“Сайн мэдээг хуваалцах бидний гэрээт үүрэг хариуцлага: ‘Үр удмаар чинь газар дэлхийн бүх [гэр бүл] ерөөгдөх болно,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Сайн мэдээг хуваалцах бидний гэрээт үүрэг хариуцлага: ‘Үр удмаар чинь газар дэлхийн бүх [гэр бүл] ерөөгдөх болно,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
196-р хичээл: Номлогчийн бэлтгэл
Сайн мэдээг хуваалцах бидний гэрээт үүрэг хариуцлага
“Үр удмаар чинь газар дэлхийн бүх [гэр бүл] ерөөгдөх болно”
Биднийг Аврагчийг дагаж, гэрээний замаар явахаар сонгоход Тэр бидэнд Абрахамд амласны адил адислалуудыг амладаг. Эдгээр адислалд санваарын хүч, мөнхийн гэр бүл, селестиел хаант улс дахь өв багтдаг. Энэхүү гэрээний хүрээнд бид Аврагчийн сайн мэдээг дэлхий даяар түгээж, хүн бүрд эдгээр гайхамшигт адислалыг хүртэх боломжийг олгох ариун үүрэгтэй. Энэ хичээл нь Есүс Христийн сайн мэдээг бусадтай хуваалцах гэрээт үүрэг хариуцлагын талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдад судраас бие даан суралцахад хэдэн минут зарцуулж Абрахамын гэрээний адислал, үүрэг хариуцлагуудыг олж мэдэхийг санал болго. Тэд төгс эзэмших сургаалын хэсэг болох Абрахам 2:9–11-ийг судалж эсвэл Gospel Library дээрх “Абрахамын гэрээ”-г хайж үзэж болно. Хичээлийн явцад та тэднээр сурсан зүйлс эсвэл асуултуудыг нь хуваалцуулж болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Дэлхийн гэр бүлүүд
1, 2, 3, 4 гэсэн тус тус дугаарласан дөрвөн дугтуй бэлд.
Хоёр талт “Дэлхийн гэр бүлүүд” тараах материалыг ар өвөргүй хэвлэ. Цэгэн шугамын дагуу хайчилж, хоёр талт эвлүүлдэг тоглоом бүтээ. Цаас бүрийн арын дугаарыг ашиглан, тэдгээрийг зохих дугаарласан дугтуйд хий. Суралцагчдыг дөрвөн бүлэгт хувааж, бүлэг тус бүрд нэг дугтуй өг. Хэрэв танай анги олон хүнтэй бол зааврыг хоёр хувилан, суралцагчдыг найман бүлэгт хуваа.
Бүлэг бүрийг эвлүүлдэг тоглоом дээрх зургуудаа харахад уриад, дараах зааврыг танилцуул.
Бүлгээрээ хэсгүүд дээрх хүний зургуудаас нэгийг сонгон, тухайн хүний тухай товч тайлбар бэлд. Үүнд:
-
Нэр
-
Хаанаас ирсэн бэ?
-
Гэр бүлийн дэлгэрэнгүй мэдээлэл
-
Амьдралд нь сайн явж байгаа зүйлс
-
Тулгарч буй саад бэрхшээл
Бүлэг бүрээс сонгосон хүнийхээ талаар бэлдсэн тайлбараа ангийнхантайгаа хуваалцахыг хүс. Хуваалцсаных нь дараа бүлэг бүрийн дүрсэлсний адил дэлхий даяар байгаа хүмүүсийг адислахын тулд Их Эзэн биднээс юу хийхийг хүсдэгийг хичээлийн явцад олж мэдэхэд тэднийг уриал. Эвлүүлдэг тоглоомыг хичээлийн төгсгөлд хамтдаа гүйцээж эвлүүлнэ гэдгийг суралцагчдад тайлбарла.
Суралцагчдаас дараах судрын хэсгийг бүлгээрээ судлахыг хүс.
