“Их Эзэнээр дамжуулан сэтгэлийн тэнхээтэй болох: Аврагч бидэнд илүү сэтгэлийн тэнхээтэй болоход тусалж чадна,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Их Эзэнээр дамжуулан сэтгэлийн тэнхээтэй болох: Аврагч бидэнд илүү сэтгэлийн тэнхээтэй болоход тусалж чадна,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
181-р хичээл: Бие махбод, сэтгэл санааны эрүүл мэнд
Их Эзэнээр дамжуулан сэтгэлийн тэнхээтэй болох
Аврагч бидэнд илүү сэтгэлийн тэнхээтэй болоход тусалж чадна
Та нар өөрт тулгарсан сэтгэл санааны асуудлууддаа хэр сайн дасан зохицдог вэ? Хүнд хэцүү мэдрэмж төрөх нь амьдралын ердийн салшгүй хэсэг юм. Биднийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хүч, чадалд найдах үед ийм мэдрэмжийг итгэлтэй даван туулах бидний чадвар өсөн нэмэгддэг. Энэ хичээл сэтгэл санааны асуудлаа даван туулахад туслах хүч чадлыг Тэнгэрлэг Эцэгээс болон Есүс Христээс авахад суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас сэтгэл санааны хүнд хэцүү үеэ хэрхэн даван гарсан туршлагынхаа талаар бодохыг эсвэл мэддэг хүнээсээ ийм туршлагынх нь талаар асуухыг хүс. Тохиромжтой бол тэд туршлагаа ангийнхантайгаа хуваалцахаар бэлтгэж болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Бидний амьдрал дахь шуурга
Хичээлээ эхлэхдээ шуурганд үндсээрээ сугарч унасан мод, газарт бат бөх урган хэвээр үлдсэн модны зургийг үзүүл. Та мөн ангийн бусад суралцагчийг судлах тэмдэглэл дээрээ мод зурж байх хооронд самбар дээр мод зурахад нэг суралцагчийг урьж болно. Модны зүүн талд өсвөр насныханд тулгардаг хэцүү сэтгэл хөдлөлийг жагсаан бичихийг суралцагчдаас хүс.
Сэтгэл хөдлөл бол өдөр тутмын үйл явдлуудад үзүүлж буй бие махбодын хэвийн хариу үйлдэл юм. Заримдаа эдгээр мэдрэмж нь зуны сэвшээ салхи шиг хөнгөн бөгөөд зохицуулахад хялбар байдаг. Заримдаа бид шуурга мэт хэцүү сэтгэл хөдлөлтэй тулгардаг.
Шуурганд нэрвэгдсэн модны үндэс ихэвчлэн илүү хурдан, зузаан ургаж, хол тархсан байдаг нь модны тэсэж үлдэх чадварыг өсгөн нэмэгдүүлдэг. Салхи хүчтэй нүдэх үед мод их бие, мөчрүүдээ зузаан болгодог эсийн бүтцийг бий болгодог. Үүнтэй адилаар Аврагчийг дагаж, хүчирхэг сэтгэл хөдлөлийн агшинд хариу үйлдэл үзүүлж сурах нь бидний эцсээ хүртэл тэвчих чадварыг хүчирхэгжүүлэх болно.
Эсвэл салхинд нүдүүлсэн модонд юу тохиолддог тухай ахлагч Андэрсэны тайлбарыг ChurchofJesusChrist.org дээрээс “Сүнслэг шуурганууд” видеоны цагийн код 0:00-ээс 1:10 хүртэл үзүүлж болно.
Өмнө нь та нарт тулгарч байсан эсвэл одоо тулгарч байгаа сэтгэл хөдлөлийн шуурганы заримыг судлах тэмдэглэлдээ бич.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн амьдралын шуурганы талаар ярихдаа ийн заасан.
