“Амьдралд бэлтгэх хичээлд зориулсан суралцахуйгаа үнэлэх үйл ажиллагаа,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Амьдралд бэлтгэх хичээлд зориулсан суралцахуйгаа үнэлэх үйл ажиллагаа,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Хавсралт
Амьдралд бэлтгэх хичээлд зориулсан суралцахуйгаа үнэлэх үйл ажиллагаа
Амьдралд бэлтгэх хичээлийн ангиллаас нэгийг нь зааж дууссаныхаа дараа суралцагчдад өөрсдийн сурч мэдсэн зүйл, өсөлт хөгжлөө эргэцүүлэн бодох боломж олгоорой. Үүнийг хийхийн тулд та дараах үйл ажиллагаануудаас нэг юм уу хэд хэдийг ирэх “суралцахуйгаа үнэлэх” хичээлд оруулж болно. Та эдгээр үйл ажиллагааг суралцагчдынхаа хэрэгцээнд сайтар нийцүүлж, тохируулан өөрчилж болно.
Судар судлах ур чадвар
Тусламж, сүнслэг өдөөлт хүлээн авахын тулд судруудыг ашиглах чадвараа харуулах
Тэнгэрлэг Эцэгээс тусламж авахад бэлтгэхийн тулд саяхан ашигласан судар судлах ур чадварынхаа талаар эргэцүүлэн бодоход суралцагчдыг бэлтгэх сонирхолтой арга замыг бод. Үүнийг суралцагчдад сонирхолтой, ач холбогдолтой болгох арга замыг эрэлхийл. Та интернэтээс үр дүнтэй хайх ур чадварыг тодорхойлох (доорх үйл ажиллагаа шиг) эсвэл хэрэв суралцагчид AI ашиглаж байсан туршлагатай бол үр дүнтэй AI өгөгдөл өгөх ур чадварын талаар ярилцаж болно.
Дараах жишээг авч үз.
Та сургуулийн төсөлд бэлтгэж байгаа бөгөөд интернэтээс эх сурвалж олж авах хэрэгтэй боллоо гэж төсөөл.
-
Интернэтийн хайлтыг илүү үр дүнтэй болгох ямар ур чадварыг та сурч мэдсэн бэ?
Сурч мэдсэн судар судлах ур чадваруудаа самбар дээр жагсаан бичихийг суралцагчдаас хүс. Тэд ур чадвар бүрийн хажууд тухайн хэрэгсэл нь Их Эзэнээс тусламж, сүнслэг удирдамж хүлээн авахад хэрхэн тусалж болох талаар хуваалцаж болно. Ангийнхан тань дараах ур чадваруудын талаар сурч мэдсэн байж болох юм. Үүнд:
-
Есүс Христэд анхаарлаа төвлөрүүлэх
-
Есүс Христийн бэлгэ тэмдгийг эрэлхийлэх
-
Харьцуулах
-
Залбирлаар дамжуулан Ариун Сүнсийг урих, анхаарал сарниулах зүйлсээс хол байх, тунгаан бодох
-
Үг, хэллэгүүдийг тэмдэглэх эсвэл тодруулж зурах
-
Тэмдэглэл хөтлөх
-
Холбогдох эшлэлийг өгөх эсвэл шүлгүүдийг холбох
-
Далд утгатай эсвэл тодорхой үнэнийг тодорхойлох
Хэрэв танай анги нэмэлт ур чадваруудын талаар сурч мэдэн, дадлага хийсэн бол та тэдгээрийг суралцагчдын гаргасан жагсаалтад нэмж болно.
Суралцагчдад сурч мэдсэн судар судлах ур чадвараа харуулахад нь туслахын тулд дадлага хийх судрын хэсгийг сонго. Энэ нь төгс эзэмших сургаалын судрын хэсэг эсвэл суралцагчид семинарын хичээлээр судлаагүй чухал судрын хэсэг байж болно.
Дараахыг хийж гүйцэтгэн судар судлах ур чадвараа ашиглан Их Эзэнээс тусламж, сүнслэг удирдамж хүлээн авах чадвараа харуул.
-
Судрын хэсгийг хэд хэдэн удаа унш.
