“Эрүүл дадал зуршлыг хөгжүүлэх: Есүс Христ бидэнд дадал зуршлаа өөрчлөхөд тусалж чадна,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Эрүүл дадал зуршлыг хөгжүүлэх: Есүс Христ бидэнд дадал зуршлаа өөрчлөхөд тусалж чадна,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Бие махбод, сэтгэл санааны эрүүл мэнд: 187-р хичээл
Эрүүл дадал зуршлыг хөгжүүлэх
Есүс Христ бидэнд дадал зуршлаа өөрчлөхөд тусалж чадна
Бидний давтан үйлддэг үйлдлүүд дадал зуршил болдог. Зарим дадал зуршил Аврагчийг илүү сайн дагахад бидэнд тусалж чадна. Бусад дадал зуршил хүнд сэтгэл хөдлөлөө удирдах эрүүл бус арга зам болж болох бөгөөд биднийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёроос хол байгаа мэт мэдрэмж рүү хөтөлж болно. Эрүүл дадал зуршлыг бий болгох нь биднийг Тэдэнтэй ойр байж, илүү адилхан болоход тусалдаг. Энэ хичээл нь эрүүл дадал зуршилтай болохын тулд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёроос тусламж авахад суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Дадал зуршил болсон өдөр бүр хийдэг зүйлсийнхээ талаар бодохыг суралцагчдад санал болго. Тэд эдгээр сайн, муу дадал зуршил нь сүнслэгээр өсөхөд хэрхэн нөлөөлдөг тухай эргэцүүлэн бодож болно.
Суралцагчийн бэлтгэл: Дадал хэвшил болгохын тулд өдөр бүр хийдэг зүйлсээ бодохыг суралцагчдаас хүс. Мөн эдгээр сайн, муу дадал хэвшил нь тэдний сүнслэг өсөлт хөгжилд хэрхэн нөлөөлж байгааг эргэцүүлэн бодож болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Дадал зуршил бол цэцэрлэгтэй адил
Та эрүүл дадал зуршилтай болохыг цэцэрлэг тохижуулахтай харьцуулж хичээлийг эхлүүлж болно. Ийн үйлдэхийн тулд хэсэг хогийн ургамал, дараа нь цэцэрлэг дэх цэцэг ургамлын зургийг үзүүлээрэй.
Найз тань хогийн ургамлаар бүрхэгдсэн хэсэг газрыг цэцэрлэг болгохын тулд юу хийх хэрэгтэйгээ мэдэхийг хүссэн гэж төсөөл.
-
Та нар түүнд юу хийхийг зөвлөх вэ?
Суралцагчид хогийн ургамлыг зулгааж хаях, хөрсийг бэлтгэх, үр суулгах, бордох, ургамлуудыг услах зэрэг зүйлсийг дурдаж магадгүй.
-
Цэцэрлэг тохижуулах үйл явцыг эрүүл дадал зуршил бий болгохтой хэрхэн зүйрлэх вэ?
Суралцагчдаар дадал зуршлынх нь талаар бодуул. Суралцагчид юуг сайн хийж буй болон юуг сайжруулах боломжтой гэдгээ мэдэхийн тулд Ариун Сүнснээс тусламж эрэлхийлж болно.
Суралцагчид судлах тэмдэглэл дээрээ хогийн ургамал болон цэцэг зурж болно. Суралцагчид хогийн ургамлыг “Миний өөрчлөхийг хүсэж буй дадал зуршил,” цэцгийг “Эхлэх эсвэл үргэлжлүүлэх дадал зуршил” гэж тэмдэглэж болно.
Хэрэв суралцагчдад жишээ хэрэгтэй бол та дараах зургийг үзүүлж эсвэл самбар дээр зурж болно.
-
Дадал зуршил бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?
-
Эрүүл бус дадал зуршлуудыг засаж залруулах эсвэл эрүүл дадал зуршлыг бий болгохыг юу хэцүү болгож болох вэ?
Есүс Христ бидэнд дадал зуршлаа өөрчлөхөд тусалж чадна
Бид дадал зуршлаа өөрчлөхөд хүч чармайлт гаргах шаардлагатай ч Аврагч бидэнд туслахаар амласан гэдгийг та суралцагчдад батлан хэлж болно.