Та нар Бурханы хувьд модноос хамаагүй үнэ цэнтэй билээ. Та нар Түүний хүү, охин нь юм. Тэрээр та нарын сүнсийг хүчтэй мөн амьдралын хар салхинуудад сэтгэлийн хаттай байх чадавхтай бүтээсэн. Зулзган модыг хүчирхэгжүүлдэг салхи шиг, өсвөр насанд чинь тохиолдсон хар салхинууд та нарыг ирээдүйн амьдралд бэлтгэн, сүнслэг хүч чадлыг тань өсгөн нэмэгдүүлж чадна. (“Сүнслэг шуурганууд,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 33)
-
Ахлагч Андэрсэны захиас сэтгэлийн шуурганы дарамт мэдэрч буй өсвөр насны хүүхдэд хэрхэн тусалж болох вэ?
Эдгээр шуургыг даван туулах чадварыг сэтгэлийн тэнхээ гэж нэрлэдэг болохыг хуваалц. Мөн жилийн турш суралцагчид сэтгэлийн тэнхээгээ дээшлүүлэхэд туслах ур чадварт суралцах болно гэдгийг та хуваалцаж болно.
Сэтгэлийн тэнхээгээ дээшлүүлэх нь төрж буй хэцүү бодол, мэдрэмжээ даван туулах тохиромжтой арга замуудыг хөгжүүлэхэд бидэнд тусалдаг. Биднийг ийнхүү мэдрэхэд мөн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг нэмэлт тусламж эрэлхийлэхэд өдөөх үед Тэд биднийг хэрхэн хүчирхэгжүүлж байгааг бид ойлгож чадна.
Энэ хичээлийг судлахдаа, сэтгэлийн шуургатай тулгарах үедээ Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёроос тусламж хүсэх арга замыг олж тогтоохын тулд Ариун Сүнсийг урь.
Аврагч бидэнтэй хамт байж, биднийг хүчирхэгжүүлэхээ амласан
Их Эзэний хүчирхэгжүүлэх хүчний жишээг харахад нь суралцагчдад туслахын тулд Иошуагийн түүхийг хуваалц. Суралцагчид 61-р хичээл: “Иошуа 1” хичээл дэх Мосегийн дараа Израилыг удирдахаар Их Эзэнээр дуудагдсан Иошуагийн цэдгийг судалсан байж болох юм.
Мосегийн удирдлагаар шинэ үндэстнийг байгуулах үүрэг хариуцлагыг хүлээсэн бошиглогч, мөн цэргийн удирдагчийн үүргийг хүлээн авсан учраас Иошуа хүнд байдалд орсон.
-
Та Иошуагийн оронд байсан бол ямар сэтгэл хөдлөл мэдрэх байсан гэж бодож байна вэ?
Иошуа 1:1, 5–9-ийг уншаад, Иошуаг эдгээр бэрхшээлтэй нүүр тулах үед Их Эзэн түүнд юу амласныг олж мэд.
-
Амьдралын сорилт бэрхшээлийг даван туулахад бидэнд тус болох юуг бид сурч болох вэ?
Суралцагчид Их Эзэнийг зоригтой дагах үед Тэр бидэнтэй хамт байж, биднийг хүчирхэгжүүлэх болно гэх үнэнийг тодорхойлж болно.
Та энэ үнэний хүчийг мэдрэхэд нь суралцагчдад туслахын тулд ChurchofJesusChrist.org дээрээс ахлагч Андэрсэны “Сүнслэг шуурганууд” видеон дахь захиаснаас цагийн код 1:33-аас 2:12 хүртэл илүү ихээр үзүүлж болно эсвэл Ерөнхий чуулганы “Сүнслэг шуурганууд” захиаснаас нь хуваалцаж болно.
Судлах тэмдэглэл дээрээ зурсан модны доор дараах өдөөлтүүдийг гүйцээж бич.
-
Сэтгэл санааны асуудлуудыг даван туулах чадвараа тодорхойлж хэл. Та өөрийгөө ямар сэтгэл хөдлөлөө сайн удирддаг гэж боддог вэ? Аль нь хэцүү хэвээр байна вэ?
-
Эдгээр мэдрэмждээ зориулан Их Эзэнээс тусламж авах чадвараа тодорхойлж хэл. Ямар амжилт гаргасан бэ? Найдаж байсан шиг нь үр дүнд хүрээгүй юуг хийх гэж оролдож үзсэн бэ?
