“Номлолд үйлчлэхийг сонгох: Номлогчийн үйлчлэлийн адислал,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Номлолд үйлчлэхийг сонгох: Номлогчийн үйлчлэлийн адислал,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Номлолд бэлтгэх: 198-р хичээл
Номлолд үйлчлэхийг сонгох
Номлогчийн үйлчлэлийн адислал
Их Эзэний төлөө номлолд үйлчлэх нь гайхамшигтай боломж юм. Тэнгэрлэг Эцэг номлогчдыг орон нутагтаа болон дэлхий даяарх хүмүүст үйлчилж, заах үед адисалдаг. Гэхдээ номлолд үйлчлэхээр шийдэх нь хэцүү байж болно. Энэ хичээл нь Их Эзэнд Түүний номлогчоор үйлчлэх хүсэлтэй болоход суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Номлолд үйлчилсэн таньдаг хэн нэгнээсээ Их Эзэн үйлчлэлийнх нь ачаар түүнд ямар адислал өгсөн тухай асуухыг суралцагчдад санал болго. Тэд үүнийг биечлэн, утсаар эсвэл мессеж эсвэл э-мэйлээр асууж болно. Тэднээс суралцсан зүйлээ хуваалцах бэлтгэлтэй ирэхийг хүсээрэй.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Бүрэн цагийн номлолд үйлчлэх
Их Эзэнд Түүний бүрэн цагийн номлогчдын хувиар үйлчлэх тухай бодоход нь суралцагчдад туслах замаар хичээлийг эхлүүлээрэй. “Үйлчлэхээр дуудагдлаа” (Дуулал, д. 249) дууллыг дуулж, таньдаг хүн нь хаана номлолд үйлчилсэн эсвэл үйлчилж байгаа талаар хуваалцахыг суралцагчдаас хүс. Эсвэл та хичээл эхлэхээс өмнө цөөн суралцагчаас номлолд гарч, Их Эзэнд үйлчилж байгаа таньдаг хүнийхээ зургийг авчрахыг хүсэж болно.
-
Их Эзэн номлогчоор үйлчлэх залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн үүрэг хариуцлагын талаар юу гэж заасан бэ?
Суралцагчдыг хариулж байх хооронд дараах зүйлийг ойлгож байгаа эсэхийг нь бататга.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.
Их Эзэн зохистой, боломжтой залуу эрэгтэй бүрийг номлолд бэлдэж, үйлчлээсэй хэмээн хүссэн. … Номлолд үйлчлэх боломжтой залуу эгч та нарын хувьд номлол мөн адил хүчирхэг боловч үйлчлэх эсэхээ сонгож болох боломж юм. (“Амар амгалангийн сайн мэдээг номлох нь,” Лиахона, 2022 оны 5-р сар, 6)
Үүнд сургаал номлох болон үйлчлэлийн номлолууд багтдаг.
Та дараах асуултуудыг самбар дээр бичээд, хэд хэдэн суралцагчаас энэ хоёр асуултын талаар санал бодлоо хуваалцахыг хүсээрэй.
-
Хэн нэгэн ямар шалтгаанаар номлолд үйлчлэхийг хүсэж болох вэ?
-
Номлолд үйлчлэхийг сонгох нь хэцүү байж болох ямар шалтгаанууд байж болох вэ?
Хэрэв тустай гэж үзвэл, өөр олон хүнд асуудал тулгарч байсныг тайлбарла. Жишээлбэл: Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллардыг (128–2023) номлолд үйлчлэхээр шийдэх үед түүний эцэг эх Сүмд идэвхтэй байгаагүй (“Номлолын үйлчлэл миний амьдралыг үүрд адисалсан,” Лиахона, 2022 оны 5-р сар, 8). Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Жэффри Р.Холланд “[өөрийнх нь] гэр бүлд номлогчийн уламжлал байгаагүй” тухай хуваалцсан байдаг (“My Mission Influence” [3:31] видеог ChurchofJesusChrist.org дээрээс цагийн код 2:01-ээс 2:16 хүртэл үзнэ үү). Ахлагч Квинтин Л.Күкийн аав сүмд идэвхгүй байсан ба ахыгаа номлолд явахын оронд анагаахын сургуульд сурсан нь дээр гэж дэмждэг байжээ (“Бурханы таалалд хөрвөгдөх нь,” Ensign, 2002 оны 5-р сар, 54-ийг үзнэ үү).