-
Ойлголт эсвэл сүнслэг өдөөлтийг эрэлхийлэхийн тулд аль судар судлах ур чадварыг ашиглахаа тодорхойлж, тэдгээр чадвараа судлах тэмдэглэлдээ жагсаан бич.
-
Сонгосон судрын хэсэг дээрээ уг ур чадваруудаараа дадлага хий.
-
Тэдгээр чадварыг ашигласнаар юуг сурч мэдсэнээ судлах тэмдэглэлдээ бич.
Суралцагчид дууссаны дараа ямар ур чадваруудыг ашигласан мөн ийн хийснээр юу сурч мэдсэнийг нь ангийнхандаа эсвэл жижиг бүлгээр нь хуваалцуулж болно. Суралцагчдыг хуваалцаж байх хооронд хувиараа судраас суралцахдаа тухайн ур чадваруудыг ашиглах нь хэрхэн тэдэнд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртоход тусалж болох талаар дагалдах асуултууд тавьж болно.
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийх нь
Сүнслэгээр өдөөгдсөн сонголтыг хийх хүч чадлыг Их Эзэнээс хүлээн авагтун
Самбар дээр Сонголтууд гэж бич. Суралцагчдад дараах эд зүйлсийг үзүүлээд, тухайн эд зүйлтэй холбоотой чухал сонголт эсвэл сонголтуудынхаа талаар хуваалцахыг хүс. (Эд зүйл бүр нь Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлын нэг хичээлийг төлөөлнө.)
Гар утас
Патриархын адислал
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө удирдамж
Хэд хэдэн зорилго бичсэн “Зорилго” гэж гарчигласан цаас гэх мэт.
Судлах тэмдэглэлдээ сүүлийн хэдэн долоо хоногт хийсэн, эсвэл хийхэд амаргүй байсан чухал сонголтуудаа жагсаан бичээрэй. Тэдгээр нь техник технологи, патриархын адислал, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол дахь сэдвүүд эсвэл зорилго тавих зэрэг дээр үзүүлсэн эд зүйлстэй холбоотой сонголтууд байж болно. Дараах асуултуудад өгөх хариултаа тэмдэглэ.
-
Сүүлийн үед та сонголт хийхдээ хэрхэн Их Эзэнээс хүч чадал, тусламж, удирдамж авахыг эрэлхийлсэн бэ?
-
Сүнслэгээр өдөөгдсөн сонголт хийхдээ та Түүний хүч чадал, тусламж эсвэл удирдамжийг хэрхэн мэдэрч байсан бэ?
-
Сүнслэгээр өдөөгдсөн тэдгээр сонголтыг хийхэд танд ямар сорилт тулгарч байсан бэ эсвэл тулгарч болох вэ?
Суралцагчдад эргэцүүлэн бодох, бичих хангалттай цаг өгсний дараа хэдэн суралцагчдаас сайн дураараа хуваалцахыг хүс. Суралцагчдыг Их Эзэний хүч чадлыг хэрхэн мэдэрснээ хуваалцах үеэр Их Эзэн бидэнд туслахад бэлэн байдгийг онцол. Суралцагчдыг тулгарч буй сорилт бэрхшээлийнхээ тухай хуваалцах хооронд ангийнхнаас тэдгээр нь хэрхэн тэдэнд тусалж болох талаар тунгаан бодохыг хүс. Тэд Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө удирдамжаас судар буюу мэдэгдэл олж харж эсвэл өөрсдийнхөө туршлагын талаар тунгаан бодож болно. Тэднийг хуваалцахад урь.
Суралцагчдыг Их Эзэн дараагийн алхам болгож өөр юу хийлгэхийг өөрсдөөс нь хүсэж байгаа гэж бодож байгаагаа бичин энэ дасгал ажлыг дуусгахыг тэднээс хүс.
Бие даах чадварыг хөгжүүлэх
Их Эзэний арга замаар бие даах чадвараа хөгжүүл
Египетийн Иосефыг дүрсэлсэн зургийг үзүүлээд, түүний түүхийг судалснаар бие даасан байдлын талаар юу сурч мэдсэнээ санахыг суралцагчдаас хүс (Эхлэл 37–47-г үзнэ үү). Сурч мэдсэн зүйлээ тунгаан бодох явцдаа тэмдэглэл эсвэл судар дээрээ бичсэн тэмдэглэлээ эргэн харах нь тэдэнд тустай байж болох юм.
