“Бие махбоддоо анхаарал тавих: Бие махбод, сэтгэл санааны эрүүл мэндээ сайжруулах нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Бие махбоддоо анхаарал тавих: Бие махбод, сэтгэл санааны эрүүл мэндээ сайжруулах нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Бие махбод, сэтгэл санааны эрүүл мэнд: 182-р хичээл
Бие махбоддоо анхаарал тавих
Бие махбод, сэтгэл санааны эрүүл мэндээ сайжруулах нь
Тэнгэрлэг Эцэг Өөртэй нь адил болох төлөвлөгөөнийхөө нэг хэсэг болгон бидэнд бие махбодыг өгсөн. (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” ChurchofJesusChrist.org-г үзнэ үү). Гэхдээ бие махбоддоо хэрхэн анхаарал тавих нь зөвхөн бидний ирээдүйд нөлөөлдөггүй; энэ нь бидний одоогийн мэдрэмжид нөлөөлдөг. Энэ хичээл нь бидний сонголтууд бидний бие махбод, сэтгэл санааны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг ойлгоход суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдад өнгөрсөн долоо хоногийн турш хийсэн эрүүл мэндийн сонголтоо (хооллох, унтах, дасгал хийх гэх мэт) бодох даалгавар өг. Эдгээр сонголт нь бие махбод, сэтгэл санааны хувьд хэрхэн нөлөөлснийг үнэлж цэгнэхэд тэднийг уриал.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Бидний сонголтууд бие махбодод төдийгүй сэтгэл санаанд нөлөөлдөг
Бидний өдөр бүр гаргадаг эрүүл эсвэл эрүүл бус шийдвэрүүд бие махбод, сэтгэл санааны мэдрэмжид хэрхэн нөлөөлж байгааг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах хувилбарыг хичээлийн турш ашигла. Энэ жишээнд “Маяа” гэдэг нэр гарах боловч та суралцагчдыг нэр сонгож, тус түүхийг баяжуулж эсвэл өөрчлөхийг санал болгож болно.
Маяа сүүлийн хэдэн долоо хоногийн турш ядарч, сэтгэлээр унасан байдалтай байсан. Дараах зурагт тухайн хугацаан дахь Маяагийн зарим сонголтыг харуулна.
-
Маяагийн сонголтуудын зарим нь түүний мэдрэмжид хэрхэн нөлөөлж болох вэ?
Суралцагчид түүнийг оройтож унтдаг, эрүүл бус хоол иддэг, утсандаа сатаардаг тухай дурдаж магадгүй. Та суралцагчдаар тэдний нутагт амьдардаг өсвөр насныхны бие махбод, сэтгэл санааны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нэмэлт сонголтуудыг нэмж хэлүүлж болно.
Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөний нэгэн хэсгийн хувьд бидний бие махбод, сүнс хоорондоо нягт холбоотой гэдгийг суралцагчдад тайлбарлах нь тустай байж мэднэ (Сургаал ба Гэрээнүүд 88:15-ыг үзнэ үү). Тиймээс бидний эрүүл мэндийнхээ талаар хийдэг сонголтууд бие махбодын хувьд төдийгүй олон арга замаар өөрсдөд маань нөлөөлдөг.
-
Маяагийн сонголтууд түүнд бие махбод, сэтгэл санааны хувьд хэрхэн нөлөөлж болох вэ?
-
Бие махбоддоо анхаарал тавих үедээ мэдрэмжид маань нөлөөлж болох өөр ямар сонголтуудыг хийж болох вэ?
Та самбар дээр суралцагчдын өмнөх асуултад хариулсан хариултуудыг “эрүүл,” “эрүүл бус” сонголт гэсэн хоёр баганад жагсаан бичиж болно. Суралцагчид дараагийн үйл ажиллагааны үеэр тус хүснэгтийг бөглөхдөө самбар дээрх эдгээр хариултыг эсвэл өөрсдийн бусад хариултыг ашиглаж болно.
