“Олон янзаар заах санаа: Олон янзаар заах санаа,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Олон янзаар заах санаа: Олон янзаар заах санаа,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Хавсралт
Олон янзаар заах санаа
Олон янзаар заах санаа
Энэ материалд хичээлд идэвхтэй оролцоход нь суралцагчдад туслах олон заах арга зам багтсан. Үр дүнтэй ч хэтрүүлэн хэрэглэвэл заах арга барил үр дүнгүй эсвэл уйтгартай болж болно. Зүгээр л олон янз байлгах үүднээс арга барилыг сонгох ёсгүй ч хичээл бүрийн үеэр заах арга барилаа хэрхэн өөрчилж болох талаар бодож үзээрэй. Олон янзын заах арга барилыг ашиглах нь илүү олон суралцагчид хүрэхэд тусална. Суралцах туршлагад багтаах үйл ажиллагаануудыг сонгохдоо авч үзэх боломжтой цөөн хэдэн асуултыг дурдъя.
-
Энэ үйл ажиллагаа Христэд төвлөрсөн, сударт үндэслэсэн, суралцагчид төвлөрсөн туршлагыг өгөхөд тусалж байна уу? Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Семинарын хөтөлбөрийг өөрийн болгох, тохируулан өөрчлөх сургалт-ыг үзнэ үү.
-
Уг үйл ажиллагаа зааж, гэрчлэхэд Ариун Сүнсийг урьдаг уу? Тухайн үйл ажиллагаа Ариун Сүнсэнд үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай хүндэтгэлтэй орчинд хэрхэн нөлөөлж болох талаар бод.
-
Уг арга барил Бурханы ариун үгийг хэрхэн төлөөлж байна вэ? Судруудыг болон бошиглогчдын үгсийг эрхэмлэн дээдэлж, хүндэтгэлтэй байдлаар толилуулах хэрэгтэй. Арга барилдаа анхаараад судрын үндсэн захиасыг орхигдуулах ёсгүй.
-
Суралцагч бүрд хүндэтгэлтэй хандах уу? Эв нэгдэл, хайр энэрлийг байнга хөхиүлэн дэмжихийг эрэлхийл. Суралцагчийг эвгүй байдалд оруулж, сэтгэлээр унагаж, ганцаардахад хүргэж болзошгүй үйл ажиллагаануудаас зайлсхий.
-
Энэ үйл ажиллагаанд хичээлийн цагийг зориулах нь ашигтай юу? Семинарт суралцагчидтайгаа хамт цугларах цаг тань үнэ цэнтэй юм. Хэт их цаг зарцуулахгүйгээр үйл ажиллагааг үр дүнтэй явуулах боломжтой.
-
Үйл ажиллагааг бэлтгэхэд хэр их цаг, нөөц бололцоо шаардагдах вэ? Үнэт цаг, нөөц бололцоогоо сайн зохицуулах нь чухал.
Эдгээр санааг хичээлийн туршид хэд хэдэн хэсэгт ашиглаж болно. Ихэнх тохиолдолд суралцагчдад хийх гэж байгаа зүйлийг нь тайлбарлаж, хийж үзүүлэх нь илүү амжилттай байхад тусална. Хэрэв тустай гэж үзвэл, та үйл ажиллагааг явуулж эхлэхээс өмнө тухайн үйл ажиллагааг сайн ойлгож мөн тодорхой заавар өгч, тайлбарлаж, хийж үзүүлсэн байхад анхаар. Эдгээр үйл ажиллагааг дараах ангилалд хуваана. Үүнд:
Санал хүсэлт эсвэл нэмэлт санаа өгөх бол CES-Manuals@ChurchofJesusChrist.org руу э-мэйлээр ирүүлнэ үү. “Олон янзаар заах санаа” сэдэвт оруул.
1. Судрын түүхийн үйл явдлыг ойлгож, сайн мэдээний зарчим, сургаалыг тодорхойлох
Хичээлд гол төлөв суралцагчдыг зарчим эсвэл сургаалуудыг тодорхойлж чаддаг болтол нь судрын бүлгийн хам сэдэв, түүхийн үйл явдлыг ойлгохын тулд судрын цуврал шүлгийг судлах үйл ажиллагаанууд ордог. Дараах үйл ажиллагаанууд бол суралцагчдад үүнийг хийхэд туслах хэдэн арга зам юм.
Уран зургаар тайлбарлах
Түүхийг ярилцахдаа сайн мэдээний уран зургийг ашигла. Сүмийн Mеdia library-аас авсан зургийг үзүүлж, уг зурган дээр дүрсэлсэн шүлгүүдийг судлахыг урь. Суралцагчдаас асуу.
-
Зохиогч судрын шүлгүүдээс юуг тусгасан бэ?
-
Уран зургаар (бичвэрт байхгүй) юуг тайлбарласан байна вэ?
-
Та уншсан зүйлдээ үндэслэн юуг өөрчлөх вэ?
Өөр хувилбар: Хэлэлцүүлгийг эхлүүлэхдээ зургийг бүтнээр нь үзүүлэхийн оронд хувааж үзүүл. Нэг хэсгийг нь үзүүлээд, бүтэн зурган дээр юу болж байгааг суралцагчдаар таалга. Тэднээс юу харж байгаагаа дүрслэн хэлэхийг мөн харагдахгүй байгаа зүйлийг таамаглахыг хүс.
Өөр хувилбар: Аврагчийн хэдэн зургийг сонгоод, самбарт байрлуул. Суралцагчдыг зургуудын өнгө, үндсэн хэсэг, зохиомжийг ажиглаад; Есүс Христ гэж хэн болох талаар зураг бүр юу зааж байгааг тодорхойлохыг хүс. Судрууд эсвэл Сүмийн удирдагчдын мэдэгдлээс нэг зарчмыг тодорхойлсны дараа та дараахтай адил асуултыг тавьж болно. Үүнд:
-
Христийн аль зураг таны олсон зарчмыг дүрсэлж байна гэж та нар бодож байна вэ? Яагаад?
-
Есүсийн эдгээр зургийн аль нь энэхүү үнэний ач холбогдлыг мэдрэхэд та нарт тусалдаг вэ?
-
Энэ үнэний талаар бодох үед найз тань Есүс Христийн талаар юуг мэдээсэй гэж та хүсэх вэ?
Зураг дээр харилцан яриа нэмэх
Хүүхдүүдэд зориулсан судрын түүхүүд дээрээс зургуудыг хувилж, суралцагчдад тараах материал болгон өг. Сударт үндэслэн суралцагчид баатруудын юу хэлж байгааг бичих ярианы бөмбөлөг дүрсүүдийг нэм.
Өөр хувилбар: Хүүхдүүдэд зориулсан судрын түүхүүд дэх зургуудыг оруулаад, судрыг ашиглан тухайн зурагт дүрсэлсэн үйл явдлыг хураангуйлахыг суралцагчдаас хүс. Жишээлбэл: “68-р хичээл: Рут”, “151-р хичээл: Иона” зэргийг үзнэ үү.
Тайлбарлагчид
Суралцагчдаас спортын тоглолтын үеэр тайлбарлагчид юу хийдгийг асуу. Суралцагчдын хариултыг самбарт бич. Жишээ нь:
-
Юу болж байгааг хүмүүст ойлгоход нь туслах
-
Нөхцөл байдлын талаар асуулт асуух (Жишээлбэл: “Яагаад … гэж би гайхаж байна“)
-
Шийдвэрийн талаарх санал бодлоо хуваалцах
-
Сайн болохгүй байгаа зүйлийг мөн яагаад энэ нь чухал болохыг онцлох
-
Сайн болж байгаа зүйлийг нь мөн яагаад энэ нь чухал болохыг онцлох
-
Амжилтыг нь магтан сайшааж, бүтэлгүйтэлд харамсаж байгаагаа илэрхийлэх
Суралцагчдаас судрын түүхийн тайлбарлагчид болохыг хүс. Тэд хэдэн шүлэг уншаад, ангиараа эсвэл жижиг бүлгүүдэд хуваагдан самбар дээрх өгсөн аль нэгэн жишээний дагуу хуваалцаж болно. Судрын түүхийг амилуулахад тэднийг урамшуул.
Мэдээний тойм эсвэл номын тайлан
Суралцагч бүрд судлах судрынх нь нэг хэсгийг өг. Дараа нь мэдээний тойм эсвэл номын тайлангийн (цаас юм уу самбар дээр) тавигдах шаардлагыг тэдэнд өг. Үүнд гол дүрүүд, түүхийн үйл явдал, сурч мэдсэн нэг юм уу хоёр зүйл (тэдний шүлгүүдийг эш татах), өсвөр насны хүүхдийн хувьд хэрэгжүүлэх арга зам гэх зэрэг багтаж болно. Суралцагчдад бэлдсэн зүйлээ өөр суралцагчтай хуваалцах цаг гаргаж өг.
Өөр хувилбар: Жижиг бүлэгт хуваагдаж, суралцагч бүр мэдээ, номын тайлангийн гол дүрүүд, түүхийн үйл явдал, сургамж, хэрэгжүүлэлт гэх мэт бүрэлдэхүүн хэсгийн аль нэгийг авч болно.
