Урам хугарсан үед зориулав
Юмс та нарын бодсоноор болохгүй байгаа үед Сургаал ба Гэрээнүүд судар туслах болно.
Зураг чимэглэлийг Люсиана Абрао
Урам хугарч байсан үе та нарт байгаа юу? Надад бол байгаа. Үнэндээ өнгөрсөн долоо хоногт л гэхэд миний урам хугарсан. Үнэхээр тэгсэн. Уйлаад л, юм юм болсон.
Их Эзэн Иосеф Смитэд “Зовлон зүдгүүрүүдэд тэвчээртэй байгтун, учир нь чамд олон нь тохиох болно” хэмээн хэлсэн. Хмм. Түүний хэлсэн зүйл надад таагүй санагдсан.
Гэвч аз болоход сударт цааш нь “гэвч тэдгээрийг тэсвэрлэ, учир нь, харагтун, бүр чиний өдрүүдийн төгсгөл хүртэл би чамтай хамт байх болно” (Сургаал ба Гэрээнүүд 24:8, тодотгол нэмсэн) хэмээн хэлсэн байдаг. За. Уртаар амьсгаа авав.
Энэ тухай бодох үед урам хугарах болгонд минь Их Эзэн надтай хамт байсныг би ойлгосон. Хэдэн жишээг дурдвал:
Намайг хүссэн дүрээ авч чадаагүй үед …
Би 15-тай байхдаа сургуулийнхаа жүжгийн сонгон шалгаруулалтад орсон юм. Би гол дүрд тоглохоор шалгаруулалт өгсөн ч эцэстээ тэр дүрийг авч чадаагүй.
Байдлыг бүр ч дордуулсан нь багш бүх туслах дүр дээр аль хэдийн шалгаруулалт хийчихсэн учраас надад ямар ч дүр оногдоогүй. Тэр намайг найруулагч сурагч болгосноос гадна гэмшсэндээ жүжигт шинэ үзэгдэл нэмэн, би хэлгүй гэлэнмаагийн дүрээр тайзан дээр 30 секунд гарсан.
Тийм ээ! Би уйлчихсан.
… Их Эзэн намайг хүчирхэгжүүлсэн
Эргээд харахад, тэрхүү урам хугармаар цаг үеийг давж гарахад Аврагч надад тусалсныг би ойлгосон. Тэр надад даруу байдлыг хөгжүүлж, эерэг хандлагыг авч үлдэхэд минь туслан хүчирхэгжүүлсэн. Эцэст нь би есдүгээр ангидаа жүжигт тоглосон, надад үнэхээр сайхан байсан.
“Өөрсдийн хүчинд байгаа бүх зүйлийг хөгжил хөөртэйгөөр хийцгээе; мөн тэгээд бид Бурханы авралыг, мөн түүний мутар илчлэгдэхийг харахаар бат итгэлтэйгээр тайван зогсог (Сургаал ба Гэрээнүүд 123:17, тодотгол нэмсэн).
Спортын үйл ажиллагаанууд миний хүссэнээр болоогүй үед …
Ахлах сургуулиа төгсөх жилдээ би их сургуулийн теннисний (эсвэл ахисан) багт орохыг хүссэн юм. Багт орохын тулд би эрэмбээрээ яг өмнөө байсан охиныг хожих хэрэгтэй байлаа. Гэвч түүнтэй тоглоод би ялагдсан юм.
Хэдийгээр миний урам хугарсан ч би ахлах ангийнхаа шигшээ багт тоглодог байсан. Манай шигшээгийн аварга шалгаруулах тэмцээнд би нэгд эрэмбэлэгдсэн. Тэгтэл юу болсон гээч? Би сүүлчийн тэмцээнд ялагдчихсан. Би дахиад л уйлсан.
Дараа нь миний урам дахин хугарсан. Намайг сайн дүнтэй суралцаж, спортоор хичээллэсний төлөө шагнасан байсныгаа буцаан авах шийдвэр гаргасан. Яагаад гэвэл тэр шагнал их сургуулийн шигшээд тоглодог хүмүүст зориулагдсан байв.
… Энэ нь ердөө “хэсэгхэн зуур” байсан
Тэр үед теннис миний амьдралын томоохон хэсэг байсан учир миний урам маш их хугарсан. Аврагч надтай үргэлж хамт байж, надад тусалж байсныг би ойлгоогүй. Тухайн үедээ надад тэрхүү аймшигт урам хугарал үүрд үргэлжлэх мэт санагдсан ч тэдгээр нь удаан үргэлжлээгүй юм.
