“Ерөнхийлөгч Пол В.Жонсон,” 2024 оны 5-р сарын Лиахона
Ерөнхийлөгч Пол В.Жонсон
Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгч
Семинарын багшаас эхлэн Сүмийн боловсролын комиссын гишүүнээр есөн жил ажилласан Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгч Пол В.Жонсоны ажил мэргэжил сайн мэдээг заах туршлагаар арвин билээ. Гэвч түүний шинэ дуудлагадаа авчрах хамгийн чухал чадвар нь түүний хэлснээр “Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёрыг хайрлах хайр мөн залуу болон бусад хүнийг хайрлах хайр” нь юм.
Ерөнхийлөгч Жонсон 1954 оны 6-р сарын 24-нд АНУ-ын Флорида мужийн Гэйнсвилл хотод Вэр Жонсон, Винифрэд Амакэр хоёрын гэр бүлд мэндэлжээ. Түүнийг нэг нас хүрэхээс өмнө аав, ээж нь АНУ-ын Юта мужийн Логан хот руу нүүж, тэнд түүнийг болон долоон ах, эгч, дүүг нь өсгөжээ.
Ютагийн Монтичэллод Логаноос нүүж очсон хуучин дасгалжуулагч нь түүнийг тэндхийн ахлах сургуулийн америк хөл бөмбөгийн багт элсүүлснээр түүнд ирээдүйн эхнэр Жилл Вошбөрнтой илүү дотно танилцах боломж тохиов. Пол, Жилл хоёр өмнө нь танилцаж байсан ч одоо нэг тойрог, нэг семинарын ангид явснаар найзууд болцгоов. Жонсон эгч түүнийг Норвегт бүрэн цагийн номлолд үйлчилж байхад нь захидал бичдэг байсан.
Тэд 1976 оны 8-р сарын 18-нд Ютагийн Логан ариун сүмд гэрлэжээ. Тэд 9 хүүхэд, 43 ач зээтэй.
Жонсоны гэр бүл охиноо хорт хавдраар алдахаас авхуулаад өөрсдөд нь эрүүл мэндийн асуудал тохиолдох зэрэг багагүй зовлон зүдгүүртэй нүүр тулсан. Гэсэн ч ерөнхийлөгч Жонсон эдгээр туршлага нь Бурханы төлөвлөгөөний талаарх түүний үзэл бодлыг өөрчилсөн хэмээн ярьсан юм. “Энэ нь намайг багш хүний хувьд Аврагчаас болон Тэнгэрлэг Эцэгээсээ зууран барихад нь залуу хүмүүст туслах хүслийг минь нэмэгдүүлдэг” гэж тэр хэлэв.
Ерөнхийлөгч Жонсон Бригам Янгийн Их Сургуулиас 1977 онд амьтан судлалаар бакалаврын зэрэг, 1978 онд зөвлөгөө, хөтчийн чиглэлээр магистрын зэрэг авчээ. Тэр 1989 онд Юта мужийн Их Сургуулиас боловсролын ухааны докторын зэрэг хүртсэн.
Ерөнхийлөгч Жонсон 2005 оны 4-р сард Далын ерөнхий эрх мэдэлтнээр дэмжин батлагдаж, 2021 оны 8-р сарын 1-ээс Далын ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнээр үйлчилсэн юм. Тэр Европын бүсийн ерөнхийлөгчийн зөвлөх, Чили бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд зөвлөх, гадасны ерөнхийлөгчийн зөвлөх, бишоп зэрэг дуудлагад үйлчилж байсан.
Тэрээр 2024 оны 8-р сарын 1-ээс шинэ дуудлагаа эхлүүлэхдээ гавьяаны чөлөөндөө гарах болно.