Асуултыг тодорхойлох
Судрын багцыг уншсаны дараа хариулахад тусалж болох асуултуудыг жагсаан бичүүл. Энгийн мэдээлэл авах биш, харин өсвөр үеийнхний хувьд утга учиртай, хамаатай асуултуудыг бичихэд суралцагчдыг уриал. Жишээлбэл: Суралцагчид: “Итгэлийн талаар Алма юу гэж хэлсэн бэ? Тэр итгэлийг юу биш гэж хэлсэн бэ?” гэж асуухын оронд “Аврагчийн заасан зүйл үнэн гэдгийг өөрөө мэдэж авахын тулд би юу хийх хэрэгтэй вэ?” гэж асууж болно. Хэрэв суралцагчдад судлах судрын олон багц байвал тэд асуултуудаа жагсаан бичээд, өөр багцыг судалсан суралцагчтай хуваалцаж болно. Суралцагчид ангийнхныхаа хариултыг хайж олон, тэдгээрийн талаар бодож болно.
Зохиогчоос ярилцлага авах
Суралцагчдыг өөрсдөө судрын түүхийн зохиогч бөгөөд бичсэн зүйлийнх нь талаар тэднээс хэн нэгэн ярилцлага авч байна гэж төсөөлөн бодохыг хүс. Суралцагчид судрын түүхийг уншаад, ярилцлага авагч, зохиогч хоёрын үүргийг ээлжлэн гүйцэтгэж болно. Ярилцлага авагч дараах асуултуудыг тавьж болно. Үүнд:
-
Уншигчдыг эдгээр шүлгийн аль хэсгийг нь олж хараасай гэж та хүсэж байна вэ?
-
Таны гол санаа эсвэл гол санаанууд нь юу байсан гэж та хэлэх вэ?
-
Уншигчид үүнийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлээсэй гэж та найдаж байна вэ?
Суралцагчдыг энэ үйл ажиллагаанаас олж мэдсэн зүйлээ хуваалцахыг урь. Тэдний хариултыг ашиглан, тодоор бичсэн үнэнийг хэл.
Тохируулах
Судрын хэд хэдэн эшлэлийг нэг баганад, тохирох үнэнүүдийг өөр баганад хоорондоо таарахгүйгээр хольж тавь. Суралцагчид судалж мөн тохируулж болно.
Бидний амьдралд зориулсан чухал үнэнүүд
Суралцагчдыг тодорхойлж болох олон үнэн бүхий судрын бүлгийг судалж байх үеэр та эхлээд тэднээр бие даан судлуулж болно. Суралцагч бүр тухайн багц дахь гурав эсвэл дөрвөн чухал үнэн эсвэл санаа юу болохыг шийдэн, бичиж болох юм. Дараа нь та суралцагчдыг хоёр хүн бүхий баг болгон хуваагаад, тэдний тодорхойлсон үнэнийг харьцуулж болно. Хос бүр амьдралд нь хамгийн чухал гэж бодож байгаа хоёр үнэнээ олж тогтоон, бичиж тэмдэглэнэ. Жич: Санаанууд нь анх гаргасан дөрвөөсөө өөр байж болно. Дараа нь хос бүр өөр хостой нэгдэж, дөрвүүлээ нэг бүлэг болж ажиллана. Дөрвөн суралцагч хамтарч өөрсдийн санааг хуваалцан, харьцуулаад, бичвэр дэх өөрсдөд нь хамгийн чухал гэсэн нэг үнэнээ тодорхойлно.
Зургийн цаг хугацааны хүснэгт
Суралцагчдын судлах судрын түүхийг дүрсэлсэн хэдэн зургийг үзүүл. Суралцагчдын унших шүлгүүдийг мөн үзүүл. Зургуудыг зөв дэс дараалалд оруулахыг суралцагчдаас хүс.
Гол утга санааны схем гаргах
Судрын түүхүүдэд заасан сургаал, зарчмуудыг гол утга санааны бүтцийн схемээр тодорхойлоход нь суралцагчдад тусал. Гол утга санааны бүтцийн өөр өөр бүрэлдэхүүн хэсгийг олж тогтоо. Үүнд:
-
Эхлэл: Үүнд оролцож буй хүмүүс, эхлээд нөхцөл байдал ямар байсан, мөн хаана, хэзээ өрнөж байгааг багтааж болно.
-
Зөрчилдөөн буюу үйл явдлын зангилаа: Түүхэнд гарч буй хүмүүсийн амьдралд нөлөөлөх өөрчлөлтүүдийг тодорхойлох.
-
Өрнөл: Энэ нь уг түүхийн гол үйл явдал юм. Үүнд ихэвчлэн тухайн хүн саад бэрхшээлийг даван туулж, ухааран ойлгосон цаг мөч зэрэг томоохон өөрчлөлтүүд ордог.
-
Туйл: Өрнөл хэсэг дээр үйл явдлын дараах үр дагавар.
-
Тайлал: Энэ нь тухайн хүмүүс уг туршлагынхаа үр дүнд олж авсан шинэ ойлголтыг дүрсэлнэ.
Зохиолын бүрэлдэхүүн хэсэг бүрд тохирох судрын эшлэлүүдийг самбарт бич. Суралцагчдаар бүрэлдэхүүн хэсэг бүрд зориулсан судрын шүлгүүдийг уншуулж эсвэл уншиж байгаа зүйлийнхээ зургийг зурж, гол үйл явдлуудын жагсаалтыг бичүүл. Суралцагчдыг сүүлчийн алхмыг дуусгасны дараа уг түүхийг бүхэлд нь хараад, сурч мэдсэн үнэний мэдэгдлээ бичихийг хүс.
Эвлүүлдэг зураг
Судрын багцыг төлөөлөх зургаар энгийн эвлүүлдэг тоглоом хий. Хэсэг бүрийн ард судрын эшлэлүүдийг бич. Та суралцагчдыг бүлэг болгоод, тус бүрд нь эвлүүлдэг тоглоомын нэг хэсгийг өгч болно. Суралцагчид эшлэлүүдийг судлаад, шүлгүүдээ нэгтгэн дүгнэхэд бэлдэнэ. Бүлгүүд товч дүгнэлтээ ангийнхантайгаа хуваалцаж байхдаа, уг хэсгүүдийг самбарт нааж зургийг бүтэн болгоно.
Уншигчийн театр
Олон харилцан яриатай түүхийн хувьд судрын шүлгүүдийг зохиолын бичвэр хэлбэрт оруулан, хүн нэг бүрд өөр өөрийн хэсгийг хурдан олох боломжтой болго. Харилцан яриа ороогүй шүлгүүдийг өгүүлэгч ашиглан уншуул. Та судрын шүлгүүдийг хувилж аваад, хэсэг бүрийг өөр өөр өнгийн тодруулагчаар тэмдэглэж болно. Жич: Бурхан Тэргүүтэний гишүүдийг ямар ч үед дээд зэргийн бишрэл хүндэтгэлтэй толилуулах ёстой гэдгийг санаарай. Хэрэв Бурхан Тэргүүтэний гишүүн, түүний дотор Есүс Христ энэ үйл ажиллагаагаар авч үзэх судрын түүхэнд орсон байвал өгүүлэгчээр Түүний үгийг уншуулж болно.
Судраас унших
Ангид судраас унших хэд хэдэн арга бий. Тухайлбал: Арга бүрийг өөр өөр зорилгоор ашиглана. Унших арга барилыг сонгохдоо ангийнхаа хэрэгцээ шаардлагыг бодож үз.
-
Чимээгүй унших: Суралцагчид дотроо чимээгүй уншиж болно. Энэ нь судруудаа эргэцүүлэн бодож, өөр өөрсдийн хурдаар унших боломжийг суралцагчдад олгодог.
-
Хосоороо эсвэл бүлгээрээ унших: Энэ нь илүү олон суралцагчид оролцох, чанга унших гэж сандрахгүй байх боломж олгодог.
-
Багш унших эсвэл аудио бичлэг тавих: Багш текстийг унших юм уу аудио бичлэг тавиад, суралцагчдыг дагаж уншихад урьж болно.
-
Чанга унших: Ангийнхныг шүлгүүдийг бүгд хамтдаа уншихад уриалж болно. Хэд хэдэн суралцагч сайн дураараа ангийнхандаа чанга уншиж өгч болно эсвэл тэднийг эртнээс уншихад урьж, бэлтгэх цаг гарган өгч болно. Олны өмнө уншихад эвгүй байвал “уншихгүй байж” болно гэдгийг суралцагчдад анхааруул.
Судар ухах
Судар дахь хэд хэдэн шүлгийн талаар хэд хэдэн асуултыг тус тусад нь цаасан дээр бэлд. Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваа. Бүлэг бүрээс нэг суралцагчийг самбарт гаргаж, эхний асуултыг тэдэнд өг. Дараа нь суралцагчид бүлэгтээ буцаж очоод, хариултыг хамтдаа хайж олно. Хариултаа олсон бол дараа дараагийн асуултыг авахаар тэд өөр нэг суралцагчийг явуулна. Хэрэв анги цөөн суралцагчтай бол суралцагчид энэ үйл ажиллагааг бие даан хийж болно.
