“Эмэгтэйчүүдийн нөлөө,” Лиахона, 2024 оны 5-р сар.
2024 оны дэлхий дахины Халамжийн нийгэмлэгийн онцгой цугларалтаас
2024 оны 3-р сарын 17
Эмэгтэйчүүдийн нөлөө
Бусдад сайнаар нөлөөлөхдөө өөрийнхөө дотор буй ер бусын хүчийг хэзээ ч дутуу үнэлж болохгүй.
Халамжийн нийгэмлэгийн хайрт эгч нар минь, би энэ өдөр та нартаа хандан үг хэлж байгаадаа баяртай байна. Би үргэлж та нарын тухай боддог. Би та нарт гүнээ талархдаг мөн та нарт өртэй санагддаг. Сүмийн хийж гүйцэтгэдэг сайн сайхан олон зүйл, дэлхийд болдог олон сайн зүйл та нарын ачаар болдог. Их Эзэнд үнэнчээр бүхнээ зориулж, сайжрахад нь бусдад туслахаар хичээж чармайдагт тань талархъя. Эзэн та нарт хэчнээн хайртайг бас та нарт тулгуурладаг гэдгийг би мэднэ.
Би та нарын итгэл, Сүнсний зүйлсэд мэдрэмтгий чанарыг биширдэг. Би та бүхний хичээнгүй байдал, эрч хүчтэй удирдах чадвар, бусдын хэрэгцээ шаардлагыг олж харж, хангах чадвараас урам зориг авдаг. Бичиг үсгийн хоцрогдол, хоол тэжээлийн дутагдал, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал, өдөр тутам дахь бусдын хэрэгцээний аль нь ч байсан та нар ур чадвар, нинжин сэтгэл, гярхай зан, хайр энэрлийг хослуулсан хосгүй ур чадвараараа жинхэнэ амьдралын асуудлуудыг зохицуулан шийдвэрлэдэг. Их Эзэний Сүмийн эрхэм зорилго бол бүхэлдээ та бүхнийг хүчирхэгжүүлэх явдал юм.
Эгч нар аа, та нарт бусдын амьдралыг шууд өөрчлөх боломжийг олгодог бурханлаг чадавх өгөгдсөн! Израилыг цуглуулах бурханлаг ажилд бид сэтгэл догдлон оролцож байгаа үед энэ нь үнэхээр үнэн. Бид хэзээ ч, ямар ч хүнд гэрээний замыг олж, зам дээрээ үлдэхэд нь туслахдаа Израилыг цуглуулахад тусалж байдаг. Хэн ч үүнийг ээж, удирдагч, багш, эгч, найз болох танаас илүү сайн хийж чадахгүй. Та Их Эзэний Сүмийн болон дэлхийн хойч үеийнхнийг бэлдэж байна.
Саяхан бид үд дунд унтаад сэрсэн гурван настай охины талаар сонссон. Түүнийг саатуулах гэж ах нь чихмэл тоглоомуудаа нэг нэгээр нь авчирч өгөв. Эцэст нь түүнийг юу тайвшруулж, инээд хөөр авчирсан гэж бодож байна? Өөрийнх нь Мормоны Ном. Тэр ээжийгээ өдөр бүр Мормоны Номоос уншиж байхыг хардаг. Тэр ээж шигээ болохыг хүсжээ!
Бурханы гэрээт эмэгтэйчүүдийн амьдралыг сайжруулагч нөлөөг хэмжих ямар ч боломжгүй. Би ах нартаа хайртай мөн тэдэнтэй хамт ажиллах боломжтой байгаадаа талархдаг. Гэсэн ч энэ дэлхий дээр миний амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн хоёр хүн бол 10 хүүхдийн минь ээж, 78 насандаа гэнэтийн байдлаар нас барсан миний эхнэр Данцэл болон сүүлийн 18 жил надад нөлөөлж буй миний гайхалтай эхнэр Вэнди хоёр юм.
Саяхан намайг ойчоод гэмтсэн байхад Вэнди бие махбод, сүнслэг байдлын аль алинаар нь намайг уйгагүй асарч халамжилсан. Өөр хэн ч хийж чадахгүй тийм байдлаар тэр үүнийг хийсэн. Данцэл, Вэнди хоёрын надад үзүүлсэн асар их нөлөөг хэтрүүлж хэлнэ гэж байхгүй. Тэд миний амьдралыг өөрчилсөн! Тэд амьдралыг минь дүүргэсэн.
