2025
Тэнгэрлэг Эцэг тань та нартай ярихыг хүсдэг
2025 оны 3-р сар


Тэнгэрлэг Эцэг тань та нартай ярихыг хүсдэг

Тэнгэрлэг Эцэг тань та нартай ярьж байгаа гэдэгт итгэлтэй байгаарай. Тэр байдаг ба үгээр илэрхийлшгүй их та нарт хайртай.

залбирч буй залуу эрэгтэй

Бид тэнгэрлэг гэр орноосоо алс хол дэлхий дээр хамтдаа амьдарч буй Бурханы охид, хөвгүүд билээ. Энэ бол мөнх бус байдал буюу өөрсдийн биеийг хүлээн авах, хилэнцтээс илүү сайныг сонгох, Аврагч Есүс Христэд болон Түүний ариун нандин Цагаатгалд итгэх итгэлээ хөгжүүлж, Эцэгийнхээ аз жаргалын төлөвлөгөөг хүлээн авах цаг хугацаа юм.

Бид мөнх бус байдлын өмнөх амьдралын тухай дурсамжгүйгээр орхин гарсан дэлхийгээ мэдэхгүйн улмаас заримдаа ганцаарддаг. Эцэг маань бидэнд Түүнтэй холбоотой байж, Түүнээс удирдамж, чиглүүлэг, тайвшралыг хүлээн авах сүнслэг бэлгийг өгсөн. Бид энэ бэлгийг маш сайн мэднэ. Үүнийг залбирал гэдэг.

Есүс Христ

Надад итгэх хүмүүсийн төлөө, Дэн Вилсон

Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбир

Тэнгэр элч Адам, Ева хоёрт болон тэднийг дагах бүх хүнд “наманчилж, үүрд мөнхөд Хүүгийн нэрээр Бурханыг дууд” (Moсе 5:8) хэмээн зааварласан.

Есүс:

  • “Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ” (Матай 7:7) хэмээн заасан.

  • “Чи залбирахдаа … нууц оршигч Эцэгтээ залбир…” (Maтай 6:6).

  • “Тиймд ийнхүү залбир. Тэнгэр дэх, бидний Аав аа, Таны алдар ариунаар дуурстугай” (Maтай 6:9).

Есүс Эцэгтээ хандан байнга залбирдаг байсан ( Лук 6:12; Марк 6:46-г тус тус үзнэ үү). Тэр Гетсеманид байхдаа шавь нартаа “Намайг залбирах зуур энд сууцгааж бай” (Maрк 14:32) гэж хэлсэн. Есүс загалмай дээр байхдаа Өөрийг нь цовдолсон цэргүүдийн төлөө: “Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна” (Лук 23:34) хэмээн залбирсан.

Бидэнд “ямагт залбирахыг” зөвлөдөг. Бид “бүх үйлүүдээ Их Эзэнтэй зөвлө[х үед] … тэрээр [биднийг] сайны төлөө чиглүүлэх болно” (Алма 37:37). Түүнчлэн бид “бүхэл бодгаль [маань] эзэмшиж чадах тэрхүү бүх талархал мөн магтаалыг” (Moзая 2:20) өргөдөг.

Гэвч үүнээс илүү гайхамшигтай нь Тэнгэр дэх Эцэг маань бидний залбирлуудад хариулдаг! Бидний хувьд бодох ёстой чухал асуулт бол Эцэгээсээ ирж буй хариулт, удирдамж, тайтгарлыг бид хэрхэн илүү сайн хүлээн авч, ойлгох тухай юм.

Залбирлынхаа хариуг хүлээн авах нь Тэнгэрлэг Эцэгт болон Түүний Хүү Есүс Христэд итгэхээс эхэлдэг. Бид Эцэгтээ итгэж, зарлигуудыг дагахын тулд чадах бүхнээ хийж, бүх зүйлд Түүний мутрыг эрж хайдаг (Сургаал ба Гэрээ 59:21-ийг үзнэ үү).

Тэнгэрлэг Эцэгийг дуудах үед Тэр чиний дэргэд зогсож, ур чадварыг чинь хүчирхэгжүүлж, чамайг тайвшруулж, “зүдгүүрүүдийг чинь чиний ашиг тусын тул ариулан адислах болно” (2 Нифай 2:2).

судар уншиж буй залуу эрэгтэй

Түүний дуу хоолойг сонс

Бурханд итгэх итгэлээ хөгжүүлж, Түүний зарлигуудыг сахиснаар бид аяндаа Түүний дуу хоолойг илүү сайн сонсож сурдаг.

Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст (1920–2007) 1993 онд Арван хоёр төлөөлөгчийн чуулгын гишүүн байхдаа миний эхнэр Кати, бид хоёрыг Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалтад өөртэйгөө хамт оролцохыг урьсан юм. Энэхүү онцгой цугларалт нь ухаалаг гар утас, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, интернэт дэлгэрэхээс нэлээд өмнө болж өнгөрсөн юм.

Ерөнхийлөгч Фауст хэлсэн үгэндээ “Та нарын энэхүү эрин үед хэрхэн амьдрах болон сэтгэлийн таашаалаа хангах, хүссэн бүхнээ хэрхэн олж авахыг ятгасан олон янзын дуу хоолой та нарт сонсогдох болно.” Гэхдээ “Таны анхаарч сурах ёстой дуу хоолой бол Сүнсний дуу хоолой мөн”. Ингэхийн тулд “бид … сонороо дэлгэж, итгэлийн мэлмийгээ уг дуу хоолойн чигт хандуулж, тэнгэр лүү тууштайгаар харах ёстой” гэж анхааруулсан.

Хэдэн жилийн дараа ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “та нар сошиал медиа дахь мэдээллүүдэд Сүнсний шивнээнээс илүү их анхаарал хандуулбал өөрсдийгөө сүнслэг эрсдэлд оруулж байгаа гэсэн үг” хэмээн заасан.

Сүнсний дуу хоолой бидний оюунд хийгээд мэдрэмжид аль алинд нь ирдэг. “Чамд ирж мөн зүрх сэтгэлд чинь орших Ариун Сүнсээр оюунд чинь мөн зүрх сэтгэлд чинь би чамд ярих болно” (Сургаал ба Гэрээнүүд 8:2). Дотоод сэтгэлээ сонс. Илчлэл ихэвчлэн тэндээс эхэлдэг.

Цонхоор харж буй залуу эмэгтэй

Итгэлтэй зүрх сэтгэлээр залбир

Бурханаас ирэх хариулт болон ойлголтыг хүчээр авах боломжгүй. Бид итгэлтэй зүрх сэтгэлээр залбирч, хүлээдэг. Зарим хариулт энэ амьдралд ирэхгүй ч зөв шударга хүмүүст Их Эзэн амар амгалангаа үргэлж илгээдэг (Иохан 14:27-г үзнэ үү). Заримдаа хариултууд “шат шатаар, дүрэм дүрмээр” (Сургаал ба Гэрээнүүд 98:12) ирдэг.

Ихэвчлэн нам гүм хийгээд ариун газруудад тэнгэрийн дуу хоолой гэнэт ирж болно. Өглөөний анир чимээгүйд эртлэн залбирч, тунгаан бодох үед би ер бусын адислалуудыг олж авдаг. Өдөр бүр, хувиараа, сатааралгүйгээр судар унших нь заримдаа хэвшмэл мэт байдаг ч зарим үед Сүнсний дуу хоолойг бидний зүрх сэтгэлд дүрэлзэх гал мэт авчирдаг.

Дэлхийн дуу чимээ, анхаарал сарниулах зүйлс бидний эргэн тойронд эргэлдэн буй энэ үед Их Эзэн бошиглогчдоо бүр ч олон ариун сүм барихыг зааварласан. Их Эзэний эдгээр ариун өргөөний гадаа асуудлуудаа үлдээн, залбирал, мөн асуулттайгаар дотогш орох үед бид мөнх амьдралын үнэнүүдэд суралцдаг. Жилийн өмнө ерөнхийлөгч Нэлсон бидэнд ариун сүмд шүтэн бишрэхээс өөр “Тэнгэрийг илүү ихээр нээх өөр юу ч байхгүй. Тийм юу ч байдаггүй!” гэж амласан.

Ерөнхий чуулган бүр нэмээд элбэг дэлбэг адислалуудыг авчирдаг. Ирэх дөрөвдүгээр сард бид Их Эзэний дуу хоолойг сонсохын тулд Ерөнхий чуулганаар дахин уулзах болно. Та нар Ерөнхий чуулганд бэлдэж, залбиралтайгаар ирэх юм бол санаа зовоосон асуудлынхаа хариултыг олж, “тэнгэрийн мутар” та нарын дээр байгааг мэдэх болно гэдгийг би амлаж байна.

Тэнгэрлэг Эцэг тань та нартай ярьж байгаа гэдэгт итгэлтэй байгаарай. Тэр үнэхээр ярьж байгаа! Түүнд болон Түүний Хайрт Хүүд итгэх та нарын итгэл хөшгийг нээж, Эцэгийнхээ дуу хоолойг хүлээн авахад туслах болтугай. Тэр байдаг ба үгээр илэрхийлэхийн аргагүйгээр та нарыг хайрладаг гэдгийг би гэрчилж байна.