Ирээд, Намайг дага
Нуугдмал эрдэнэс
Та нар судруудыг гүн гүнзгий судалбал олон янзын зүйлийг олох болно.
Орчин үеийн илчлэлт судруудыг илүү тодорхой болгодог.
Сургаал ба Гэрээнүүд 19-р бүлэг Аврагчийн тухай хоёр зүйлийг тайлбарладаг.
Гетсеманий цэцэрлэгт урсгасан Их Эзэний хөлс нь “цусны дусал мэт” (Лук 22:44) байсан хэмээн Лук хэлсэн. Түүний хэлсэн “мэт” гэдэг үг нь зүгээр л ярианы хэлбэр байсан.
Есүс үүний учрыг тодорхой болгосон. Зовлон зүдгүүр нь Түүнийг “сүв бүрээс цус шүүрэх[эд]” (Сургаал ба Гэрээнүүд 19:18) хүргэсэн хэмээн Тэрээр хэлсэн юм. Ямар ч зүйрлэл байхгүй. Түүний шаналал маш агуу байсан учраас үнэхээр цус шүүрсэн.
Судрын өөр хэсгүүдэд “төгсгөлгүй тарчлал”, “мөнхийн шийтгэл” зэрэг хэллэгийг ашигласан байдаг. Залуу Алма “мөнхийн шаналалд тарчилж байлаа” (Aлма 36:12) хэмээн хэлсэн. Гэвч түүний тарчлал ердөө гурван хоног үргэлжилсэн (Aлма 36:16-г үзнэ үү). Тэгвэл яаж “мөнхийн” байх вэ?
Есүс учрыг дахин тодорхой болгосон. Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёр мөнхийн бөгөөд төгсгөлгүй учраас энэ утгаараа Тэдний өгөх аливаа шийтгэл үргэлжлэх хугацаанаас үл хамааран “мөнхийн” эсвэл “төгсгөлгүй” байна (Сургаал ба Гэрээнүүд 19:6–12-ыг үзнэ үү). Зөвхөн мөхлийн хөвгүүдийн зовлон үнэхээр үүрд мөнхөд үргэлжилнэ (Сургаал ба Гэрээнүүд 76:30–38-ыг үзнэ үү).
Ганц баптисм хангалттай ч үүнд эрх мэдэл шаардагддаг.
Ирээдүйн хөрвөгчид номлогчдоос “Би өөр сүмд аль хэдийнээ баптисм хүртсэн бол яах вэ? Би дахиад баптисм хүртэх хэрэгтэй юү?” гэж асуудаг.
Сургаал ба Гэрээнүүд нь Бурханы нэрээр үйлдэх тэрхүү эрх мэдэл болох санвааргүйгээр “хүн зуун удаа баптисм хүртсэн байлаа ч гэсэн энэ нь түүнд ямар ч ашиг тусгүй юм” (Сургаал ба Гэрээнүүд 22:2) хэмээн тайлбарласан.
Тэгэхээр “Та нарын өмнөх баптисм бол тухайн үед мэдэж байсан зүйл дээрээ үндэслэсэн зөв шударга үйлдэл байсан. Одоо та нар илүү ихийг мэддэг болсон ба Их Эзэн та нарыг мэдлэгийнхээ дагуу үйлдээсэй хэмээн хүсэж байна” гэсэн хариултыг голдуу өгдөг.
Хэн ч бүх зүйлд сайн биш. Бас энэ нь хэвийн юм.
Бошиглогч Иосеф Смит бизнест мөн эдийн засагт тийм ч сайн байгаагүй. Дэлхийнхний хувьд тэр амжилт олоогүй.
Их Эзэн түүнд “дэлхийн хөдөлмөрүүдэд чи хүчирхэг байх нь үгүй, учир нь энэ бол чиний дуудлага биш” (Сургаал ба Гэрээнүүд 24:9) хэмээн хэлсэн.
Та нарын найз нөхөд, ангийнхан дундаас та нараас илүү сайн их сургуульд сурч, илүү нэр хүндтэй ажилд орж, дэлхийнхний нүдээр илүү амжилт гаргах хүмүүс гарч ирэх болно.
Тэглээ гээд юу гэж?
Амьдрал бол уралдаан биш. Мэдээж та нар чадах бүхнээ хийх хэрэгтэй. Гэхдээ амьдралын зам дээр хажуугаар чинь хүмүүс өнгөрч гарвал сандрах хэрэггүй. Тэд чамтай адил газарт очихоор яваагүй байж болно! Их Эзэний чамаас хүссэн тэр “дуудлагыг” үргэлжлүүлэн хийж, өөр хэн нэгний талаарх Түүний төлөвлөгөөнд бүү санаа зов.
Их Эзэний өргөө бол эмх цэгцийн өргөө юм.
Бүх зүйл “эмх цэгцэд” хийгдэх ёстой гэдгийг Аврагч бошиглогч Иосеф Смитэд байнга сануулдаг байсан (Сургаал ба Гэрээнүүд 20:68; 28:13; 58:55; 107:84-ийг тус тус үзнэ үү). Бидэнд дүрэм журам хэрэгтэй ба эс бөгөөс эмх замбараагүй байдал үүснэ.
Гэхдээ энэ нь үргэлж баригдмал байна гэсэн үг биш юм. Жишээлбэл: Их Эзэн Иосеф Смитэд Өөрийнх нь зовлон зүдгүүр, Цагаатгалыг дурсан санахын тулд хийж байгаа л бол “ариун ёслолоос хүртэхдээ та нар юу идэх, юу уух нь хамаагүй хэрэг билээ” (Сургаал ба Гэрээнүүд 27:2) хэмээн хэлсэн.
Харин Сүмийг удирдах ажилд уян хатан байдал гэж байхгүй. Сүмд зориулсан илчлэлтийг нэг удаа зөвхөн ганц хүн хүлээн авч чадах ба эдгээр нь: эхлээд Иосеф Смит (Сургаал ба Гэрээнүүд 28:2); тэгээд “түүний оронд” (Сургаал ба Гэрээнүүд 28:7) Их Эзэний томилсон Бригам Янг, Жон Тэйлор гээд өнөөгийн бошиглогч хүртэлх хүмүүс юм.
Сүмийн сүнслэгээр өдөөгдсөн бусад удирдагч зааж, зөвлөж, зөвлөгөө өгч болно (Сургаал ба Гэрээнүүд 28:4–5-ыг үзнэ үү). Гэвч нийт Сүмд хамаатай асуудлуудаар зөвхөн Сүмийн ерөнхийлөгч л Бурханыг төлөөлөн ярьж чадна.