Бүрэн цагийн номлолд үйлчлэх талаар ямар бодолтой явдгаа болон яагаад гэдгээ судлах тэмдэглэлдээ бичих цаг гарга.
Энэ хичээлийг судлахдаа Их Эзэний удирдамжийг эрэлхийлж, бүрэн цагийн номлолд үйлчлэх эсэх болон санаа зовоосон асуудлууддаа хэрхэн хариулах талаар шийдвэр гаргахдаа тусламж аваарай.
Бид Их Эзэнд дуулгавартай байвал
Дэд хууль 28:1–6, 9-ийг уншаад, хэрэв бид Их Эзэний биднээс хүссэн зүйлийг хийвэл Тэр Мосегоор дамжуулан юу амласныг олж мэд.
Олж мэдсэн зүйлээ хуваалцахад суралцагчдыг урь. Эдгээр шүлэгт Их Эзэний амласан янз бүрийн адислалын жишээнээс хуваалцахыг суралцагчдаас хүсэх талаар бодож үз. “Биеэс чинь төрөх үр хүүхэд” (Дэд хууль 28:4) гэж үр удмыг хэлж байгааг мэдэх нь тустай байж мэднэ.
-
Биднийг Их Эзэний хүссэн зүйлийг хийсэн үед Түүний бидэнд амласан олон өөр адислалын талаар мэдэх нь яагаад тустай вэ?
-
Эдгээр шүлэг дэх Их Эзэний амлалтууд Түүний номлогчдын хувьд Түүнд дуулгавартай үйлчлэхтэй хэрхэн хамааралтай гэж та бодож байна?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.
Хайрт залуу найзууд минь, та нарын хүн нэг бүр Их Эзэнд амин чухал билээ. Тэрээр Израилыг цуглуулахад туслуулахаар та нарыг өнөөг хүртэл нөөцлөн хадгалсан. Сургаал заах номлол, үйлчлэлийн номлолын аль нь ч бай та нарын номлолд үйлчлэх шийдвэр та нарыг болон бусад олон хүнийг адислах болно. (“Амар амгалангийн сайн мэдээг номлох нь,” Лиахона, 2022 оны 5-р сар, 6)
Самбар дээр ингэж бич. Биднийг номлолд үйлчлэхийг сонгоход Их Эзэн биднийг болон бусад олон хүнийг адислах болно.
Бурханы санал болгодог зарим адислалыг ойлгох нь номлолд үйлчлэх шийдвэр гаргахад маань тусалж чадна.
Дараагийн үйл ажиллагаагаар, суралцагчдыг бүрэн цагийн номлогч болсон байна гэж төсөөлүүл. Суралцагчдыг хамтрал эсвэл ахлагч, эгч нарын гурвал болгож хуваахыг бод. Суралцагчид номлолд байхдаа ямар нэртэй байхаа хоорондоо хуваалцаж болно. Тухайлбал: Ахлагч (овог) эсвэл (овог) эгч. Бүрэн цагийн номлолын хувьд номлолын хамтрагчид өглөө бүр хамтдаа суралцдаг гэдгийг та тайлбарлаж болно.
Суралцагчид “Бурханы номлогчдодоо өгдөг адислалууд” тараах материалын агуулгыг хамтрагчтайгаа хамт судалж болно.
“Бурханы номлогчдодоо өгдөг адислалууд” тараах материал дээрх судрууд болон мэдэгдлүүдийн заримыг эсвэл бүгдийг унш эсвэл нэмэлт судар юм уу мэдэгдлүүдийг олоорой. Та өөрт утга учиртай санагдсан адислалуудаа тэмдэглэж эсвэл дугуйлж болно. Их Эзэн эдгээр адислалыг номлолын үйлчлэлийн үеэр болон дараа өгдөг.
Их Эзэнд номлогчийн хувиар үйлчилснээр ирэх нэмэлт адислалуудыг мэдэж авахын тулд, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Жэффри Р.Холланд, ахлагч Квинтин Л.Күк хоёрын дараах адислалуудын аль нэгний талаар ярилцаж байгаа видеог үзүүлээрэй.
