мийкин Хөрст, эмээ хоёртойгоо хамт өөр нэгэн сүмийн ням гаргийн ангид сууж, Аврагчийн тухай түүхээс суралцаж, дуулал дуулдаг байснаар эхэлж байжээ.
Залуу Карл дараа нь хожмын үеийн гэгээнтнүүдийн цуглаанд оролцож, Хүүхдийн хэсгийн багшаас баптисм хүртэх урилга хүлээн авч байсан ба 10 настайдаа зөвшөөрч баптисм хүртсэн байна. Ахлагч Хөрст амьдралынхаа 50 гаруй жилийн туршид хүүхдийнх шиг итгэл, гэрчлэлээ хадгалсаар иржээ.
“Бурхан намайг Хүүхдийн хэсэгт байхад надтай ярьсантай адил замаар, Ням гаргийн ангид байхад ярьж байсан тэр л арга замаар миний зүрх сэтгэлд хандан ярьдаг” хэмээн ахлагч Хөрст өгүүлэв.
Тэрээр 1993 оны 5-р сарын 29-нд Клэр Элизабэт Врайттай Ланкаширын Бөрнлийд гэрлэн, тэр өдрөө Английн Лондон ариун сүмд лацдан холбогдсон.
Ахлагч Хөрст 1996 онд Ланкастэрын Их Сургуулиас хууль зүйн ухааны бакалаврын зэрэг мөн 2016 онд Аллаянс Манчэстэрын Бизнесийн Сургуулиас бизнесийн удирдлагын магистрын зэрэг авчээ. Тэр 1997 оноос хойш хуульчаар ажиллаж байгаа.
Хөрстийн гэр бүл зургаан хүүхэдтэй бөгөөд одоо Английн Чэстэрфийлдийн Болсовэрт амьдардаг. Хөрст ах энэ дуудлагад дуудагдахаасаа өмнө Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө цугларалтын удирдагчаар үйлчилж байсан.