Үйл явдлыг дүрслэн харуулах
Анги танхимаа тухайн өдөр судраас унших түүхийг дүрслэн харуулж болохоор засаж чимэглэ. Хэрэв Рутыг уншиж байгаа бол самбарын өмнө Моаб болон Иудагийн нутгийг төлөөлсөн хоёр тэмдгийг байрлуулж болно. Суралцагчид Моабын нутгаас эхлэн, Наоми, Рут, Орпа, Елимелех болон түүхэнд гардаг бусад хүний нэрийг илэрхийлэх нэрийн тэмдэг зүүж болно. Дараа нь тэд ямар хүмүүс Иуда руу очиж байгааг үзүүлээд, яагаад гэдгийг нь судалж болно.
Зогсох тэмдэг
Дараах тодоор бичсэн үнэнийг суралцагчдад өг. Тэдэнд хэд хэдэн шүлгийг аажуухан уншиж өгөөд, уг үнэнийг заахад тусалдаг ямар нэг зүйлийг олж сонссон бол гараа өргөхийг эсвэл “Зогс” гэж хэлэхийг тэднээс хүс. Дараа нь олж сонссон зүйлээ хуваалцахад суралцагчдыг урь.
Суралцагчийн товч дүгнэлт
Хичээл эхлэхээс өмнө нэг юм уу түүнээс олон суралцагчид ангийнхандаа зориулан товч дүгнэлт гаргах судрын хам сэдэв эсвэл агуулгыг өг. Та тэдгээрийг нэг өдрийн өмнө хэвлэж тараах юм уу суралцагчдыг ангидаа ирэхэд нь өгч болно. Тэднээс хичээл дээр тохиромжтой цагт дуудах үед товч дүгнэлтээ хуваалцахад бэлэн байхыг хүс.
Судрыг өөрийн ойлгосноор орчуулах
Ойлгоход хүндрэлтэй байж болох судрын багцыг уншсаных нь дараа та тэдэнд нэг шүлгийг сонгон өөрсдийн үгээр орчуулах эсвэл мөр бүрийг өөрсдийн үгээр бичих боломжийг олго. Хэрэв шаардлагатай бол хүнд хэцүү үг, хэллэгүүдийг ойлгохын тулд бусад судар, судар судлах хэрэгслүүдийг ашиглах дадлага хийх эсвэл тодорхойлолтыг нь олоход тэдэнд тусал.
Үнэн үү, худал уу?
Судрын багц дахь чухал мэдээллийн тухай үнэн эсвэл худал янз бүрийн мэдэгдэл бич. Суралцагчаас эхлээд уг мэдэгдэлтэй санал нийлж эсвэл нийлэхгүй байгаагаа илэрхийлэхийг хүс. Судрын багцыг судалж байхдаа уг мэдэгдлийг дэмжих эсвэл үгүйсгэх нотолгоог олоход тэднийг урь. Дараа нь суралцагчид судрын хэсгүүдийг уншиж байхдаа буруу мэдэгдлийг зөв болгон бичиж болно.
Өөр хувилбар: Хичээлийн сэдвийн талаар суралцагчид ойлгосон байвал чухал хэдэн мэдэгдлийг бич. Мөн хэдэн худал мэдэгдлийг оруул. Дараа нь суралцагчдаас аль нь үнэн эсвэл худал гэдгийг таахыг хүс. Үүний дараа суралцагчид тухайн хичээлийн судруудаас судалж, зөв байсан эсэхээ шалгаж болно. Үйл ажиллагааны дараа суралцагчдаар олж мэдсэн зүйлийг нь хуваалцуул. Суралцагчид үйл ажиллагааны дараа аль мэдэгдэл нь үнэн, аль мэдэгдэл нь худал болохыг тодорхой мэдсэн байхад анхаар.
Зураг ашиглах
Өөрсдөд нь чухал нэг зургийг сонгохыг суралцагчдаас хүс. Энэ нь тэдний утсан дээрх зураг байж болно аль эсвэл тэд гэрээсээ зураг авчирч болно. Дараах зүйлсийн талаар тэднээр хуваалцуул.
-
Гэрэл зургийг авахын өмнөх нөхцөл байдлын тайлбар
-
Гэрэл зургийн гол санаа эсвэл зорилго
-
Тэдний хувьд чухал хоёр нарийн ширийн мэдээлэл
Суралцагчдыг хуваалцсаны дараа тухайн хичээлийн судрын багцыг уншаад, уг судрын багцтай холбоотой дээрх гурван зүйлийг бэлтгэж болно.
Төсөөлөн бодох
Судалсан бичвэрийнхээ түүх эсвэл хэсгийг дүрслэн бодоход суралцагчдыг урь. Суралцагчид нүдээ аниад, багшийн дүрсэлсэн дүр зургийг төсөөлөн бодоход анхаарлаа төвлөрүүлж болно. Жишээлбэл: Та суралцагчдаас Улаан тэнгисийн дунд гацаж, Фараоны их цэрэг дайрч довтлохоор ирж байх үед өөрийгөө Израилын хүүхдүүдтэй хамт байна гэж төсөөлөхийг хүсэж болно. Тэдэнд ямар санагдах байсан бэ? Израилын хуаранг Египетийн цэргүүдээс халхалсан “үүлэн багана” ямар харагдаж байсан бэ? (Гэтлэл 14:19–20-ийг үзнэ үү). “Эзэн шөнийн турш дорнын хүчит салхиар далайн усыг ухраасанд ус хувааг[дах]” үед ямар байсан байж болох вэ? (Гэтлэл 14:21). Та “Өөрийгөө ‘далай дундуур хуурай газраар явж: ус [өөрийн] чинь баруун зүүн талд … хана мэт боссон байна’ гэж төсөөлөөрэй (Гэтлэл 14:22). Эргэн тойрны тань хүмүүс үүнд хэрхэн хандаж байна вэ? Тэд юу ярьж байна вэ, эсвэл чимээгүй алхаж байна уу? Чи тэр шөнө хуарандаа юу ярих байсан бэ?” гэж хэлж болох юм. Нөхцөл байдлыг төсөөлөн бодоход туслах асуултуудыг суралцагчдад үргэлжлүүлэн тавь.
Үгэн үүл
Суралцагчдыг судрын хэсэг дэх чухал гэж үзсэн үг, хэллэгээ тодорхойлохыг урь. Тодорхойлсон хамгийн түгээмэл эсвэл чухал үг хэллэгээрээ үгэн үүл үүсгэ. Үгийн хэмжээ нь ач холбогдлынх нь түвшнийг илэрхийлж болно.
2. Эшлэл, судруудын талаарх ойлголтоо гүнзгийрүүлэх
Хичээлд ихэвчлэн жишиг бүтээлээс авсан судрын хэдэн хэсэг багтсан байх ба энэ нь судалж байгаа зарчим, сургаалын талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд суралцагчдад тусална. Түүнчлэн Сүмийн удирдагчдын үгээс эш татсан хичээлүүд байгаа. Дараах үйл ажиллагаанууд нь суралцагчдад олон янзын судар, эшлэлүүдийг судалж, үнэнийг өөрсдөө олж мэдэхэд нь тусалж болох цөөн хэдэн арга зам юм.
Судлах өртөөнүүд гаргах
Анги даяар судлах өртөөнүүд гарга. Өртөө бүрийн хана эсвэл ширээн дээр зааврууд тавьж болно. Эдгээр зааварт унших судар эсвэл эшлэлүүд, асуулт болон хийж гүйцэтгэх бусад үйл ажиллагаа орж болно. Суралцагчид жижиг бүлгүүд болж, өртөө бүр лүү ээлжлэн очиж, тэндээс сурч мэдсэн зүйлээ ярилцаж болно. Тэд мөн үүнийг өөрсдийн хурдаар, бие даан гүйцэтгэж болно. Та өртөө болгонд бүлэг бүрд эсвэл суралцагч бүрд хариултуудаа бичихэд нь зориулан том цаас тавьж өгч болно. Тэд бусдын бичсэн зүйлийг уншиж, эргэцүүлэн бодож болох юм.
Өөрийн зүүлт тайлбарыг бүтээх
Суралцагчдыг судалж байгаа судрууддаа зүүлт тайлбар нэмэхийг хүс. Тэдгээрийг судалж байгаа судрын хэсгүүд болон бусад судар, Сүмийн удирдагчдын хэлсэн үгсийн хооронд холбоос бий болгох замаар нэмж болно. Суралцагчид холбогдох эшлэлүүдийг захад нь бичиж эсвэл Gospel Library аппликэйшн дахь холбох үйлдлийг ашиглаж болох юм. Тэд уг сэдвийн талаар илүү их ойлголт өгөхийн тулд аль болох олон нэмэлт эшлэлийг хуваалцаж болно. Өөр хувилбар: Суралцагчид хичээлийнхээ янз бүрийн судар, эшлэлүүдийг Gospel Library дахь тагуудыг ашиглан холбож болно.