Та суралцагчдад доорх судрын эшлэлүүдийн заримыг эсвэл бүгдийг нь жишээ болгон өгч болно.
-
Эхлэл 41:37–43, 49, 54–55 (Египетийн Иосеф Их Эзэнээс илчлэл хүлээн авсан учраас ирээдүйд болох өлсгөлөнд зориулан үр тариа нөөцөлсөн)
-
Эхлэл 45:4–11; 47:11–12 (Египетийн Иосеф хүчин чармайлт гарган бие дааж чадсан тул гэр бүлээ адисалсан)
-
Малахи 3:8–11 (Их Эзэний аравны нэгийн хуулийг дуулгавартай дагах)
-
Мосе 4:23–25; 5:1 (Адам, Ева хоёр Бурханаас хоол хүнсээ авахын оронд өөрсдөө хөдөлмөрлөж хоолоо олж идэх болсон)
Дараах асуултуудыг тунгаан бодоод, судлах тэмдэглэлдээ санал бодлоо бичээрэй.
-
Та ямар арга замаар бие даах чадвараа илүү сайн хөгжүүлж байна вэ?
-
Бие даах чадвараа хөгжүүлэхэд ямар ямар бэрхшээл танд тулгарч байгаа вэ?
-
Бие даах чадвараа үргэлжлүүлэн хөгжүүлэхийн тулд та хэрхэн Бурханаас тусламж хүсэж болох вэ?
Хэдэн суралцагчаас санал бодлоо хуваалцахыг хүс.
Бие махбод, сэтгэл санааны эрүүл мэнд
Сэтгэл санаа, бие махбодын хувьд илүү эрүүл байх зарчим, ур чадваруудыг хэрэгжүүлэх
Хүчтэй салхинд найгаж буй модны зураг харуулж эсвэл самбарт модыг зураарай. Суралцагчид 181-р хичээл: “Их Эзэнээр дамжуулан сэтгэлийн тэнхээтэй болох” хэмээх хичээлийг судлахдаа тэмдэглэл дээрээ мод зурсан бол уг модон дээр тэмдэглэсэн сэтгэл санааны сорилт бэрхшээлүүдээ эргэн харахыг тэднээс хүс.
Үүний оронд суралцагчид шинэ мод зураад, эргэн тойронд нь туулсан эсвэл ирээдүйд тулгарч болох сэтгэл санааны зовлон бэрхшээлүүдээ бичиж болно.
-
Амьдралд тохиолддог сэтгэл санааны зовлон бэрхшээлүүд нь хэрхэн хуй салхи мэт санагддаг вэ?
-
Сэтгэл санааны зовлон бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар юуг сүүлд семинарын ангидаа сурч мэдсэн бэ?
Суралцагчдыг хуваалцах хооронд бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын амласан хүч дэмд найдсанаар сэтгэл санааны хуй салхийг даван туулж чадна хэмээн гэрчлэлээ хуваалцах боломжийг эрэлхийл (Хиламан 5:12-ыг үзнэ үү).
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёроос сэтгэл санааны хүч дэмийг хүлээн авахын тулд ямар ямар зарчмыг дагаж эсвэл ямар ур чадваруудыг хэрэгжүүлж байсан бэ?
-
Юу тус нэмэр болсон бэ? Та юу сурч мэдсэн бэ эсвэл юу сурч мэдэхийг хүсэж байна вэ?
Хэрэв суралцагчид бэрхшээл, асуудлаа хуваалцвал, тэдэнд хэрхэн туслахаа мэдэхийн тулд сүнслэг өдөөлтийг эрэлхийлээрэй. Ангийн гишүүд өрөвч сэтгэл гаргаж, бие биеэ ойлгосноор нэг нэгэндээ тусалж болно.
