2025
Дахин хэзээ ч бүтэлгүйтэхгүй байхын нууц
2025 оны 3-р сар


Дахин хэзээ ч бүтэлгүйтэхгүй байхын нууц

Энэ нь чиний бодож байгаагаас ч хялбар.

Шатны орой дээр гэрлийн шил барьсан эрэгтэй

Зураг чимэглэлийг Эрик Чоу

“Би бүтэлгүйтэх дуртай!”

Ийм үгийг чи олон хүнээс сонсоогүй байх. Бидний ихэнх нь бүтэлгүйтсэндээ баярладаггүй. Энэ нь биднийг шархлуулж, төлөвлөгөөг маань нурааж, заримдаа бүр ичгүүртэй байдалд оруулж болох юм.

Гэхдээ дахин хэзээ ч бүтэлгүйтэхгүй байх нууц байгаа бол яах вэ?

“Байзаарай” гэж та хэлж магадгүй. “Төгс төгөлдөр хүн гэж үгүй. Бид бүгд алдаа гаргадаг. Яаж хүн хэзээ ч бүтэлгүйтэхгүй байх вэ?”

Томас Эдисон гэрлийн шил зохион бүтээх гэж олон удаа оролдохдоо уг нууцыг олж мэдсэн аж. “Би 1000 удаа бүтэлгүйтээгүй. Гэрлийн шил нь 1000 алхамтай бүтээл байсан юм” хэмээн тэр хэлсэн байдаг.

Эдисон ахин дахин бүтэлгүйтсэн ч үүнийг бүтэлгүйтэл гэж хараагүй. Энэ бол нууц нь юм. Үзэл бодлоо өөрчил! Үзэл бодлоо өөрчлөх үед “бүтэлгүйтэл” чинь шинэ, эерэг зүйл болж болно.

Бүтэлгүйтлийн талаарх үзэл бодлоо өөрчлөх дөрвөн аргыг доор оруулав.

Залуу эрэгтэй том жингийн зүүг хойш татахыг хичээж байгаа нь
  1. Юуг хянаж чадах эсвэл чадахгүйгээ олж мэд. Заримдаа бидний хамгийн их санаа зовдог зүйлс хяналтад маань байдаггүй. Жишээлбэл: Ажилд орох хүсэлтийг авч үзье. Чи ажилд орох гэж хэр их хичээж буйгаа хянаж чадах ч үр дүнг нь хянаж чадахгүй. “Бүтэлгүйтэж” магадгүй гэж санаа зовоход эрч хүчээ зарцуулахын оронд Их Эзэнд итгэж, өөрийн хянаж чадах зүйлдээ хичээл зүтгэл гаргахыг хичээ. Тэрээр “Бурханыг хайрладаг … хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг” (Ром 8:28) хэмээн амласан. Хэрэв чи тэр ажилд орж чадаагүй бол? Чи бүтэлгүйтсэн хэрэг биш! Найдсан үр дүндээ хүрч чадаагүй ч чи чадах бүхнээ хийсэн л бол энэ нь амжилт юм!

    Залуу эмэгтэй том газрын зураг дээр суугаад зурж байгаа нь
  2. Сайн сургамжийг аваад, цааш үргэлжлүүл. Бүтэлгүйтэж байгаа юм шиг санагдах үедээ олж авсан туршлагаа сайтар ухаж харахыг хичээ. Спортын багт орж чадаагүй юу? Шалгалт дээрээ тааруу дүн авсан уу? Юун дээр бүдэрснээ харах нь ирээдүйд хийх зүйлсийн чинь гайхалтай зургийг гаргаж өгөх болно. Хэрэв ямар нэгэн туршлага чамд таагүй мэдрэмж төрүүлсэн бол мэдрэмжээ хүлээн зөвшөөрч, цааш сайны төлөө үргэлжлүүлэхийг сонго. Бүтэлгүйтэл нь шинэ, илүү сайн зүгт урагшлахад чинь тусалж чадна.

    Залуу эрэгтэй тахиралдан дээш өгсөж буй замыг харж байгаа нь
  3. Энэ бол төгсгөл биш гэдгийг сана. “Эцэст нь бүх зүйл сайхан болно. Хэрэв сайхан болоогүй бол төгсгөл биш” гэсэн түгээмэл хэллэг байдаг. Моронай үүнтэй төстэй зүйлийг заасан. Тэрээр “Төгсгөл ирчихсэн гэж үү? Болгоогтун, би та нарт хэлнэ, Үгүй; мөн Бурхан гайхамшгийн Бурхан байхаа болиогүй байна (Мормон 9:15) гэсэн байдаг. Бид Бурханд найдаж, итгэлтэйгээр урагш тэмүүлэн, ямар нэгэн зүйл буруугаар эргэх үед бидний түүх төгсөөгүй гэдгийг санах үед гайхамшгууд тохиож, бидэнд тулгарч болзошгүй ямар ч “бүтэлгүйтэл” эцэстээ гайхалтай амжилт болон хувирах боломжтой.

  4. Христтэй хамт зогс. Есүс Христийн Цагаатгалын ачаар ямар ч бүтэлгүйтэл мөнх үргэлжлэхгүй. Бидэнд үргэлж наманчилж, зүрх сэтгэлээ Бурханы зүгт эргүүлэн, Түүнээс тусламж хүсэх сонголт байдаг. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жэффри Р.Холланд “Хэдий олон алдаа гаргасан гэж бодож байж болох ч … тэнгэрлэг хайрын хүрэх хязгаарын цаад талд та нар гараагүй шүү гэдгийг би гэрчилж байна. Христийн Цагаатгалын хязгааргүй гэрэл гэрэлтүүлж чадахааргүй тийм гүнзгий ангал руу та нар орно гэж байхгүй шүү” гэж заасан. Тэгэхээр та нар Христтэй хамт зогсож байгаа цагт бүтэлгүйтэж чадахгүй!

Та нар бүтэлгүйтлээ амжилтад хүрэх алхам гэж харвал дахин хэзээ ч жинхэнээсээ бүтэлгүйтэхгүй байхын нууцыг нээх болно.

Оролдоод үзээрэй. Хэрэв бүтэлгүйтвэл? Чи үнэндээ бүтэлгүйтэж байгаа юм биш. Алхам алхмаар ахиц дэвшил гаргаж байгаа гэдгээ санаарай.

Эх сурвалж

  1. Томас Эдисоний талаар Зориан Ротэнбэрг, “To Succeed, You Must Fail, and Fail More,” 2013 оны 11-р сарын 13, insightsquared.com.

  2. Жэффри Р.Холланд, 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган (Ensign эсвэл Liahona, 2012 оны 5-р сар. 33).