Дараах хүснэгтийг судлах тэмдэглэлдээ зураарай. Өнгөрсөн долоо хоногийн турш таны мэдрэмжид нөлөөлсөн эрүүл болон эрүүл бус үйл ажиллагаануудыг эхний гурван нүдэнд жагсаан бич. Судлах үедээ та бие махбоддоо илүү сайн анхаарах арга замуудыг мэдэхэд туслах Ариун Сүнсийг урьж, тэдгээрийг 4-р нүдэнд жагсаан бичихийг хүс.
|
1. Миний сонгоогүй сонголтууд |
2. Миний хэд хэдэн удаа сонгосон сонголтууд |
|
3. Миний байнга сонгодог сонголтууд |
4. Миний сонгож болох сонголтууд |
Бие махбоддоо анхаарах нь адислалуудыг авчирдаг
Та өөрийгөө “Үргэлж ядарч, сэтгэлээр унахаа болихыг хүсэж байна” гэж хэлсэн Маяатай ярилцаж байгаагаар төсөөл. Та Маяаг сонголтууд нь өөрт нь хэрхэн нөлөөлж байгааг ухаарахгүй байна гэдгийг анзаарсан.
Маяа шиг хэн нэгэнд дараах зүйлсийг ойлгоход тусалж болох судрууд, Сүмийн удирдагчдын сургаалыг багтаасан хариултыг бэлтгэ. Үүнд:
-
Түүний сонголтууд түүнд бие махбод, сэтгэл санааны хувьд хэрхэн нөлөөлж байгаа тухай
-
Бурхан яагаад бидний бие махбоддоо хэрхэн анхаарч байгаад санаа тавьдаг талаар
-
Бие махбоддоо анхаарал тавьдаг хүмүүст Бурханы амласан адислалууд
Та суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваагаад, Маяад өгөх хариултаа бэлтгэхэд нь суралцагчдад туслахын тулд “Бие махбоддоо анхаарал тавих” гэсэн тараах материалыг тарааж өг. Тараах материалын доод хэсэгт хариултуудаа сэдвээр нь дараалуулан бичихэд суралцагчдад туслах хүснэгт бий.
Ангилал тус бүрийн нэмэлт эх сурвалжуудыг Нэмэлт суралцах үйл ажиллагаа хэсгээс олж болно.
Та суралцагчдаар сурсан зүйлийг нь, мөн энэ нь Маяа шиг хэн нэгэнд хэрхэн тус болж болох талаарх сэтгэгдлийг нь хуваалцуулж болно.
Аврагч бидэнд эрүүл зөв сонголт хийхэд тусална
Суралцагчдын тараах материалаас олж тодорхойлж болох үнэнүүдийн нэг нь Бидний бие махбод Бурханаас өгсөн бэлэг бөгөөд Тэр биднээс бие махбоддоо анхаарал тавихыг хүсдэг гэсэн үнэн юм.
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бие махбоддоо анхаарал тавихад нь тэдэнд хэрхэн тусалж чадах тухай бодоход суралцагчдад туслахын тулд дараахтай төстэй асуултыг авч үзэн ярилцаарай.
-
Их Эзэн бие махбоддоо анхаарахаар хичээж байгаа хүмүүсийг адисалдаг гэдгийг та хэрхэн олж харсан бэ?
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидэнд хүсээгүй үедээ ч бие махбоддоо анхаарал тавихын тулд илүү сайныг нь сонгоход хэрхэн тусалж чадах вэ?
Хичээлийн эхэнд Эрүүл сонголтууд хүснэгтийн 4-р хэсэгт суралцагчдаар нэмж бичүүлэхийг бод.
Судлах тэмдэглэлдээ зурсан хүснэгтийг хар. Дараах асуултуудад хариултаа нэм.
-
Судалсан зүйлээсээ харахад бие махбод, сэтгэл санааны эрүүл мэндээ сайжруулахын тулд та ямар сонголтуудыг өөрчлөх боломжтой вэ?
-
Та өөрийн гаргасан хичээл зүтгэлд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хэрхэн оролцуулах вэ?
Та Тэнгэрлэг Эцэг, Түүний авралын төлөвлөгөө, эрүүл сонголтууд хийх гэж хичээснээр олж харсан адислалуудаа хуваалцан гэрчлэлээ төгсгөж болно.