-
“Мормоны Ном”-ын өсөн нэмэгдсэн гэрчлэл (2:10)
2:10 -
“Номлол ба мөнхийн хамтрагчид” (1:07)
1:7 -
“Номлол ба карьер” (1:37)
1:37 -
“Боловсрол” (1:44)
1:44
ChurchofJesusChrist.org вэбсайтаас эдгээр видеог үзэх боломжтой.
Түүнчлэн суралцагчид сайн мэдээг хуваалцах үед анзаарсан адислалуудаа нэмж бичээд, ирээдүйд номлолд үйлчлэхтэй нь ямар холбоотой байж болох талаар тунгаан бодож болно.
Суралцагчдыг судалж дууссаны дараа хамтрагч бүрээр дараах зүйлсийг хийлгэ.
Номлолд Их Эзэнд үйлчлэх эсэхээ шийдэж байгаа хэн нэгэнтэй хуваалцах ямар нэг зүйл бэлдээрэй. Дараах зүйлүүдээс ядаж хоёрыг нь багтаа. Үүнд:
-
Биднийг бүрэн цагийн номлолд үйлчлэх үед Бурханы өгдөг нэг эсвэл хоёр адислал, тэдгээрийн талаар мэдэрсэн зүйлсийн тухай;
-
Номлолын үйлчлэлээрээ дамжуулан таны тодорхойлсон Бурханы адислалуудаас аль нэгийг нь хүлээн авсан таньдаг хэн нэгний жишээ;
-
Бүрэн цагийн номлогчийн хувьд таны сурсан зүйл Их Эзэнд үйлчлэх хүсэлд тань хэрхэн нөлөөлдөг талаар;
-
Бүрэн цагийн номлолд үйлчлэхийг сонгоход нь хэн нэгэнд тус болох, таны Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар суралцсан ямар зүйлс байдаг талаар.
Суралцагчдыг бэлтгэсний дараа, захиасаа хоёр хэсэг болгон хуваахыг хамтрал бүрээс хүс. Тэдний хэн нь аль хэсгийг хуваалцахыг өөрсдөөр нь шийдүүл. (Жишээлбэл: Нэг нь адислал болон энэ талаарх мэдрэмжээ хуваалцаж, нөгөө нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт анхаарлаа хандуулахад нь хэрхэн тусалж болох тухай жишээг хуваалцаж болно.) Самбарын өмнө хэд хэдэн хамтралыг гаргах нь илүү үр дүнтэй юү эсвэл жижиг бүлгүүдэд хуваагдаж нэг нэгэндээ танилцуулах нь илүү үр дүнтэй юү гэдгийг бодож үзээрэй. Хэрэв тэд жижиг бүлгүүдэд хуваагдсан бол дараа нь хэн нэгнээс сонссон юм уу өөрсдийнхөө тухай хуваалцсан зүйл нь тэдэнд ямар ач холбогдолтой байсныг асууж болох юм.
Таны шийдвэр
Нүдээ аньж, Тэнгэрлэг Эцэгийн тухай хэдэн хормын турш бод. Та нарыг хайрлах Түүний хайрыг сана. Залуу эмэгтэйчүүд ээ, та нарыг номлолд үйлчлэх талаарх Түүний хүслийг мэдэхээр эрэлхийлэх үед Түүнд ямар мэдрэмж төрөхийг төсөөлөн бодоорой. Залуу эрэгтэйчүүд ээ, Тэнгэрлэг Эцэг та нарыг үр бүтээлтэй номлогч болохоор бэлтгэхийн тулд эсвэл үйлчлэх талаар санаа зовоосон асуудлуудаа шийдвэрлэхийн тулд юу хийгээсэй гэж хүсэж буй талаар бодож үзээрэй.
Их Эзэнд бүрэн цагийн номлогчоор үйлчлэх тухай бодох үедээ сурсан зүйлээ эсвэл Түүний таныг энэ хичээлээс санахыг хүсэж болох зүйлийг судлах тэмдэглэлдээ бичиж байхдаа Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг эрэлхийлээрэй.
Цөөн суралцагчаар энэ хичээл дээр сурсан, мэдэрсэн зүйлсийг нь хуваалцуул. Мөн өөрийн бодол санаа, гэрчлэлийг нэм.