Тодорхойлох
Ойлгоход хэцүү үг эсвэл ойлголтыг суралцагчдаар тодорхойлуул. Судрууд ба судар судлах арга хэрэгсэл (Topical Guide, Судруудын удирдамж, Topics and Questions) гэх зэрэг нэр томьёоны талаар илүү ихийг мэдэхэд туслах эх сурвалжуудыг харахыг тэднээс хүс. Нэр томьёо эсвэл хэллэгийг өөрсдийн үгээр тодорхойлох боломж олго.
Зургаар тэмдэглэл хөтлөх
Суралцагчдыг судалж байх үед тэдэнд олж мэдсэн зүйлээ бичиж болох бодлын бөмбөлөг дүрсүүдтэй цаас өг.
Мэргэжилтнүүд
Суралцагчдыг жижиг бүлгүүд болгон зохион байгуулаад, бүлэг тус бүрд судлах нэг сэдвийг оноож өг. Бүлгүүдэд сэдвээ судлах цаг өг. Энэ нь бүлгийн гишүүн бүрд бүлгийнхээ сэдвээр мэргэжилтэн болох боломжийг олгоно. Тэд судрын эшлэл, Сүмийн удирдагчдын мэдэгдэл, Судруудын удирдамж эсвэл таны өгсөн бусад эх сурвалжийг ашиглаж болно. Хангалттай хугацаа өнгөрсний дараа суралцагчдыг шинэ бүлэгт оруул. Ингэснээр бүлэг бүрд өөр өөр сэдвийн “мэргэжилтэн” орно. Суралцагчид дараа нь тухайн сэдвийн талаар сурч мэдсэнээ хуваалцана.
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимолтой холбох
Суралцагчид судрын хэсэг эсвэл мэдэгдлийг судалж, сайн мэдээний үнэнийг олж тогтоосны дараа Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч товхимлын хэсэг эсвэл хэсгүүдээс тухайн үнэнийг бататгасан мэдэгдлийг олохыг тэднээс хүс.
Шат шатаар
Суралцагчдаар судлах тэмдэглэлдээ судрын нэг мөр эсвэл нэг өгүүлбэрийг өөрөөр дахин бичүүл. Тэд мөр, өгүүлбэр бүрийн хооронд зай үлдээх ёстой. Суралцагчид уг мөр эсвэл өгүүлбэрийн үг бүрийг анхааралтай судалж, эргэцүүлэн бодож болно. Тэд мөн уг мөрийн тухай өөр холбогдох судрын эшлэл, Gospel Library дахь бусад мэдээллийг олж болно. Дараа нь судрын хэсгийн дараагийн мөрийг авч, мөн адил үйлд. Үүний нэг жишээг Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлийн 2021 оны 2-р сарын дугаарын 32-р хуудсан дахь “Бүү ай” өгүүллээс олж болно.
Оюуны зураглал
Суралцагчдаас дээрхтэй адил оюуны зураглалыг судлах тэмдэглэлдээ зурахыг хүс. Тэд тодорхойлсон зарчим эсвэл сургаалаа голд нь байх хайрцагт бичиж болно. Дараа нь тэдэнд ойлголтыг нь баяжуулах нэмэлт судар, эшлэлүүдийг олж мэдэх даалгавар өг. Тэд тухайн сэдвийн талаарх ойлголтоо гаднах хайрцгуудад нэмж болно. Суралцагчдаас үргэлжлүүлэн хайрцаг нэмж, сурч байгаа зүйлстэйгээ холбон оюуны зураглалаа тэлэхийг хүс.
Давхардсан санаа
Суралцагчдаар зарим талаараа төстэй, зарим талаараа өөр хоёр эсвэл түүнээс олон сэдвийг хичээлээс сонгуул. Дээрхтэй төстэй бүдүүвч зургийг зур. Тэнд суралцагчид энэ хоёр сэдэв юугаараа адил мөн юугаараа өөр болохыг бичиж болно. Үүнийг түүх дээр гардаг хоёр хүнээр (жишээлбэл: Иаков, Есав хоёр) эсвэл хоёр сэдвээр (жишээлбэл: Алгасал баяр ба ариун ёслол) гүйцэтгэж болно.
Ойлголтоо хуваалцах
Суралцагчдад судрын багцын хувилсан хуудсыг өгөөд, дээр нь нэрээ бичихийг тэднээс хүс. Багцыг уншаад, судалж байхдаа олж авсан ойлголтоо бичих нэгээс хоёр минутыг тэдэнд өг.
Жишээлбэл: Суралцагчид зүүлт тайлбарыг тэмдэглэн, бошиглолын эшлэлүүдийг хуваалцаж, чухал үг хэллэгүүдийн доогуур зурж, онцгой үгсийг дугуйлж, зарчмуудыг бичиж, өөрсдийн гэрчлэл, бусад ойлголтоо хуудасны захад бичин хуваалцаж болно.
Цаг дууссаны дараа цаасаа өөр суралцагчид дамжуулж, уг суралцагч өөрийн ойлголтыг бичнэ. Хэдэн удаа дамжуулсны дараа цаасыг анх авсан суралцагчид буцааж өгөхийг тэднээс хүс. Өөр хувилбар: Цаас бүрд судрын багцын оронд тухайн багцтай холбоотой хэрэгжүүлэх асуулт байж болно. Хэд хэдэн суралцагч асуултуудад судар, бошиглогчдын үгсийг ашиглан хариулж, уг сэдвийн талаарх гэрчлэлээ хуваалцаж болно.
Эшлэлийг санамсаргүй байдлаар сонгох
Уг хичээл дэх үнэнийг заасан хэдэн эшлэлийг малгай юм уу цүнхэнд хий. Нэг эшлэлийг малгайнаас аваад, энэ нь сурч байгаа үнэнтэй нь хэрхэн холбоотой мөн өөрсдийнх нь хувьд ямар утга учиртай болохыг сайн дураараа хуваалцахыг суралцагчдаас хүс. Тэдэнд унших, хуваалцахад бэлтгэх цаг гаргаж өгөхөд анхаар. Өөр хувилбар: Суралцагчид хуваалцаж дууссаныхаа дараа эшлэлүүдээ сольж, өөр эшлэлээ хуваалцах шинэ хамтрагчийг олно.
Судрын хаалт
Судрын 16 эшлэлийг сонгоод, эшлэл бүрийг хаалтын гадна багана дахь 16 мөр дээр бич. Суралцагчдыг хос хосоор нь эсвэл жижиг бүлгүүд болгон хувааж, хаалт бүрд хосолсон судруудыг уншиж, өнөөгийн өсвөр үеийнхний хувьд аль эшлэл хамгийн утга учиртай гэж бодож буйгаа тодорхойлохыг урь. (Бүх судар чухал гэдгийг онцлох нь тустай байж болно. Суралцагчид аль шүлэг нь илүү сайн болохыг биш, харин аль шүлэг нь тухайн өдөр өөрсдөд нь хамгийн утга учиртай болохыг шийдэх юм.) Судрын сонгосон хэсэг нь дараагийн хаалт руу шилжинэ. Суралцагчид судрын хос хэсэг бүрийг ярилцсаар хамгийн их утга учиртай гэж үзсэн нэг судрыг тодорхойлон, яагаад гэдгийг ярилцана. Суралцагчид тэдгээр судраа ангийнхантайгаа хуваалцаж болно. Үүний нэг жишээг “109-р хичээл: Сургаалт үгсийн оршил” дахь нэмэлт суралцах үйл ажиллагаанаас үзнэ үү.
Суралцагчийн сонгосон судлах үйл ажиллагаа
Судлах зургаан үйл ажиллагааны жагсаалт гарга. Суралцагчдыг судрын багцаас үнэнийг тодорхойлсны дараа санамсаргүй байдлаар суралцагчид аль үйл ажиллагааг гүйцээхийг сонго (шоо, карт татах, хуудас цаас сонгох, санамсаргүй дугаар үүсгэгч).
Үүнд дараах зүйлс орж болно. Үүнд:
-
Үнэнийг зааж, үзүүлж байсан Есүсийн амьдралын түүхийг хуваалцах
-
Үнэний талаарх төгс эзэмших сургаалын судрын хэсэг эсвэл судрын өөр нэг хэсгийг олох
-
Үнэний дагуу амьдарч байсан хүний талаарх судрын түүхийн нэг жишээг олох
-
Үнэнийг заасан Сүмийн удирдагчийн нэг мэдэгдлийг олох
-
Үнэнийг мэдсэнээр адислагдсан хүний хувийн туршлагыг хуваалцах
-
Үнэний дагуу хэрхэн амьдрах тухай нэг санаагаа хуваалцах Хуваалцах жишээг тань заасан судрын хэсгийг олох гэх мэт.
Суудал солин судлах
Ширээ эсвэл сандал бүр дээр “Судрын хэсэг, эшлэлийг унших,” “Хичээлийн асуултад хариулах” зэрэг заавар бүхий карт тавь. Суралцагчид суудлаа ээлжлэн тойрог маягаар сольж, тухайн карт дээрх зааврыг дагаж болно.