Ирээдүйн боловсрол, ажил мэргэжилд бэлтгэх
Насан туршдаа материаллаг, сүнслэг байдлын хувьд сурч боловсрохын ач холбогдлыг ойлгох
Дараах үйл ажиллагаа нь суралцагчдад насан туршдаа сүнслэг болон материаллаг байдлын хувьд сурч боловсрохын ач холбогдлыг тайлбарлах боломжийг олгоно.
Суралцагчдаас дараах жишээг төсөөлөхийг хүс. Та энэ жишээг ангийнхаа хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн өөрчилж болно.
Танаас хичээлийн жилийн эхэнд өсвөр үеийнхний арга хэмжээн дээр үг хэлэхийг хүсжээ. Уг үйл ажиллагаа нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлийг бэхжүүлэх зорилготой байв. Танд “Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг дагахад сүнслэг ба материаллаг боловсролын гүйцэтгэдэг үүргийн ач холбогдол” гэсэн сэдэв өгчээ.
Хоёроос гурван минутын ярианы тойм бич. Тоймдоо дараахыг тусгахыг бод.
-
Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд гүйцэтгэдэг сүнслэг ба материаллаг боловсролын ач холбогдол
-
Таны захиасыг бататгах нэг юм уу түүнээс дээш судар, бошиглолын мэдэгдлийг хуваалц (Жишээлбэл: Сургаал ба Гэрээнүүд 88:77–80)
-
Насан туршдаа суралцахын ач холбогдлыг мэдэхэд танд тусалсан өөрийн болон бусдын туршлага
Хангалттай хугацаа өгсний дараа та суралцагчдаас тоймоо жижиг бүлгүүдэд хуваагдан эсвэл ангийнхантайгаа хуваалцахыг хүсэж болно.
Ирээдүйн боловсрол, ажил мэргэжлийн төлөвлөгөө гаргах
Хэрэв суралцагчид ирээдүйд сүнслэг ба материаллаг боловсрол эзэмших төлөвлөгөө гаргасан бол төлөвлөгөөгөө эргэн харахыг тэднээс хүс. Хэрэв суралцагчид төлөвлөгөө гаргаагүй бол энэ цагийг ашиглан үргэлжлүүлэн сүнслэг ба материаллаг боловсролтой болохыг хичээхдээ Их Эзэнийг хэрхэн оролцуулах төлөвлөгөө гаргахад суралцагчдыг урь.
Дараа асуултууд хэлэлцүүлэгт тус болж болох юм. Үүнд:
-
Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг төлөвлөгөөндөө хэрхэн оролцуулж байгаа эсвэл оролцуулж болох вэ?
-
Ирээдүйд сүнслэг ба материаллаг боловсролтой болох талаар өөр ямар ямар асуулт танд байсаар байна вэ?
-
Таны төлөвлөгөөний хүрээнд өөр ямар ямар алхам болох вэ?
Сургуульдаа амжилттай суралцах
Сургуульдаа амжилттай суралцахад туслах ур чадвараа ашиглах
Дараах хичээлийн гарчгуудыг самбарт бич.
Их Эзэнийг суралцах үйл явцдаа оролцуулах
Суралцахуйнхаа төлөө хариуцлагатай байх
Ажил үүрэг, эн тэргүүнд тавих зүйлсээ эрэмбэлэх
Хойш тавих хандлагаа ялан дийлэх
Гарчгуудыг уншаад, эдгээр чадварыг хичээл сургуульдаа хэрхэн хэрэгжүүлж байснаа эргэцүүлэн бодохыг суралцагчдаас хүс. Үүний тулд дараах дасгалыг хийхэд тэднийг урь.
Зураасан хоёр хүн, харилцан ярианы бөмбөлөг зур. Хоёр хүн сургуульдаа амжилттай суралцахын тулд сайжруулахыг хүсэж байгаа ямар нэгэн зүйлийнхээ тухай ярилцаж байна гэж төсөөл.
Эхний бөмбөлөгт “Хичээл сургуулийн хувьд би дээр маруухан байгаа” гэсэн өгүүлбэрийг гүйцээж бич.
Хоёр дахь бөмбөлөгт сургуульдаа амжилттай суралцахад тань туслах, сүүлд семинарт сурч мэдсэн зарчим, ур чадваруудаа хэрэгжүүлэхийн тулд хийж үзсэн зүйлээ оруулан дараах өгүүлбэрийг гүйцээж бич.
