“Иошуа 23–24: ‘Өнөөдөр өөрөө сонгог,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Иошуа 23–24: ‘Өнөөдөр өөрөө сонгог,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Иошуа 1–8; 23–24: 63-р хичээл
Иошуа 23–24
“Өнөөдөр өөрөө сонгог”
Амьдралынхаа эцэст Иошуа Их Эзэн гэж хэн болох, тэдний төлөө юу хийснийг израилчуудад сануулжээ. Иошуа тэднийг хуурамч бурхдын оронд Их Эзэнд үйлчлэхээр сонгохыг урьсан. Энэ хичээл нь аливаа бусад нөлөөлөлд авталгүйгээр Их Эзэнд үйлчлэхээр сонгоход суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас ангидаа жижиг чулуу авчрахыг хүс. Уг чулууг хичээлийн явцад гаргах төлөвлөгөөг тэдэнд эргэн сануулахад ашиглана.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Анхаарал сарниулах зүйлсийн нөлөө
Их Эзэнд үйлчлэх сонголтод хандуулсан өсвөр үеийнхний анхаарлыг сарниулах гол таван зүйлийг жагсаан бичихэд суралцагчдыг урих талаар бодож үз. Суралцагчид бие даан эсвэл бүлгээрээ ажиллах боломжтой. Бичсэн жагсаалтаа хуваалцахыг суралцагчдаас хүс.
-
Эдгээр анхаарал сарниулах зүйлийн тухайд Их Эзэнд үйлчлэхээс юу илүү сонирхолтой эсвэл илүү чухал санагдаж болох вэ?
Хэрэв бид болгоомжтой хандахгүй бол эдгээр анхаарал сарниулах зүйл нь Их Эзэнээс өөр бурхдыг шүтэн биширч, үйлчлэх орчин үеийн хувилбар болж болзошгүй гэдгийг та тайлбарлаж өгч болно.
-
Их Эзэнээс илүүтэй эдгээр нөлөөг сонгосоор байвал ямар урт хугацааны үр дүнд хүрэх вэ?
Дараах асуултыг тунгаан бодоход эсвэл судлах тэмдэглэлдээ хариултаа бичихэд суралцагчдыг урьж болно.
-
Та өдөр тутамдаа Их Эзэнд үйлчлэхийг эсвэл ямар нэгэн зүйлд юм уу хэн нэгэнд үйлчлэхийг хэрхэн сонгох вэ?
-
Хэрэв та эдгээр сонголтыг хийсээр байвал ямар урт хугацааны үр дүнд хүрэх вэ?
Их Эзэнд үйлчлэхийн тулд ямар ямар сонголт хийж болохыг танин мэдэхээр Сүнснээс тусламж эрэлхийлэхэд суралцагчдыг урь.
Бидний Бурхан Эзэн
Нэг суралцагч дараах догол мөрийг уншаад Иошуа 5–24-р бүлгийг нэгтгэн дүгнэж болно.
Израилчуудыг Иордан голоор хуурай газраар гатлуулан удирдсаны дараа (Иошуа 3–4-р бүлгийг үзнэ үү) канаанчуудтай хийсэн олон тулалдаанд нь Их Эзэн израилчуудыг адисалсан билээ. Израилчууд Бурханы өөрсдөд нь амласан нутгийг эзэмшилдээ авчээ (Иошуа 5–12-р бүлгийг үзнэ үү). Уг нутаг арван хоёр овгийн дунд хуваагдсан байв (Иошуа 13–22-р бүлгийг үзнэ үү). Иошуа амьдралынхаа эцсийн мөчүүдэд израилчуудад хандан эцсийн нэгэн захиасыг өгчээ ( Иошуа 23–24-р бүлгийг үзнэ үү).
Дараах үйл ажиллагаагаар та ангийн суралцагчдын хагасыг Иошуа 23:3–11, нөгөө хагасыг Иошуа 24:3–11-ийг уншихад урьж болно. Суралцагчид судраасаа олж мэдсэн зүйлээ тэмдэглэж болно.
Иошуа 23:3–11; 24:3–11-ийг уншаад, Их Эзэн Израилын төлөө юу хийсэн мөн юу хийх байсныг олж мэд.
Суралцагчдыг хуваалцахад урь. Та суралцагчдыг самбарт гарч ирэн хуваалцаж байх үед тэдний хариултыг самбарт бичиж эсвэл тэднээс олж мэдсэн зүйлээ самбарт бичихийг хүсэх зэргээр үүнийг хийж болно.
Дараа нь Их Эзэн тэдний амьдралд ямар нөлөө үзүүлж буйг хэрхэн ойлгосон талаараа тунгаан бодоход суралцагчдад туслах үүднээс дараах асуултыг тавь. Та Сүмийн түүх, ерөнхий чуулганаас, мөн өөрсдийн эсвэл тойргийн эсвэл гэр бүлийнхээ хэн нэгний амьдралаас эш татсан жишээнүүдийн талаар бодоход тэднийг урьж болно.
-
Их Эзэн одоо цагт биднийг адисалсан ямар ямар жишээ байдаг вэ?
Иошуа 24:15 бол төгс эзэмших сургаалын хэсэг юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амархан хайж олохын тулд зурж тэмдэглэхэд суралцагчдыг урьж болно.
Иошуа 24:14–15-ыг ойлгоход нь суралцагчдад туслах үүднээс та тэднийг Иошуагийн заасан зүйлийг өөрсдийн үгээр дахин бичихэд урьж болно. Дараа нь тэд эдгээр шүлгийг хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлгээр дахин бичиж болно.
