“Иошуа 2–4: Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Иошуа 2–4: Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Иошуа 1–8; 23–24: 62-р хичээл
Иошуа 2–4
Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх нь
Израилчуудыг аглаг буйдаар аялсны дараа Их Эзэн тэднийг амлагдсан нутаг тийш удирдахыг Иошуад зарлиглав. Амлагдсан нутагт орохын тулд тэд Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх шаардлагатай байлаа. Израилын хүүхдүүд ба Рахаб гэдэг эмэгтэй Есүс Христэд итгэх итгэлээ харуулжээ. Энэ хичээл нь суралцагчдад Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн хөгжүүлэхийг ойлгоход тусална.
Суралцагчийн бэлтгэл: Есүс Христэд итгэх итгэлтэй байх гэдэг нь ямар утга санаа илэрхийлдгийг ойлгоход туслах нэг судрыг хайж олоход суралцагчдыг урь. Олж мэдсэн зүйлээ ангидаа хуваалцахад бэлдэж ирэхэд тэднийг урь. Шаардлагатай бол суралцагчид Судруудын удирдамж хэсгээс “Итгэл” гэснийг харж болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Есүс Христэд итгэх итгэл
Нэг суралцагчийг сагсан бөмбөг, дуу дуулах гэх зэрэг хобби эсвэл сонирхдог зүйлсээ төлөөлсөн үг бодоход урих замаар хичээлээ эхлүүлэх талаар бодож үз. Хэлэх гэсэн үгээ үйл хөдлөлөөрөө дүрсэлж илэрхийлэхийг суралцагчдаас хүс. Ангийн гишүүд энэ үгийг таах болно.
Дараа нь самбарт итгэл гэж бичээд, Есүс Христэд итгэх итгэлийг дүрсэлж харуулахад суралцагчдыг урь. Тэд хичээлийн бэлтгэлийнхээ үеэр олж мэдсэн зүйлээ хуваалцаж болно. Тэнгэрлэг Эцэг биднийг аварч, мөн адислахын тулд Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхийг биднээс хүсдэг гэдгийг та онцолж болно (2 Нифай 26:13; Ифер 12:12, 18; Moронай 7:33-р шүлгийг үзнэ үү).
Ариун Сүнсний нэг үүрэг бол биднийг үнэн рүү удирдах явдал гэдгийг суралцагчдад сануул (Иохан 16:13-р шүлгийг үзнэ үү). Есүс Христэд итгэх итгэлийг сайтар ойлгоход туслах Ариун Сүнсийг урихад суралцагчдыг урамшуулан дэмж.
-
Есүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлэх нь одоо байгаа нөхцөл байдалд тань хэрхэн туслах вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар Есүс Христэд итгэх итгэлийн талаар юу заасныг унш эсвэл “Итгэлээр суралцахыг эрэлхийл” видеог 3:15-аас 4:33 хүртэл цагийн кодоор үз. Уг видео ChurchofJesusChrist.org дээр бий.
Элч Паул итгэл бол “найддаг зүйлсийн маань бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа мөн” хэмээн заасан (Еврей 11:1). Алма итгэл бол юмсын тухай төгс мэдлэгтэй гэсэн үг биш юм; харин бид итгэлтэй аваас бид “үнэн бөгөөд үл харагдах зүйлүүдэд найддаг” хэмээн тунхаглажээ (Алма 32:21). Үүнээс гадна бид Lectures on Faith номоос итгэл бол … “ухаалаг бие болгоны үйлдлийн зарчим” гэдгийг мэдэж авдаг.
