“Иошуа 1: Их Эзэн биднийг орхихгүй мөн хаяхгүй,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Иошуа 1: Их Эзэн биднийг орхихгүй мөн хаяхгүй,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Иошуа 1–8; 23–24: 61-р хичээл
Иошуа 1
Их Эзэн биднийг орхихгүй мөн хаяхгүй
Их Эзэний сонгосон бошиглогчийн хувьд Иошуа Израилыг амлагдсан нутаг тийш удирдахаар Мосегоор томилогдсон билээ. Энэ даалгавар үнэхээр хэцүү бэрх санагдаж байсан хэдий ч Аврагч Өөрийн бошиглогчийг орхихгүй мөн хаяхгүй хэмээсэн амлалтаар тууштай, зоригтой байхыг Иошуад зарлигласан (Иошуа 1:5–6-г үзнэ үү). Энэ хичээл суралцагчдад сорилт бэрхшээлүүдтэй тулгарах үед нь Их Эзэн тэдэнд тууштай, зоригтой байхад тусалж чадна гэсэн итгэлээ өсгөн нэмэгдүүлэхэд тусалж чадна.
Суралцагчийн бэлтгэл: Өсвөр үеийнхэнд тулгардаг зоригтой байхыг шаарддаг нөхцөл байдлуудын талаар бодоход суралцагчдыг урь. Суралцагчид гэр бүлийн хэн нэгнээсээ эсвэл найз нөхрөөсөө зориг шаардсан үйл явдлын талаар асууж болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Сорилт бэрхшээлүүд тулгарахад гаргах зориг
Зориг гэдэг үгийг самбарт бичиж хичээлийг эхлүүлэх талаар бодож үз. Суралцагчдыг дараах асуултад хариулж байх үед хариултаа самбарт бичихэд тэднийг урь.
-
Есүс Христ хэрхэн зоригтой байхын жишээ болсон бэ?
-
Өсвөр насны хүүхэд зориг шаарддаг ямар ямар нөхцөл байдалтай тулгардаг вэ?
Одоо тулгараад байгаа эсвэл ирээдүйд тулгарч болзошгүй зориг шаардах сорилт бэрхшээлүүдийн заримаас судлах тэмдэглэлдээ бич.
Өөрийгөө үнэлэх нь одоо байгаа нөхцөл байдалдаа дүгнэлт хийхэд суралцагчдад тусалж, хичээлийн туршид Ариун Сүнсэнд тэдний хэрэгцээг хангах боломжийг олгодог. Судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариулж бичихэд тэднийг урих нь ийн үйлдэх нэг арга зам юм.
-
Сорилт бэрхшээлтэй, хэцүү санагдах ямар нэгэн зүйл хийхийг надаас хүсэхэд би ихэнхдээ .
-
1 (доод)-ээс 5 (дээд) хүртэлх оноогоор дүгнэвэл сорилт бэрхшээлүүдийг зоригтойгоор даван туулахад минь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр надад тусална гэдэгт би хэр итгэлтэй байна вэ? Яагаад?
Та өнөөдөр суралцаж байхдаа зоригтой байхад тань туслах мөн Их Эзэн тантай хамт байгаа гэсэн итгэлийг тань өсгөн нэмэгдүүлэх Ариун Сүнсний өдөөлтүүдэд анхаарлаа хандуул.
Иошуа Израилын хүүхдүүдийг удирдахаар томилогдсон
Хичээлийн эхэнд үзүүлсэн зурагтай адил Иошуаг томилж буй Мосегийн зургийг үзүүлэх талаар бодож үз (Дэд хууль 34:9-ийг үзнэ үү).
Мосе Израилын хүүхдүүдтэй Египетээс чөлөөлөгдсөнөөс нь хойш хамт байсан хэдий ч Их Эзэн тэднийг амлагдсан нутаг руу удирдуулахаар Иошуаг дууджээ.
-
Их Эзэний бошиглогч мөн Израилын цэргийн удирдагчийн хувьд Иошуад тулгарч болох байсан ямар ямар сорилт бэрхшээл байсан бэ?
Иошуа Израилын сүнслэг удирдлагыг хариуцах болно гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал. Түүнчлэн Иошуа цэргийн жанжин байсан бөгөөд израилчуудыг алдас нь боловсорч гүйцсэн канаанчуудаас уг нутгийг булаан авахад удирдсан юм (1 Нифай 17:31–40-р шүлгийг үзнэ үү). Их Эзэн энэ нутгийг Абрахамд болон түүний зөв шударга удамд амласан билээ (Иошуа 1:1–4-ийг үзнэ үү).
Иошуа 1:5–9-ийг уншаад, сорилт бэрхшээлтэй тулгарах үед Түүнд анхаарлаа төвлөрүүлэхэд нь Иошуад тусалж болох байсан Их Эзэний ахин дахин давтан өгсөн амлалт, заавруудыг тэмдэглэ.
-
Та эдгээр шүлгээс ямар чухал зүйлийг сурч мэдэж байна вэ?
-
Сорилт бэрхшээлийг даван туулахад бусдад туслахын тулд та үнэнийг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?