Езекиел 36:26–27; Мозая 3:19; Ифер 12:27-г уншаад, Есүс Христ бидэнд өөрчлөгдөхөд хэрхэн тусалж чадах талаар эдгээр сударт юу гэж заасныг ол.
-
Эдгээр шүлэг дадал зуршлаа өөрчлөхтэй хэрхэн хамаатай вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Жэффри Р.Холланд дадал зуршлаа өөрчлөх талаар ийн заасан.
Мэдээж, энэхүү ажил үйлсэд сүнслэг байдлаараа бүрэн дүүрэн оролцоход саад болох зарим нэг дадал зуршил юм уу алдаа дутагдал эсвэл хувийн түүх бидэнд бий. …Бидний хүн нэг бүрд, өөрсдийн зан авирыг өөрчлөх хэрэгтэй гэж санагдах болгонд тэнгэрлэг тусламж бэлэн байдаг. Бурхан Саулд “өөр зүрхийг” өгсөн. Езекиел бүх эртний Израилыг өнгөрснөөс салж “… шинэ зүрх, шинэ сүнстэй” болоход уриалан дуудсан. Алма бодгалиудыг өргөтгөн тэлэхийн учир шалтгаан болдог “хүчит өөрчлөлт” хийхэд уриалсан ба Есүс Өөрөө “хэн дээрээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалыг үзэж үл чадна” хэмээн заасан. Өөрчлөгдөх боломж ба илүү дээр түвшинд амьдрах нь үүнийг эрэлхийлсэн хүмүүст Бурханы үргэлж өгдөг бэлгүүдийн нэг байсаар ирсэн нь тодорхой. (“Хамгийн агуу хөрөнгө,” Лиахона, 2021 оны 11-р сар, 9)
-
Эдгээр судар болон ерөнхийлөгч Холландын дадал зуршлын талаар заасан зүйлийг та хэрхэн нэгтгэн дүгнэж, үнэний мэдэгдэл болгон хураангуйлах вэ?
Суралцагчдыг хуваалцаж байх хооронд дараах үнэнийг тогтооход нь тусал. Биднийг Есүс Христ рүү ирэх үед Тэр бидэнд дадал зуршлаа өөрчлөхөд тусална.
-
Дадал зуршлаа өөрчлөхөд бидэнд яагаад Есүс Христийн тусламж хэрэгтэй гэж та бодож байна вэ?
-
Биднийг Түүн рүү ирэхэд Тэр бидэнд дадал зуршлаа өөрчлөхөд туслах ямар арга замууд байдаг вэ?
Гидеоны жишээ
Аврагч өөрчлөгдөхөд маань хэрхэн тусалж чадахыг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд Гидеоны түүхийг хуваалц. Шаардлагатай бол та Баал бол Их Эзэнээс илүүгээр хүмүүсийн шүтдэг харь шашинтны бурхан гэдгийг тайлбарлаж өгч болно (Судруудын удирдамжаас “Баал”-ыг үзнэ үү).
Хэсэг хугацаанд ёс бус байсны эцэст израилчууд мидианчуудад дарлагдсан байв. Израилыг дайснуудаас нь чөлөөлөхөд туслуулахаар Их Эзэн Гидеон гэдэг хүнийг бэлтгэсэн юм (Шүүгчид 6:11–14-ийг үзнэ үү).
Их Эзэнээс даалгавар хүлээн авсныхаа дараа, биелүүлж чадахгүй байх вий гэж санаа зовж байгаагаа Гидеон хэлсэн.
Шүүгчид 6:15–16-г уншаад, Их Эзэн Гидеоны айдаст хэрхэн хариу үзүүлснийг олж мэд.
Гидеон санаа зовниж буйгаа Их Эзэнд мэдэгджээ. Их Эзэн Гидеонд энэ даалгаврыг ганцаараа гүйцэтгэхгүй гэдгийг нь батлан хэлсэн (Шүүгчид 6:17–24-ийг үзнэ үү).