Эдгээр сургаал нь (1) итгэл бол үнэн гэж найддаг зүйлсийн нотолгоо, (2) итгэл бол харагдахгүй зүйлсийн баталгаа, мөн (3) итгэл бол ухаалаг бие болгоны үйлдлийн зарчим гэсэн итгэлийн үндсэн гурван бүрэлдэхүүнийг онцолдог. Би Аврагчид итгэх итгэлийн эдгээр гурван бүрэлдэхүүнийг нэгэн зэрэг ирээдүйтэй нүүр тулж, өнгөрсөн рүү харж, одоо цагт үйлдэлд хөтөлдөг гэж тайлбарламаар байна. (“Seek Learning by Faith,” Ensign, 2007 оны 9-р сар, 61–62)
“Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх нь” гэсэн зураг нь ахлагч Бэднарын Есүс Христэд итгэх итгэлийн тодорхойлолтыг ойлгоход нь суралцагчдад тусална. Зургийг самбарт зур эсвэл хичээлийн туршид суралцагчдад лавлагаа болж харагдахаар байрлуул.
-
Бурхан өнгөрсөн хугацаанд танд Өөрт нь итгэхэд туслах юу хийсэн бэ?
-
Бурханы амласан адислалуудад найдах нь Түүнд итгэх итгэлээ хөгжүүлэхэд тань хэрхэн туслах вэ?
-
Есүс Христэд итгэх итгэлийн талаар заасан ахлагч Бэднарын сургаалыг та хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?
Бид ирээдүйтэй нүүр тулж, өнгөрсөн рүү харж, одоо цагт үйлдэхдээ Есүс Христэд итгэх итгэлээ үйлдэл болгодог гэсэн үнэнийг олж тогтооход нь суралцагчдад тусал.
Итгэлийн жишээ
Иошуа 2–4-р шүлэгт цэдэглэгдсэн түүхүүдэд Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх талаарх нэг буюу хэд хэдэн хэсгийг харуулдаг.
Эдгээр түүхийг судлахад нь суралцагчдад тусал. Бүлэг нэг бүрээр суралцах өртөө бий болгох нь ийн судлах нэг арга юм. Та “Иошуа 2–4-р шүлэг дэх Есүс Христэд итгэх итгэлийн жишээ” тараах материалын нэг хэсгийг хичээлийн танхимын гурван өөр хэсэгт байрлуулж болно. Суралцагчид суралцах өртөө бүрд очин тарааж өгөх материал дээрх заавруудыг дагаж болно. Илүү том ангиудын хувьд хэсэг бүрд зориулж олон суралцах өртөөг байгуулж болно. Бие даан эсвэл жижиг бүлгээрээ оролцох боломжийг суралцагчдад олго.
Боломжтой гэж үзвэл та дараах эд зүйлсийг суралцах өртөө болгон дээр байрлуулж болно.
-
Иошуа 2-р бүлэгт зориулсан улаан утас
-
Иошуа 3-р бүлэгт зориулсан хос гутал
-
Иошуа 4-р бүлэгт зориулсан чулуу
Хэрэв суралцагчид Иерихогийн иргэдийн устгалын талаар асуувал та 63-р хичээл: “Иошуа 23–24”-ийн Нэмэлт эх сурвалжууд хэсэг дэх “Яагаад канаанчуудыг устгасан бэ?” гэсэн асуултыг асууж болно.
Хангалттай хугацааны дараа Есүс Христэд итгэх итгэлийн талаар юу сурч мэдсэнээ ангийнхантайгаа хуваалцахад суралцагчдыг урь. Суралцагчид ийн хуваалцах үедээ улаан утас, гутал эсвэл чулууг барьж болно. Дараах асуултууд тус болж болох юм.
-
Та Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэх талаар юу сурч мэдсэн бэ? Таны сурч мэдсэн зүйл өнөөгийн өсвөр үеийнхэнд ямар тустай вэ?
Ирээдүйтэй нүүр тулж, одоо цагт үйлдэж, өнгөрсөн рүү харах замаар Есүс Христэд итгэх итгэлээ хэрхэн хөгжүүлснээ эсвэл ийн үйлдсэн танил нэгнийхээ талаар хуваалцахад суралцагчдыг урих талаар бодож үз. Та Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлсэн талаар өөрийн туршлагаас мөн хуваалцаж болно.