Абрахам 2:9–11-ийг уншаад, Их Эзэн дэлхийн улс үндэстэн, гэр бүлүүдийг адислахын тулд юу хийнэ гэж Абрахамд хэлснийг олж мэд. Жич: Эдгээр шүлэгт Абрахамын гэрээний хэсэг багтсан болно.
-
Абрахамын үр удам гэж хэн бэ? (10–11-р шүлгийг үзнэ үү.)
-
Их Эзэн Абрахамын үр удмаар дамжуулан дэлхийн гэр бүлүүдийг ямар ямар арга замаар адисалж чадах вэ?
Суралцагчдын хариултыг бататгах юм уу дээр нь нэмэх зорилгоор дараах мэдэгдлийг хуваалцаж болно.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар Абрахамын үр удмын талаар ийн заасан.
Бид Абрахамын үр удам …
Номлогчийн ажил бол бидний сүнслэг мөн чанар, өвийн илэрхийлэл юм. Бурханы Абрахамтай байгуулсан гэрээг, мөн амлалтыг биелүүлэхийн тулд бид өмнөх амьдралдаа урьдчилан томилогдож, мөнх бус амьдралд төрсөн билээ. Бид энэ дэлхий дээр энэ цаг үeд санваарыг дээдлэн, сайн мэдээг номлохын тулд оршин байгаа билээ. Бид ийм л хүмүүс бөгөөд ийм учраас өнөөдөр мөн үргэлж энд байна. (“Becoming a Missionary,” Liahona, Nov. 2005, 47)
-
Та нар энэ мэдэгдлийг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?
Суралцагчид Абрахамын үр удмын хувьд бид Есүс Христийн сайн мэдээг дэлхий даяар хуваалцах гэрээт үүрэг хариуцлагатай гэж хэлж болох юм. Суралцагчдын хэлсэн үгийг ашиглан энэ үнэнийг самбарт бич.
Энэхүү үүрэг хариуцлагын ач холбогдлыг илүү сайн ойлгохын тулд суралцагчдыг Миний сайн мэдээг номло гарын авлагын 1-р хуудсан дээрх “Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг заах үүрэг” гарчгийн доорх эхний гурван догол мөр-ийг уншихыг хүсэж болно.
-
Зарим хүн яагаад энэ хариуцлагыг баярлан хүлээж авдаг вэ? Зарим нь яагаад үүнийг эргэлзэн хүлээж авдаг вэ?
-
Та нарын эвлүүлдэг зураг дээрээ дүрсэлсэн хүмүүсийн адил хүмүүсийг Есүс Христийн сайн мэдээ хэрхэн адисална гэж бодож байна вэ?
Та сайн мэдээг хуваалцахын ач холбогдлыг олж харахад нь суралцагчдад туслахын тулд тэднээс Абрахамын гэрээний талаар юу санаж байгааг нь асууж эсвэл дараахыг тайлбарлаж болно (дэлгэрэнгүйг “23-р хичээл: ‘Эхлэл 12; 17’”, “24-р хичээл: ‘Абрахам 2:9–11’”-ээс үзнэ үү).
Абрахамын гэрээний хүрээнд Бурхан бидэнд Өөрийн санваар, мөнхийн гэр бүл, Тэнгэрийн хаант улсад өв залгамжлах адислалуудыг амласан. Эдгээр адислалыг Тэрээр Өөрийн бүх хүүхдэд өгөхийг хүсдэг бөгөөд тэдгээрийг дэлхий даяар хуваалцах онцгой боломж, үүрэг хариуцлага бидэнд бий.
-
Эдгээр адислалаа санах нь хэрхэн биднийг Есүс Христийн сайн мэдээг бусадтай хуваалцахад урамшуулан зоригжуулж болох вэ?
Есүс Христийн сайн мэдээг бусадтай хуваалцах талаарх өөрийн мэдрэмж, бодлыг тунгаан бод. Энэхүү ариун үүрэг хариуцлагын адислал, онцгой боломжийг илүү гүн гүнзгий ойлгоход тань туслах санаануудыг үргэлжлүүлэн эрэлхийл.