Сэдвийн сүлжээ
Суралцагчдаар үүнтэй адил голдоо тодруулсан үнэн юм уу сэдэв бүхий бүдүүвч зургийг зуруул. Дараа нь суралцагчид гаднах тойрог руу зураас татаж, холбогдох судар, үнэн эсвэл үндсэн сэдвийн бүрэлдэхүүн хэсгээр гарчиглана. Жишээлбэл: Суралцагчид Дуулал номыг бичигчийн “Их Эзэнд талархал өргө” гэсэн урилгыг тойргийн төвд “Дуулал 136”-тай хамт бичиж болно. Дараа нь тэд Эзэнд талархлаа илэрхийлэх Дуулал номоос авсан шалтгаануудаа гаднах хүрээнд нь жагсаан бичиж болно.
Видеог түр зогсоох
Сайн мэдээний зарчмыг харуулсан эсвэл заасан Сүмийн бүтээсэн видеог ашигла. Сонирхол төрүүлэх эсвэл үзэж байгаа видеондоо дүн шинжилгээ хийхэд нь суралцагчдад туслахын тулд өөр өөр цаг үед түр зогсоо. Та дараахтай адил асуултуудыг суралцагчдад тавьж болно.
-
“Та ийм нөхцөл байдалд орсон байсан бол ямар бодол, мэдрэмж төрж эсвэл ямар ямар асуулт гарч ирэх байсан бэ?”
-
“Өнөөдөр тус болох ямар судруудыг та судалсан бэ?”
-
“Энэ хүн өнөөдөр бидний судалсан үнэний талаар юу ойлгож чадна гэж та найдаж байна вэ?”
-
“Та өнөөдрийн энэ түүх дээр үндэслээд өөрийгөө хаана нь байна гэж харж байна вэ?”
3. Сурч байгаа зүйлээ хуваалцах
Хичээлийн туршид та суралцагчдыг бодол санаа, ойлголтоо хуваалцахад урина. Суралцагчид жижиг бүлэгтээ болон ангийнхандаа тайлбарлан, хуваалцаж, гэрчилж байхдаа ихэвчлэн Ариун Сүнсээр удирдуулж, илэрхийлж байгаа зүйлсийнхээ талаар илүү гүн гүнзгий гэрчлэлтэй болоход хөтлөгддөг. Түүнчлэн суралцагчдын хэлсэн үг, илэрхийлсэн зүйлс сонсож буй хүмүүсийн зүрх сэтгэл, оюун ухаанд Ариун Сүнсний хүчээр ихээхэн нөлөөлж болох юм. Энэ нь чухал хэдий ч хэд хэдэн шалтгааны улмаас суралцагчдад хуваалцах нь хэцүү байж болох талтай. Хуваалцмааргүй байвал “хуваалцахгүй байх” боломжийг суралцагчдад гаргаж өгөхөд анхаар. Дараах санаанууд нь сурч мэдсэн зүйлээ хуваалцахад суралцагчдад тусална.
Судрын хэсэгт дүн шинжилгээ хийх
Судрын нэг шүлгийг том цаасны голд бич (эсвэл та уг шүлгийг самбарт үзүүлж болно). Энэ нь суралцагч бүрд харагдахуйц том байхад анхаар. Суралцагчид судрын шүлгийн талаар аль болох олон зүйлийг асуухад хэдэн минут зарцуулж болно. Дараа нь тэдэнд асуултынхаа хариултыг судраас эсвэл Gospel Library-аас хайх хэдэн минутыг гаргаж өг. Эсвэл судрыг цаасан дээр хэвлэж өгч мөн суралцагчид уг үйл ажиллагааг бие даан гүйцэтгэж болно.
Санааны самбар
Суралцагчид сайн мэдээний үнэнийг хэрэгжүүлэх арга замуудын тухай санаагаа самбарт эсвэл наадаг юм уу энгийн жижиг цаас ашиглан бичиж болно. Санааны самбарт тухайн сэдэвтэй холбоотой ямар нэгэн том дүрс зураг байж болно. Жишээлбэл: Нехемиаг судалж байвал Нехемиагийн барьж байсан том ханыг зурж болно. Суралцагчид ариун сүмийн эргэн тойронд хана босгож байсан Нехемиатай адил Их Эзэний ажлыг гүйцэлдүүлэхийн тулд анхаарлаа өөр зүйлд сарниулалгүй, мөн айхгүй хийгээсэй хэмээн өөрсдөөс нь хүссэн гэж бодож байгаа нэг юм уу түүнээс олон зүйлээ жагсаан бичиж болно.
Сонсогчдоо таньж мэдэх
Зорилтот сонсогчдоо сонгон, сурч байгаа зүйлээ сонсогчдодоо ойлгомжтой арга замаар хуваалцахыг суралцагчдаас хүс. Суралцагчид энэ үйл ажиллагааг хамтрагчтайгаа эсвэл бүлэгтэйгээ гүйцэтгэж болно. Суралцагчдад олон сонголт өгч, ямар сонсогчдод заахаа сонгох боломжийг олгох нь үр дүнтэй байж болох юм. Сонгож болох зарим санааг өгье. Үүнд:
-
Номлолд тань байгаа өөр шашинтай найз
-
Хүүхдийн хэсгийн хүүхдүүд
-
Сургуулийн найз
-
Танай гэр бүлийн гишүүн
Харилцан яриагаа үргэлжлүүлэх
Ангиараа ярилцахаасаа өмнө суралцагчдыг бие биеэ анхааралтай сонсоход урамшуулан дэмжих нь тустай. Дараах санаануудыг хэлэлцүүлгийн өмнө суралцагчдад өгч болно. Энэ нь тэдэнд бие биеэ анхааралтай сонсож, олон суралцагчийг татан оролцуулсан сэнхрүүлэх хэлэлцүүлэг өрнүүлэхэд тусалж болох юм. Та суралцагчдад тэдгээр санааг үзүүлэх юм уу тараах материал болгон өгч болно.
Нэмэх—Ангийн тань хүүхдийн хэлсэн үгийн юу нь танд таалагдсаныг хуваалцаж, дараа нь өөрийн бодол санааг нэм. Жишээлбэл:
-
“Энэ надад … санагдуулж байна.”
-
“Би санал нийлж байна, учир нь …”
-
“Тийм. Үүний өөр нэгэн жишээ бол …”
-
“… нь ёстой сайхан санаа байна!”
Нэгтгэн дүгнэх—Ангийнхаа хүүхдийн хэлсэн үгийг өөрийн үгээр хэлэн, өөрийн санааг нэмж илэрхийл.
-
“Чамайг … гэж хэллээ гэж ойлголоо”
-
“Тэгэхээр, хэрэв би чамайг зөв ойлгосон бол …
-
“… гэж хэлсэн чинь надад таалагдлаа.”
Лавлах—Хэлсэн зүйлийнх нь талаар тухайн суралцагчаас асуу.
-
“Чи тэр талаар илүү дэлгэрэнгүй ярих уу?”
-
“Би …-ийг зөв ойлгож уу?”
-
“Би чиний санааг ойлголоо. Харин … тухай юу гэж бодож байна?”
-
“Чи … тухай бодож үзсэн үү?”
Цаас дамжуулах
Энэхүү тараах материалыг ашиглан унших судар, эшлэлүүд болон хариулах асуултуудтай зааврын цувралыг бүтээ. Суралцагчдад хариултуудаа бичих хангалттай зай гаргаж өгөхөд анхаар. Суралцагч бүрд нэг хувийг өгөөд, дээр нь өөрийнхөө нэрийг бичихийг тэднээс хүс. Суралцагчид эхний асуултад хариулаад, цаасыг нугалж, хариултаа далдална. Тэд цаасаа өөр суралцагчид дамжуулан өгөхөд тэр дараагийн асуулт эсвэл өгүүлбэрт хариулна. Суралцагч бүр цаасаа нугалж, хариултаа далдлан, дараагийн суралцагч руу дамжуулна. Дамжуулан явуулсны эцэст цаас эхний суралцагчид ирэх ба тэр ангийнхныхаа бичсэн зүйлийг уншина.
Хуваалцахад бэлтгэх
Суралцагчдыг хариулаасай гэж хүсэж байгаа нэг чухал асуултаа хуваалц. Асуултад хариулахад урихынхаа өмнө хэдэн минутыг тэдэнд өгөхөд анхаар. Жишээлбэл: Та ийн хэлж болно. “Хэдэн минутын дараа би та нараас …-ын талаар бодол санаагаа хуваалцахыг хүсэх болно. Дараах судрын хэсгийг судлахдаа хуваалцах зүйлийнхээ талаар сайн бодоорой. Та дараа нь суралцагчдаас эхлээд хамтрагчтайгаа эсвэл бүлэгтэйгээ хуваалцахыг хүсэж болно.
Ангийнхны дунд санал асуулга явуулах
Суралцагчдад жижигхэн цаас өгч, санал асуулга явуул. Суралцагчид нэрээ бичилгүй хариулж, цаасаа хайрцаг, малгай гэх мэт зүйлийн дотор хийж болно. Жишээлбэл: Та жишээн дээрх зарчим, асуулт эсвэл хэн нэгний гаргаж болох шийдвэрийн талаарх бодол санааг мэдэж болно. Эсвэл суралцагчид ухаалаг утас ашиглах боломжтой бол та үнэгүй, ашиглахад хялбар санал асуулгын аппликэйшныг ашиглаж болно. Суралцагчдад судлах даалгавар, санал асуулгын холбоосыг өгөөд, утсаа ашиглан хариулахад урь. Дараа нь та хариултуудыг ангийнхандаа харуулж болно.