Судруудыг тунгаан бодох нь Их Эзэний хүч чадлыг мэдрэхэд бидэнд тусална
Иошуа 1:8-ыг уншаад, Их Эзэнийг дагахад нь Иошуад юу туслах байсныг дахин олж мэд.
-
Та нар юу олж мэдсэн бэ?
Иошуаг сорилт бэрхшээлтэй тулгарах үед Их Эзэн түүнд өдөр шөнөгүй судруудыг (“хуулийн ном”) бясалга эсвэл тунгаан бод хэмээн хэлсэн гэдгийг онцолж болно (Иошуа 1:8-ыг үзнэ үү). Их Эзэнээс сэтгэлийн хүч чадлыг олж авах нэг арга зам нь судруудыг тунгаан бодох явдал гэдгийг онцлон хэл.
-
Их Эзэний үгсийг тунгаан бодох нь хэн нэгэнд сэтгэл санааны асуудлуудыг даван туулахад хэрхэн тусалж болох вэ?
Самбар дээрх сэтгэл хөдлөлүүдийг бичсэн жагсаалтыг хараад, эдгээр сэтгэл хөдлөлийг мэдэрч байгаа хүнд тусалж болох нэг юм уу түүнээс дээш судрын хэсгийг ол.
Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд эсвэл Судруудын удирдамжаас “тайтгарал,” “амар амгалан,” “хүч чадал,” “найдвар” зэрэг үгсийг хайж байхдаа судруудыг олж болно. “… эдгээрийг мэдрэх үед зориулсан 12 судрын хэсэг” (Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 3-р сар, 41) өгүүлэл мөн тусалж болно. Суралцагчдыг судруудыг хуваалцаж байх хооронд модны баруун талд тэдний сонгосон сэтгэл хөдлөлийн хажууд буй судрыг жагсаан бич. Дараах нь суралцагчдын хуваалцаж болох жишээ юм.
Эцэж туйлдсан: Исаиа 40:28–31.
Айдас: Иохан 14:27
Түгшсэн: Илчлэл 21:3–5
Мартагдсан: Лук 12:6–7
Шантарсан: Исаиа 43:1–2, 5
Ганцаардсан: Сургаал ба Гэрээ 68:6
Түүний үгийг тунгаан бод
Суралцагчдад хэцүү сэтгэл хөдлөл туулж буй үедээ судруудыг тунгаан бодох дадлага хийхэд нь туслахын тулд дараах зүйлсийг үзүүл.
Самбар дээр жагсаан бичсэн сэтгэл хөдлөлөөс одоо мэдэрч байгаа эсвэл өмнө нь мэдэрч байсан сэтгэл хөдлөлийг сонго. Тухайн сэтгэл хөдлөлийн хажууд байгаа судрыг уншаад, дараах асуултуудтай адил асуултуудыг өөртөө тавин шүлгийн үгсийг тунгаан бод.
-
Ийм мэдрэмж төрөх үед ямар үг, хэллэг надад тустай байж болох вэ?
-
Энэ судар Их Эзэний хайр, хүчний тухай юуг ойлгоход надад тусалсан бэ?
Хангалттай хугацаа өнгөрсний дараа та суралцагчдыг сонгосон сэтгэл хөдлөл, тунгаан бодсон судраа болон Их Эзэний үгсийг эргэцүүлэн бодох нь Түүгээр дамжуулан илүү сэтгэлийн хүч чадалтай болоход яагаад тусална гэж мэдэрснээ хуваалцахад урьж болно.
-
Та нар эсвэл та нарын таньдаг хэн нэгэн хэзээ судрын хэсгийг тунгаан бодсоноор Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёроос тайтгарал эсвэл хүч чадал олж авч байсан бэ?
Судрын хэсгээс Их Эзэний тайтгарал, хүч чадлыг мэдэрсэн туршлагаасаа хуваалцаж, хичээлээ өндөрлө. Сэтгэл санааны хувьд асуудалтай тулгарах үедээ Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хүчийг мэдрэхэд нь туслах судруудад үргэлжлүүлэн найдахад суралцагчдыг урь.