Шүүгчид 6:25–26-г уншаад, Их Эзэн Гидеоноос ямар өөрчлөлт хүссэнийг олж мэдээрэй.
-
Их Эзэн яагаад эхлээд Баалд зориулсан тахилын ширээг нурааж, дараа нь Их Эзэнд зориулан шинэ тахилын ширээ барихыг Гидеонд зааварласан гэж та нар бодож байна вэ?
-
Хэрэв бид хоёр тахилын ширээг (нэгийг нь Баалд зориулан нураасны дараа Их Эзэнд зориулан шинэ тахилын ширээ барих) өөрсдийн зуршилтай харьцуулбал, Их Эзэний биднээс өөрчлөөсэй гэж хүссэн зүйлийн талаар энэ жишээ юу зааж чадах вэ? Тэр бидэнд ямар арга замаар тусалдаг вэ?
Та хичээлийн эхэнд дурдсан, хогийн ургамлыг зайлуулж, дараа нь үр суулгасан явдалтай Гидеонд өгсөн Их Эзэний зааварчилгааг харьцуулж болох юм. Эрүүл бус дадал зуршлаасаа (хогийн ургамлыг зайлуулах буюу хуурамч бурханд зориулсан тахилын ширээг нураах) салж, амьдралдаа эрүүл дадал зуршлыг суулгахын (үр суулгах буюу Их Эзэнд зориулан шинэ тахилын ширээ босгох) аль алинд туслах Их Эзэний хүслийг ойлгоход нь суралцагчдад тусал.
Эрүүл дадал зуршлыг бий болгох
Суралцагчид дараах асуултуудад өгсөн хариултаа самбар дээр жагсаан бичиж болно.
Алма 13:28–29-ийг уншаад, Есүс Христэд ирж дадал зуршлаа өөрчлөхөд бидэнд туслах арга замуудыг олж мэдээрэй.
-
Та нар юу олж мэдсэн бэ?
-
Бид ямар арга замаар Түүн рүү ирж болох вэ?
“Их Эзэнд илүү ойртоход туслах эрүүл дадал зуршлыг бий болгох нь” тараах материал нь хэн нэгэн эрүүл бус дадал зуршлыг сайн хэв маягаар сольж болох жишээ зохиоход суралцагчдад тусална. Дараа нь тэд энэ ур чадвараа амьдралдаа хэрэгжүүлж болно. Суралцагчид тараах материал дээр ангиараа болон жижиг бүлгүүдэд хуваагдан эсвэл бие даан ажиллаж болно.
Хангалттай хугацаа өгсний дараа, тараах материал дээр ажиллаж байхад төрсөн ойлголтыг нь суралцагчдаар хуваалцуул.
Аврагч бидэнд дадал зуршлаа өөрчлөхөд тусална
Суралцагчдыг туршлагаасаа хуваалцахад бэлтгэхийн тулд Христ рүү ирэгтүн: 2014 оны уриа дуу (4:48) видеог үзүүлж болно. Аврагч танд эсвэл таны таньдаг хэн нэгэнд Түүнтэй илүү адил болохын тулд өөрчлөгдөхөд нь хэрхэн тусалсан тухай хувийн туршлагаасаа та хуваалцаж болно.
-
Аврагч танд эсвэл таны мэддэг хэн нэгэнд Түүнтэй илүү адил болохын тулд өөрчлөгдөхөд нь хэрхэн бурханлагаар нөлөөлсөн бэ?
-
Хэрэв хэн нэгэн дадал зуршлаа өөрчлөх нь хэцүү гэвэл та түүнээс Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай юуг дурсан санахыг хүсэх вэ?
Дадал зуршлаа өөрчлөхөд цаг хугацаанаас гадна дахин давтан оролдох шаардлагатай байдаг тул суралцагчдыг тэвчээртэй байж, шаргуу хичээж зүтгэхэд урамшуулан дэмжих нь тустай байж болно. Аврагч зохих ёсоор өөрчлөгдөхөд нь суралцагчдад туслахын тулд Өөрийн Сүнсээр адисална гэж амласныг тэдэнд сануулах үүднээс та Eзекиел 36:26–27-г дахин уншиж өгч болох юм.