Хариулахад туслах үг хэллэг
Суралцагчдаа ангийн хэлэлцүүлэгт хуваалцдаг, оролцдог болгоход хөхиүлэн дэмжиж сургахын тулд хариулахад туслах үг хэллэгийг ашигла.
Энэ нь ангид хүүхдүүд ярихгүй эсвэл юуг, хэрхэн хуваалцахаа мэдэхгүй байхад тусалдаг хэрэгсэл юм. Хуваалцах зүйлсээ хэрхэн илэрхийлэх талаар суралцагчдад туслах доорх хэллэгүүдийг үзүүл. Судрын нэг багцыг судлахад мөн хариулахад туслах нэг эсвэл хэд хэдэн үг хэллэгийг ашиглан хуваалцахыг тэднээс хүс. Хэлэлцүүлгийг өөрөө хөтлөн явуул эсвэл өөр суралцагчаар удирдуул.
-
Миний дуртай шүлэг бол …
-
Надад гүн ойлголт өгсөн үг хэллэг бол …
-
Үүнээс авах миний сургамж бол …
-
Миний олж мэдсэн нэг зарчим бол …
-
Сонирхолтой, ойлгомжгүй санагдсан үг бол …
-
Өсвөр насны хүүхэд үүнээс мэдвэл зохих зүйл бол …
-
Үнэнээс үнэн гэдгийг нь мэдэх зүйл бол …
-
Миний сайн мэдэхгүй байгаа нэг зүйл бол …
-
Өнөөдөр үүний дагуу хийх ёстой гэж бодож байгаа нэг зүйл бол …
-
Аврагчийн тухай олж мэдсэн нэг зүйл маань бол …
Оролцогчийн карт
Тавьсан асуултуудад тань хариулахдаа суралцагчид үзүүлэх картуудыг тарааж өг. Суралцагчид хариултаа илэрхийлж эсвэл бодол санаагаа хуваалцаж, ярилцахад бэлэн гэдгээ картаа ашиглан мэдэгдэж болно. Оролцооны картын жишээнүүдийг доор өгөв.
-
“Үнэн” бол ногоон, “Худал” бол улаан карт.
-
Нэг талд нь “Бодож байна,” нөгөө талд нь “Хуваалцахад бэлэн” гэж бич.
-
Самбарт жагсаасан өөр өөр сонголтыг төлөөлсөн тоо эсвэл үсэг бүхий карт. Бүх суралцагч хариултынхаа дугаар эсвэл үсгийг харуулснаар та тэдний хариултыг харж, хариулах суралцагчийг сонгож болно.
-
Аль аль талдаа олон хариулттай карт бич (доорх жишээг үзнэ үү). Суралцагчдыг хариулахад урихад тэдний байрлал дээд талын голд байна. Дараа нь та эсвэл нэг суралцагч суралцагчдыг үзүүлсэн байрлал дээр нь тулгуурлан дуудаж болно.
Жишээг эхлэх хэсэг
Суралцагчдад бүрэн бус жишээг өгөөд, уг жишээг илүү чухал, ач холбогдолтой болгохын тулд нарийн ширийн мэдээлэл нэмэхэд тэднийг урь. Жишээлбэл та: “Амьдралдаа саад бэрхшээлтэй тулгарч байгаа Жюли гэдэг таны насны охины тухай жишээ зохиоё гэж хэлж болно. Ямар саад бэрхшээл түүнд тулгарч байж болох вэ?” гэх мэтээр хэлж болох юм. Суралцагчдыг хуваалцаж байхад Жюлийг эсвэл таны сонгосон өөр нэртэй хүнийг бодит хүн болгох нарийн ширийн мэдээлэл санал болгохыг тэднээс хүс. Түүнчлэн та Жюлид байж болох гол асуулт зэрэг хэлэлцүүлэгт нөлөөлөх чухал мэдээллүүдийг нэмж болно. Суралцагчид санаа бодлоо хуваалцаж байх үед “Энэ жишээ танд бодитой, ойр санагдаж байна уу? Энэ жишээг бидэнд илүү ойр болгохын тулд юу хийж болох вэ?” гэх мэт асуулт асуух нь тустай байж болно. Дараа нь суралцагчид тухайн жишээн дээр гарч байгаа хүнд тус болох үнэнүүдийг хичээлийн явцад олж мэдэж болох юм.
Өөр хувилбар: Та сэдвийг эсвэл үнэнийг самбарт бич. Суралцагчдаас өөрсдөө жишээ зохиож цаасан дээр бичихийг хүс. Та тэдгээр жишээг хооронд нь солилцуулж, сурч мэдсэн зүйлээ ашиглан хариулахыг суралцагчдаас хүс.
Өөр хувилбар: Суралцагчдыг хичээлээр заасан үнэний талаарх хүмүүсийн харилцан адилгүй үзэл бодлыг хуваалцахад урь. Жишээлбэл: “Зарим хүн Хүндэтгэлийн өдрийг ариунаар нь сахих шаардлагагүй байсан бол амьдрал илүү амар байх байна гэж боддог байж магад.” Аль эсвэл “Зарим хүн ариун сүмийг үзэсгэлэнтэй гэж боддог ч дотор нь явагддаг ёслолуудад оролцохыг нээх их хүсдэггүй.” Яагаад хэн нэгэн ингэж бодож, мэдэрч байж болох вэ гэдгийг суралцагчдаас асуу. Дараа нь суралцагчид судар эсвэл хичээлийн үеэр судалсан Сүмийн удирдагчдын мэдэгдэл ийм бодолтой хэн нэгэнд хэрхэн тусалж болох талаар хуваалцаж болно.
Жишээний бичвэрийн хэлхээс
Ганц мессежээр эхэлсэн жишээ зохио, гэхдээ уг мессежийг бичих болсон нөхцөл байдлыг суралцагчдад хэлэх хэрэггүй. Та суралцагч бүрд дараахтай адил хоосон бичвэрийн загвар өгөөд, бичвэрийн хэлхээсийн талаар харилцан яриа үүсгэхэд тэднийг урьж болно.
Хурдан нөхөрлөх
Суралцагчдыг бие биетэйгээ чөлөөтэй хуваалцдаг болгохын тулд эхлээд ангийнхантайгаа танилцахад нь тусал. Энэ үйл ажиллагаа нь суралцагчдад бие биетэйгээ танилцахаас гадна судрын талаар ямар нэгэн зүйл хуваалцахад тусална. Өөд өөдөөсөө харсан 2 эгнээ суудлуудтай байхаар зохион байгуулж, суралцагчдыг хамтрагчид болго. Дараа нь суралцагчдыг тухайн судрын хэсгийг тэмдэглээд, уг хэсгийн талаар таны бэлтгэсэн асуултад хариулахыг урь. Өөд өөдөөсөө харсан хос бүрийг бие биеэ илүү сайн таньж мэдэхэд нь туслах нөхөрлөлийн талаарх асуултад хариулахыг уриад, дараа нь судрын хэсэгтэй холбоотой бэлдсэн хариултыг нь хуваалцуул. Суралцагчдыг хамтрагчаа солиод, үйл явцыг хэд хэдэн удаа давтаж, давтах болгондоо өөр өөр асуулт, судрын хэсгийг ашиглах даалгавар өг. Суралцагчдыг хүн бүртэй хамтрагч болгон тойруулж ажиллуулахын тулд булангийн сандалд сууж байгаа суралцагч байраа солихгүй.
Цаас наах самбар
Суралцагчдын хариулах хэдэн асуултыг эсвэл санаа бодлоо хуваалцах судрын шүлгүүдийг самбарт тавь. Суралцагч бүр наадаг цаасан дээр нэрээ бичээд, хариулахад бэлэн асуулт эсвэл шүлэг бүрийнхээ хажууд тавина.
Өөр хувилбар: Өнгө нь суралцагчдын юу хуваалцахыг хүсэж байгааг, өөрөөр хэлбэл ойлголт, асуулт, холбогдох эшлэл гэх мэтийг илэрхийлж болно.
Зураг авах
Суралцагчдыг зарчим эсвэл сургаалыг заахад тусалж болох ангид байгаа ямар нэгэн зүйлийг эсвэл утсан дээрх зургаа сонгохыг хүс. Тухайн эд зүйл эсвэл зургаа ашиглан хэрхэн хэн нэгэнд сурч мэдсэн зүйлээ зааж болох талаар хуваалцах даалгавар өг. Энэхүү үйл ажиллагаа нь гар доорх эд зүйл эсвэл зургаар төлөөлөх боломжтой сургаал, зарчмуудыг заахад үр дүнтэй байж болох юм.
Хуваалцахаасаа өмнө бичих
Суралцагчдыг чанга хариулахад урихаасаа өмнө чухал асуултуудын хариултаа судлах тэмдэглэлдээ бичих цаг гаргаж өг.
