“Дэвид Л.Бакнэр,” Лиахона, 2024 оны 5-р сар.
Ахлагч Дэвид Л.Бакнэр
Далын ерөнхий эрх мэдэлтэн
Ахлагч Дэвид Л.Бакнэр 1963 оны 9-р сарын 27-нд АНУ-ын Юта мужийн Огдэн хотод төрж, Калифорниа мужийн Сакрамэнто хотод гурван жил амьдрахдаа “өсөж том болжээ.”
Тэр Мэлба, Э.Ламар Бакнэр хоёрын таван хүүхдийн отгон нь бөгөөд түүнийг 11 настай байхад аав нь Сакрамэнто дахь Сүмийн номлолыг тэргүүлэхээр дуудагдан, гэр бүлээрээ Калифорниа муж руу нүүсэн байна. Юта дахь сайн найзуудаасаа хол байхдаа хэрхэн шинэ найзуудтай болох талаар сурч, “300 ах, эгчтэй” болсон нь бүрэн цагийн номлогчид байлаа.
Хамгийн чухал нь тэр Есүс Христийн сайн мэдээний талаарх гэрчлэлийнхээ үндэс суурийг тавьсан юм. “Уг номлолын туршлага миний хувьд бүх зүйлийг өөрчилсөн” гэж тэр хэлсэн.
Хожим нь тэр Эквадорын Гуаякил номлолд үйлчилсэн. Номлолдоо очоод гуравхан сарын дараа, Хипихапа суурингийн салбарын ерөнхийлөгчөөр үйлчилж байх үед нь Сүмийн үйл ажиллагаанд оролцож байсан 11 настай хүү усанд живж нас барахад тэрээр салбарын гишүүдтэй хамт гашуудан шаналж байжээ.
Үүний дараа хэдэн долоо хоног, хэдэн сарын турш тэрээр Тэнгэрлэг Эцэгээс гуйн залбирахдаа авралын төлөвлөгөөний талаар гуйвшгүй гэрчлэлийг олж авсан юм. Мөн уг суурингийн хүмүүсийг сайн мэдээг хүлээн авахад Их Эзэний нигүүлсэл тэдний дээр байхыг тэр харсан. Тэд хамтдаа амьдралын ариун нандин мөн чанар, Их Эзэний ач ивээлийн хүчийг ойлгожээ.
Ахлагч Бакнэр номлолынхоо дараа Бригам Янгийн Их Сургуульд суралцаж байхдаа Жэннифэр Ромни Жаксонтой танилцаж, тэд 1990 оны 8-р сарын 30-нд Солт Лэйк ариун сүмд гэрлэсэн. Бакнэр эгч АНУ-ын Нью-Йорк хотод өссөн ба тэд гэрлэснийхээ дараа тийшээ нүүсэн байна. Ахлагч Бакнэр Манхэттэнд Шашны удирдагчдын нэр хүндтэй комисст Сүмийг төлөөлөн ажиллаж байсны зэрэгцээ тэд таван хүүхдээ тэнд өсгөжээ.
Ахлагч Бакнэр 1988 онд БЯИС-аас санхүүгийн чиглэлээр шинжлэх ухааны бакалавр мөн 1991 онд Дурам Их Сургуулиас бизнесийн удирдлагын магистрын зэрэг авсан. Тэрээр мөн 1995 онд БЯИС-аас олон улсын харилцааны магистрын зэрэг, 1996 онд тус сургуулиас хууль зүйн ухааны докторын зэргийг тус тус хүртсэн. Тэр коллежийн профессор байснаас гадна 1999 оноос хойш Bottom Line Training and Consulting Inc-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм. Ахлагч Бакнэр Бүсийн дал, гадасны ерөнхийлөгч, дээд зөвлөлийн гишүүн, бишопоор тус тус үйлчилж байв.