Иошуа 24:14–15-ыг унш. Иошуагийн заасан зүйлийг өнөө цагт яг ижил зүйл зааж байгаа мэт дахин бич.
Иошуагийн зөвлөгөөг хэрхэн дахин бичих талаар хуваалцахад суралцагчдыг урь. Суралцагчид “Эргэн тойрондоо байгаа энэ бүх нөлөөг дагахаа больж, Их Эзэнийг дагахаар сонгогтун! Чи хүсэж байгаа зүйлээ сонгож болно, харин би Их Эзэнд үйлчилнэ” гэх зэргээр хуваалцаж болно.
Үнэний тухай тодорхой үгийг тодорхойлоход туслах үүднээс та суралцагчдад дараахтай төстэй асуултыг тавьж болно.
-
15-р шүлэгт цэдэглэгдсэн Иошуагийн сургаалыг та нар хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?
Суралцагчид 15-р шүлгийг нэгтгэн дүгнэхдээ Бид Их Эзэнд үйлчлэхээр сонгох эрхээ ашиглана гэх зэрэг үгсийг ашиглаж болно.
Дараах асуултыг тавихдаа хүснэгтэд жагсаасан хариултуудыг суралцагчдадаа харуулах талаар бодож үз.
-
Бид өнөөдөр ямар ямар арга замаар Их Эзэнд үйлчилж чадах вэ?
-
Их Эзэний талаар мэддэг зүйл тань Түүнд үйлчлэх сонголтод тань хэрхэн тусалж чадах вэ?
Их Эзэнд үйлчлэхээр сонгох
Израилчуудын юу хийхээр сонгосныг Иошуа 24:24–25-аас олж мэд.
Сурч мэдсэн зүйлээ өөрсдийн сонголттой холбоход туслах үүднээс дараах асуултад хариулж бичихийг суралцагчдаас хүсэх талаар бодож үз.
Судлах тэмдэглэлдээ дараах багц асуултын аль нэгд нь хариулж бич.
-
Хүнд хэцүү үед Их Эзэнд үйлчлэхэд тань тусалж чадах Түүний тухай юуг санахыг та хүсэж байна вэ? Ийм үед Их Эзэнийг санах нь танд хэрхэн туслах вэ?
-
Их Эзэнд үйлчлэх сонголт хийхийн тулд та юуг хийж эхлэх вэ эсвэл хийхээ болих вэ? Ингэснээр та ямар ямар адислалыг хүртэх вэ?
Та суралцагчдаас бичсэн зүйлээ өөрийн хүсэлтээр хуваалцахад урьж болно. Хэт хувийн шинжтэй зүйлээ хуваалцахгүй байхыг тэдэнд сануул. Түүнчлэн та Их Эзэний тухай гэрчлэлээ хуваалцаж, яагаад Түүнийг хайрладгаа, мөн өөр зүйлсийн оронд яагаад Түүнд үйлчлэх сонголт хийснээ тайлбарлаж өгч болно.
Израилчуудад Их Эзэнд үйлчлэх сонголтыг нь сануулахын тулд Иошуа юу хийснийг олж мэдэхээр Иошуа 24:26–27-г унш.
Суралцагчид хичээл дээр чулуу авчирсан бол одоо гаргаж болно. Эсвэл чулууны зураг зурж болно. Иошуа чулууг хаана тавьсан (царс модны доор) мөн яагаад тэнд тавьсан талаар ярилц (Их Эзэнд үйлчлэхээр хийсэн гэрээг нь Израилын хүүхдүүдэд сануулахын тулд). Их Эзэнд үйлчлэх төлөвлөгөөгөө санаж байхын тулд чулуугаа хаана тавихыг нь суралцагчдаас асуу. Байнга харагдаж байхаар нүдэнд ил газарт чулуугаа байрлуулахад тэднийг урь. Их Эзэнийг эсвэл “Би Их Эзэнд үйлчилнэ” гэхчлэн Их Эзэнд үйлчлэх төлөвлөгөөг нь тэдэнд сануулж байх ямар нэг зүйлийг чулуун дээрээ бичиж болно.
Та дараах үгсийг суралцагчидтай хуваалцаж болно. Их Эзэнд үйлчлэх сонголтын урт хугацааны үр дүнг гэрчил.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд Их Эзэнд үйлчлэх сонголтын урт хугацааны үр дүнгийн талаар ийн заасан.
Бид хэнд үйлчлэх вэ гэдгээ сонгох хэрэгтэй. Бидний мөнхийн аз жаргалын цар хүрээ амьд Бурханыг сонгохоос мөн Түүний ажилд Түүнтэй нэгдэхээс шалтгаалдаг. …
Эцэгийн төлөвлөгөөг дагахаар сонгох нь Түүний хаант улсын өв залгамжлагч болоход хүргэх цорын ганц зам юм. (“Өнөөдөр өөрсдөдөө сонго,” Ерөнхий чуулган, 2018 оны 10-р сар, 106–109)
Цээжил
Та энэ хичээлийн турш төгс эзэмших сургаалын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд нь суралцагчдад тусалж, дараа дараагийн хичээлүүд дээр давтаж болно. “Хэнд нь үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрөө сонгог” гэдэг нь Иошуа 24:15-р шүлгийн хувьд судрын түлхүүр үг хэллэг юм. “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн хавсралт материалуудад цээжлэх үйл ажиллагаанд зориулсан санаанууд бий.