4. Сурч мэдсэн зүйлээ дүрслэх
Хичээлүүд нь ихэвчлэн сурч мэдсэн зүйлийг нь дүрсэлсэн ямар нэг зүйл хийх даалгавар суралцагчдад өгдөг. Үүнд бүтээлч байдлаар хандаж болно. Дараах үйл ажиллагаанууд ийн үйлдэхэд суралцагчдад туслах хэдэн арга зам юм. Үүнд:
Үгийн эхний үсгээр эхэлсэн шүлэг
Нэр, байршил эсвэл сургаалын үсгүүдийг ашиглан, суралцагчдаар өөрсдийн ангид сурч мэдсэн зүйлээ илэрхийлсэн шүлэг зохиолгуул. Жишээлбэл: Суралцагч итгэл гэдэг үгийн үсгийг ашиглан дараах байдлаар шүлэг бичиж болно.
И – Их Эзэн Есүс Христийн үлгэр жишээг дагах
Т – Түүнчлэн Ариун Сүнсний өдөөлтүүдийн дагуу үйлдэх
Г – Гарч буй асуулт, асуудлуудаа залбиралдаа оруулах
Э – Эцэгийн бошиглогчид итгэх
Л – Лавтайя өгнө хэмээн Түүний амласан адислалуудыг хүлээн авна гэж найдах.
Аппликэйшн бүтээх
Суралцагчид цаасан дээр өөрсдийн аппликэйшны загварыг гаргана. Уг аппликэйшн нь судалсан судруудад заасан үнэнийг танилцуулж болох ба хэн нэгэнд үүнийг амьдралдаа хэрэгжүүлэхэд туслах үйл ажиллагаа, зураг, судар, эшлэлүүдийг багтаасан байж болно.
Хиасмус буюу эсрэг параллелизм
Хиасмус гэдэг нь өгүүлбэр, догол мөр эсвэл бичвэрийн хоёр дахь хэсэг нь эхний хэсгийнхээ эсрэг дарааллаар ордог ярианы хэлбэр юм. Гол захиас нь дунд нь байдаг (жишээ болгон Эхлэл 9:12–17 эсвэл Алма 36-г үзнэ үү). Суралцагчдын судалж байгаа зүйлээр нь хиасмус зохиолгуул. Суралцагчид тодоор бичсэн үнэнийг голд нь байрлуулаад, дээр, доор нь үүнийг дэмжсэн судар, бошиглолын мэдэгдэлтэй мөрүүдийг нэмнэ. Энэ нь дараахтай адил харагдаж болох юм.
А – Суралцагчид үнэний тухай эсвэл түүнтэй холбоотой туршлагынхаа талаар юу гэж боддог
Б – Суралцагчид уг үнэний талаар юу ойлгосон
C – сайн мэдээний үнэн буюу зарчим
C – сайн мэдээний үнэн буюу зарчим
Б – Үнэний тухай нэмэлт ойлголт
А – Суралцагчдын үнэнтэй холбоотой нэмэлт туршлага мөн энэ талаар ямар бодолтой байгаа
Зурган өгүүллэг судлах
Суралцагчдад зурган өгүүллэгийн хоосон загварыг өг эсвэл цаасан дээр загварыг нь гарга. Суралцагчид судрын багцыг уншаад, уг багцын түүхийн үйл явдлыг дүрсэлсэн зурган өгүүллэг зохионо. Хамгийн сүүлийн хайрцгийг ашиглан тухайн түүхээс сурч мэдэх хамгийн үнэ цэнтэй, үнэн гэж бодож байгаа зүйлээ хуваалцахыг тэднээс хүс. Тэд зурган өгүүллэгээ ангийнхантайгаа хуваалцаж болно. Эсвэл тэд энэ үйл ажиллагааг ашиглан орчин үед тухайн үнэн эсвэл зарчмыг хэрхэн хэрэгжүүлж байгаагаа харуулж болно.
Хичээлийн тойм гаргах
Суралцагчдад зориулан богино хичээл, үг, захиас эсвэл судрын хэсгийг хуваалцахад бэлтгэхдээ ашиглаж болох тойм гарга. Та олж мэдсэн зүйлээ тэмдэглэх тоймын хоосон загварыг суралцагчдад өгч болно. Та тэдэнд хайрцаг бүрд өөр өөр мэдээлэл оруулахыг зааварлаж болох юм. Жишээлбэл: Суралцагчид эхний хайрцагт гарчиг, дараагийнхад түлхүүр шүлгүүдийн товч хураангуй, гурван урт хайрцагт жишээ эсвэл хувийн түүхүүд, сүүлчийн хайрцагт гэрчлэл зэргийг бичиж болно.
Товхимол бүтээх
Суралцагч бүрд цаас тараан өгч, гурав хуваан нугалахыг хүс. Суралцагчид тодорхойлсон зарчим эсвэл сургаалыг нь тусгасан нүүр хуудас бүтээж болно. Тэд сурч байгаа зүйлээрээ дэд гарчиг, нарийн ширийн мэдээлэл оруулж, дараа дараагийн хуудсыг бүтээж болно. Та тэднийг товхимлынхоо арын хэсэгт зай үлдээж, хичээлийн үеэр тавих зорилго, төлөвлөгөөгөө бичихэд урьж болно.
Ангиллаар будах
Судрын багцын хуудсыг хэвлээд, судруудыг тэмдэглэх өнгийн харандаанууд өг. “Амлагдсан адислал,” “Итгэлийн үйлдэл,” “Зарлиг” зэрэг ангиллуудыг тодорхойл. Ангилал бүрд өөр өөр өнгө оноож болно. Шүлгүүдийг судлаад, олсон ангиллынхаа өнгөөр тэмдэглэхэд суралцагчдыг урь. Суралцагчдыг энэ үйл ажиллагаанаас юу тэмдэглэж авч, юу сурч мэдсэнээ хуваалцахыг хүс.
Төлөвлөгөөгөө үнэлж дүгнэх
Та төлөвлөгөөгөө үнэлж дүгнэхэд нь суралцагчдад туслах график зохион байгуулагчийг ашиглаж болно. Суралцагчид графикийн хэсэг бүрийн асуултуудад хариулна. Та энэ санааны жишээг “105-р хичээл: Дуулал 61–86”-аас харж болно.
Урсгалын диаграмм
Суралцагчид хичээл дэх өөр шийдвэр эсвэл ойлголтын хоорондох уялдаа холбоог харуулсан диаграмм гаргаж болно. Жишээлбэл: Та Есүс Христэд итгэж, найдах нь юунд хүргэдгийг харуулахын тулд дараахтай адил диаграммыг ашиглаж болно.
Гараар хийх
Суралцагчдад судалсан зүйлийг нь дүрсэлсэн ямар нэг зүйлийг бүтээхэд хэрэглэх шоо эсвэл баримлын шавар гэх мэт материал өг. Жишээлбэл: Суралцагчид Иошуа 4-ийг судалж байхдаа 12 чулуу хийж болно. Энэ цэдэгт Израилын хүүхдүүд Их Эзэн тэдэнд хуурай газраар мөрнийг гатлах замыг гаргаж өгснийг дурсан санахын тулд Иордан голд 12 чулуу босгосон тухай өгүүлдэг. Суралцагчид чулуу бүрийг Их Эзэний тэдний төлөө хийсэн, санаж байх хэрэгтэй гэж үзсэн ямар нэг зүйлээр нэрлэж болно.
Зургийн эвлүүлэг
Суралцагчид тухайн үнэнтэй холбоотой зургийг гар утаснаасаа эсвэл Gospel Library-аас олж болно. Тэд дижитал эвлүүлэг бүтээж, ангидаа хуваалцаж болно. Тэд мөн олон нийтийн сүлжээгээр тайлбарын хамт хуваалцаж болно. Гар утасгүй суралцагчид Сүмийн Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, Найз гэх зэрэг сэтгүүлүүдээс зураг цуглуулж болно.
Мэд—бод—суралц
Суралцагчид цаасыг гурван баганад хуваана. Эхний баганад тэд тухайн сэдвээр аль хэдийн мэддэг зүйлээ бичнэ. Дараагийн баганад энэ талаар боддог эсвэл мэдэхийг хүсэж байгаа зүйлээ бичнэ. Гурав дахь баганыг суралцагчид хичээлийн туршид болон дараа сурч мэдсэн зүйлээрээ дүүргэнэ. Та хичээлийн үеэр судлахад нь тусалсан эсвэл үзэл бодолд нь нөлөөлсөн зүйлээ тодорхойлохыг тэднээс хүсэж болох юм.
Ирээдүйн өөртөө зориулсан захидал
Суралцагчид тодорхой цаг үед (номлолд байхад, гэрлэхдээ, анхны хүүхдээ төрүүлэхэд) нээж унших захидал бичиж болно. Өөр нэгэн хувилбар бол суралцагчдаар ирээдүйн гэр бүлийнхэндээ зориулан захидал бичүүлж болно. Эсвэл тэд семинарт суух ирээдүйн суралцагчдад захидал бичиж, өөрсдийн сурч мэдсэн, мэдэрсэн зүйлсийг тайлбарлаж болно.
