2024
Ерөнхий чуулганы хэлний хөрвүүлэг
2024 оны 5-р сар


“Ерөнхий чуулганы хэлний хөрвүүлэг,” Лиахона, 2024 оны 5-р сар.

Хөшигний ард

Ерөнхий чуулганы хэлний хөрвүүлэг

Ерөнхий чуулганы хуралдаан бүрийг эхлэхээс нэг цагийн өмнө зуу зуун хэлний мэргэжилтэн нэг том танхимд цугларч, 103 хэл дээр орчуулагдаж хөрвүүлэгдэх чуулганы захиаснуудад эцсийн өнгөлгөөг буюу жижиг засваруудыг хийдэг.

Чуулган эхлэхэд тэдэнд ганц л боломж бий. Сайн хийх ёстой, эхний удаагийнх нь сайн байх ёстой. Үр дүнтэй хөрвүүлэхийн тулд хэмнэл, дууны өнгө хувиралт, цэвэр тод хэллэг, хэлний мэргэжлийн түвшин зэргээс гадна индэр дээрх үг хэлэгчийн хэлэх гэсэн санаа, сэтгэл хөдлөлийг захиасыг бэлдэх үедээ мэдэрч байсан сүнсний мэдрэмжтэйгээр дамжуулан илэрхийлэхийг шаарддаг.

800 гаруй унаган хэлтэй болон эргэж ирсэн номлогч энэ Ерөнхий чуулганы хэсгийг хөрвүүлсэн. Бараг тал нь захиаснуудыг АНУ-ын Юта мужийн Солт Лэйк Ситигээс хүргэсэн бол үлдсэн тал нь өөрсдийн улсаас хөрвүүлэн хүргэсэн. Түүнчлэн зарим нь Ерөнхий чуулганы өмнөх долоо хоногуудад чуулганы захиаснуудыг орчуулахад хувь нэмрээ оруулсан.

Шууд дамжуулалтын үеэр хуралдаан болгон дээр хөрвүүлэгчид ихэвчлэн дөрвөөс зургаан хүнтэй баг болон Сүмийн оффисын байран дахь дуу тусгаарлагчтай бүхээгт эсвэл дэлхий даяарх төлөвлөсөн байршлуудад захиас тус бүрийг уншдаг. Хөрвүүлэгчид чихэвч зүүн, болж буй зүйлийг англи хэл дээр сонсонгоо дэлгэц рүү харж, үг хэлэгчтэй хөрвүүлгийнхээ цагийг тохируулдаг. Тэд хоёр өөр хэл дээр явж буй яриаг толгойдоо зэрэг тааруулах ёстой.

Хөрвүүлэгч Жонас Прасад Фижигийн хинди хэлтэй Сүмийн гишүүд бошиглогчийн үгийг өөрсдийн хэл дээр сонсохыг тэсэн ядан хүлээж байна гэж ярьсан. Тэрээр нэгэн эгчийн талаар “Олон жилийн турш түүний сонсох боломжтой байсан Сүмийн цуглаанууд англи хэл дээр явагддаг байсан. Хэдийгээр тэр нэг ч үг мэдэхгүй ч Сүнсийг мэдрэхийн тулд ирээд, чимээгүй суудаг байв. Одоо тэр сайн мэдээг өөрийнхөө хэл дээр сонсож байгаадаа үнэхээр их баяртай байгаа” хэмээн ярив.