“Миний хийж гэж үзсэн зүйлс бол …”
“Би … үргэлжлүүлж хийхийг эсвэл өөрчлөхийг хичээж байгаа”
Та хэдэн суралцагчаас зурсан зургаа сайн дураараа ангийнхантайгаа хуваалцахыг хүсээрэй. Суралцагчдыг ангийнхныхаа яриаг анхааралтай сонсоход урамшуул. Хичээлүүдээс сурч мэдсэн тус болох нэмэлт туршлага эсвэл зарчим байгаа эсэхийг нь тэднээс асууж лавла. Суралцагчид бие биеэ анхааралтай сонсож байхдаа бусдад тус болсон ур чадваруудыг туршиж үзэхээр Ариун Сүнсээр өдөөгдөж байгаагаа мэдэрч болно.
Номлогчийг бэлтгэх
Есүс Христийн сайн мэдээг бусадтай хуваалцах хүсэл эрмэлзлээ нэмэгдүүлэх
Суралцагчдыг Есүс Христийн сайн мэдээг бусадтай хуваалцах талаарх бодол санаагаа эргэцүүлэн бодоход бэлдэхийн тулд, номлогчийг бэлтгэх ангиас сурч мэдсэн, хэрэгжүүлсэн зарим зүйлийг нь хамтдаа товчхон давтаарай. Жишээлбэл: Хэрэв суралцагчид 198-р хичээл: “Номлолд үйлчлэхийг сонгох”-ыг судалсан бол та толь дээш нь өргөөд, дараах асуултыг тавьж болох юм.
-
Есүс Христийн сайн мэдээг бусадтай хуваалцахдаа “харилцан яриандаа толин тусгал зарчмыг” ашиглаж байсан туршлага танд байгаа юу? Та сүүлийн үед сайн мэдээг хуваалцах өөр ямар ямар арга замыг туршиж үзсэн бэ?
Суралцагчдыг туршлагаасаа хуваалцаж байх хооронд та тэднээс Аврагчийн тухай ямар үнэнийг хуваалцсаныг мөн ямар урилгыг тараасан талаар нь асууж болно. Та суралцагчдад 197-р хичээл: “Сайн мэдээг хүчлэхгүйгээр хуваалцах нь” хичээлээр тэд Есүс Христийн талаар хайртай хүмүүстэйгээ баярлан хуваалцах үнэнүүдийг хайж байсныг нь сануулж болно (Исаиа 1:18; 25:4, 8–9; 40:28–31; 43:25; 54:10-ыг үзнэ үү).
Номлогчийг бэлтгэх хичээлүүдээс сурч мэдсэн эсвэл амьдралдаа хэрэгжүүлсэн зүйлсээ эргэцүүлэн бод. Дараа нь судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариул. Үүнд:
-
Есүс Христийн сайн мэдээг бусадтай хуваалцах таны хүсэл нэмэгдсэн үү, буурсан уу, эсвэл хэвээр үлдсэн үү?
-
Сайн мэдээг хуваалцах талаар таны бодол санаанд юу нөлөөлсөн гэж та үзэж байна вэ?
Сайн дураараа бичсэн зүйлээ хуваалцахыг хэдэн суралцагчаас хүс. Суралцагчдыг Есүс Христийн сайн мэдээг бусадтай хуваалцах хүсэл, боломжийг үргэлжлүүлэн эрэлхийлэхэд урамшуул.
Ариун сүмийн бэлтгэл
Ариун сүмд Бурхантай гэрээ байгуулах хүсэл эрмэлзлээ нэмэгдүүлэх
Суралцагчдад ариун сүмд Бурхантай гэрээ байгуулах хүслээ үнэлж дүгнэхэд нь туслахын тулд дараах үйл ажиллагаануудаас нэгийг эсвэл хэд хэдийг ашиглах талаар бодож үз.
