Хөтчийг ашиглах нь
Мөхөөлдөс, нөхөрлөл, хөршөө хайрлах нь
Хоёр дахь агуу зарлигийг дагах нь чиний бодож байгаа шиг хэцүү биш.
Зураг чимэглэлийг Валэнтина Винчи
Найз эсвэл гэр бүлийн гишүүн чинь үнэхээр хүнд хэцүү зүйлийг туулж байх үед асуудлыг нь хэрхэн шийдэх вэ гэж шаналж байсан уу? Өнгөцхөн харахад сайхан санаа шиг санагдана.
Харин найзын чинь эцэг эх салах гэж байна гэж бодъё. Эсвэл эмэгтэй дүүг чинь хэн нэгэн сургууль дээр нь дээрэлхдэг. Аль эсвэл өвөө чинь хүнд хэлбэрийн сэтгэл гутралтай тэмцэж байгаа гэж төсөөлье. Чи энэ бүхнийг хэрхэн зохицуулах вэ?
Товчхон хариулт нь чи чадахгүй. Тэглээ ч гэсэн зүгээр ээ. Гэхдээ нөгөөтээгүүр чи үргэлж тусалж чадна. Бяцхан тусламж юмсыг хэр их өөрчилж чадахыг хараад чи лав гайхах байх.
Том бэрхшээл, энгийн сайхан сэтгэл
Фони П. аавгүй гэр бүлд өсжээ. Тэр багаасаа ээжийгээ гурван хүүхдээ ганцаараа өсгөх гэж зүдэрч байгааг харсан. Үүний улмаас Фони аавдаа дургүй болсон байлаа. Саяхан түүнийг 19 нас хүрэхэд аав нь холбоо барихыг хичээж эхэлсэн байна.
“Миний уур хүрсэн. Амьдралд минь орж ирэх 19 жилийн хугацаа түүнд байсан ч тэр тэгээгүй. Яагаад одоо гэж?” хэмээн би бодсон. Хэдий тэр залбирч, тунгаасан ч тайвширч чадахгүй байлаа. Ээж, нагац эгч хоёртойгоо ярилцах нь түүнд бага зэрэг тусалсан ч таагүй мэдрэмж түүнийг орхисонгүй. Тэгтэл итгэмээргүй (гэхдээ энгийн) зүйл тохиолдов. Фонигийн хамгийн сайн найз түүнийг мөхөөлдөс идэж, дэлгүүр хэсэхэд урьжээ.
“Олон хүн үүнийг тийм ч сүртэй зүйл биш гэж бодох байх. Гэхдээ надад маш их утга учиртай байсан! Нарны тусгалыг би мэдэрсэн. Гадуур алхаж явахдаа би моддыг ажигласан. Би салхийг бас Сүнсийг нэгэн зэрэг мэдэрсэн. Үнэхээр гайхалтай байсан.”
Дэлгүүр лүү гэнэт явсан нь Фонигийн асуудлыг шийдсэн үү? Юу гэвэл, үгүй. Фони аавтайгаа харилцах харилцаа нь одоо ч бэрхшээлтэй байгааг хүлээн зөвшөөрдөг. Гэвч найзынх нь хийсэн тэрхүү энгийн сайхан үйлдэл Фонид Ариун Сүнсийг дахин мэдрэх боломжийг олгожээ. Тэгээд тэр бэрхшээлтэйгээ илүү хүчирхгээр нүүр тулж чадахаар болсон юм. “Намайг гэрээс минь гаргаад дагуулж яв гэж Ариун Сүнс түүнийг өдөөснийг би мэднэ” гэж Фони ярилаа.
Өнөөдөр хэнд чиний тусламж хэрэгтэй вэ?
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө хөтөч дээр биднийг “ганцаардсан, тусгаарлагдсан эсвэл цөхөрсөн хүмүүст хүрч тусал. Та нараар дамжуулан Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдрэхэд тэдэнд тусал” (Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч [2022], 12) гэсэн урилгыг бидэнд өгсөн. Нөхөрлөлийн энэхүү энгийн үйлдэл хүнд хэцүү үед нь Фонид Бурханы хайрыг мэдрэхэд тусалжээ. Өнөөдөр чи хэнд ийм хайрыг мэдрэхэд нь тусалж чадах вэ?