Галт хутгатай бүжиг ба сайн мэдээ.
Самоагийн галт хутгатай бүжиг нь АНУ-ын Хавай мужийн 7 өсвөр үеийнхний хувьд Есүс Христийн сайн мэдээтэй хэрхэн холбогдсон талаар олж мэд.
Гэрэл зургийг Лэслий Нилссон, Марисса Кауто
Зарим хүн төгөлдөр хуур тоглодог. Зарим нь ном унших дуртай. Зарим нь гимнастикаар хичээллэж, хөл бөмбөг, шатар тоглодог. Ховор, бүр итгэхэд хэцүү ч зарим хүн гал дүрэлзсэн хутга эргүүлэнгээ бүжиглэх дуртай.
Галт хутгатай бүжгийн түүх
Самоагийн галт хутгатай бүжиг буюу ailao afi нь дайны уламжлалт бүжгийн орчин үеийн хэлбэр юм. Энэ бол өвөрмөц авьяас, урлагийн бас дүрслэлийн нэг хэлбэр ба олон хүний хувьд соёлоо хүндэтгэх арга зам мөн.
АНУ-ын Хавай мужийн гурван залуу үүнийг ийнхүү тайлбарлажээ.
18 настай Вивиан: “Уламжлал ёсоор бол энэ нь дайчид зөвхөн хутга ашиглан хийдэг зүйл байсан. Дараа нь гал болон эргүүлэг нэмэгдсэн түүхтэй. Энэ нь хоёр талдаа галтай цохиур эргүүлэхтэй маш төстэй” гэв.
12 настай Туи: “Галт хутгатай бүжиг нь нэлээн халуун. Бас олон тооны эргүүлэгтэй. Тэр ч бүү хэл хутгаа шидэж, эргэлдэж байх хооронд нь нааш цааш хөдөлгөдөг” гэж ярив.
18 настай Жөүсэф: “Гал дүрэлзэж, салхи исгэрч, бөмбөр дуугарахад маш их чимээтэй. Гэхдээ энэ нь надад маш их утга учрыг мэдрүүлдэг учраас үнэндээ бол миний хувьд нам гүм сүнслэг мөч байдаг. Галт хутга бол миний гэр бүл, соёлтойгоо холбогдох арга зам юм” гэсэн.
Эдгээр өсвөр үеийнхний хувьд галт хутгатай бүжиг нь зүгээр нэг гайхалтай, ховор авьяас биш юм. Энэ бүжиг тэдэнд сайн мэдээний дагуу амьдарч, бусдад тусалснаар Их Эзэнтэй ойр байх олон үнэ цэнтэй амьдралын сургамжийг заажээ.
Их Эзэнд итгэх нь
Жөүсэф А., 18 настай
Галт хутгатай бүжиглэж байхад олон зүйл буруугаар эргэж болдог. Бариул нь бүхэлдээ бензинд норж, гулгамтгай болдог. Салхи бас байдлыг өөрчилж, хутгыг барьж авахад хэцүү болгодог. Бүжиглэж байхдаа Их Эзэнд итгэх нь надад маш их тусалсан.
Миний дуртай судруудын нэг бол Сургаалт үгс 3:5 ба үүнд бүх зүрхээрээ Их Эзэнд итгэх тухай өгүүлдэг. Чи бүх бэлтгэлээ базаасан ч яг үнэндээ үзүүлбэр зөвхөн чи, галт хутга, Тэнгэрлэг Эцэг гурваас шалтгаалдаг гэдгийг бүжиглэх явцдаа ухаардаг учраас Түүнд итгэх нь чухал гэж би боддог.
Би Тэнгэрлэг Эцэгт хандан “За, би бэлтгэлээ хангасан, одоо Та гарыг минь удирдаач” гэж залбирах дуртай.
Их Эзэнд цаг гаргах нь
Гари К., 16 настай
Галт хутганы тэмцээнд ороход маш их бэлтгэл шаарддаг. Би тэмцээн болохоос өмнөх зургаан сарын турш өдөр бүр дадлага хийдэг.
Миний хуваарь маш шахуу учраас бас хэцүү үе гардаг. Гэхдээ би Сүмдээ явж, Залуу эрэгтэйчүүдийн үйл ажиллагаа, семинарт оролцож, судар уншин, залбирах замаар Их Эзэнд үргэлж цаг гаргадаг. Би эдгээрийг хийснээр миний амьдрал өөрчлөгдөж байгааг анзаардаг. Бүх юм зүгээр л болж бүтдэг.
Христ надад тусалдаг гэдгийг би үнэхээр мэдэрдэг. Хэрэв та нар Их Эзэнд итгэж, Түүнийг нэгд тавихыг хичээвэл Тэр чиний хийх хэрэгтэй бүх зүйлд туслах болно.
Өөртөө итгэж, бусдад урам зориг өгөх нь
Вивиан К., 18 настай
Би авга ах, үеэлүүдээ галт хутгатай бүжиглэхийг харж өссөн. Үнэхээр догь гэж бодсон ч өөрөө хийж чадах эсэхээ мэдэхгүй байлаа. Ахлах сургуульд би үүнийг сурах зорилго тавьсан юм. Үүнийг сурсныхаа дараа би зорилгоо улам бүр тодорхой болгож галт хутганы тэмцээнд оролцохыг хүссэн.
Галт хутга өөртөө итгэлтэй болоход минь тусалсан. Бүжиглэж байхдаа хутгаа дээш шидээд, агаарт байгааг нь харж байгаад барьж авдаг тодорхой хөдөлгөөнүүд бий. Би хутгаа дээш шидээд дараа нь зугтаачихдаг байсан. Аав надад хөдөлгөөнөө зоригтой хийж, өөртөө итгэлтэй байх хэрэгтэйг заасан.