Мийм хийх
Суралцагч бүр судалж буй зүйлээсээ зарчмаа олж тодорхойлон, зарчмыг илэрхийлсэн анхаарал татсан үг хэллэгийг зохионо. Мөн уг зарчмыг дүрсэлсэн зураг зурахыг тэднээс хүс. Тэднийг зурагтаа судрын эшлэл оруулсан байхад анхаар. Миймээ хуваалцаж, тайлбарлахыг тэднээс хүс. Та сүүлд гарсан Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлийн зарим жишээг үзүүлж болно.
“Явж мөн хийх” төлөвлөгөө гаргах
Суралцагчид хичээлийн явцад сурч мэдсэн, мэдэрсэн зүйлийнхээ дагуу үр дүнтэй, зөв шударга үйлдэх төлөвлөгөө гаргаж болно. Үүний тулд та тэднээс юу хийхийг хүсэж байгаагаа тодорхойлж, төлөвлөгөөгөө хэрхэн хэрэгжүүлэх тодорхой алхмуудаа гаргахыг хүсэж болох юм. Ингэхийн тулд тулгарч болох саад бэрхшээлүүдээ, мөн тэдгээр саад бэрхшээлийг даван туулах тодорхой алхмуудаа тодорхойлж болно. Суралцагчдыг төлөвлөгөөгөө гаргахдаа үүнийгээ жижиг алхмуудад хуваахад урамшуулан дэмж. Өдөр бүр хийдэг зүйлсээ бага багаар өөрчлөх нь илүү олон удаа амжилт гаргахад нь тусалдаг.
“Шийдвэрийн мод” төлөвлөгөө гаргах
Суралцагчид өөр өөр шийдвэрийн ашиг тус, хор уршгийг жагсаан бичих замаар сайн мэдээний зарчмуудыг хэрэгжүүлэхэд туслах шийдвэрийн модыг ашиглаж болно. Тэд сайн мэдээний зарчмын тухай нэг асуултаар эхлээд, ашиг тус, хор уршгийг жагсааж бичсэнийхээ дараа уг шийдвэрийг гаргах сонголтоо дүгнэн үнэлж болох юм. Төлөвлөгөөн дэх асуулт, шийдвэр бүрд тусад нь мод үүсгэ.
Жишээлбэл: Судар судлах төлөвлөгөө гарга.
Асуултууд:
-
Би хэзээ судар судлах вэ? (Шийдвэр гаргах нэг мод хий.)
-
Би хаана судар судлах вэ? (Өөр шийдвэрийн мод хий.)
-
Би хэр удаан судар судлах вэ? (Гурав дахь шийдвэрийн модыг хий.)
Үйл явцын төгсгөлд гурван шийдвэр хамтдаа хүрэх тодорхой алхмууд бүхий төлөвлөгөө юм уу зорилго болно.
Дууллын шинэ бадаг
Суралцагчид хичээл дээр судалсан үнэний тухай нэг дууллыг сонгож болно. Сурч мэдсэн зүйл дээрээ суурилан дууллын шинэ бадаг зохиохыг тэднээс хүс. Ангийнхан үзүүлж толилуулах, дуулах хэдэн шинэ шүлгийг сонгож болно.
Төсөлд суурилсан суралцахуй
Суралцагчид дараа дараагийн хичээл, долоо хоногт агуулга нэмэх олон хичээлээс бүрдсэн төсөл боловсруулан гаргаж болно. Энэ нь шүлэг, дуулал, видео, уран зургийн төсөл эсвэл дараа дараагийн хичээл дээр бүтээх бүтээлч зохиомж байж болно. Жишээлбэл: Суралцагчид Гэтлэл ном дээр Их Эзэн Израилын хүүхдүүдийг хэрхэн чөлөөлснийг судалж байхдаа Түүний аврах хүчний тухай төсөл гаргаж болно. Эсвэл тэд Дуулал номыг судлахдаа Их Эзэнийг магтан алдаршуулж, түүнийг бишрэн шүтэх бодол санаан дээрээ тулгуурласан төсөл гаргаж болох юм.
Төгсгөлийг өөрчлөн бичих
Хувь хүн буруу эсвэл шударга бус шийдвэр гаргасан тухай судрын түүхийг судалсныхаа дараа суралцагчдаас тухайн хүн илүү сайн эсвэл өөр шийдвэр гаргалаа гэж төсөөлөн судрын түүхийн төгсгөлийг өөрчлөн бичихийг хүс. Суралцагчид үүнийг орчин үеийн түүх эсвэл жишээгээр бас хийж болно.
Жор
Суралцагчид сурч мэдсэн зүйлээ ашиглан жор зохионо. Та эхлээд орц, хэмжээ, заавар бүхий жорын жишээг тэдэнд үзүүлж болно. Дараа нь сурч байгаа зүйлээ уг загварын дагуу эмхлэн цэгцлэхэд суралцагчдад тусал. Тэд өөрсдийн жорыг “Хэрхэн хүчирхэг номлогч байх,” “Бошиглогчийг хэрхэн дагах,” “Судраас илүү үр дүнтэй судлах арга зам” гэж нэрлэж болно. Дараа нь суралцагчид чухал гэж үзсэн бүрэлдэхүүн хэсгээ судар болон эшлэл ашиглан оруулна. Жишээлбэл: Суралцагч 2 Шастирын 14–16-г судалж байхдаа Их Эзэнийг хайж, олох жорыг жагсаан бичиж болно. Жороо зохиохдоо бүтээлч байхад тэднийг урамшуул. Тэд жорын эцсийн бүтээгдэхүүнийг дүрсэлсэн зураг зурж болно.
Жүжигчлэн үзүүлэх
Суралцагчдад зохиомол нөхцөл байдлыг эсвэл байж болох бодит жишээг жүжигчлэн тоглоход даалгавар өг. Ийн жүжигчлэн үзүүлэх олон арга зам бий. Та суралцагчдыг самбарын өмнө сайн дураараа гарч ирэн жишээг жүжигчлэн үзүүлэхэд урьж болно. Тэд мөн хос хосоороо эсвэл жижиг бүлгүүд болон үзүүлж болно. Эсвэл асуух юмтай байгаа хүний дүрд орж тоглон, асуулт юм уу асуудлын шийдлийг ангийнхнаар олуулж болно.
Богино хэмжээний видео
Богино видео бүтээх төлөвлөгөө гаргахад суралцагчдыг урь. Тэд видеоны зохиолын эхийг зохиож, хичээлээс сурсан мэдсэн зүйлээ хэрхэн тайлбарлаж, үзүүлэхээ шийдэж болно. Хэрэв боломж болон цаг гарвал суралцагчид видео бүтээж, ангидаа үзүүлж болно.
Өөр хувилбар: Суралцагчид аль нэг сургаалыг эсвэл сайн мэдээний чухал хэсгийг тайлбарлах 60 секундийн видео хийхээр төлөвлөх болно.
Сошиал медиагаар мэдээлэл хүргэх
Суралцагчдаас ангид ярилцсан зарчмуудтай холбоотой хувийн итгэл үнэмшил эсвэл туршлагаасаа хуваалцсан мэдээллийг сошиал медиа дээр оруулахыг хүс. Энэ нь онлайн дээр тавьсан мэдээлэл эсвэл судлах тэмдэглэлдээ бичсэн ямар нэгэн зүйл байж болно. Эсвэл ангид судалсан зүйлтэйгээ холбоотой асуултыг тавихад авсан мэдлэгээ ашиглан хариултаа цогцлоон гаргаж байна гэж бод. Эсвэл суралцагчид саяхан сошиал медиагаар өгсөн Сүмийн удирдагчийн мэдээллийг судлаад, хариу эсвэл урам хайрласан үг бичиж болно. Сошиал медиагаар утга учиртай мэдээлэл өгөхөд суралцагчдад туслах нийтлэлийг уншихыг хүсвэл “Social Media: Power to Change Lives” өгүүллийг 2022 оны 4-р сарын Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлийн 8–9 нүүрээс үзнэ үү.
Үзүүлэн
Суралцагчдыг бүлгүүдэд хуваагаад судар, эшлэл, судлах бусад эх сурвалжийг ашиглан зурагт хуудас, ханын үзүүлэн хийх даалгавар өг. Тэдний зурагт хуудас эсвэл үзүүлэнд түлхүүр шүлэг, судрын түүхээс хариултыг нь авч болох асуулт, мөнхийн үнэн, зураг гэх мэт зүйлс орсон байж болно. Суралцагчид ээлжлэн тойрч, бусад бүлгийн бүтээлийг үзэж болно.
Сүмийн сэтгүүлд нийтлэл бичих
Суралцагчид судалж мэдсэн зүйлээ мөн энэ нь дэлхий даяарх өсвөр үеийнхэнд хэрхэн тусалж болох талаар Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, Найз, Лиахона зэрэг сэтгүүлд товчхон нийтлэл бичиж байгаагаар төсөөлж болно. Та жишээ болгон нэг нийтлэл үзүүлж болох юм. Суралцагчдыг зураг, хүснэгт, мэдээллийн график нэмж оруулахад урамшуулан дэмж.