Гэрээт үүргээ биелүүлэх
Исаиа 49 нь эцсийн өдрүүд дэх Израилын цугларалт, сайн мэдээг номлох зэрэг бошиглолуудыг агуулдаг. Мормоны Номын бошиглогч Нифай эдгээр бошиглол нь Бурхан Абрахамын үр удмаар дамжуулан дэлхийн гэр бүлүүдийг адислах гэрээгээ сахина гэдгийн сануулга юм хэмээн тайлбарлажээ (1 Нифай 22:7–9-ийг үзнэ үү). Жич: Исаиа 49:3 ба 5-д дурдсан зарц гэдэг үг нь хүмүүсийг Христ рүү хөтөлдөг хувь хүмүүсийг, түүний дотор Израилын угсааны гишүүд, бошиглогчид, мөн Аврагчийг Өөрийг нь төлөөлж болно.
Дараах зааврыг үзүүл. Суралцагчид үүнийг бүлгээрээ хийж болно.
Эвлүүлдэг хэсгүүдийн ар талд буй судар, мэдэгдлүүдийг уншсанаар Исаиагийн бошиглолын талаар суралц. Дараах сэдвүүдийг ангийнхантайгаа ярилцаж, хуваалцахаар бэлд.
-
Сайн мэдээг хуваалцах бидний гэрээт үүрэг хариуцлагын тухай таны мэдэж авсан зүйлс
-
Энэхүү үүрэг хариуцлагаа биелүүлэхэд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын бидэнд дэмжлэг үзүүлж болох арга зам
-
Үүнийг номлогчид, мөн Их Эзэний Сүмийн бусад гишүүн хэрхэн хэрэгжүүлж болох жишээ гэх мэт.
Хангалттай хугацаа өгсний дараа бүлэг бүрээс олж мэдсэн зүйлээ бусадтайгаа хуваалцахыг хүс. Бүлэг бүрээс хэд хэдэн гишүүнийг ямар нэг зүйлийг хуваалцахад урамшуул. Бүлэг бүр хуваалцсаныхаа дараа эвлүүлэх хэсгүүдээ самбар дээр, өмнө нь бичсэн үнэнийхээ доор байрлуулж болно. Бүлэг бүрийн эвлүүлсэн хэсгүүд нийлэн олон хүний зураг болохын зэрэгцээ “Дэлхийн гэр бүлүүд” гэсэн үгийг бүрдүүлнэ. Тэднийг хийж дууссаны дараа ChurchofJesusChrist.org дээрх “Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Миний сайн мэдээг номло гарын авлагын хоёр дахь хэвлэлийг танилцуулж байна” видеог цагийн код 0:00-ээс 0:55 хүртэл үзүүлж болно. Суралцагчид сайн мэдээг түгээх гэрээний үүрэг хариуцлагынхаа талаар нэмэлт ойлголтыг хайж болно.
Дүгнэлт
Сайн мэдээг хуваалцах бидний гэрээт үүрэг хариуцлагатай холбоотой дараах мэдэгдлүүдээс нэг юмуу хэд хэдийг судлах тэмдэглэлдээ гүйцээж бич.
Өнөөдөр би дэлхий даяарх хүмүүс … гэдгийг олж мэдсэн
Өнөөдөр би өөрийгөө … гэдгийг олж мэдсэн
Өнөөдөр би Аврагч … гэдгийг олж мэдсэн
Бичсэн зүйлээ сайн дураараа хуваалцахыг суралцагчдаас хүс. Есүс Христийн сайн мэдээг бусадтай хуваалцах гэрээт үүрэг хариуцлагын талаарх бодол санаагаа хуваалцан, хичээлээ дуусга. Энэ бол Аврагчийн ажил бөгөөд Тэрээр гаргаж буй хичээл зүтгэлд нь тусална гэдгийг суралцагчдад сануул.