“Ахлагч Стивэн Д.Шамвэй,” Лиахона, 2024 оны 5-р сар.
Ахлагч Стивэн Д.Шамвэй
Далын ерөнхий эрх мэдэлтэн
Ахлагч Стивэн Д.Шамвэйг АНУ-ын Тэксас мужийн Хюстон хотод Exxon Chemical компанид ажиллаад хоёр жил болж байх үед аав, ээж нь Боливи дахь номлолыг удирдахаар дуудагдсан ба тэр Аризона дахь гэр бүлийн бизнестээ туслах хэрэгтэй болсныг мэджээ.
Аав нь түүнд “Би чамайг буцаж ир гэж шахаж, дарамталмааргүй байна. Гэхдээ чамайг буцаж ирэхгүй бол бизнес маань яах бол гэж санаа зовж байна” гэж хэлсэн аж.
Ахлагч Шамвэй: “Энэ шийдвэрийг гаргахад маш хэцүү байсан” гэв.
Тэр эхнэртэйгээ хамт Тэксасын Даллас ариун сүм рүү таван цаг явж очин, тэнд өдөржин байсан ч хариулт хүлээж авсангүй. Дараа нь тэд номын дэлгүүрт явж байхдаа ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн (1910–2008) намтрыг өгүүлсэн Go Forward with Faith нэртэй номыг олж харсан байна.
Ахлагч Шамвэй: “Бид хоёр хоёулаа Их Эзэн ‘Өөрийнхөө биш миний арга замаар итгэлтэйгээр урагш явах хэрэгтэй’ хэмээн хэлэхийг мэдэрсэн. Тэгээд бид Аризона руу нүүсэн. Энэ нь бидний амьдралын хамгийн гайхалтай, сайхан өөрчлөлтүүдийн нэг байсан” хэмээн ярив.
Ахлагч Шамвэй гэрлэлтээсээ сурсан хамгийн чухал зүйлсийн нэг бол “Чи [Их Эзэний] урилгыг хүлээн авснаар дэгжин дэвшиж, өсөж хөгжинө. Өөрийнхөөрөө хийх гэж оролдсоноос илүү сайн байх болно” гэсэн сургамж юм хэмээв.
Ахлагч Стивэн Д.Шамвэй 1970 оны 6-р сарын 30-нд АНУ-ын Аризона мужийн Спрингэрвилл хотод Вилфорд Даглас, Дикси Анн Шамвэй хоёрын гэр бүлд мэндэлж, Аризонагийн Ийгэрт өсөж торнижээ. Тэрээр Хайди О’Брайнтай 1994 оны 12-р сарын 29-нд Солт Лэйк ариун сүмд гэрлэсэн. Тэд дөрвөн хүүхдийн эцэг эх бөгөөд Аризона мужийн Пайнтоп хотод амьдардаг.
Ахлагч Шамвэй 1996 онд Бригам Янгийн Их Сургуулиас химийн инженерийн мэргэжлээр зэрэг авч, 1996-1998 онд Exxon Chemical компанид ажиллаж байсан ба 1998 оноос хойш Whiting Brothers Investment компанийн ерөнхийлөгч, CEO-өөр ажиллаж байна.
Тэр энэ дуудлагад дуудагдах үедээ Бүсийн далын эрх мэдэлтнээр үйлчилж байсан. Тэр Иллинойн Чикаго номлолын ерөнхийлөгч, гадасны ерөнхийлөгч, бишоп, ахлагчийн чуулгын ерөнхийлөгч, гадасны номлолд бэлтгэх ангийн багш, Филадэлфиа Пэннсилвэниа номлолд бүрэн цагийн номлогчоор тус тус үйлчилсэн.