Гэр бүлийн гишүүдээсээ урам зориг авсан Вивиан галыг авч явах итгэлтэй болжээ.
Цаг хугацаа өнгөрөх тусам би үзүүлбэрийн үеэр бас бусад бүх зүйлд өөртөө илүү итгэлтэй байдаг болсон. Заримдаа тоглолтын дараа охид над дээр ирээд урам зориг авсан тухайгаа, галт хутгатай бүжиг сурахыг хүсэж байгаагаа хэлдэг учраас надад одоо сайхан санагддаг болсон. Би бусад хүнд хийж чадахгүй гэж бодсон зүйлээ хийхэд нь нөлөөлж байгаадаа маш их баяртай байгаа.
“Залбирал намайг хамгаалж, сайн бүжиглэхэд тусалдаг” гэж Туи ярив.
Залбирлаар айдсаа ялах нь
Туи М., 12 настай
Би үзүүлбэрээ үзүүлж байхдаа сандардаггүй. Маш их догдолдог. Би алдсан ч гэсэн үүнийгээ гоё болгож чадна гэдгийг сурч авсан. Яг л зураг зурахтай адил. Зураач алдаа гаргавал зургаа өөр шинэ бүтээл болгодог байх. Заримдаа би галт хутгаа унагачхаад, буцаан авч бүжиглэдэг.
Өөрийгөө урамшуулах нь айдсаа ялахад надад их тусалсан. “Би алдвал яах бол?” гэж бодохын оронд “За, би сайн үзүүлбэр үзүүлбэл яах бол!” гэж илүү бодохыг хичээдэг болсон.
Мөн галт хутгатай үзүүлбэр бүрийнхээ өмнө богинохон залбирахыг хэвшил болгосон. Залбирал намайг хамгаалж, сайн бүжиглэхэд тусалдаг. Залбирснаар би сайн бүжиглэнэ гэдэгтээ итгэлтэй болдог.
Манассэ Т., 12 настай
Галт хутгатай үзүүлбэрийнхээ өмнө би ихэвчлэн сандардаг. Эхлэхээсээ өмнө би дандаа залбирдаг. Нэг удаа би гарахаасаа өмнө залбирсан ба халуун дулаан мэдрэмж төрж, огт айгаагүй. Намайг бүжиглэх үед хажууд минь хэн нэгэн зогсож байгаа юм шиг санагдсан.
Айж сандрахгүй байхад минь залбирал тусалдаг. Залбирсныхаа дараа би зүгээр л хөгжилдөж байгаагаа ойлгодог.
Хайрын захиасыг хуваалцах нь
Кавики А., 15 настай
Өнгөрсөн зун бид Румын бас Болгар луу явж үзүүлбэрээ үзүүлсэн. Аав маань бидний очдог улс орнуудын хэлээр “Хайраар гэр бялхах юм бол” (Дуулал, х.152) дууллыг байнга заадаг. Тоглолтын дараа бид гэр бүлээрээ хамтдаа дуулахын тулд үүнийг хийдэг.
Хайраар гэр бялхах тухай захиас бидэнд хаана ч байсан хайраар хандахыг сануулдаг учраас чухал гэж би боддог. Би бусдыг өргөн тусалж, тэднийг аз жаргалтай болгож байгаа юм шиг надад санагддаг. Хэдий заримдаа тэд бидний хэлээр ярьдаггүй ч авьяас чадвараараа дамжуулан хуваалцсан тэрхүү сайн мэдээг мэдэрсэн гэдгийг би мэднэ.
Нэйноа А., 13 настай
Хайраар гэр бялхах тухай захиас бол маш чухал юм. Яагаад гэвэл хүмүүс эргэн тойронд нь хайр бялхаж байгааг мэдэхгүй бол гуньж магадгүй. Манай гэр хайраар бялхах үед би амар амгалан, тайван байдлыг мэдэрдэг.
Авьяасаараа дамжуулан гэрлээ хуваалцах нь
Галт хутгатай бүжиг бол эдгээр өсвөр үеийнхний гэрлээ цацруулж, авьяас чадвараа бусадтай хуваалцдаг нэг арга зам юм. “Би гэр бүлийнхэнтэйгээ явж үзүүлбэрээ үзүүлэн дэлхий даяар авьяас чадвараа хуваалцдаг. Авьяас чадвараа хуваалцсанаар бусдыг өргөн дэмжиж чадна гэдгийг мэдээд би баяртай байгаа” гэж Нэйноа ярьсан.
Нэйноагийн ах Кавики галт хутганы бүжиг нь гэрэл харанхуйг хэрхэн дийлдгийг сануулдаг гэж хуваалцсан. Түүний хувьд авьяас чадвараа хуваалцах нь гэрлээ бусадтай хуваалцаж байгаатай адил ажээ.
Бид гэрэлтэх үедээ Тэнгэрлэг Эцэгийн төлөө гэрэлтдэг гэж Жөүсэф хэлсэн. “Бид байгаа зүйлээ хуваалцах үед өөрсдөөсөө гадна авьяас чадвараа хуваалцаж буй хүмүүсийг адислаад зогсохгүй Тэнгэрлэг Эцэгээ алдаршуулдаг.”
Өвөө нь хүмүүсийн өмнө гэрлээ гэрэлтүүлэх тухай өгүүлдэг Матай 5:16-р шүлгийг үргэлж хуваалцдаг гэж Вивиан ярьсан. “Сайн мэдээг хуваалцахын тулд зөвхөн галт хутгыг сайн эргүүлдэг байх албагүй учраас энэ нь гайхалтай судар гэж би боддог. Чи ямар ч зүйлд сайн байж болох ба түүгээрээ сайн мэдээг хуваалцахад авьяас чадвараа ашиглаж чадна.”