“Бодгальд чинь амар амгалан байг; саад бэрхшээл болон зовлон зүдгүүрүүд чинь хэсэгхэн зуур байх болно; мөн тэгээд, хэрэв чи үүнийг сайн тэвчвэл, Бурхан чамайг дээдэд өргөмжлөх болно” (Сургаал ба Гэрээнүүд 121:7–8, тодотгол нэмсэн).
Урам хугарлыг ялах гэж оролдох үедээ …
Заримдаа би урам хугарлаас бүрмөсөн зайлсхийхийг хичээдэг байлаа. Би 13 настайдаа сурагчдын зөвлөлд орж чадаагүй болохоор надад магадгүй таалагдах байсан ч дараа нь дахиж хэзээ ч оролдоогүй юм. Би дахин урам хугарахаас айсан учраас буугаад өгчихсөн хэрэг.
… Би “айхгүй” байх хэрэгтэй байсан
Их Эзэн бидэнтэй хамт байдаг гэдгийг, бүр урам хугарах үед маань ч хамт байдаг гэдгийг би санах хэрэгтэй байв. Заримдаа юмс бидний хүссэнээр болохгүй ч Тэрээр бидэнд таагүй сэтгэл хөдлөлтэй нүүр тулахад, мөн шинэ зүйлсийг оролдож үзэхэд тусалж чадна.
“Бодол болгондоо надад хандагтун; бүү эргэлз, бүү ай” (Сургаал ба Гэрээнүүд 6:36–37, тодотгол нэмсэн).
Номлолд үйлчилж байхад төлөвлөсний дагуу болоогүй үед …
Ахлах сургуулиа төгсөөд би номлолд үйлчлэхээр шийдэв. Гэвч би төлөвлөсөн цагтаа явахад минь саад болсон гэнэтийн эрүүл мэндийн асуудалтай тулгарсан юм.
Би тэвчээртэй байх хэрэгтэй байсан ч эцэст нь Мексикийн Гуадалахара зүүн номлолд дуудагдав. Тэнд би олон гайхалтай хүнд зааж, заримд нь баптисм хүртэхэд тусалсан. Хэдийгээр би итгэж, дуулгавартай байж, шаргуу хөдөлмөрлөсөн ч тэдний хэн нь ч Сүмд идэвхтэй үлдээгүй.
… Би Бурханы таалалд итгэсэн
Амьдралын үйл явдлууд ихэнхдээ бидний хяналтаас гадуур байдаг. Би эрүүл мэндийн асуудлаа тэр дор нь шийдэж чадаагүй. Мөн би бусдыг сайн мэдээний дагуу амьдрахад хүчилж чадахгүй. Гэвч би Их Эзэний цаг хугацаа, арга замд итгэж чадна.
“Тиймийн тул, та нарын оюун Бурханд бүрэн төвлөрсөн байж болохын тулд өөрсдийгөө ариусга, мөн та нар түүнийг харах тэрхүү өдрүүд ирэх болно; … мөн энэ нь түүний өөрийнх нь цагт, мөн түүний өөрийнх нь замаар, мөн түүний өөрийнх нь тааллын дагуу байх болно” (Сургаал ба Гэрээнүүд 88:68, тодотгол нэмсэн).
Өнгөрсөн долоо хоногт урам хугарах үед …
Би одоо том болсон. Гэхдээ л миний урам хугардаг. Үнэндээ би өнгөрсөн долоо хоногт нэгэн утга зохиолын чуулганд очсон юм. Би хэдэн зохиолдоо нэлээд итгэлтэй байсан ч бусад зохиолчоос урам хугармаар сэтгэгдэл хүлээж авсан.
… Тэр надтай хамт байсан
Одоо би Их Эзэнд илүү их итгэхийг хичээж байгаа. Урам хугарал бол амьдралын нэг хэсэг. Энэ нь чи ямар нэг буруу зүйл хийж байна гэсэн үг биш юм.
Тиймээс эхэнд уншсан судар луу буцаж очицгооё. Тийм ээ, бидэнд “олон” зовлон зүдгүүр, урам хугарал тохиолдож болно. Гэвч энэ бүх үйл явдлын туршид Их Эзэн надтай хамт байна гэдгийг би мэднэ. Тэр бас чамтай хамт байна.
“Зовлон зүдгүүрүүдэд тэвчээртэй байгтун, учир нь чамд олон нь тохиох болно; гэвч тэдгээрийг тэсвэрлэ, учир нь, харагтун, бүр чиний өдрүүдийн төгсгөл хүртэл би чамтай хамт байх болно” (Сургаал ба Гэрээнүүд 24:8).