Ариун сүмд бэлтгэх хичээлүүдээс сурч мэдсэн зарчмуудаа эргэцүүлэн бодохыг суралцагчдаас хүс. Тэд судруудаа болон судлах тэмдэглэлээ эргэн харах замаар золиослол, дуулгавартай байдлын хууль, ариун сүм Есүс Христийн тухай хэрхэн заадаг, мөн ариун сүмийн зөвшөөрлийн бичгийн асуултуудыг судалснаар хэрхэн зохистойгоор ариун сүмд ороход бэлтгэх талаар сурч мэдсэн зүйлсээ санах боломжтой. Хэрэгцээтэй гэж үзвэл дараахыг санал болгож болно.
Ариун сүмд шүтэн бишрэх хүмүүст хүртээх адислалуудын тухай дараах судрын эшлэлийг болон ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны мэдэгдлийг унш.
Гэтлэл 25:8; 1 Хаад 6:12–13; Хаггаи 2:6–9
Их Эзэний өргөөнд үйлчилж, шүтэн биширдэг хүмүүс … залбирлын хариулт, хувийн илчлэлт, илүү их итгэл, хүч, тайтгарал, өсөн нэмэгдэх мэдлэг болон чадлыг авах хүлээлттэй байж болно. (“Санваарын түлхүүрүүд өгөгдсөнд баяс,” 2024 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 121)
Суралцагчдад судар болон тэмдэглэлээ эргэн харах боломжийг олгосныхоо дараа, эдгээр хичээл нь Бурханы өргөөнд Түүнтэй гэрээ байгуулах хүсэлд нь хэрхэн нөлөөлснийг тунгаан бодоход тус болох дараах тайлбарыг үзүүлээрэй.
Дараахаас нэгийг сонго.
-
Ариун сүмийн зургийг үзүүлээд, ариун сүм нь хэрхэн танд Есүс Христийг сануулдаг талаар хуваалц. Хэрэв шаардлагатай гэж үзвэл, та temples.ChurchofJesusChrist.org дахь media gallery-аас зураг сонгож болно. Тэнгэрлэг Эцэгтэй Түүний ариун сүмд гэрээ байгуулж, гэрээгээ сахих талаар өөрийн бодол, мэдрэмжийг хуваалц.
-
Ариун сүмд орох бэлтгэлийн нэг хичээл дээр та ариун сүмд зохистой ороход бэлтгэхийн ач холбогдлын талаар сурч мэдсэн. Ариун сүмд Тэнгэрлэг Эцэгтэй гэрээ байгуулж, гэрээгээ сахих хүсэл эрмэлзэлд тань нөлөөлсөн ямар зүйлийг та сүүлийн үед сурч мэдэж эсвэл мэдэрсэн бэ? Хэрэв тийм бол судлах тэмдэглэлдээ өөртөө зориулан тэмдэглэл бич.
Сүмийн удирдагчдын сургаал
Сүмийн удирдагчдын сургаалыг ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэх
Хичээлийн жилийн туршид суралцагчдад Сүмийн удирдагчдын сургаалыг судалж, амьдралдаа хэрэгжүүлэх боломжууд гарсан. Энэ үйл ажиллагааны үеэр ангиараа судалсан хэлсэн үгнүүдийг суралцагчдад сануулах нь тустай байж болох юм. Хэлсэн үгнүүдийн гарчгийг самбарт бичиж болно. Нэг хэлсэн үгийг сонгоод, захиасыг болон өөрсдийн бичсэн тэмдэглэлээ эргэн харахыг суралцагчдаас хүс. Боломжтой бол өөр хэлсэн үгийг сонгосон хүнтэй хамтарч ажиллуулах замаар суралцагчдыг хуваарил. Хамтрагч бүрээс дараах хоёр асуултад хариулж, хуваалцахыг хүс.
-
Итгэлийн талаарх сонгосон үгнийхээ захиасыг та хэрхэн хураангуйлан дүгнэх вэ?
-
Уг захиас яагаад өнөө үеийн өсвөр насныханд ач холбогдолтой байж болох вэ?
Хамтрагч бүрийг хуваалцаж дууссаны дараа сонгосон үг дээр нь заасан зүйлсийг хэрхэн хэрэгжүүлэхийг хичээж байснаа бодохыг суралцагчдаас хүс. Та тэднээс мөн эдгээр сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэхэд юу нь амжилттай, юу нь амжилтгүй байсныг нь асууж болно.