Суралцагчдыг өөрсдийн тодорхойлсон үнэнүүдийг хуваалцахдаа Их Эзэн бидэнтэй хамт байгааг мэдэх үед тууштай мөн зоригтой байж чаддаг гэдгээ олж мэдэхэд нь тусал. Энэ үнэнийг ойлгоход суралцагчдад туслах үүднээс та дараах асуултуудын заримыг эсвэл бүгдийг нь ашиглаж болно. Суралцагчид хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлгээрээ хамтран ажиллаж, ярилцсан зүйлээ ангийнхантайгаа хуваалцаж болно.
Самбарт болон тэмдэглэлдээ жагсаан бичсэн сорилт бэрхшээлтэй нөхцөл байдлуудын талаар эргэцүүлэн бод.
-
Эдгээр сорилт бэрхшээлийг даван туулахдаа тууштай, мөн зоригтой байх нь ямархуу харагдах вэ?
-
Хэн нэгэнд тууштай, мөн зоригтой байхад нь тусалж чадах Их Эзэний талаар та юу мэддэг вэ? Та үүнийг хэрхэн мэдэж байгаа вэ?
Сургаал ба Гэрээ 84:88-ыг уншаад, Их Эзэн бидэнтэй хамт байдаг арга замуудыг олж мэд.
Их Эзэний тусламжийг урих арга замууд
Суралцагчдад тууштай, мөн зоригтой байх шаардлагатай үедээ Их Эзэний тусламжийг эрэлхийлэх арга замуудыг таньж мэдэхэд дараах үйл ажиллагаанууд тусалж чадна. Эдгээр үйл ажиллагаанаас аль нэгийг сонгоход суралцагчдыг урь. Тодорхой хугацааны дараа суралцагчид сурч мэдсэн зүйлээ өөр үйл ажиллагаа сонгосон суралцагчидтай хуваалцаж болно.
Үйл ажиллагаа тус бүрээр судлахад зориулж та Нэмэлт эх сурвалжууд дахь мэдэгдлүүдийн аль нэгийг тэдэнд өгч болно.
Үйл ажиллагаа А: Бурханы хуулийг дуулгавартай дагах
Иошуа 1:7 мөн Иохан 15:10; 1 Нифай 3:7; Мозая 2:41; Сургаал ба Гэрээ 93:20 судруудаас нэг эсвэл хэд хэдийг унш.
-
Та Бурханы зарлигуудыг дуулгавартай дагах, тууштай, мөн зоригтой байх зэрэг нь хоорондоо ямар уялдаа холбоотой гэж харж байна вэ?
-
Биднийг дуулгавартай байсны төлөө Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг хэрхэн адисалдаг вэ?
Үйл ажиллагаа Б: Бурханы үгийг эргэцүүлэх
Иошуа 1:8 мөн 2 Тимот 3:15–17; 2 Нифай 31:20; 32:3 зэрэг судруудаас нэг эсвэл хэд хэдийг унш.
-
Судруудыг эргэцүүлэхэд тань юу тусалдаг вэ?
-
Бурханы үгсийг эргэцүүлэх нь Түүнд ойр байгаагаа мэдрэхэд танд хэрхэн тусалдаг вэ?
Зорилгоо эргэн харах нь гаргасан ахиц дэвшлээ ухамсарлан ойлгож, улмаар зорилгодоо хүрэхэд шаардлагатай өөрчлөлтүүдийг хийхэд суралцагчдад тусалдаг. Суралцагчид судраас судлах зорилго тавьсан байх магадлалтай тул энэ зорилгоо эргэн харахыг урамшуулан дэмж. Дараа нь ахиц дэвшлээ дүгнэж, зорилгодоо чиглэсэн ямар нэгэн өөрчлөлт хийхэд тэднийг урь. (Суралцагчдад судраас судлах зорилгыг нь сануулах нэмэлт сургалтыг Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар [2022], 31-р хэсэг дэх “Сайн мэдээнээс өдөр бүр судлах замаар Аврагчаа таньж мэдэхэд суралцагчдыг урамшуул—суралцах зорилго”-ыг үзнэ үү.)
Их Эзэн бидэнтэй хамт байгаа гэдгийг санах
-
Сорилт бэрхшээлүүдтэй тулгарах үедээ Их Эзэн тантай хамт байгааг та ямар ямар арга замаар мэдэрсэн бэ?
Суралцагчдад өнөөдөр сурч мэдсэн, ойлгож мэдэрсэн зүйлээ эргэцүүлэн бодох боломж гаргаж өг. Тэд хичээл зүтгэлийнхээ үрээр Их Эзэн өөрсөдтэй нь хамт байх болно гэсэн итгэлээ хэрхэн лавшруулсныг ойлгоход туслах Сүнсийг урьж болно.
Одоо тулгараад буй эсвэл цаашид тулгарч болзошгүй сорилт бэрхшээлүүдийн талаар эргэцүүлэн бодож судлах тэмдэглэлдээ бич.
-
Та сорилт бэрхшээлтэй тулгарах үедээ тууштай, мөн зоригтой байхад тань туслах Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу мэдэж мэдэрсэн бэ?
-
Та дараагийн удаа хүнд нөхцөл байдлыг даван туулах чадвартаа эргэлзэх үедээ Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар мэдэж авсан, мөн мэдэрсэн зүйлээсээ юуг санахыг хүсэж байна вэ?
Их Эзэн Иошуад амласан шигээ бидэнтэй үргэлж хамт байж, хэзээ ч биднийг орхихгүй мөн хаяхгүй гэсэн амлалтаа биелүүлнэ хэмээх гэрчлэлээ хуваалцах талаар бодож үз.