Эмэгтэйчүүд эхлэлээс л Тэнгэрлэг Эцэгийн маань авралын төлөвлөгөөний төвд байсан. Бурханы авралын төлөвлөгөө “амьд бүхний эх” Ева болон бидний Их Эзэн Есүс Христийн эх Мариа гэсэн хоёр зоригтой эмэгтэйн баатарлаг үйлдэлд тулгуурласан байв.
Эгч нар аа, бусдад сайнаар нөлөөлөхдөө өөрийнхөө дотор буй ер бусын хүчийг хэзээ ч бүү дутуу үнэл. Энэ бол Тэнгэрлэг Эцэгийн маань эмэгтэй хүн бүрд хүртээсэн бэлэг юм. Бурханы гэрээт охидын хувьд та бүхэн Сүнсийг хүлээн авах чадвар, хувийн илчлэлт хүлээн авах, алдааг үнэнээс ялган таних чадавхыг өгөгч нэмэлт ёс суртахууны луужинтай билээ. Ингэж хэлснээрээ би, эрэгтэйчүүдийг зөв бурууг ялгах танихаас, илчлэлт хүлээн авахын тулд хийх ёстой сүнслэг ажлаа хийхээс чөлөөлж байгаа хэрэг биш юм. Хэдий тийм ч хэрэв дэлхий эмэгтэйчүүдийн ёс суртахууны шударга чанарыг алдвал дэлхий хэзээ ч дахин сэргэхгүй.
Эгч нар аа, Христийн сургаалыг заахад таны дуу хоолой бидэнд хэрэгтэй байна. Худал хуурмагийг илрүүлэх, үнэнийг тодорхойлох эмэгтэй хүний чадвар бидэнд хэрэгтэй. Бидэнд гэр бүл, тойрог, гадасны зөвлөл болон дэлхий даяарх бусад нөлөө бүхий газруудад эмэгтэй хүний сүнслэгээр өдөөгдсөн мэргэн ухаан хэрэгтэй. Та гэр бүлдээ, Сүмд, дэлхийд хэрэгтэй! Эгч нар аа, хэн ч бүх зүйлийг хийж чадахгүй. Та ч тэгэх гэж оролдох хэрэггүй. Гэсэн ч Бурханы хаант улсыг байгуулахад таны оролцоо маш их хэрэгтэй.
Тиймээс би өнөөдөр та бүхнийг судруудыг хувийнхаа Лиахона (луужин), ариун сүмийг өөрийнхөө тайтгарах, дахин тохируулах газар, хувийн залбирлаа Их Эзэн таныг тэр өдөр хаана байлгахыг хүсэж байгааг мэдэх арга замаа болгоход урьж байна. Цаг хугацааны явцад Тэр таныг өөрийн тань тусламж хэрэгтэй байгаа хэн нэгэнтэй хамт алхаж, удирдан чиглүүлж чадах яг тэр газар луу хэрхэн хөтлөхийг хараад та гайхширах болно.
Тэр хүртэл би та нарыг ялган таних нэмэлт сүнслэг чадвар, бусдыг тайтгаруулж баяр баяслыг олох чадвараар адисалж байна. Би та бүхнийг юу ямар хэрэгтэй байгааг ялган таних, чадахаасаа илүү хурдан гүйхгүй байх мэргэн ухаанаар адисалж байна. Бурханы гэрээт охины хувьд бурханлаг боломждоо хүрч амьдрах урам зоригоор мөн Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр таныг мэддэг, хайрладаг гэдгийг гүн гүнзгий мэдрэхээр адисалж байна. Тэд таныг энэ цаг мөчид дэлхий рүү илгээсэн. Учир нь та энэ цаг мөчид Бурханы хаант улсад чухал хэрэгтэй. Бурханы охины хувьд таны бурханлаг бэлэг бол зөвхөн амьдралыг өөрчлөөд зогсохгүй, дэлхийг өөрчлөх хүчийг танд өгдөг гэдгийг ойлгож мэдээсэй хэмээн би та бүхнийг адисалж байна.
Хайрт эгч нар аа, би та нарт хайртай. Энэ бүх зүйл үнэн. Бид бүгдээрээ Их Эзэний ажилд гар бие оролцож байгаа. Би Есүс Христ амьд гэдгийг гэрчилж байна. Тэр бол энэ Сүмийн тэргүүн. Есүс Христийн нэрээр, амен.